Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2016/0798

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан, Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхэд санал авахад тухайн сумын иргэд дэмжихгүй саналыг гаргасныг Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 10/01 дүгээр тогтоол тусгай хэрэгцээнд авч, улмаар аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 10-ны өдрийн 1/671 дүгээр албан бичгээр “*******” ХХК-ийн 25252 дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналыг ирүүлсэн.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байж болно. Тиймээс Кадастрын хэлтсийн дарга нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй аймгийн Засаг даргын саналд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Ашигт малтмалын тухай хуулиар олгоогүй.

... Сэврэй сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 10/01 дүгээр тогтоол нь хуулийн шаардлага ханган Кадастрын бүртгэлийн системд бүртгэгдсэн бөгөөд уг тогтоолын дагуу Засаг даргын дэмжихгүй санал ирүүлснийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 801 дугаар шийдвэрээр өргөдлийн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Хэмжээлшгүй од” ХХК-ийн өргөдөлд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

“*******” ХХК Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Галт нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг тус газрын Кадастрын хэлтэс 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, өргөдлийн NE-025252 /ХА-018013/ дугаарт бүртгэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/1317 дугаар албан бичгээр дээрх газрыг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлжээ.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 10/01 дүгээр тогтоолоор Сэврэй сумын Сайншанд, Бүйлсэн багийн нутаг дэвсгэрт нийт 128361.99 га газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилгоор 6 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд Галт нэртэй 20877.78 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй болохыг Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг даргад, аймгийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-671 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын газарт тус тус  мэдэгджээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын к/-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”-ээр заасан бүрэн эрхийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр байгаа тохиолдолд Өмнөговь аймгийн Засаг дарга Сэврэй сумын Галт нэртэй солбицол бүхий 20877.78 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн “санал”-ыг өгөх боломжгүй бөгөөд үүнтэй уялдан саналыг дэмжээгүй талаар Ашигт малтмалын газарт мэдэгдсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 /аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ/-д нийцсэн бөгөөд хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж Өмнөговь аймгийн Засаг даргыг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэгэнт Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг бүрэн эрхийн хүрээнд тусгай хэрэгцээнд авсан, энэ талаараа мэдэгдсэн тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх, тухайн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргагчид олгох эрх хэмжээгүй тул энэ үндэслэлээр буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Үүнээс гадна хэрэгт авагдсан баримтаар аймгийн Засаг даргын дээрх 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-671 дүгээр хариу албан бичиг Улаанбаатар хотод орших Ашигт малтмалын газарт 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүргэгдсэн[1] байгаагаас үзэхэд засаг захиргааны өөр нэгж буюу газар нутгийн хувьд алс орших төрийн байгууллагууд хооронд харилцсан шийдвэр, албан бичиг тухайн баримт бичигт тусгагдсан огноогоор нөгөө байгууллагадаа хүргэгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/1317 дугаар албан бичгийг тухайн өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад хүргэгдсэн гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл өгөх боломжтой гэж сонгон шалгаруулалт зарласан, нэхэмжлэгчээс тухайн талбайд хүсэлт гаргах үед уг талбай орон нутгийн тусгай хамгаалалтад авагдаагүй байсан зэрэг нь дээр дурдсан нөхцөл байдлуудыг үгүйсгэх, улмаар нэхэмжлэгч “*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх эдгээр асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийснээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР