Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 20

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө , М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Х  банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Н д холбогдох, ЗГ/************ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт нийт 17,475,986.41  /арван долоон сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуун наян зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг,  нотариатын зардал 16.500 /арван зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.М гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , хариуцагч Ө.Н , нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Х  банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээлдэгч П  овогтой Г , хамтран үүрэг гүйцэтгэгч Өлзийбаяр овогтой Н  нар нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Х  банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс ЗГ/************ тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл 13.622.518.21 төгрөг дээр нэмж 10.000,000 төгрөгийн зээл нэмж, нийт 23.622.518.21 /хорин гурван сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун арван найм зууны хорин нэгэн/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан.

Зээлдэгч П. Г , Ө. Н  нар нь зээлийн гэрээний 2.4.1 дахь заалтыг зөрчиж 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээл 235 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул доорх нэхэмжлэлийг гаргаж байна

Нэхэмжлэл гаргахаас өмнө зээлдэгч нь зээлээсээ дараах төлбөрийг төлсөн байна. Үүнд:

2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/************ тоот гэрээтэй зээлээс дараах төлөлтийг хийсэн.

a. Үндсэн зээлийн төлбөрт 6.998,163.00 төгрөг.

b. зээлийн хүүний төлбөрт 4.475.636.84 төгрөг.

c. нэмэгдүүлсэн хүүний төлбөрт          2.410,65 төгрөг, нийт 11,476,210.49 төгрөг. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тул банкнаас зээлээ төлөхийг утсаар холбогдож, уулзалт хийж байнга шаардаж байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 235 хоног зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд банк шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дор дурдсан нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Зээлдэгч П.Г , хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н  нартай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/************ тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

2. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/************ тоот зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөр гаргуулах

А/Үндсэн зээлийн үлдэгдэл 16.624.355,21 төгрөг,

Б/Зээлийн хүүгийн төлбөр 845.519,25 төгрөг

В/Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.111,95 төгрөг нийт 17.475.986,41 төгрөгийг гаргуулах

1.Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд, үүнд:

а/ Нотариат үйлчилгээний хураамж 16.500 төгрөг,

б/ Улсын тэмдэгтийн хураамж 245.330 төгрөг тус тус нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ө.Н  нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй боловч биеийн байдлаас болоод ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Х  банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс 13.622.518.21 төгрөгийн үлдэгдэл дээр 10.000,000 төгрөгийн зээл нэмж, нийт 23.622.518.21 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар өөрийн нөхөр П.Г  нь зээл авч, миний бие хамтран зээлдэгчээр Х  банкнаас дуудагдаж гарын үсэг зурж авсан. Уг зээлийг нөхөр маань төлөөд явж байтал 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ажлаа хийж яваад гэнэтийн ослоор нас барсан. Нөхрийнхөө цалингийн зээлийг 8 болон 9 сард төлсөн. Хамтран зээлдэгч би Төрийн банканд цалингийн зээлтэй, хүү Г.Б  оюутан, охин Г.Х  намар цэцэрлэгт орно.

Миний бие өөрийн цалингийн зээлээ эрүүл мэндийн шалтгаанаар төлөх боломжгүй 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа тул талийгаач нөхрийнхөө цалингийн зээлийг төлөх ямар ч аргагүй, чадваргүй, төлөх боломжгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 612 дугаартай шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 225 дугаарзүйл, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Х  банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,  хариуцагч Ө.Н д холбогдох, ЗГ/************ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт нийт 17.475.986,41  /арван долоон сая дөрвөн зуун далан таван мянга есөн зуун наян зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг,  нотариатын зардал 16.500 /арван зургаан мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.330 /хоёр зуун дөчин таван мянга гурван зуун гуч/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  давж заалдах гомдолдоо: “...Х  Банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Ө.Н д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 612 дугаартай шийдвэрийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гардаж аваад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх "хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" байх тул шүүхийн шийдвэр "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг шүүхэд гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1 -т заасныг тус тус баримтлан Х  банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Ө.Н д холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. зээлийн гэрээний үүрэгт 17.475.986,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х  банк ХХК-ийн Булган салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Зээлдэгч П.Г ыг Х  банкны Булган салбараас зээл авахад Ө.Н  хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдэлийг бүрэн хариуцна гэдгээ илэрхийлж, гэрээний үүрэг хүлээж, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.3-д "Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ" гэж заасан бөгөөд зээлдэгч П.Г  өмнө нь тус банкнаас өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан ба өмнөх зээлийн үлдэгдэл 13,622,518.21 төгрөг дээр нэмж 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг нэмж зээлэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч Ө.Н  гэрээнд заасан нөхцөл болон өмнөх зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан ба зээлдэгч цалин орлогоо барьцаалан өрхийн хэрэглээний буюу хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар тус тус зээл олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд, Х  банкинд гаргасан зээлийн хүсэлт /"Los программ дээр ажиллах журам"-ын хавсралт -8/, зээлдэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, зээл буцаан төлөх хуваарь. зээлийн гэрээний нөхцөлүүд, талуудын тайлбараар нотлогдог. Иймд Ө.Н  зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч учраас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг бие даан хариуцах нь хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн байна.

Тэрээр хамтран зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд гаргасан хариу тайлбартаа П.Г ыг нас барсны дараа буюу 2019 оны 8, 9 сарын зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байхад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласанд гомдолтой байна.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэсэн журмыг зөрчиж анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийж тухайн харилцаанд өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Түүнчлэн зээлдэгч П.Г . Ө.Н  нар албан ёсны гэр бүл бөгөөд нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн ба гэрээний дагуу Х  Банк ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Ө.Н  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар "Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх. үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ" гэж. мөн зүйлийн 242.2-т "Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар.....үүснэ" гэж. мөн зүйлийн 242.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийн бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т "Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно" гэж, мөн зүйлийн 40.3-т "Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна" гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 -т "Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна" гэж заасан бөгөөд зээлдэгч П.Г , Ө.Н  нарт зээл авч ахуйн болон өрхийн хэрэгцээнд, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зайлшгүй шаардлага байсан учраас зээл авах хүсэл зоригоо илэрхийлж дээрх хэрэгцээнд зориулж хамтран зээлсэн. өмнөх гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, цалингийн зээлийн үлдэгдэл төлбөртэй болохоо мэдүүлж байснаас гадна хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил бичиг баримтаа бүрдүүлж уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон учраас зээлийг авах эрх үүсч тухайн зээл олгогдсон. Хэрвээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ө.Н  оролцоогүй, түүний цалин орлогыг тооцон судлаагүй байсан бол зээлийг олгохгүй бөгөөд тухайн зээлүүдийг авах эрх үүсэхгүй байсан. Харин зээлдэгч нар авсан зээлээ хэн, хэрхэн ашигласан гэдэг нь чухал биш бөгөөд уг зээл нь өрхийн хэрэглээнд буюу хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар ашигласан болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, мөн хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасан харилцаа нь хамтран зээлдэгчгүй харилцаанд зохицуулагдах хуулийн зохицуулалттай бөгөөд харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хамтран үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхийг зохицуулсан зээлийн гэрээний харилцааг зохицуулах хуулийн зохицуулалттай болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 00612 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 Х  банкны Булган аймаг дахь салбар нь Ө.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.475.986,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч би зээл гардаж аваагүй манай нөхөр цалингийн зээл авсан би зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар л гарын үсэг зурсан, төлбөр төлөх боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч П.Г  хамтран үүрэг гүйцэтгэгч Ө.Н  нар нь Х  банкны Булган салбарын Рашаант тооцооны төвөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 13.622.518,21 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 10.000.000 төгрөгийн зээл авч нийт 23.622.518,21 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан нь №ЗГ/***********/ дугаартай зээлийн гэрээний хуулбар,  зохигчдын тайлбар зэргээс нотлогдож тогтоогдсон байна. /х.х-ийн 10-13/

Зээлдэгч П.Г  нь дээр дурьсан зээлийг авахдаа өөрийн цалингаа барьцаалж зээл авсан төдийгүй гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаж байх явцдаа  2019 оны 8 дугаар сарын 5-нд нас барсан байх бөгөөд энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

П.Г  өөрийн цалингаа барьцаалж зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Ө.Н  хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхлэдэг банк нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслээр тухайлбал, батлан даалтын, баталгааны, даатгалын зэрэг гэрээг байгуулж болохыг үгүйсгэхгүй бөгөөд цалин, тэтгэвэр зэргийг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой тул хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрхийн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо: ...Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоргийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.”  40 дүгээр зүйлийн 40.3-т “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.” гэснийг анхаарч үзээгүйгээс хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.

Х  банкны Булган аймаг дахь салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа  зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргийн биелэлтийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр хангуулах тухай болохоос биш тухайн гэрээг хүчин төгөлдөр бус талаар дурдаагүй нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасантай хамааралгүй юм.

Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  зохигчдын хооронд үүсэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж , Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.М гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245330 /хоёр зуун дөчин тав гурван зуун гуч/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                     ШҮҮГЧИД                                    Д.МӨНХӨӨ  

                                                                                          М.ХҮРЭЛБААТАР