Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/423

 

 

 

 

                                                       

Б.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,

хохирогч Л.У,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908044601693 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Мянгад овгийн Батсүхийн Г, 1971 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 6-32 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны Нийтийн байрны 42д тоотод түр оршин суух;

Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сумд дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ХИШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны Нийтийн байрны 42д тоотод “өөхтэй махаар хоол хийж өглөө, би чамтай амьдарч чадахгүй” гэж хэлсний улмаас эхнэр Л.Уийг цээжин тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний баруун талд, өвчүүний хажуугийн шугамаар 4, 5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мянгад овогт Батсүхийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.Гыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Год энэ тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 6 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил 6 сар 27 хоногийн хугацааны хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Год оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Гын урьдчилан цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Б.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хохирогч эрүүл мэндийн зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг футволк, 1 ширхэг даавуу, 1 ширхэг хөхний даруулга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалган шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Л.Уийн биед учирсан цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай гэсэн дүгнэлт гарсан байна. Тухайн үед би Уийг санаандгүй, санамсаргүй хатгачихаад айж сандраад гараад явсан. Энэ хүн гэмтэл авсан үедээ эмнэлгийн тусламж авч чадаагүй. Миний бие мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “орхиод явсан” гэж хэлсэн бөгөөд мөн У өөрөө хэлсэн байдаг. Миний бие шинжээчийн 10374 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний бие эхнэрийнхээ цээжний хөндий рүү нэвтэртэл нь хатгаагүй юм. Эхнэр Ут компьютер томографикийн зураг авахуулж, цээжний хөндий рүү хутга нэвтэрсэн хэсгийг шалгуулмаар байна. Миний бие Утэй гэр бүл болоод 29 жил болж байгаа бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй сайхан амьдарч байсан. Өдий олон жил хамт амьдарсан ханиа санаатай гэмтээх гэж ерөөсөө бодоогүй. Энэ хүний гаргасан ааш, авираас болж цочирдон бачимдахдаа ийм хэрэг болсон. Энэ хэргийг харсан гэрч байгаа. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Миний бие 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр суллагдсан. Гэтэл эхнэр У нь 2019 оны 8 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 01 цагийн үед архи уучихсан согтуу ирж “шоронгийн таваа, шорондоо үхэхгүй яасан гай вэ чи” гээд хутга хоолой дээр тулгаж “ална чамайг” гэж дайрч, хөргөгч болон угаалгын машин руу хутгаар хатгаж, давшиж байхад нь хүү Батбаатар араас нь барьж авч, би өөрөө хутгыг нь авсан. Тэгээд би гэр бүлийн хүчирхийллийн 107 дугаарт удаа дараа залгаж тусламж гуйж, бүртгүүлж байсан. Үүнээс хойш байнгын дарамтад маш хэцүү байдалтай байсан. Би эхнэртээ “шоронд орсноороо муу хүн болдог юм биш, миний хань яагаад байгаа юм” гэж хэлээд уйлаад гуйж байсан удаа байгаа. Намайг 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 107 дугаарт “хутга барьж дайрлаа” гэсэн гомдол гаргасан гээд гэрээс хөөж, хувцас гаргаж хаясан. Миний бие дүү Гансүхийг ирэхэд нь эхнэр У “Шоронгийн таваа аваад яв, дахиад үүдээр шагайлгав” гэж хэлээд явуулсан. Би хөөгдөөд 3 хоноод хүнийхээ хувьд 29 жил амьдарсан эхнэр болон хүүхэд дээрээ буцаад ирсэн. Миний бие 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр мах чанаад өгөхөд “Өөхтэй мах чанаад, маргааш ажилд явахаар ганцаараа идэх гэж чанаа юу, шоронгийн таваа, би чамтай амьдарч чадахгүй, нэг бол аав, ээж рүүгээ яв, эсхүл чамайг цагдаад өгч, шоронд чинь хатаана” гэж сэтгэл санааны дарамтад оруулсан. Ажлын газрын хүн хоолойд заазуур тулгаж, цагдаад торгуулж байсан. Миний бие эхнэрээ нэг удаа ч гэсэн “сайн байна” гэж хэлэх байх гэж сур зараад, мах аваад чанаж байтал, хэл амаар доромжилж, хөөснөөс болж цочирдох, бачимдах, балмагдах байдалд хүрсэн. Миний бие гэр бүлийн хүчирхийлэл, маш их дарамтад байсан. Зөвхөн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр хэргийг боосон. Өмгөөлөгчтэй мэдүүлэг аваагүй. Гэрчийн мэдүүлэг болон эд мөрийн баримт хураагдаагүй, надад зүйлчилсэн зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дээрх байдлыг үндэслэн хэргийн бодит үнэнийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ... Мөн миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. Тус шүүх хуралдааныг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж шийдвэрлэж байсан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг мөн Б.Дашдондов даргалж шийдвэрлэсэн байна. Миний үйлдсэн хэргүүдийг нэг шүүгч шийдвэрлэж, нэг хүнийг дахин дахин яллаж байгаад гомдолтой байна. Өмгөөлөгч Б.Баттулга надад 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр шүүх хурлын тов танилцуулахдаа “шүүгч Б.Дашдондовын туслах таныг таньж байна, өөрийг чинь урьд нь манайхаас ял авч байсан, энэ хүнд хэлэлцүүлэг хийх шаардлагагүй, шууд гэм буруугийн хурал хийнэ” гэж хэлсэн гэсэн. Миний бие уг хэрэгт хохирогчийн гэм буруутай үйлдлийг нотлох, гэрчийн мэдүүлэг дутуу, өмгөөлөгчтэй мэдүүлэг аваагүй, эд мөрийн баримтаа гаргаж өгье, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийлгэе гэхэд үндэслэлээ хэлж, тодорхойлж чадахгүй байна. Хохирогчийн гэм буруутай үйлдэл нь шүүгдэгчээс өөр баримтгүй тул нотлох баримтаар тооцохгүй гэж шууд санаатай гэж үзэн тулган ялласан байдаг. Хохирогчийн бурууг нотлох 2-3 хүн прокурор болон байцаагчид өргөдөл буюу мэдүүлэг өгөх гэхэд хүлээж аваагүй. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч дээр хүргэгдэж очтол хоригдохоор болсон байсан. Яагаад хоригдох гэж байгааг асуухад “суу, гараа өргө” гээд өрөөнийхөө голд суулгасан. Улмаар байцаагч босож ирээд миний өвдөг рүү хоёр удаа өшиглөж өвдөгний шөрмөсийг гэмтээсэн. Бөөр рүү хоёр удаа цохисон. Гэтэл би “өвдөг эвгүй болчихлоо” гэхэд “чиний өвдөг яадаг юм, чамайг ясыг чинь гартал хорино” гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар руу авч явсан. Тэнд аваачиж цагдаагийн машинд цагдаатай хамт үлдээсэн. Байцаагч дотогш орж 2 цаг орчим болоод гарч ирэнгүүтээ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн байцаагчийн өрөөнд оруулж “танаас товч мэдүүлэг авъя” гээд мэдүүлэг авсан. Ямар учиртай мэдүүлэг болохыг асуухад “таныг хорих тогтоол гаргах гэж байгаа, түр мэдүүлэг байгаа юм” гээд авахад нь би товч мэдүүлэг өгсөн. Би “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэтэл “тогтоол гарах төдий товч мэдүүлэг” гэж хэлсэн. Мэдүүлэг аваад намайг буцаагаад цагдаагийн машинд оруулчихаад Ц.Ариунтуяа прокурор руу орж 1 цаг орчим болсон. Гарч ирээд 3 хуудас тогтоол дээр гарын үсэг зур гэсэн. Тэгэхээр нь би “наадах чинь юу юм бэ, би гарын үсэг зурахгүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэхэд “энэ ямар ч хамаагүй, зөвхөн хорих тогтоол, таныг өмгөөлөгчтэй оролцуулж мэдүүлэг авна” гэсэн. Би тухайн үед бүрэн гүйцэд мэдүүлэг өгөөгүй, “надад хэлэх юм зөндөө байна” гэхэд тус байцаагч “чи олон юм ярихгүй шүү, хэрэв олон юм ярих юм бол тултал чинь ял өгнө” гэж хэлсэн. Энэ үед машинд прокурор хамт явж байсан. “Би ямар зүйлээр хоригдох гэж байгаагаа тодруулъя” гэхэд “хууль тайлбарлаж байна” гээд хэлээгүй. Тухайн тогтоол дээр гарын үсэг зуруулахдаа уншиж танилцуулаагүй. Эхнэр Л.У намайг “согтуу байсан” гэж худал мэдүүлэг өгсөн. Л.У ажлаасаа согтуу, архи үнэртүүлчихсэн ирсэн бөгөөд өөрийн уусан архиа нуун далдлах гэж худал мэдүүлсэн байдаг тул энэ хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хоригдсоноос хойш Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт цагдаад өшиглүүлсэн миний хөлний гэмтэл 3 удаа хэвтэж эмчлүүлсэн боловч тууштай эмчилгээ авах боломжгүй нөхцөл байдалд байна. Хөл байнгын суга таяганд орсон, зовиуртай, эмчийн хяналтад байна. Мөн миний хандсан Нийслэлийн прокурорын газар, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор, хүний эрхийн газар, 461 дүгээр ангийн хорих алба хариуцсан прокурор, хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч, 401 дүгээр ангийн нарийн мэргэжлийн эмч нарын “энэ хүнийг гаргаж эмчлүүл, шинжилгээ хийлгэх, цаашид яаралтай шөрмөс татуулж оёх” гэсэн хариу ирсэн. Эцэг эхийг минь эмчлүүлье, гаргая гэхэд надад хяналт тавьсан прокурор “энэ хүний ял дуусаагүй” гээд гаргалгүй өдийг хүргэж хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэсэн. Цаашид би ажил эрхэлж чадахгүй болох нөхцөл үүсэхээс санаа зовж байна. Эмнэлгээс миний хөлд хийгдэх шинжилгээнүүдийн хөлс 500.000 төгрөг болно гэсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл прокурор надад “чамд мөнгө байхгүй, эхнэр, хүүхдэдээ хаягдсан, чамайг гаргахгүй” гэж хэлээд гаргаагүйд гомдолтой байна. Хохирогч “Би орж ирээд хэрүүл хийсэн, энэ хүнийг загнаснаас болж намайг гэмтээсэн” гэж мэдүүлсэн байдаг. Миний бие үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр нь шалгуулж, шийдүүлмээр байна. Миний хэргийг дахин мэдүүлэг авалгүйгээр шууд тулгаж ялласанд гомдолтой байна. Миний бие шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, болсон явдлыг үнэн зөвөөр удаа дараа хэлсэн ба үүнийг авч хэлэлцээгүйд гомдолтой байна. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн зүй бус үйлдлээс болж уг хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл үүссэн тул шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн байр сууринаас оролцсон. Уг хүсэлтийг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах “урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхгүй” гэж ярьсан асуудал байхгүй. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж гомдлыг дэмжиж байна. ... “ гэв.

            Хохирогч Л.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г худал хэлж, намайг гүтгэж байна. Тухайн үед би архи уугаагүй, эрүүл байсан бөгөөд ажлаасаа тараад гэртээ орж ирэхэд хутгалсан. Бие махбодоороо хохирч, байнга зодуулдаг байсан тул бүр тэсэхээ болиод хуулийн байгууллагад хандсан. Иймд миний бие гомдолтой байна. ...” гэв.

            Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэгдсэн буюу тус шүүх хуралдаанаар яллах талын байр сууринаас шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хохирогчийн “хутгаараа миний цээжин тус газар хутгалсан” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “миний гарт хутга байсан, хохирогч “намайг хатгачихлаа шүү дээ” гэхээр нь би “битгий худлаа яриад бай” гэж хэлээд хартал Л.Уийн царай нь цонхийгоод, цээжнээс нь цус гарч харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Цэцэгсүрэнгийн “аав архи уудаг, ээжийг цохиж зоддог, түрээсийн байранд ээжтэй хамт байж байгаад хутгалсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10374 дугаартай “ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх нэвтэрсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.11-д заасан амь насанд аюултай гэмтэл” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тус тус хангалттай тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын уг заалтад заасныг хангаж байна. Хэдийгээр шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч яриагүй зүйлийг ярьсан болгож, огт худал зүйл хэлэх үндэслэл байхгүй. Үүнд, прокурорын нэрийг оруулж худал зүйл ярьж байгааг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлэх нь зүйтэй байна. Мөн энэ талаар мөрдөгч тэмдэглэл хийсэн байдаг. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны нийтийн байрны 24-42д тоотод “өөхтэй махаар хоол хийж өглөө, би чамтай амьдарч чадахгүй” гэж хэлсний улмаас эхнэр Л.Уийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун талд, өвчүүний хажуугийн шугамаар 4, 5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Уийн “...Г ... хүрэн эрээн, хуванцар иштэй хутгаар миний цээжний баруун хэсэгт, хөхний дээд талд нэг удаа хатгачихаад гэрээс гараад зугтаад явсан. ...Намайг гэрээсээ хөөлөө, цагдаа дуудаж өгнө гэлээ гэх шалтгаанаар хутгалчихаад зугтаачихсан. ...” /хх 36/,

гэрч Г.Цэцэгсүрэнгийн “...аав Г, ээж У хоёр хамт амьдраад 20 гаруй жил болж байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй, архи их уудаг ба ээжийг зодож цохидог. Түрээсийн байранд ээж хамт байж байгаад хутгалуулсан. ...” /хх 50/,

Б.Гын яллагдагчаар өгсөн “...Миний цээж рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь уур хүрээд өөдөөс нь хутгатай гараараа зөрүүлж, Уийн цээж рүү цохисон чинь гарт байсан хутга цээж рүү хутгалчихсан. ...У царай нь цонхийгоод цээжнээс нь цус гарч харагдсан. Миний баруун гарт хутга байсан. Би шууд гэрээс гарч гүйж ... замдаа Уийг хутгалсан хутгаа намаг орчим явж байх даа хаячихсан. ...” /хх 74-75/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10374 дугаартай “...Л.Уийн биед цээжний баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 4-5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 54/,

аюулын зэргийн үнэлгээ тогтоосон “...Эрсдлийн түвшин өндөр...” /хх 21/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-11/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 22-23/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 24-27/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 109/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдгээрийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Гын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Уийг цээжин тус газар нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний баруун талд, өвчүүний хажуугийн шугамаар 4, 5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Гын “...Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Надаас өмгөөлөгчтэй мэдүүлэг аваагүй. Дахин мэдүүлэг авалгүйгээр тулгаж ялласанд гомдолтой байна. Миний үйлдсэн хэргүүдийг нэг шүүгч шийдвэрлэж, дахин дахин яллаж байна. ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах этгээдээр тогтоосон шийдвэр гаргасан шүүгч уг хүний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.” гэж, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.” гэж тус тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг зохицуулжээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд шүүгдэгч Б.Гыг хэргийг шийдвэрлэсэн шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэрвээ шүүгдэгчээс дээрх үндэслэл байгаа гэж үзвэл шүүгчийг татгалзах талаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй байжээ.

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн байцаагчид зодуулж, өвдгөнд нь гэмтэл учирсан гэх утга бүхий гомдол гаргасан боловч энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд уг асуудлыг энэ хэргээс тусдаа гомдол гарган шалгуулах асуудал нээлттэй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэжээ.

Анхан шатны шүүхийн “хохирогчийн буруутай үйлдлээс гэмт хэрэг гарсан гэх асуудал нь шүүгдэгчийн мэдүүлгээс өөр баримтгүй тул дангаар нь шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй” гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд яллагдагчаар дахин мэдүүлэг авах үндэслэлийг зохицуулан хуульчилсан ба шүүгдэгч Б.Г нь яллагдагч /хх 74-75/-аар мэдүүлэг өгсөн байна.

Тэрээр ямар асуудлаар яллагдагчаар дахин мэдүүлэг өгөх хүсэлтэй байгаа үндэслэлээ давж заалдах гомдолдоо дурдаагүй нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Год холбогдох хэрэгт яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гын “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байдлаар болон зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэгт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохироогүй байх тул түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан 6 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.Гыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Год энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 6 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ