Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00616

 

 Д.Чимэддуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00882 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1138 дугаар магадлалтай,

 

Д.Чимэддуламын нэхэмжлэлтэй

Л.Батдоржид холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Д.Чимэддулам нь Л.Батдоржид холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 5,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00882 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Батдоржоос 1 460 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чимэдуламд олгож, Д.Чимэддуламын нэхэмжлэлээс 1 040 000 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч Л.Батдоржийн сөрөг нэхэмжлэлээс 3 960 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан Д.Чимэддуламаас 44 000 төгрөгийг гаргуулж Л.Батдоржид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чимэддуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгийг, Л.Батдоржийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батдоржоос 38 310 төгрөгийг гаргуулж Д.Чимэддуламд олгож, Д.Чимэддуламаас 29 510 төгрөгийг гаргуулж Л.Батдоржид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1138 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 53 дугаар зүйлийн 53.1.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэсэн байх тул шүүх шинжээчийн зардал 220,000 төгрөгөөс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгийн 5/1 буюу 44,000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс 110,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд шүүхийн зардал 110,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Чимэддуламаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Д.Чимэддулам нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч Л.Батдоржтой байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд өгсөн 7,500,000 төгрөгийг буцаан авахаар тохирсон боловч 5,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгөөгүй байна... гэж тайлбарлаж, ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,040,000 төгрөгийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Хариуцагч Л.Батдорж: ...нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр суманд хашаа байшин авч, байшинг маань шив шинээр нь 22,000,000 төгрөгт худалдаж авахаар тохирч нүүж орсон, бүтэн жил гаран болоход 8%-ийн зээл авна гэсэн боловч зээл бүтэхгүй байна гэсээр байшинг минь аваагүй. Одоо байраа зарах гэхээр их засвар хийхээр болж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гээд ...засварын үнэ 5,000,000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ төлбөрийг харилцан тооцож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийн 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

 

7. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх боловч анхан шатны шүүх зохигчийн шаардлагыг харилцан тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлагад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй алдаа гаргажээ.

 

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч Д.Чимэддулам нь хариуцагч Л.Батдоржоос Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир Их Зам хороолол 5 дугаар гудамжны 515 тоот 96 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн зориулалттай 600 м.кв талбай бүхий газрыг 22,000,000 төгрөгөөр худалдаж авахаар өөрийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үнэд 7,500,000 төгрөгийг төлсөн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй үндэслэлээр худалдагч гэрээнээс татгалзсаныг худалдан авагч зөвшөөрч, талууд 2018.09.24-ний өдөр газар болон хувийн сууцыг буцаан худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт тогтоогджээ.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээний дагуу худалдагч Л.Батдорж өөрийн өмчлөлд бүртгэлтэй газар, хувийн сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, харин худалдан авагч Д.Чимэддулам худалдан авсан хөрөнгийн үнэ 22,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөлгүй нэг жил өнгөрсөн үндэслэлээр худалдагч гэрээнээс татгалзсан байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан.

 

Хариуцагч буюу худалдагч гэрээнээс татгалзсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, өөрийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг хариуцагчид буцаан шилжүүлсэн, харин хариуцагч нь гэрээний үүрэгт хүлээн авсан 7,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 2,500,000 төгрөгийг өгөөгүй тул нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв боловч шийдвэрт 1,460,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д нийцээгүй байна.

 

9. Хариуцагч Л.Батдорж нэхэмжлэгчид холбогдуулан ...шинэ байрыг 1 жил 3 сар ашиглахдаа хуучин мэт маш муухай болгосон, байшинд засвар хийхэд 5,000,000 төгрөг шаардана гэх үндэслэлээр засварын үнэ 5,000,000 төгрөгийг нэхэмжилж... сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээ нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

 

Нэхэмжлэгчийн амьдарч байсан орон сууцны ханын обой хөндийрч хуурсан, таазны эмульс шарлаж, зарим хэсгээрээ ховхорч хонхойсон, жижиг өрөөний хаалганы босго эвдэрсэн зэрэг гэмтлүүд тогтоогдсон, эдгээр нь ердийн элэгдэл хорогдолд тооцох боломжгүй, эд хөрөнгийн хохирол гэж үзэхээр байх тул хариуцагч Л.Батдоржийн сөрөг нэхэмжлэл хуульд нийцжээ.

 

Шүүхээс томилсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК орон сууцны засварын ажлын зах зээлийн үнэ, цэнийг 1,040,000 төгрөгөөр тогтоосон, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хоёр шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр хариуцагчид хохирол учирсан үндэслэлээр нэхэмжлэгчээс засварын зардалд 1,040,000 төгрөгийг гаргуулна гэж дүгнэсэн нь зөв боловч дээрх төлбөрийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцож, нэхэмжлэгчээс төлбөр гаргуулалгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Батдоржоос шинжээчийн ажлын хөлсөнд 220,000 төгрөгийг төлсөн, шүүх шинжээчийн зардлыг буруу хуваарилсан тул нэхэмжлэгчээс шүүхийн зардалд 110,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ, 53 дугаар зүйлийн 53.1-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ...шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлнэ гэж, 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч нь хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,040,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын 5/1 хувьтай тэнцэнэ гэж дүгнэн, хариуцагчаас шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 220,000 төгрөгийн 5/1 хувьтай тэнцэх 44,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн байх тул нэхэмжлэгчээс шүүхийн зардалд 110,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1138 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00882 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Л.Батдоржоос 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Чимэддуламд олгож, Д.Чимэддуламаас 1,040,000 төгрөгийг гаргуулан Л.Батдоржид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,960,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...38,310 /гучин найман мянга гурван зуун арван/ төгрөгийг... гэснийг ...54,950 төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгалын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Л.Батдоржоос 2020.06.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД