| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2020/0058/Э |
| Дугаар | 467 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 467
2020 4 16 2020/ДШМ/467
Ч.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батжаргал,
шүүгдэгч Ч.Баярмагнай, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Баярмагнай, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Б холбогдох 1910015910766 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шаазгай овгийн Ч.Б, 1999 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Тод Ундарга” ХХК-ийн уурхайд ажилладаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 23 дугаар гудамжны, 68 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ОЮ99021417/;
Ч.Бнь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот хашаанд Б.Чойжилсүрэнтэй маргалдаж толгой руу нь цохиж, санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Баярмагнайгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шаазгай овгийн Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ч.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батжаргал нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Бдавж заалдах гомдолдоо: “...2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн үед миний аав болох Чойжилсүрэн нь хамт ажилладаг 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй хамт архи уусан байдалтай гэртээ ирсэн. Тухайн үед би гэрийнхээ доторх тавилгыг цэгцэлж шалны хулдаасаа янзлах гээд зарим тавилгаа гаргаад, зарим нэгийг нь гэртээ байлгаж байгаад хулдаасаа янзалж байсан. Аавтай хамт ажилладаг хүмүүс хөх хуванцар савтай усаар тоглоод бие бие рүүгээ цацаад байхаар нь би “наад усыг чинь авдаг юм шүү дээ, больчихооч” гэж хэлэхэд тэд больцгоосон. Аав гэрээсээ гарч ирээд “юу болоод байгаа юм бэ?” гэхээр нь би “танай ажлын хүмүүсийг усаар тоглохоо болиоч” гэж хэлсэн юм. Аав надад “чи хар ус хүнээс харамлалаа, би чамайг тэжээж байгаа биз дээ гуйлгачин минь” гэхээр нь би “чамаар биш, ээжээрээ тэжээлгэж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд хамт ажилладаг хүмүүс нь явах гэтэл аав “би хамт явъя, нэг шил архи авч ууя” гэхээр нь би “та боль л доо, унт л даа” гэж хэлсэн. Тэгэхэд аав “чамаар архи уухаа заалгахгүй шүү” гэхэд ажлынх нь эмэгтэй аавд хандаж “та гэртээ ороод унтчих, архи нэмж уугаад хэрэггүй” гээд гэрт нь оруулсан. Би тухайн үедээ ээж рүүгээ залгаад “аав архи уугаад ирсэн байна” гэж хэлсэн. Аавын ажлын хүмүүс явсны дараа унтахгүй явж байгаад гэрийн урд талд тэргэн дээр сууж байсан, манай бага хүүг тэврэхээр авснаа хүүхдийг маань доороо хийгээд толгойгоороо газар мөргөж унасан. Тэгэхээр нь би очоод аавын доороос хүүхдээ авч эхнэртээ өгөөд эргэж хараад “аав унт л даа, ямар лайтай юм бэ” гэхэд аав босч ирээд намайг шууд толгойгоороо мөргөсөн. Тэгэхэд би тэнцвэр алдаж хойш ухарсан. Ухарч байхдаа аавын эрүүнд гараараа цохисон. Би хашааны буланд байгаа эхнэр, хүүхэд дээрээ очоод удалгүй буцаад ирэхэд, аав бөөлжсөндөө хахаад байгаа юм шиг сонин амьсгалаад байхаар нь ээж рүүгээ залгаж хэлэх гэтэл ээж, дүү хоёр маань гаднаас орж ирсэн. Тэгэхэд би дүүтэйгээ нийлж гадаа юм дэвсээд аавыг дээр нь хэвтүүлсэн. Манай эхнэр Маралмаа түргэн дуудаад, 10 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь аав, ээж хоёрыг машинд суулгаад өрхийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход амралтын өдөр байсан болохоор тус өрхийн эмнэлэг хаалттай байсан. Тэгээд би хаалгыг нь давж ороод, эмч дагуулан гарч ирэхэд аавыг үзээд дотогшоо оруул гэсэн. Удалгүй эмч ирээд “аавыг нас барьсан байна” гэж хэлсэн. Хэрэг гарснаас хойш хоёр сар орчмын дараа Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс намайг дуудсан. Хэрэг болсон өдөр юу болсон гэж надаас асуусан. Тэр үед би дээр дурьдсанаар мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн ба мэдүүлэг өгч байхад эхлээд компьютер дээр шивж мэдүүлэг авсан. Дараа нь дахин утсаараа бичлэг хийж мэдүүлэг авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр амь хохирогч Чойжилсүрэнгийн гэмтлүүд нь мохоо зүйлийн, тус бүр нэг удаагийн үйлдлээр үүссэн гэсэн байдаг. Амь хохирогч нь чамархай болон их, бага тархины аалзан хальс, мөн ховдол болон 3, 4 дүгээр ховдлын цусан хураа болон бусад гэмтлийн улмаас нас барсан байна гэж үзсэн байдаг. Гэтэл би амь хохирогчийн эрүүн тус газар нь нэг удаа цохисон байдаг. Тэрийгээ Хан-Уул дүүргийн Дашцэрэн гэх мөрдөгчид бичгээр болон дүрс бичлэгээр мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл уг 46 дугаартай шийтгэх тогтоолд би “Аав Чойжилсүрэнгийн зүүн талын чамархай буюу хацарнаас дээш хажуу хэсэгт нэг удаа цохисон” гэж бичсэн байдаг. Би ийм мэдүүлэг өгөөгүй бөгөөд хэрэг гарсан өдрийн үйл явдлыг үнэн зөвөөр, эрүүнд нь цохисон гэж мэдүүлсэн. Мөн амь хохирогч хүүхдийг минь тэвэрч байгаад толгойгоороо унахдаа, мөн намайг мөргөхдөө тус гэмтлүүдийг авах бүрэн боломжтой. Тийм байтал хэргийг сайтар шинжлэн судлахгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж ялласанд гомдолтой байна.
Шүүх эмнэлгийн шинжээч эмч Чимэд-Очирын шинжилгээний хариунд “тус гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” гэсэн байхад авч хэлэлцэхгүйгээр ганц эрүүнд нь цохисноор үхэлд хүргэсэн гэж үзэж ялласан. Би мөрдөгчид мэдүүлэхдээ “эрүүнд нь цохисон” гэж мэдүүлсэн байтал” “чамархай тус газарт нь болон хацарнаас дээш цохисон” гэж мэдүүлэг маань өөрчлөгдсөн. Хэрэг болсон өдөр амь хохирогчтой хамт ирсэн хүмүүс мөн зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Амь хохирогчийн тархинд 5 гэмтэл гарсан байдаг. Тэгтэл би эрүүнд нь нэг удаа цохисон. Нэг удаагийн цохилтоор уг 5 гэмтэл үүсэх боломжгүй. Амь хохирогч хүүхэд тэврээд толгойгоороо унахдаа зүүн талын хөмсгөө шалбалсан бөгөөд тэр үед газар мөргөхдөө чамархай болон хажуу талын ховдлын цусан хураа үүсэх бүрэн боломжтой. Мөн намайг мөргөхдөө ч дээрх гэмтлийг авсан байх боломжтой байтал үүнийг харгалзан үзэлгүй намайг ялласанд гомдолтой байна. Иймд хэргийг дахин шинжлүүлж, мөрдөн байцаах шат руу буцааж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ч.Баярмагнайгийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн шалгах ажиллагаа хэт яллах талыг баримтлан явагдсан тухай:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Баярмагнайгаас гэрчийн мэдүүлэг /хх-57/ нэг удаа, яллагдагчийн мэдүүлэг /хх-135/ нэг удаа тус тус авсан байх боловч, гэрчийн мэдүүлэг авахын өмнө мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах гэх мэт эрхийг мөрдөгч амаар тайлбарлаж өгөөгүй нь Үндсэн Хуулийг зөрчжээ.
Шүүгдэгч Ч.Баярмагнайтай биечлэн уулзахад “мөргөгдөөд арагш гэдийх үед 2 гар дээш савагдаж, баруун гар, эрүү орчимд нь очиж оносон гэж яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэлсээр байхад, мөрдөгч хөтөлсөн асуулт тавьж чамархайн хэсэгт болгосон, санаатайгаар цохисон мэтээр агуулгыг нь өөрчилж бичсэн байна” гэдэг.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатар /хх-64/, Т.Чимэд-Очир /хх-142/ нарын мэдүүлгүүдэд “хэргийн нөхцөл байдалд нөлөөлөхүйц буюу гэмтлийн гаралтай бус цус харвалт, гэмтлийн улмаас үүссэн цус харвалт” гэсэн ноцтой зөрүү байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааг огт хийгээгүй. Дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр өмнөх дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн байх боловч шинжээч эмч Г.Энхбаатар гэрчээр “...тархины суурь хэсгийн болон ховдлын цус харвалт нь даралт ихсэх өвчний улмаас тархины артерийн судасны хана зузаарах, хатуурах, хагарсны улмаас үүсдэг. Гэмтлийн улмаас үүсэх тохиолдол маш ховор байдаг. Эд эсийн шинжилгээгээр тархины судасны хатууралтай гарсан байна. Тархины няцрал гэмтэл тогтоогдоогүй байна. ...Их хэмжээний тархины цус харвалтын үед харваад хүн шууд ухаангүй болно. ...Гэмтлийн гаралтай биш учраас цус харваад ухаангүй болж унасан байх магадлалтай. ...Даралт ихсэх өвчин архи согтууруулах ундааны хэт хэрэглэлт, биеийн хүчний ачаалал, агаарын температур зэрэг олон хүчин зүйлээс үүснэ. ...1402 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. ...” гэж өгсөн мэдүүлгийг /хх-73/ 1055 дугаартай дүгнэлтээр няцаах гэж оролдсон байх боловч няцаасан үндэслэл нь тодорхойгүй, эргэлзээтэй байхад дахин шинжилгээ хийлгээгүй байна.
Шинжээчийн 1402 дугаартай дүгнэлтэд “...шүүх эд эсийн С-1402 тоот шинжилгээгээр их, бага тархи, аалзан бүрхүүлд тархмал цус харвасан, артерийн судасны хана зузаарч нэгэн төрлийн будагдсан. ..., мөн шинжээч эмч Г.Энхбаатар “...1402 тоот дүгнэлт болон фото зураг, эд эсийн шинжилгээний хариу зэргээс үзэхэд тархины суурь хэсгийн цус харвалт болон ховдлын цус харвалт нь ихэвчлэн цусны даралт ихсэх өвчний улмаас тархины артерийн судасны хана зузаарах, хатуурах, хагарсны улмаас үүсдэг, гэмтлийн улмаас үүсэн тохиолдол маш ховор байдаг. ...” гэж гэрчээр мэдүүлсэн байхад шинжээчийн 1055 дугаартай дүгнэлтэд “...эд эсийн шинжилгээнээс үзэхэд цусны даралт ихсэх өвчин тогтоогдсонгүй, эд эсийн давтан шинжилгээгээр тархины судасны хатуурал тогтоогдсонгүй. ...” гэж ерөнхий байдлаар дүгнэсэн. 1402, 1055 дугаартай дүгнэлтүүд дэх эд эсийн шинжилгээ хоорондоо зөрүүтэй, шинжээчийн 1055 дугаартай дүгнэлтэд даралт ихсэх өвчин, тархины судасны хатуурал нь ямар шинж тэмдгээр тогтоогдоогүй болох тухай эмгэг анатомийн үндэслэлийг тайлбарлаж, няцаагаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “...Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан...” гэсэнтэй нийцээгүй байна. Амь хохирогч Б.Чойжилсүрэнгийн зүүн хөмсөг, зүүн чамархайд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах тухай дүгнэлтэд тусгаагүй төдийгүй гэмтлийн гаралтай цус харвалтын улмаас нас барсан гэдгийг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй, хэт яллах талыг баримталж мөрдөн шалгах ажиллагаа явагджээ.
Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай: Шүүгдэгч Ч.ББ.Чойжилсүрэнгийн зүүн чамархайд цохиж амь насыг нь хохироосон гэм буруутай гэж шүүх дүгнэхдээ шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 1402, 1055 дугаартай дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байдаг боловч, 1402 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан “артерийн судасны хана зузаарч” гэсэн болон шинжээчийн 1055 дугаартай дүгнэлтийн эд эсийн шинжилгээ зөрүүтэй гарсан нь эргэлзээтэй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатар “...тархины суурь хэсгийн болон ховдлын цус харвалт нь даралт ихсэх өвчний улмаас тархины артерийн судасны хана зузаарах, хатуурах, хагарсны улмаас үүсдэг. ...Гэмтлийн улмаас үүсэх тохиолдол маш ховор байдаг. Эд эсийн шинжилгээгээр тархины судасны хатууралтай гарсан байна. ...” гэж гэрчээр мэдүүлсэн байхад шинжээчийн 1055 дугаартай дүгнэлт болон шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн мэдүүлэгт шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан уг мэдүүлгийг тус тус няцааж чадаагүй байх бөгөөд тэдгээрийг нотлох баримтаар шүүх тооцохдоо гэрч Энхбаатарын мэдүүлэгт дурьдагдсан гэмтлийн гаралтай бус цус харвалтын улмаас нас барсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг дүгнэлтэд заагаагүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шинжээчийн 1402, 1055 дугаартай дүгнэлтүүд дэх “...эд эсийн шинжилгээ хоорондоо зөрүүтэй, амь хохирогч Б.Чойжилсүрэнгийн цусанд 2.6 промиль, ходоодны шингэнд 4.2 промиль, шээсэнд 2.9 промиль спиртийн агууламж илэрсэн, согтолтын зэрэг хүнд зэрэгт хамаарна. ...” /хх-76/, амь хохирогч Б.Чойжилсүрэн нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний шөнө ээлжинд гарч, маргааш өглөө нь 09:00 цагт ажлаасаа буусан, нойргүй хоносон, архи хэрэглэсэн /гэрчүүдийн мэдүүлэг хх-49-55/, амь хохирогч Б.Чойжилсүрэн нь бага ач хүүгээ тэврээд нүүрээрээ харуулдаж унасан, амьсгалж чадахгүй ч байгаа юм шиг бөөлжсөө гаргаж чадахгүй ч байгаа юм шиг байсан /яллагдагч Ч.Баярмагнайгийн мэдүүлэг хх-136/, гэх мэт нотлох баримтуудаар шинжээч эмч Г.Энхбаатарын “...Даралт ихсэх өвчин архи согтууруулах ундааны хэт хэрэглэлт, биеийн хүчний ачаалал, агаарын температур зэрэг олон хүчин зүйлээс үүснэ. ...” гэсэн гэрчээр өгсөн мэдүүлэгт дурьдагдсан нөхцөл байдал буюу гэмтлийн бус цус харвалтын улмаас хохирогч амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал дээрх байдлуудаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй төдийгүй “Ч.Ббусдыг алсан гэм буруутай” гэж тооцсон шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Хохирогч Б.Чойжилсүрэнгийн амь нас хохирсон шалтгаан нөхцөлийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна. Шийтгэх тогтоолын дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна.
Хохирогч Б.Чойжилсүрэн, Ч.Бнарын хооронд болсон үйл явдлыг харсан үзсэн гэрч байдаггүй бөгөөд Ч.Баярмагнайгийн үйлдэл санаатай юу, болгоомжгүй юу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоогоогүй, хууль зөрчиж авсан байж болзошгүй гэрчээр авсан түүний мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотолгоо болгосон байна.
Шүүгдэгч Ч.Бхэрэг учрал болохын өмнө аавтайгаа зүй бусаар харьцсан талаар гэрчүүд мэдүүлдэг боловч хохирогчийг санаатай цохисон уу, санамсаргүйгээр гар хүрсэн үү гэдгийг нотлоогүй байгаа нь аавыгаа санаатай цохисон гэдгийг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд гэрч Энхбаатарын мэдүүлэг, шинжээчийн 1402 дугаартай дүгнэлтийн эд эсийн шинжилгээ, тэдгээрийг үгүйсгэсэн үндэслэлийг шинжээчийн 1055 дугаартай дүгнэлтэд бичээгүй нь хуульд нийцээгүй, хохирогч Б.Чойжилсүрэн хоногоор нойргүй ажилласан, ажлаас буухдаа архи хэтрүүлэн хэрэглэсэн, хүнд зэргийн согтолттой байсан, хүүхэд тэврээд нүүрээрээ унасан, /юм мөргөсөн байж болзошгүй/ шүүхийн хэлэлцүүлэгт болон сэтгэцийн шинжилгээ өгөхдөө “аавыгаа санаатай цохиогүй” гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр түүнийг санаатай цохисон гэдгийг бусад байдлаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй, цусны даралт ихэдсэнээс цус харвалт өгч нас барсан байж болох дээрх нөхцөл байдлууд илэрч байгаа нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, бусдыг санаатай алах зүйл, хэсгээр ял оногдуулсан шүүхийн дүгнэлт ноцтой зөрүүтэй байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, цагаатгах, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг хөнгөрүүлэхэд нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй дүгнэлт болжээ.
Дээрх байдлуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бусдыг санаатай алах гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ч.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх би гэрчээр мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгийг өгч байхад мөрдөгч мэдүүлэг өгөхийг зогсоож байгаад “ахын дүү” гээд ярилцсан. Би юу болсон талаар ярьсан. Байцаагч намайг “болсон зүйлээ үнэнээр нь ярьчих” гээд дахиад шинээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авч дуусаад гарын үсэг зуруулахдаа надад уншуулаагүй. Мэдүүлэг өөрчлөгдсөн болохыг яллах дүгнэлтийг гардаж аваад мэдсэн. Мөн гэрч нараас мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлсэн байдаг. Миний эхнэрээс “нөхрийг чинь хорино” гэж айлгаж байгаад мэдүүлэг авсан. Мөрдөн байцаагч Дашцэрэн надад “миний таньдаг Батаа өмгөөлөгчийг ав” гэж хэлсэн. Би байцаагчийнхаа хэлсний дагуу Эрдэнэчимэг өмгөөлөгчийг авсан. Эрдэнэчимэг өмгөөлөгч надад “21 нас хүрээгүй бол албадан арга хэмжээ авч болно” гэж хэлсэн. Иймд би хийгээгүй хэргийнхээ өмнөөс уучлалт гуйсан. Надаас мэдүүлэг авахдаа намайг хуурч, айлгаж байгаад мэдүүлэг авсан. Хүн алах гэмт хэрэг дээд тал нь 15 жилийн хорих ялтай гэмт хэрэг, албадан арга хэмжээ хэрэглэдэггүй байсан. Миний хуулийн мэдлэггүйг далимдуулан албадан арга хэмжээ авч болно гэж хэлж итгэл төрүүлсэн өмгөөлөгч Эрдэнэчимэгт маш их гомдолтой байна. Би аавыгаа алдаад удаагүй сэтгэл санаа маш хэцүү байсан. Иймд хууль зүйн туслалцаа авч чадаагүйн улмаас аавыгаа алсан гэж буруутгагдаж байгаадаа маш их гомдолтой байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Баярмагнайгийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Баярмагнайгаас гэрчийн мэдүүлгийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр авсан байдаг. Шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн. Шүүгдэгч Ч.Баярмагнайгаас гэрчээр мэдүүлэг авахдаа “та талийгаач Чойжилсүрэнг ямар шалтгааны улмаас цохиж, зодсон бэ, та түүний биеийн аль хэсэгт юугаар, хэдэн удаа цохисон бэ, та өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна уу” гэж асуусан байдаг. Эдгээр асуултууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Учир нь, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө шүүгдэгч Ч.Баярмагнайгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас шүүгдэгч Ч.Бамь хохирогч Чойжилсүрэнг цохисон талаарх нэг ч баримт байхгүй байхад шууд тулгаж, хөтөлж асуулт асууж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1402 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1055 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг мөрдөгч гаргуулж авчихаад тус дүгнэлтүүд дээр тусгагдсан байсан “тархиндаа мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гэмтэл авсан” гэх хэсэгтэй танилцаад гэрчээр мэдүүлэг өгч буй Ч.Баярмагнайг худал мэдүүлэг өгсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх болохыг сануулж тулгаж, хөтөлж асуусан байдаг. Шүүгдэгч Ч.Баярмагнайгаас гэрчээр мэдүүлэг авч байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үедээ тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өгөхийг шаардах, мэдүүлэг авахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээх, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэсэн заалтыг мөн зөрчиж байна. Шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй. Шинжээч талийгаачид учирсан гэмтлийг хэзээ үүссэн болохыг тогтоогоогүй. Шинжээч шинжилгээ хийлгэх эрх бүхий албан тушаалтны тавьсан асуултын дагуу шинжилгээг хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргана гэснийг зөрчсөн. Амь хохирогчийн биед үүссэн шархыг хэзээ үүссэн болохыг тогтоогоогүй байхад шүүгдэгчийн цохилтоос болж талийгаачийн тархинд битүү гэмтэл үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч Ч.Баярмагнайгийн цохисон үйлдэл нь талийгаачид гэмтэл учруулсан эсэхийг шинжээчийн 1402, 1055 дугаартай дүгнэлтүүд тогтоож чадаагүй. Талийгаачид учирсан гэмтлүүд хэзээ, яаж үүссэн болохыг тогтоогоогүй байж Ч.Баярмагнайгийн үйлдлийн улмаас талийгаачийн биед гэмтэл учирсан гэж шууд дүгнэж түүнд ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд орсон өмгөөлөгч Эрдэнэчимэгийг мөрдөгч шүүгдэгчид санал болгосны үндсэн дээр уг өмгөөлөгчийг шүүгдэгч сонгон авсан байдаг. Санал болгохдоо тулгасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх ач хүүг минь аавыгаа санаатайгаар алсан гэх зүйл ангиар ял шийтгэл оногдуулсан. Би ач хүүгээ аавыгаа санаатайгаар амь насыг нь хороосон гэж үзэхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, Ч.Б хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн 1402 дугаартай дүгнэлтэд талийгаачийг “тархины битүү гэмтлийн улмаас нас барсан” гэсэн байдаг. “тархины судасны хатуурал” гэх үг, өгүүлбэр байхгүй. Шүүгдэгч Ч.Бшүүхийн хэлэлцүүлэгт “нүүрэн тус газар нь нэг удаа цохисон, баруун гараа саваад цохисон” гэж мэдүүлсэн. Энхбаатар эмч дүгнэлт гаргаагүй. Дүгнэлт гаргасан эмч нь Т.Чимэд-Очир байгаа. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэгт “гэмтлийн улмаас үүссэн цус хуралт, харвалт” гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Харин “тархины гэмтэл явганаас үүсэх боломжгүй, зүүн хөмсөг, шанаа хэсэгт үүссэн шарх, зулгаралтаас харахад уг тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн байна. Шинжээчийн 1055 дугаартай дүгнэлтэд “эд эсийн шинжилгээгээр цусны даралт ихсэх өвчин тогтоогдоогүй, мөн дахин шинжилгээгээр тархины судасны хатуурал гэмтэл тогтоогдоогүй” гэсэн. Иймд шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт дурдагдаагүй үг, өгүүлбэрийг өөрсдөө зохиож давж заалдах гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Баярмагнай, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;
Ч.Бнь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 17 дугаар гудамжны 319 тоот хашаанд Б.Чойжилсүрэнтэй маргалдаж толгой руу нь цохиж, санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх “шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батжаргал нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” гэж зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Түүнчлэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.
Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь зайлшгүй байх үндсэн нөхцөлийн нэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. ...” гэсэн шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан “...хорих ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй. ...” ял оногдуулахаар тусгажээ.
Шүүгдэгч Ч.Бнь анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн боловч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “дээрх нөхцөл байдлаа өөрчлөн гэм буруугийн талаар маргаж байгаа” нөхцөл байдал, шүүгдэгч Ч.Баярмагнайгийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бусдыг санаатай алах гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэсэн гомдлын үндэслэл зэргээс дүгнэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Бнь анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн үйл баримт, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүх эдгээр нөхцөлүүдийг үндэслэл болгон тухайн зүйлд заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр хөнгөрүүлж оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Ч.Б холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Б холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Ч.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ