Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00753

 

Н.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00121 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00663 дугаар магадлалтай,

Н.Мы нэхэмжлэлтэй,

“........” ХХК, “........” ХХК нарт холбогдох,

Үндсэн нэхэмжлэл: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах,

Хариуцагч “........” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл: Орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах,

Хариуцагч “........” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Мы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагч “........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүл, өмгөөлөгч Ц.Амармэнд, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч “........” ХХК, “........” ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “........” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “........” ХХК үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00121 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч “........” ХХК-д даалгаж, хариуцагч “........” ХХК-ийн “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч “........” ХХК-ийн “орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Маас 2020.11.04-ний өдөр төлсөн 578,150 төгрөгийг, хариуцагч “........” ХХК-аас 2021.03.10-ны өдөр төлсөн 762,730 төгрөгийг, хариуцагч “........” ХХК-аас 2021.04.06-ны өдөр төлсөн 225,369 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “........” ХХК, “........” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 578,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00663 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/00121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “........” ХХК, “........” ХХК-д тус тус холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Н.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч Н.Мд холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай хариуцагч “........” ХХК-ийн, орон сууцны талбайн зөрүү үнэ 13,483,729 төгрөг гаргуулах тухай “........” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “........” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Н.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Н.Мы нэхэмжлэлтэй, хариуцагч “........” ХХК, “........” ХХК-д иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх нь иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн учир шийдвэр болон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж өгнө өгнө үү.

4.1. Магадлалын хянавал хэсэгт: 4.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Н.М нь 2019.07.18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үнэ 70,000,000 төгрөгийг төлсөн тул Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 1204 дүгээр байр, 63 тоот хаягт байршилтай, 54.98 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр Н.Мыг тогтоож, дээрх орон сууцны өмчлөх эрхийг Н.Мд шилжүүлэхийг хариуцагч “........’ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

“Учир нь нэхэмжлэгч Н.М, хариуцагч “........’ ХХК-ийн хооронд аливаа гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчид “........” ХХК-аас хөдлөх эд хөрөнгийн эзэмшихийг шаардах эдийн баялгийн эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэгч Н.М нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна” гэжээ. Гэтэл хариуцагч “........” ХХК болон “........” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр Н.М нь маргаан бүхий орон сууцыг 2 жилийн хугацаанд тасралтгүй эзэмшиж, ашиглаж байна. “........” ХХК хүлээн зөвшөөрч маргаан бүхий орон сууцны түлхүүрийг уг гэрээний үндсэн дээр болон орон сууц хүлээлцэх акт үйлдэж Н.Мд хүлээлгэн өгсөн үйлдлээрээ Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн үйлдлээрээ маргаан бүхий орон сууцны эзэмшил, шилжсэн эрх зүйн дагуух үйлдэл мөн болно.

Мөн шүүх хуралдааны явцад “........” ХХК-аас маргаан бүхий орон сууцны гэрчилгээг шүүгчид худал хэлэн улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулан авсан шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог тул магадлалын тогтоох хэсгээс хариуцагч “........” ХХК болон “........” ХХК-д тус тус холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Н.Мы хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.27-ны өдрийн 001/ШХТ2022/00584 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч “........” ХХК болон “........” ХХК-д холбогдуулан “...“Эс Ти Эм” ХХК-аас “........” ХХК-ийн гүйцэтгэсэн заслын ажлын хөлсөнд авах 46.10 м.кв талбай бүхий орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авахаар тус компанитай 2019.07.18-ны өдөр гэрээ байгуулж мөнгөө төлсөн боловч уг орон сууцыг өөр хүнд шилжүүлсэн байсан тул 2020.03.23-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 54.98 м.кв орон сууцыг хүлээлгэн өгсөн, 2 компанийн хоорондын өр авлагаас шалтгаалж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа” гэсэн үндэслэл зааж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “........” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин анх тохирсон 46.10 м.кв бус 54.98 м.кв орон сууцыг хүлээлгэн өгсөн тул талбайн үнийн зөрүүд 13,483,729 төгрөг гаргуулах гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч “........” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрх олж аваагүй “........” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь манай компанид хамааралгүй, тус компани гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүйгээс ажлын хөлсөнд орон сууц өгөх үндэслэлгүй” гэж марган, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

8. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг агуулгын хувьд зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухай нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хяналтын шатны шүүхээс хууль хэрэглэх асуудлаар дараах дүгнэлтийг хийлээ.

9. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч “........” ХХК “........” ХХК-тай 2019.01.25-ны өдөр “ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу уг компаниас авах ажлын хөлс 120,956,000 төгрөгт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла төслийн барилгын В блокийн 2 дугаар орцны 65 тоот 46.10 м.кв орон сууцыг өгөхөөр 2019.06.20-ны өдрийн гэрээгээр тохирсон, улмаар “........” ХХК нь нэхэмжлэгч Н.Мд дээрх орон сууцыг худалдахаар гэрээ байгуулж үнэ 70,000,000 төгрөг авсан нь тогтоогджээ.

10. Нэхэмжлэгч Н.М болон хариуцагч “........” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба нэхэмжлэгч үнийг төлсөн боловч хариуцагч “........” ХХК нь гэрээгээр тохирсон 65 тоотын 46.10 м.кв талбайтай орон сууцыг өөр бусдад шилжүүлснээс уг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болжээ.

Гэвч “........” ХХК нь Н.Мд худалдсан орон сууцыг өөр этгээдэд шилжүүлснээс хожим нь 2020.04.13-ны өдөр өөр буюу 63 тоотын 54.98 м.кв орон сууцыг худалдах талаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хүлээлгэн өгсөн талаар зохигч маргаагүй байна.

11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “65 тоот 46.10 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх боломжгүй тул Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 63 тоот 54.98 м.кв орон сууцаар солихоор тохиролцсон, улмаар “........” ХХК нь “........” ХХК-д хандаж “дээрх 2 өрөө байрны төлбөрийг Н.М 100 хувь төлсөн тул гэрээний дагуу “........” ХХК-ийн гүйцэтгэлээр уг байрны төлбөр тооцоо дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж болохыг тодорхойлж байна” гэсэн албан бичиг өгсний дагуу орон сууцыг “........” ХХК нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар гэрээний зүйл эрхийн доголдолгүй гэж дүгнэв” гэжээ.

12. Зохигчийн тайлбар хэргийн баримтаас үзвэл, дээрх 63 тоот 54.98 м.кв орон сууц хариуцагч “........” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, хариуцагч “........” ХХК нь “........” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд ажлын хөлсөнд орон сууцыг авах эрх үүсч, өмчлөх эрхийг Н.Мд шилжүүлж болох нь тогтоогдсон, харин ийм нөхцөл бүрдээгүй байна.

Анхан шатны шүүх энэ байдлыг анхаараагүй, “........” ХХК нь 65 тоот орон сууцыг шилжүүлэх боломжгүй болсныг гэрээний зүйл доголдолтой гэж үзэж, доголдлыг арилгуулах эрхийн хүрээнд өөр орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж, улмаар энэ талаар “........” ХХК-д мэдэгдсэн гэсэн агуулгатай дүгнэлт хийж нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг “........” ХХК-д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар даалгаж шийдвэрлэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой заажээ.

13. Учир нь анхан шатны шүүх 65 тоот орон сууцыг доголдолтой гэж үзэхдээ “........” ХХК орон сууцыг уг гэрээгээр тохирсон хөрөнгийг өөр бусдад шилжүүлснээс нэхэмжлэгч хүлээн аваагүй байдлыг, мөн энэхүү гэрээний зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох бус нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө болохыг харгалзаагүй нь учир дутагдалтай болсон байна.

13.1. Тухайлбал, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг хүлээн авсанд тооцдог ба эд зүйлийг хүлээн авсан тохиолдолд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ дутуу чанар байдал бүрэн бус бол биет байдлын доголдлын тухай, эсхүл худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргасан бол эрхийн доголдлын тухай яригдана.

13.2. Нөгөө талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн хувьд боломжтойгоос бус нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн хувьд ийм боломж байхгүй юм.

13.3. Хариуцагч “........” ХХК нь 65 тоот орон сууцыг нэхэмжлэгч Н.Мд шилжүүлж чадаагүйгээс тэд 63 тоот орон сууцыг шилжүүлэхээр нэмэлт гэрээ байгуулсныг эрх зүйн хувьд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, талуудын хооронд шинэ худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж харилцан үүрэг хүлээсэн гэж үзэж болох боловч, “........” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг өөртөө олж аваагүй, өмчлөгч болох эрх үүсээгүй, тодруулбал, тус компани болон “........” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан байгаа нь тогтоогджээ.

14. Нэхэмжлэгч Н.М нь “........” ХХК-тай аливаа гэрээ байгуулаагүй, тохиолдолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тухайн 63 тоот 54.98 м.кв орон сууцны өмчлөгч “........” ХХК-д холбогдуулан шаардлага гаргаж, улмаар худалдагчийн үүргийг буюу худалдсан эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэхийг даалгах үүргийг хүлээлгэх үндэслэлгүй болно.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хуульд нийцсэн гэж дүгнэв.

15. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.Мы хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх хариуцагч “........” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

“........” ХХК болон “........” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Н.М болон “........” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бөгөөд хэн аль нь гэрээнээс татгалзах, цуцлах шаардлага гаргаагүй, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй байна.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Н.М нь 63 тоот 54.98 м.кв талбай бүхий орон сууцны эзэмшлийг “........” ХХК болон “........” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн, “........” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээ байгуулж төлбөр төлж шударгаар олж авсан тул шударга эзэмшигч өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөхөөс татгалзах эрхтэй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

16. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2022/00663 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Мы 2022.05.11-ний өдөр 762,730 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД