Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 182/2019/02736/И |
Дугаар | 182/ШШ2020/01483 |
Огноо | 2019-06-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2020/01483
2020 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 182/ШШ2020/01483 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух Э овогт Л.Д /РД:ХА40/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт байрлах ТБ ХХК /РД:53/-нд холбогдох
Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48,902,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О, Б.З, хариуцагчийн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д миний бие 2014 оны 03 сарын 18-ны өдөр ТБ ХХК-тай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж ТБ ны 103300524433 тоот дансанд 4,000,000 төгрөгийг байршуулж улмаар дээрх хугацаатай хадгаламжийн дансыг эзэмшиж эхэлсэн. Миний бие уг хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсанаас хойш өдийг хүртэл уг дансыг эзэмшиж мөнгөн хуримтлалаа нэмэгдүүлсээр ирсэн. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар миний ТБ ны хадгаламжийн дансан дахь мөнгөн хуримтлал 54,461,000 төгрөг болсон байсан.
Ингээд ар гэрт мөнгөний хэрэгцээ гарсан тул 2019 оны 11 дүгээр cap 05-ны өдөр ТБ ны Тээврийн товчоо салбар дээр дансан дахь мөнгөө авч гэрээгээ цуцлахаар очиход тус салбарын эрхлэгч гэх хүн таны мөнгө байхгүй эхнэр болох Ө.Х г 48,902,990 төгрөгний зээл авсан гэж хэлсэн. Энэ талаар эхнэр Хандаагаас асуухад ямар нэгэн зээл болон мөнгө төгрөг аваагүй гэсэн.
Иймд ТБ ХХК-иас хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийнхээ дагуу миний хадгаламжийн 103300524433 тоот дансан дахь 48,902,990 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэгэнт учирсан хохирол гэдэг байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувьд банкны зүгээс маргаад байх зүйлгүй. Уг нэхэмжлээд байгаа асуудлыг хуулийн байгууллагаар шийдээд явах тул иргэний шүүхээр нэхэмжилж байгааг буруу гэж үзэж байна. Ө.Хандаа гуай тухайн үед н.Ариунгэрэл гэдэг хүнд залилуулсан гэдэг асуудал нь шалгагдаж байгаа. Тухайн үед салбарын захирал нь дансны өөрчлөлт хийх гэж байгаа гэж хэлэхэд албан ёсоор гэрээгээ шинэчлэн байгуулаад явсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Эндээс хадгалуулагч нарын хайхрамжгүй байдал зарим талаар харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүгийн журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх нь зүйтэй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч ТБ ХХК-нд холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгалуулсан мөнгөн дүн 48,902,990 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, ТБ ХХК-тай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж хадгалуулсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл олгоогүй, харилцагчийн анхны шаардлагаар тооцоо хийн хадгаламжийг гаргаж өгөх үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байх бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ТБ ны тээврийн товчооны салбар хариуцсан холбогдох албан тушаалтныг эрүүгийн журмаар шалгаж байгаа бөгөөд тус хэрэгт буруутгагдаж байгаа этгээдээс хохирлоо гаргуулах боломжтой гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
1. Нэг талаас хадгалагч ТБ ХХК, нөгөө талаас хадгалуулагч Л.Д нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 90 хоногийн хугацаатай, жилийн 10,3 хувийн хүүтэй мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан байх ба хадгалуулагч гэрээ байгуулах тухайн өдөр 103300524433 тоот мөнгөн хадгаламжийн дансанд 4,000,000 төгрөгийг байршуулсан байна. Улмаар хадгалуулагч ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд тогтмол бус дүнгээр орлогын гүйлгээ байнга хийж хадгаламжийн дүнгээ өсгөсөөр 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 54,450,933 төгрөгийн үлдэгдэлтэй болсон үйл баримтын тухайд зохигчид маргаагүй байна. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүйн зэрэгцээ энэ талаарх нотлох баримт болох холбогдох гэрээ, мөнгөн хадгаламжийн дэвтрийн хуулбар хавтаст хэргийн 6, 7 дугаар талд авагджээ. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгөн хадгаламжийн гэрээ гэж үзэх үндэстэй байна.
2. Мөнгөн хадгаламжийн гэрээ хүчин төгөлдөр байх үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хадгалуулагч Л.Д ы хадгаламжийн данснаас 48,902,991.78 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх ба тус гүйлгээг хадгалуулагч Л.Д хийгээгүй хэмээн шүүх хуралдаанд тайлбарлаж байна. ТБ ХХК нь тус зарлагын гүйлгээ хадгаламжийн данснаас харилцагчийн зөвшөөрөлтэй хийгдсэнийг нотлох аливаа баримт гаргаагүйн зэрэгцээ уг гүйлгээ нь ТБ ны тээврийн товчооны салбарын холбогдох албан тушаалтнуудын хууль бус үйлдэлтэй холбоотой болохыг үгүйсгээгүй болно. Түүнчлэн эдгээр этгээдүүдтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул ТБ ХХК-ийг гэм буруутай гэж үзэхгүй гэжээ.
Шүүх уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд эрүүгийн эрх зүйн болон иргэний эрх зүйн зөрчлийг ялган зааглах учиртай гэж үзлээ. Тодруулбал, ТБ ны эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын хадгаламжийг барьцаалан хуурамч баримт бичиг үйлдэж зээлийн гэрээ байгуулсан байж болзошгүй явдлыг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн журмаар шалган тогтоох нь талуудын хооронд байгуулсан иргэний эрх зүйн гэрээний үүргийн зөрчил гарсан эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл биш. Иргэний эрх зүйн гэрээний зөрчил нь эрүүгийн гэмт хэргээс ялгаатай ойлголт бөгөөд аливаа хуулийн этгээдийн ажилтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон эсэхээр уг хуулийн этгээд гэрээний үүргийн зөрчил гаргасан эсэх нь тодорхойлогдохгүй.
Хариуцагч ТБ ХХК нь нэхэмжлэгч Л.Д ТБ ны ажилтан Ариунгэрэлд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон тул ТБ ХХК-нд холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, Л.Д учирсан хохирлоо Ариунгэрэлээс шаардах ёстой гэж тайлбарлаж байна. Иргэн Ариунгэрэлд холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.Д хохирогчоор тогтоогдсон явдал нь тэрээр ТБ ХХК-нд холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болох үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч Л.Д нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлоо эрүүгийн хэрэгт гэм буруутай этгээдээр арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгалагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг дурдвал зохино.
3. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т заасны дагуу хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж, 455 дугаар зүйлийн 455.2-т Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Түүнчлэн Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4-т төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэхээр заажээ.
Харин хадгалагч ТБ ХХК нь хадгалуулагчийн хадгаламжаа өмчлөх бүрэн эрхийг нь хууль бусаар хязгаарлаж, дээр дурдсан үүргүүд болон Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасан мөнгийг хадгалах үндсэн үүрэг-ээ зөрчсөн гэм буруутай байна. Харилцагчийн мөнгөн хөрөнгийг түүний анхны шаардлагаар гаргаж өгөөгүй, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр түүний данснаас хадгалуулагч Л.Д ы зөвшөөрлийг үндэслэн 48,902,991 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн болох үйл баримтыг хариуцагч ТБ ХХК нотолж чадсангүй.
Иймд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасны дагуу ТБ ХХК-аас 48,902,990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Д ы шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасны дагуу хариуцагч ТБ ХХК-аас 48,902,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТБ ХХК-аас 402,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА