Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00413

 

                                           

                                  “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Булган салбарын

                                         нэхэмжлэлтэй иргэний хэргийн

                                    тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2020/00612 дугаар шийдвэртэй,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 17,475,986.41  төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхөөгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Булган салбар нь ,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,475,986.41 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

2. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2020/00612 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,,, банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох, ЗГ/201843836768 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт нийт 17,475,986.41 төгрөг,  нотариатын зардал 16,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245,330 /хоёр зуун дөчин таван мянга гурван зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар магадлалаар Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхөөгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Мөнхөөгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,330 /хоёр зуун дөчин тав гурван зуун гуч/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхөө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 612 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.8.20-ны өдрийн 20 дугаар магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. ,,,,,,,,,,,,,,,,,,т, ,,,,,,,,,,,,,,,,,, нар нь 2018.08.24-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Булган салбарын ,,,,,,,,,,,,,, тооцооны төвөөс ЗГ201843836768 тоот зээлийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 13,622,518.21 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөг, нийт 23,622,518.21 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээнд буюу хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар зээлж авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “...Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээний зориулалт, нөхцөлүүд, зээлдэгч нарын нийгмийн даатгалын хуулбар, ,,,,,,,,,,,,,,,,,,гийн цалин болон бусад орлогыг тодорхойлсон баримтуудыг судалсны үндсэн дээр зээлийг олгосон. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,тын цалин орлогыг дангаар нь тооцоход зээлдэгч өөрийн хүссэн хэмжээний мөнгийг авах боломжгүй учраас анх зээлийн гэрээ байгуулагдах үеэс гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,, оролцсон байхад нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “...,,,,,,,,,,,,,,,,,,т өөрийн цалингаа барьцаалж зээл авсан нь түүнд хамааралтай болох бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг банк нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслээр тухайлбал, батлан даалтын, баталгааны, даатгалын зэрэг гэрээг байгуулж болохыг үгүйсгэхгүй бөгөөд цалин, тэтгэвэр зэргийг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой тул хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулснаар шаардах эрх үүсэх үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлтийн тухайд: Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,т, ,,,,,,,,,,,,,,,,,, нар нь албан ёсны гэр бүл бөгөөд тус зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон, хүүхдийн сургалтын төлбөрт зориулж авсан. Анх зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,, үндсэн зээлдэгчийн нэгэн адил бичиг баримт бүрдүүлж, гэрээнд заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ойлгож, ухамсарласны үндсэн дээр дээрх гэрээний оролцогч болж хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн цалин давхар судлагдаж барьцаалагдсан, хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын хуулбар зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд тэрээр анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...,,,,,,,,,,,,,,,,,,тыг нас барсны дараа буюу 2019 оны 8, 9-р саруудад зээлийн төлбөрийг төлж байсан..” зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрт зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба дээрх асуудлаар маргаагүй.

4.3. Гэтэл хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь гэж тогтоосон байхад нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйд гомдолтой. Түүнчлэн нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн зүйлийн 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ” гэж, мөн зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар татгалзлаа нотолсон баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх  ёстой байтал, иргэний эрх зүйн харилцаанд өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргав.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7. Нэхэмжлэгчээс “... Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,т, хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,, нар нь 2018.08.24-ний өдөр ... цалингийн зээлийн үлдэгдэл 13,622,518.21 төгрөг дээр 10,000,000 төгрөгийг нэмж, нийт 23,622,518.21 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.4.1 дэх заалтыг зөрчиж 2020.06.02-ны өдрийн байдлаар зээлийг 235 хоног  хэтрүүлсэн. Нэхэмжлэл гаргахаас өмнө зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 6,998,163 төгрөг, хүү 4,475,636.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,410.65 төгрөг, нийт 11,476,210.49 төгрөг төлсөн... 2019.11.19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2019.12.06-ны өдөр буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөрийг барагдуулаагүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 16,624,355.21 төгрөг, хүү 845,519.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,111.95 төгрөг, нийт 17,475,986.41 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн нотариатын үйлчилгээний хураамж 16,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 245,330 төгрөг тус тус нэхэмжилж байна...” гэсэнд,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, нь “...2018.08.24-ний өдөр нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,,т нь зээл авч, миний бие хамтран зээлдэгчээр ,,,,,,,,,,,,,,,,,, банкнаас дуудагдаж гарын үсэг зурсан. Уг зээлийг нөхөр маань төлөөд явж байтал 2019.08.05-ны өдөр гэнэтийн ослоор нас барсан. Нөхрийнхөө цалингийн зээлийг 8 болон 9 сард төлсөн. Хамтран зээлдэгч би Төрийн банкинд цалингийн зээлтэй... өөрийн цалингийн зээлээ эрүүл мэндийн шалтгаанаар төлөх боломжгүй, 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа тул талийгаач нөхрийнхөө цалингийн зээлийг төлөх ямар ч аргагүй, чадваргүй, төлөх боломжгүй...” гэжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгчийн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

9. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт нийт 17,475,986.41 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байх боловч энэхүү мөнгөн дүнг ямар үндэслэлээр хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн дансны хуулга авагдсан боловч энэ баримтын хүрээнд тооцоолол хийх боломжгүй байна.

10. Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2019.11.19, 2019.12.10-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар зээлдэгч нарт мэдэгдэж байсан боловч үүнээс хойш хагас жил орчмын дараа буюу 2020.06.02-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан, түүнчлэн үндсэн зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,тыг нас барсан болохыг хэзээ мэдсэн, уг үйл баримттай холбоотойгоор гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар ямар үйл ажиллагаа явуулсан зэрэг үйл баримтыг талуудыг мэтгэлцүүлэх байдлаар тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

11. Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хяналтын шатны шүүхээс хэргийг хууль хэрэглээний хувьд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132/ШШ2020/00612 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 245,330 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД