Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/02473/И |
Дугаар | 001/ХТ2022/00661 |
Огноо | 2022-05-31 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2022/00661
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаар шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 43 дугаар магадлалтай,
*******ийн нэхэмжлэлтэй
Г.Батдоржид холбогдох
Гэрээний үүрэгт 465,887,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******ээс*******ид холбогдуулан гэрээний үүрэгт 465,887,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар*******оос 465,887,000 төгрөгийг гаргуулж Ди Жи Ти Зэт ХХК-ийн шаардах эрх хүлээн авагч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,487,385 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 2,487,385 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 43 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 03-ны өдрийн 256 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь зс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтооход нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, тодорхойгүй нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг шүүх хэрэгжүүлэх эрхтэй юм.
Хариуцагч******* нь Орхон агро комплекс ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцааг дангаар эзэмшигч байсан бөгөөд Ди Жи Ти Зэт ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Жононбаяртай тохиролцсоны үндсэн дээр компанийхаа 50 хувийн хувьцааг Ди Жи Ти Зэт ХХК-д худалдсан. Гэтэл Ди Жи Ти Зэт ХХК нь компанийн 50 хувийн хувьцааг худалдан авсан төлбөрөө төлөөгүй. Мөн компанийн өмнөх удирдлага болох Д.Төмөртогоо нь компанийг удирдаж байх хугацаандаа Ц.Батцэцэгийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөх, урьдчилгаа төлбөрт илүү төлсөн 150,000,000 төгрөгийг тооцоонд оруулан тооцох талаар тохиролцсон боловч уг үүргээ биелүүлээгүй. Ди Жи Ти Зэт ХХК-д холбогдох дээрх бүх үйл баримтын талаар Э.Жононбаяр /тус компанийн жинхэнэ эзэн/ мэдэж байгаа юм.
Мөн Орхон агро комплекс ХХК нь Эрдэнэт мах маркет ХХК-ны 100 хувийн хувьцааг худалдан авахаар болж, 8,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй компанийг 3,000,000,000 төгрөгөөр худалдан авах ажлыг******* нь дангаар хийж гүйцэтгэсэн. Эрдэнэт мах маркет ХХК-ийг худалдан авах төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 900,000,000 тегрөгийг Орхон агро комплекс ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох*******, Ди Жи Ти Зэт ХХК нар нь тэнцүү хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Гэтэл******* нь дээрх урьдчилгаа төлбөрийн 600,000,000 төгрөгт тооцож Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Санзайн 1 гудамж 1-4 тоот хаягт орших 172 м.кв талбайтай амины орон сууцыг Ди Жи Ти Зэт ХХК-ийн хамаарал бүхий этгээд хувьцаа эзэмшигч Э.Жононбаярын аав н.Эрдэнэсүрэнд өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Э.Жононбаяртай тохиролцсоноор урьдчилгаа төлбөрт илүү төлсөн 150,000,000 төгрөгийг тооцох ёстой байсан талаар дурдсан. Нэхэмжлэгч нь дээрх амины орон сууцыг 600,000,000 төгрөгт тооцож авсан талаар маргаагүй.
Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааны урьдчилгаа төлбөрийг хувьцаа эзэмшигч Ди Жи Ти Зэт ХХК нь дангаараа гаргасан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүднээс Ч.Аварзэд, Э.Жононбаяр нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, улмаар гэрч Э.Жононбаярыг Монгол Улсад байгаа эсэхийг тодруулахын тулд Монгол Улсын хилээр орсон, гарсан эсэх талаарх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй, гэрчийг асуух ажиллагаа нь зөвхөн шүүхээс гүйцэтгэвэл зохих ажиллагаа бөгөөд хэргийн оролцогч өөрөө цуглуулах, гаргах боломжгүй юм.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс Эрдэнэт мах маркет ХХК-ийг худалдан авах ажиллагаанд Ди Жи Ти Зэт ХХК-ны хамаарал бүхий этгээд болох Э.Жононбаяр болон түүний аав н.Эрдэнэсүрэн нартай тохиролцсон гэж хариуцагч тайлбарладаг боловч тус тайлбартайгаа холбогдуулан хариуцагчаас ямар ч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс талуудын хооронд төлбөр тооцоог хэрхэн тооцсон, талуудын тайлбарт дурдагдаж буй 172 м.кв талбайтай амины орон сууцыг хэнд хүлээлгэн өгсөн, урьдчилгаа төлбөрт тооцох эсэх, Э.Жононбаяр нь Ди Жи Ти Зэт ХХК-тай ямар хамааралтай эсэх зэрэг үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй тогтоогдоогүй хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөж шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.
Хариуцагч******* нь 2020.04.03-ны өдрийн шүүх хуралдаанд өвчний улмаас биечлэн оролцох боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөр дамжуулан гаргасан. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд гэрчээр Э.Жононбаярыг оролцуулах хүсэлтэй дэмжиж Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн талууд өмнө нь хамтран ажиллаж байсан тул эвлэрэн хэлэлцэх талаар яригдаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд шүүх маргалдагч талуудад звлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг бүрэн өгч, шүүхэд иргэний хэрэг үүсгэхээс өмнө болон хойно, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй гэж заасан ба энэ ажиллагааг шүүхээс хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагч талаас эвлэрэн хэлэлцэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.
6. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
7. Нэхэмжлэгч ******* нь Ди Жи Ти Зэт ХХК-иас шаардах эрх шилжүүлэн авсан гэх үндэслэлээр*******оос 465,887,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Ди Жи Ти Зэт ХХК нь иргэн*******той 2016.09.07-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ний Ди Жи Ти Зэт ХХК-ийн эрхийг *******д шилжүүлсэн байна.
Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ-ээр хариуцагч*******ийн эзэмшлийн Орхон агро комплекс ХХК-ийн хувьцааг гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу шилжүүлэх, шилжүүлэн авахтай холбоотой харилцааг зохицуулсан байх бөгөөд Ди Жи Ти Зэт ХХК хувьцааг шилжүүлэн авахдаа хариуцагчийн бусдад төлөх төлбөрийг барагдуулах, Эрдэнэт мах маркет ХХК-ийн хувьцааг худалдан авахад банкнаас авсан Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, өмчлөгчид нь шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээний талаар хариуцагч маргаж байх тул шүүх шаардах эрхийг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ тус шаардах эрхийн үндэслэл болсон Компанийн хувьцаа, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, талуудын хоорондын тооцоог хаах тухай гэрээ, гэрээний төрөл, гэрээний агуулга, гэрээ хүчин төгөлдөр эсэхийг дүгнэх учиртай.
8. Үүнээс гадна хариуцагчийн өмгөөлөгчөөс: ...хариуцагч******* нь талуудын тооцоо хаах гэрээ нь техникийн алдаатай бичигдснээс түүнийг залруулахаар тохирсон боловч хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн, энэ үйл баримтыг нотлуулахаар Ди Жи Ти Зэт ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Жононбаярыг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасныг шүүх хангаагүй, талуудын хоорондох төлбөр тооцоог хэрхэн тооцсон талаар дүгнээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх үүрэгтэй.
Хариуцагч*******ийн өмгөөлөгч О.Батжаргалаас Э.Жононбаярыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг 2020.03.25-ны өдрийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, гэрээний агуулга, гэрээний талууд, гэрээний талуудын үүргийг тодруулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад нийцээгүй байна.
9. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг хяналтын шатны шүүхээс залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч О.Батжаргалын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас 2020.07.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,487,385 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД