Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/1022/З |
Дугаар | 359 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 359
С.Ч-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан хийж, С.Ч-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0296 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0462 дугаар магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0296 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ч-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С-ийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0462 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Ч-ийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэгч С.Ч-т 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ТЗ-9 зэрэглэлийн албан тушаалын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу бодож, уг олговроос түүнд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5,373,462 төгрөгийг хасаж олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0296 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ч-ийн “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын С.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0462 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн тул дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”, Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолоор “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-д заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.
Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д ...“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсан тул газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Ч-т 5.343.462 төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгосон ажлаас чөлөөлсөн.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0296 дугаар шийдвэр нь нөхцөл байдлыг бодитой дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0462 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Ч-ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна.
Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсны дотор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэж заасан.
Уг тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2016 оны А/16 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн газар, Үндэсний статистикийн хороог салгаж, Улсын бүртгэлийн газрыг Оюуны өмчийн газартай нэгтгэн, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Ингэснээр Оюуны өмчийн газар аймагт салбар нэгжгүй учир аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь хэлтсийн зохион байгуулалтаар ажиллах болж, газрын даргын орон тоо хасагдсан байна.
Үүнтэй уялдан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дотор тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Ч-ийг мөн чөлөөлсөн, тус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар шүүхүүд зөв дүгнэлт хийжээ.
Харин, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц батлах тухай” Б/37 дугаар тушаалаар аймгийн улсын бүртгэлийн бүтцийн тогтолцоог аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс байхаар тогтоосны гадна Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нийт орон тоог 27, түүний дотор хэлтсийн даргын орон тоог 1 байхаар, хэлтсийн даргыг ТЗ-9 ангилал, зэрэглэлээр цалинжуулахаар баталсан байх ба тус хэлтсийн даргын албан тушаалд тус байгууллагад улсын байцаагчаар олон жил ажиллаж байгаа М.Хувьзаяаг сонгон шалгаруулалтаар томилсон байна.
Нэхэмжлэгч С.Ч-ийн хувьд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон бүртгэлийн байгууллагад 6 сарын хугацаагаар түр ажилласан /ТЗ-10-аар цалинжиж байсан/, түүний эрхэлж байсан газрын даргын орон тоо хасагдсан учир хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцээгүй байна.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...бүтцийн өөрчлөлтөөр газар нь хэлтсийн зохион байгуулалтаар ажиллах болж, газрын даргын орон тоо хасагдсан, нэхэмжлэгчид хуульд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон...” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2017/0462 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА