Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 612

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар багт байрлах, Х банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Рашаант сумын ... оршин суух, Ж овогт Ө.Н д холбогдох, ЗГ/********** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт нийт 17,475,986.41  /арван долоон сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуун наян зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг,  нотариатын зардал 16.500 /арван зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , хариуцагч Ө.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч П  овогтой Г , хамтран үүрэг гүйцэтгэгч Ө  овогтой Н  нар нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Х банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс ЗГ/********** тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл 13.622.518.21 төгрөг дээр нэмж 10.000,000 төгрөгийн зээл нэмж, нийт 23.622.518.21 /хорин гурван сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун арван найм зууны хорин нэгэн/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан.

Зээлдэгч П. Г , Ө. Н  нар нь зээлийн гэрээний 2.4.1 дахь заалтыг зөрчиж 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээл 235 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул доорх нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэл гаргахаас өмнө зээлдэгч нь зээлээсээ дараах төлбөрийг төлсөн байна. Үүнд:

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/********** тоот гэрээтэй зээлээс дараах төлөлтийг хийсэн.

a. Үндсэн зээлийн төлбөрт 6.998,163.00 төгрөг.

b. зээлийн хүүний төлбөрт 4.475.636.84 төгрөг.

c. нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2.410,65 төгрөг, нийт 11,476,210.49 төгрөг.

       Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул банкнаас зээлээ төлөхийг утсаар холбогдож, уулзалт хийж байнга шаардаж байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 235 хоног зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

        Иймд банк шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дор дурьдсан нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

  1. Зээлдэгч П.Г , хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н  нартай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/********** тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,
  2. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/********** тоот зээлийн гэрээний үүргийн дагуу дараахь төлбөр гаргуулах
  3. /Үндсэн зээлийн үлдэгдэл 16.624.355,21 төгрөг,
  4. /Зээлийн хүүгийн төлбөр 845.519,25 төгрөг
  5. /Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.111,95 төгрөг нийт 17.475.986,41 төгрөгийг гаргуулах
  6. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд, үүнд:

а/ Нотариат үйлчилгээний хураамж 16.500 төгрөг,

б/ Улсын тэмдэгтийн хураамж 245.330 төгрөг тус тус нэхэмжилж байна гэв.

       Хариуцагч Ө.Н  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй боловч биеийн байдлаас болоод ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Х банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс 13.622.518.21 төгрөгийн үлдэгдэл дээр 10.000,000 төгрөгийн зээл нэмж, нийт 23.622.518.21 /хорин гурван сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун арван найм зууны хорин нэгэн/ төгрөгийг 36 сарын хугацаатайгаар өөрийн нөхөр П.Г  нь зээл авч, миний бие хамтран зээлдэгчээр Х банкнаас дуудагдаж гарын үсэг зурж авсан. Уг зээлийг нөхөр маань төлөөд явж байтал 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ажлаа хийж яваад гэнэтийн ослоор нас барсан. Нөхрийнхөө цалингийн зээлийг 8 болон 9 сард төлсөн. Хамтран зээлдэгч би Төрийн банкинд цалингийн зээлтэй, хүү Г.Б оюутан, охин Г.Х  намар цэцэрлэгт орно.

  Миний бие өөрийн цалингийн зээлээ эрүүл мэндийн шалтгаанаар төлөх боломжгүй 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа тул талийгаач нөхрийнхөө цалингийн зээлийг төлөх ямар ч аргагүй, чадваргүй, төлөх боломжгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банкны Булган салбар нь хариуцагч Ө.Н д холбогдуулан ЗГ/********** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,  зээлийн гэрээний үүрэгт нийт 17,475,986.41  /арван долоон сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуун наян зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 16.500 /арван зургаа мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч миний бие өөрөө цалингийн зээлтэй, эрүүл мэндийн улмаас ажилаасаа чөлөөлөгдсөн тул нөхөр П.Г ын цалингийн зээлийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэжээ.

Зээлдэгч П.Г  болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ө.Н  нар нь Х банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 13.622.518.21 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 10.000,000 төгрөгийн зээл нэмж, нийт 23.622.518.21 /хорин гурван сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун арван найм зууны хорин нэгэн/ төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан болох нь хэрэгт авагдсан №ЗГ/********** дугаартай зээлийн гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүрийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчилэн шаардаж болох боловч зээлдэгч П.Г  болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ө.Н  нартай нэхэмжлэгчийн байгуулсан №ЗГ/********** дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ө.Н гаас шаардах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр П.Г  болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ө.Н  нартай байгуулсан №ЗГ/********** дугаартай зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг банкинд цалингийн орлогоор төлөх, банк нь П.Г ын цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр тодорхойлж, цалингаас шууд төлүүлэхээр гэрээнд заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа П.Г од цалингийн зээл олгохдоо хамтран үүрэг гүйцэтгэгч Ө.Н гийн цалин орлогыг судалсан гэж байгаа боловч банк зөвхөн П.Г ын цалин орлогыг барьцаалж, П.Г од  цалингийн зээл олгосон болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

  • Зохигчийн тайлбар /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Г ын цалинг барьцаалсан гэх// хариуцагч Ө.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: банкны шаардсанаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан гэх//
  •  №ЗГ/********** дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т заасан цалингийн зээл гэж олгосон заалт
  • Хэргийн 7-р хуудаст авагдсан барьцааны гэрээний хуулбар

Ажил хөдөлмөр эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цалингаа барьцаалж зээл авах нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно.

П.Г  цалингаа барьцаалж, зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин, тогтмол орлогоо барьцаалаагүй хамтран үүрэг гүйцэтгэгчид зээлийн үүргийг хамааруулж нэхэмжлэлийн шаардлага гаргах нь Иргэний хуульд нийцэхгүй болно.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийг гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй болсон ... түүнчлэн нас барсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн зээлдэгч нас барсан бол тухайн гэрээний үүрэг дуусгавар болно.

2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн №ЗГ/********** дугаартай зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч П.Г  нь 2019 оны 8 дугаар сард нас барсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Дээрхи үндэслэлүүд тогтоогдож байх тул №ЗГ/********** дугаартай зээлийн гэрээний үүрэг зээлдэгч П.Г  нас барснаар дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Х банкны Булган салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Н д холбогдох ЗГ/********** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,  зээлийн гэрээний үүрэгт нийт 17,475,986.41  /арван долоон сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуун наян зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 16.500 /арван зургаа мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.330 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаарзүйл, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Х банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,  хариуцагч Ө.Н д холбогдох, ЗГ/********** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт нийт 17,475,986.41  /арван долоон сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуун наян зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг,  нотариатын зардал 16.500 /арван зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245.330 /хоёр зуун дөчин таван мянга гурван зуун гуч/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ХИШИГДЭЛГЭР