| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 186/2019/0909/Э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 427
2020 4 7 2020/ДШМ/427
М.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ууганбаатар,
шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/5 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1911015961077 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хачит овгийн М.Б, 19.. оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, . настай, эрэгтэй, дээд боловсролтой,................., хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ...............хамт ............. дүүргийн ................хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;
М.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн ойролцоо иргэн Б.О-т “Бүгд Найрамдах Солонгос Улс руу найдвартай виз гаргана” хэмээн хуурч, 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Б-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гаас 5.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-т олгуулж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг нь тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Учир нь, Б.О бид хоёр Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз мэдүүлэн гарах талаар харилцан тохиролцож ажил гүйцэтгэх зуучлалын аман хэлэлцээр хийж, 10.000.000 төгрөгөөр ажлын хөлсөө тохиролцсон боловч хуулийн мэдлэггүй улмаас ажил гүйцэтгэх зуучлалын гэрээ хийлгүйгээр зээлийн гэрээ хийсэн нь алдаа болсныг хоригдож байх хугацаанд өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авч байж мэдсэн. Хохирогчоос авсан 10.000.000 төгрөгөөс 5.600.000 төгрөгийг вонн болгон /2.500.000 орчим/ Б.О-н Солонгос улсын Содемуний эмнэлэгт үзүүлэх төлбөр төлсөн нь хэрэгт авагдаагүй. Солонгос улс руу ямар ч үнэ төлбөргүй виз зуучлан 10 хувийн хүүтэй 10.000.000 төгрөг зээлж авна гэдэг ямар ч утгагүй бөгөөд нотлох баримтын хувьд харилцан зөрүүтэй байна. Гэтэл шүүгч онцгой ач холбогдох бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй, дутуу байхад санаатай гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоох тухай үндэслэлийг заалгүйгээр ялласан. Би О-тэй иргэний журмаар харилцан тохиролцсон бөгөөд санаатайгаар залилах зорилгогүй байсан нь хохирогчийн мэдүүлгээс харагдаж байна. Хэн нэгэн хүнд виз олгох, гаргах ямар ч хуулийн үндэслэл, тийм эрх надад байхгүй ба “визэнд зуучилж өгье, хуулийн дагуу материалыг нь бэлдээд орвол виз гарах магадлал өндөр” гэснийг Б.О “найдвартай виз гаргана гэсэн” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Анхнаасаа санаатайгаар О-г залилах санаа зорилго надад байгаагүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдлээ. Иймд,
- хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн гүйцэт төлж дуусгахаа бодитой илэрхийлсэн /хохирол төлсөн баримт, шүүх хуралдааны өмнө төлсөн цаашид ч төлөхөө бодитой илэрхийлсэн/
- эрүүл мэндийн хувьд энэ хэрэгт холбогдохоос өмнө 2 бөөрний үйл ажиллагааны алдагдалд орж байсан ба зүүн бөөр том чулуутай үрэвсэлтэй, шингэн ялгаруулах үйл ажиллагааны алдагдалттай, баруун бөөр чулуутай, тэвшинцэрийн өөрчлөлттэй, заримдаа хар хүрэн өнгийн шингэн ялгардаг, хагалгаанд орох гэсэн оноштой. Уг хэрэг холбогдохоос өмнө миний бие 1 дүгээр эмнэлэгт үзүүлээд явж байсан бөгөөд хоригдсоноос хойш хүндэрч, шингэн ялгарахгүй ухаан алдан 461 дүгээр хорих ангийн эмнэлэг рүү шилжин 21 хоног эмчлүүлэн дараа нь 409 дүгээр анги руу ирсэн боловч дахин хүндэрч 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад хагалгаанд орох шаардлагатай болсон. Мөн олон жилийн өмнөх элэгний өөрчлөлт, уушгины хатуурал нь дахин өвдөхөд хүрсэн.
- миний гэр бүлийн гол амжиргаа нь миний мэргэжил, цалин бөгөөд надад ах, дүү, хамаатан садан гэж байхгүй. Манай эхнэр багаасаа өнчин өсөж одоо 2 хүүхдээ болон миний өндөр настай эхийг харж гэртээ байдаг.
- миний бие “Арвин элбэг” ХХК-тай 2018 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд улирал тутам цалин хөлсөө авч, тус компанид өөрийн техник хэрэгслийг түрээслүүлэн Баянхонгор аймгийн Галуут суманд хөрс хуулалтын ажил гүйцэтгэж байгаа, урьд өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй зэрэг шалтгаануудыг харгалзаж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөхийг хүсч байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан үнэн бодитой болсон үйл явдал гэвэл “Торгоны зам” ХХК нь өөрийн гэсэн лого, тэмдэггүй ба А.Энхтөр, Б.Анхбат бид 3 ярилцаж байгаад логон дээр тогтсон. Тус логоны дагуу А.Энхтөр бид 2 нэрийн хуудас хийлгэсэн. “Цаашид хамтран ажиллая, компанийнхаа дүрмэнд албан ёсоор нэрсээ оруулаад ажлаа эхэлье” гэж бид 3 тохиролцсон. Тус оффисийн зарим түрээсийг би төлдөг байсан нь баримтаар нотлогдоно. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч Баярболд дээр очиж байцаалт өгөхөд “таны 2 найз гэх хүмүүс таныг бараг танихгүй гэж байцаалт өглөө” гэхэд нь би “та өрөөндөө дахиад дуудчих уу. Хоёулантай нь нүүрэлдье. Гэр бүлийнх нь хүмүүсийг мэднэ” гэхэд байцаагч “тэгж хэргээ хүндрүүлээд яахав дээ, бүлэг болвол бүр хүндэрнэ” гэж хэлж байсан. Хохирогч Б.О-г Солонгос улс руу явуулах гэж буйг А.Энхтөр мэдээд “Базраа Солонгост Ансанд хямд, тансаг буудал байгаа. Би захиалаад өгөх үү” гэхээр нь зөвшөөрөөд 1.500.000 төгрөг /ойролцоогоор 700.000 вонн/-ийг Энхтөрд өгсөн. Цагдаа шүүхийн асуудал болсныг мэдээд Энхтөр тус мөнгийг буцааж өгсөн зэрэг нь үнэн болохыг миний бие баталж байна.
Миний бие 2002 онд Техникийн их сургуулийн /тухайн үеийн нэршил/ Барилга инженерийн сургуулийг төгсөх курсдээ чөлөө авч ажил, амьдралаа сайжруулахаар Япон улсыг зорьж 2007 онд хүүгээ төрсний дараа Монголд ирж хүүгээ ээж дээрээ орхиж үргэлжлүүлэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Инженерийн сургуульд сурч дипломоо хамгаалан буцаад Япон Улс руу ажиллахаар яваад 2011 онд нэг мөсөн Монголд ирсэн. 2011 онд барилга угсралтын “Би Эйч Си” ХХК-д инженерээр ажилд орж 6 сар гаруй ажиллаад тус компаны 60 айлын 2 блок, нийт 120 айлын орон сууцны 2 барилгыг ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэж өгөх ёстой байтал хоног хугацаа алдсаны улмаас захиалагчид бухимдан цагдаад өргөдөл өгч байсан ч захиалсан төлбөрөө буцааж авснаар асуудал шийдэгдэж байсан. Одоо ч зарим нь шийдэгдээгүй бөгөөд энэ нь тус төсөл дээр ажиллаж байсан миний хувьд 2012 онд хэрэгсэхгүй болж байсан. Энэ нь тус хэргийг шийдвэрлэхэд муугаар нөлөөлөхгүй гэж итгэж байна” гэв.
Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд М.Б-гийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. М.Б- нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөнгөө л авмаар байна. М.Б- давж заалдсан гомдолдоо мөнгө буцааж өгнө гэж дурдаагүй байна” гэв.
Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-д холбогдох хэрэгт нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоон шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Энэхүү шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. М.Б- нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүгдэгч М.Б- нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгөх эрх бүхий субъект биш, ямар нэгэн элчийн сайдын яам болон хувийн байгууллагатай хамтарч ажилладаггүй. Мөн М.Б-гийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ талаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдагдаж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт зөрүүтэй нотлох баримтууд авагдаагүй. Үүнийг шүүх дүгнэхдээ аль нэгнийг нь үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй, гэм буруугийн асуудал дээрээ маргаж байсан тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
М.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянбүрдийн тойргийн ойролцоо хохирогч Б.Оюунбилэгт “Бүгд Найрамдах Солонгос Улс руу найдвартай виз гаргаж өгнө” гэж хуурч, түүнээс 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.О-н “... Миний бие Солонгос улсын элчингийн 2 дахь том захиралтай хамтран ажиллаж байсан ба би өөрөө ч мөн элчин сайдын яаманд ажиллаж байсан” гэж хэлж байсан ба би түүнд итгээд, Солонгос улс руу явах хүсэлттэй байгаагаа илэрхийлэхэд надад Базаррагчаа нь “...Солонгос улсын визэнд орохын тулд гадаад паспорт, иргэний үнэмлэх, хорооны тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэл зэргийг 10.000.000 төгрөгийн хамтаар авчраарай гэж хэлсэн. ...10.000.000 төгрөгөө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргийн орчимд Базаррагчаагийн 60-92 УМП улсын дугаартай машин дотор нь мобайл банкаар Хаан банкны 5753495910 дугаарын данснаас Базаррагчаагийн Голомт банкны 3205102956 дугаарын данс руу нийт 10.000.000 төгрөг шилжүүлж байсан. ...” /хх-24/,
иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгийн “... Базаррагчаа нь дүүгээс маань миний зээлж олж өгсөн 10.000.000 төгрөгийг Солонгос улс руу явуулна гэж хэлж авчихаад одоог хүртэл мөнгөө ч эргүүлж өгөөгүй, Солонгос улс руу ч явуулж чадаагүй ба миний хувьд зээлж авсан 10.000.000 төгрөгийн хүүг сар бүр төлөөд алдагдалд ороод байгаа. ...” /хх-30/,
гэрч Б.Анхбатын “... манай 2 компанид ямар ч Базаррагчаа гэх хүн ажилладаггүй, би огт танихгүй. “Торгоны зам гэрэгэ” ХХК-ийн захирал нь Базаррагчаа гэх хүн байдаггүй, харин миний нагац ах Отгонбаатар гэх хүн байгаа. “Мон Алтай турк” ХХК-ийн нэрийн хуудсыг үзэхэд тус лого нь мөн л хуурамч, зүгээр л МАТ гэж бичсэн байх ба манай компанийн лого нь орой нь цагаан, ногоон өнгийн уулын зурагтай байдаг ба мөн тус компанид Базаррагчаа гэх хүн ажилладаггүй бөгөөд ямар учраас ийм нэрийн хуудас хийсэн талаар би сайн ойлгохгүй байна. ...” /хх-36/,
гэрч А.Энхтөрийн “... Уг нэрийн хуудаснуудыг Базаррагчаа өөрөө хийлгэж байсан байх. Яагаад гэвэл намайг Хятад руу явахаас өмнөхөн надаас... оффист чинь суухдаа өөртөө нэрийн хуудас хийж болох уу гэж асууж байсан. ...” /хх 38-39/,
шүүгдэгч М.Б-гийн “...Тухайн үед би өөрөө О-ийн өгсөн 10.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөгийг нь ашиг болгон авна гэсэн төлөвлөгөөний дагуу тус 4.000.000 төгрөгийг аль хэдийн хувийн хэрэгцээндээ бага багаар зарцуулсаар байгаад дуусгасан. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг нь Голомт банкнаас зээлийн хугацаа хэтэрсэн алданги төлөлтөд данснаас шууд татаад авсан ба харин үлдэгдэл 4.000.000 төгрөгийг байр, хоол, тог, ломбарданд тавьсан байсан алтан бөгж, зүүлтнийхээ хүүг төлөөд дууссан. ...” /хх-45/,
хохирогч Б.О-н Хаан банкны депозит дансны хуулга /хх-11/,
шүүгдэгч М.Б-гийн Голомт банкны дансны хуулга /хх 18-20/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч М.Б- нь хохирогч Б.О-т “Би Солонгос Улсын элчин сайдын яамны 2 дахь том даргыг нь танина. Солонгос Улсын визийг найдвартай гаргаж өгнө” гэх зэргээр худал хэлж, 10.000.000 төгрөгийг авч хохирол учруулсан байх ба хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үндэслэн шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч М.Б- “...Б.О-тэй ярьж тохирсон зүйл бол гэрээний харилцаа байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан этгээдэд хэрэглэж, оногдуулж болох ялаас хөнгөрүүлэх, эсхүл тэнсэх зохицуулалт нь шүүхэд эрх олгосон заалт байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б- нь уг гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйн дээр тэрээр бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ