Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 28

 

Б.Т-, Д.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0107/Э/001/2019/0452

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Насанд хүрээгүй хохирогч          О.Н-

Насанд хүрээгүй хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч                 Г.О-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Л.Цуурай

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолтой, Б-н Т-, Д-гийн Э- нарт холбогдох, 1818008230063 дугаартай эрүүгийн  хэргийг насанд хүрээгүй хохирогч О.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-н Т-,

Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регисрийн дугаартай, Х- овогт Д-гийн Э-,

Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны ** дүгээр байрны ** тоот гэртээ О.Н-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон,

Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын * дүгээр баг Атарын * дугаар гудамжны ** тоотод О.Н-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Б-н Т-ийг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.т заасан,

Шүүгдэгч Х- овогт Д-гийн Э-ыг хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.т зааснаар шүүгдэгч Б.Т-д 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Э-д 8 сарын хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснар шүүгдэгч Б.Т-, Д.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7.т зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-, Д.Э- нарт авсан хувийн гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулса- хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд эх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-, Д.Э- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч О.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээс Д.Э-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний зүгээс Д.Э-аас мөнгөн болон эд материалын төлбөрийг авсан тул түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-:

Гомдолгүй, Д.Э-  бидэнд тусалсан тул ялыг хөнгөлж өгнө үү  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогч О.Н-:

Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Т-, Д.Э- нарын өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлээс болсон. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийг хохирол төлбөрөө төлсөн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Т-ийг 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны 4 дүгээр байрны 38 тоот гэртээ О.Н-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт., шүүгдэгч Д.Э-ыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Атарын 6 дугаар гудамжны 54 тоотод О.Н-ийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулсан  нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э-, Б.Т- нарын үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох тэдний өөрсдийн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Н-ийн болон сургуулийн эмч  Б.Сүхбаатарын мэдүүлэг, /х.хийн 34-р хуудас / сурагчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн баримт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн  2018-11-07-ны өдрийн 11433 ., 2019-01-22-ны өдрийн 583- дүгнэлт,  / х.хийн 35., 50., 57-р  хуудас / хохирогч О.Н-ийн үр хөндөлтийн түүх, мэс ажилбарын зөвшөөрлийн хуудас, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл / х.хийн 69-71.,  72-78., 41-р хуудас / болон болсон үйл баримтаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хор уршиг, гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэж ял оногдуулсан байна.

Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хуульд заасны дагуу  цуглуулсан,  хэрэгт холбогдох дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, хэргийн хобогдогч нараас хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх  шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл  байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч О.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн гаргасан ...Д.Э-д  хорих ял оногдуулсныг зөвшөөрөхгүй байна., бид Д.Э-аас мөнгөн болон эд материалын төлбөрийг авсан тул түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн  магадлалыг эс зөвшөөрвөл  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                             ШҮҮГЧ                                       Ц.ТУЯА

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР