Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0640

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0640

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Х.П, Р.Д нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: К ХХК /РД: ***********/

Хариуцагч: Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Х.П, Р.Д нар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар 2012 оны 06-р сарын 29-ний өдөр тавьсан 263191 тоот актыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ү.Ч, хариуцагч Х.П, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, иргэдийн төлөөлөгч У.Г, нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар манай компанийн 2010-2011 оны аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 1,478,434,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн хэмээн 146,226.6 мянган төгрөгийн нөхөн татвар , 44,369.3 мянган төгрөгийн торгууль, 5,2 мянган төгрөгийн хүү, нийт 208,583.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэн 2012 оны 06-р сарын 29-ний өдөр 263191 тоот акт тавьсан юм.

Дурдсан акт нь бодит бус, хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул бид гомдол гаргасныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2013 оны 04-р сарын 11-ний өдөр хэлэлцээд 18 тоот тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2013 оны 12-р сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 79 тоот тогтоолоор тус тус актыг хэвээр баталсан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 79 тоот тогтоолыг Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 01-р сарын 15-ны өдрийн 33 тоот тушаалаар баталгаажуулсныг 2014 оны 01-р сарын 24-ний өдрийн 12 тоотоор хүргүүлснийг хүлээн аваад, улмаар захиргааны хэргийн шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Татварын улсын байцаагчийн 263191 тоот актад заагдсан зөрчилд К ХХК-ийн ерөнхий захирал Д*******ын Чад холбогдуулан Улсын мөрдөн байцаах газраас 201201000447 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэтэл татварын алба, актыг татварын хууль тогтоомжийн дагуу захиргааны акт гэж үзэн хянан хэлэлцэж шийдвэр гаргаж байгаа нь нэг үйлдэлд хариуцлага давхардуулан ногдуулж байна.

Хууль зүйн хариуцлага нь гэм буруугаас хамаарч, хөнгөнөөс /захиргааны, санхүүгийн/ хүнд /эрүүгийн/ хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг тул хөнгөн нь хүнд хариуцлагадаа багтсан байдаг. Хүчин төгөлдөр болоогүй актыг татварын алба болохоор хохирол мэтээр эрүүгийн хэрэгт нэхэмжлээд, мөрдөн байцаах алба болохоор тогтоогдсон хохирол мэтээр үзэж хэлмэгдүүлж байна.

2. Анхнаасаа татварын улсын байцаагчид актыг хариуцлагагүй тавьсан нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:

А. Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 25-р зүйлд: Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14-р зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана, 28-р зүйлийн 28.1.2-т: татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөгөө өгч үйлчлэх, 28.1.4-т: татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх, 46-р зүйлд заасны дагуу тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, зөрчлийг арилгуулаагүй, бодит зөвлөгөө, тайлбар өгөх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэргээс гадна, мөн хуулийн 30-р зүйлийн 30.1.5, 30.1.6-д заасан татварын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүдийг зөрчин актаар өр үүсгэн, татвар төлөгчийн татварын хуулийн мэдлэг дутмаг, мэргэжлийн бус байдлыг ашиглан, хуулийг буруу тайлбарлан зөвшөөрсөн мэтээр гарын үсэг зуруулсан байгаа нь татварын албаны гэм буруутайг харуулж байна.

Б. 263191 тоот актыг тавихдаа татварын байцаагчид ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулж чадаагүй, бүрэн бус санхүүгийн баримтуудыг үндэслэн шалгалтыг бүрэн бус, дутуу хийсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан барилгын материалын борлуулалтыг зохих ёсоор тайланд бүрэн тусгаж байсан ба татвар бүрэн төлөгдсөн тул татварын албаны зүгээс шударга татвар төлөгчийг дэмжих байтал, худалдагч байгууллагуудын борлуулалтыг үнэн зөв тусгаагүй байдлыг хянах ёстой үүргийг К ХХК хариуцна гэжээ.

К ХХК-ийн Г, Д, А, Ф

XXК зэрэг татан буугдсан компаниудын нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамчаар бичин бүрдүүлсэн, нийт 1,428,298.6 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.1.1, 14.3 дахь заалтуудыг зөрчсөн байна гэж байцаагч дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энд борлуулалтын санхүүгийн баримтуудыг бүрэн гүйцэд хянаагүй, хууль зүйн үндэслэлийг нягтлаагүй байна:

- К ХХК нь татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай худалдан авалт хийсэн эсэх, тайландаа тусгасан эсэх,

- борлуулалтын зөрүүнээс гарсан /үүссэн/ нэмэгдсэн өртгийн албан татварыг К ХХК бүрэн гүйцэд төлсөн эсэх,

- худалдагч тал нь бараа материал худалдахдаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хавсаргаж өгсөн эсэхийг худалдан авагч тал шалгах эрхтэй эсэх, худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татвартай борлуулалтаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаагүй, татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг гаргаж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал нягтлан бодох бүртгэлдээ тусгах үүрэгтэй эсэх ба хариуцлага тооцох эрхтэй эсэх,

- барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалт хийлгэж, буцаалт авахаар хүсэлт гаргаснаар буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8-р зүйлийн 8.1.2-т: барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахаас өмнө дутуу, илүү төлөлтийг хэрхэн тооцох,

- барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад /илүү төлөлттэй үед/ нэмэгдсэн өртгийн албан татварт торгууль, алданги тооцох үндэстэй эсэхийг тодруулаагүй байна.

Иймээс К ХХК нь татварын албанаас тараасан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж хасалт хийсэн бөгөөд энэ үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хас ч тооцохгүй гэж заасныг зөрчөөгүй бөгөөд эсрэгээр, яг энэхүү заалтад заасан шаардлагад нийцэж баримтаар нотлогдож буй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж хасч тооцсон нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн аливаа заалтыг зөрчөөгүй болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шаардлагыг бүрэн хангаж буй тул хасч тооцсон нь үндэслэлтэй бөгөөд үүнийг нь ч Баянгол дүүргийн Татварын хэлтэс удаа дараа хасах нь зүйтэй гэж үзэж баталгаажуулж байсан билээ. Эдгээрээс тус компани нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасны дагуу төлсөн бөгөөд тэр нь нотлох баримт-падаанаар батлагдаж байгаа юм.

Татварын алба тус компанид акт тогтоох бус, хаяг байршилдаа одоо ч байгаа, татварын албаны хяналтаа сулруулсныг нь ашиглаж бусдыг залилж, улсаас татварыг нь хулгайлсан тэр этгээдүүдээсээ алдсан татвараа олж авах нь түүний өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг нь билээ.

Хэрэв хэн нэгэн этгээд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан аваад ирэхэд түүнийг чи нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн биш гэж хардаж, мөрдөх эрх аливаа компанид байхгүй юм.

Хэн нэг этгээд татварын албаны сул ажиллагаа, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүйг нь ашиглаж, улсын татварыг завшсан нь татвараа шударгаар төлдөг, хуулиа сахин биелүүлж, мөрддөг этгээдэд дахин дахин татвар ногдуулах үндэслэл болох ёсгүй юм.

Иймд 2012 оны 06-р сарын 29-ний өдрийн 263191 тоот актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Х.П, Р.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, *********** тоот регистр, 9******* тоот бүртгэлийн дугаартай К ХХК-ийн 2010-2011 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд 2012 оны 06-р сарын 6-29-ний өдрүүдэд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн Г Д А ХХК-иудыг хууль бусаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан гэх мэдээлэл, Татварын ерөнхий газрын 2012 оны 5-р сарын 24-ны өдрийн 7/1320 албан тоот, татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу хяналт шалгалт хийхэд К ХХК-д 1,478,434,400 төгрөгийн зөрчил илэрсэн.

К ХХК нь 2010 онд 7525379, 7525380 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар ГХХК, 73866732, 7386733 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар Д ХХК, 2011 онд 8721232, 8721231, 8721234, 8721243, 8721223 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар А ХХК, 8094580, 8392271, 8392272, 8392202, 8392293 , 8721450, 8721449 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар Г ХХК, 8094567, 8094569 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар Ф ХХК-иас 1,428,298,598 төгрөгийн бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан...нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй... гэсэн заалтыг зөрчсөнийг тэмдэглэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 34 дүгээр зүйлийн 34.1-ийг үндэслэн татварын улсын байцаагчийн 263191 тоот акт үйлдэж танилцуулж, захирал Д.Ч тухайн компаниудаас бус иргэдээс бараа материал зах зээлийн үнээс хямд худалдаж авснаа хүлээн актаа зөвшөөрч гарын үсэг зурж актны төлбөрөөс 2012 оны 4-р сарын 3-нд 30,000,000; 4-р сарын 9-нд 20,000,000; төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг төлсөн.

Дээрхи 18 ш нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 16 ширхэг нь А ХХК татварын албанаас хүлээн авсан падаан болох нь татварын албаны мэдээллийн системийн падааны бүртгэлээр тогтоогдсон, Д ХХК-ийн тамгатай 2 ширхэг падаан нь мэдээллийн системд бүртгэлгүй байсан.

Д ХХК нь Баянгол дүүрэгт цайны газар ажиллуулдаг, барилгын материал зардаггүй болох нь тогтоогдсон.

Ф ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс 2011 оны 2-р сарын 28-нд хасагдсан байхад 2011 оны 3-р сарын 02, 29-нд бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн бөгөөд уг падаан нь А ХХК-ийн татварын албанаас авсаннэмэгдсэн өртгийн албан татварын падаан байсан.

Дээрхи падаануудыг хуурамчаар хий бичсэн гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдан тогтоогдсон бөгөөд үүнтэй холбогдуулан К ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж буй хавтас хэрэгт уг барааны үндсэн баримт нь Хятад бичиг бүхий зарлагын падаанууд хадгалагдсан байсан.

Түүнчлэн Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг нь хий бичилттэй хуурамч падаан болохыг тогтоосон /Захирал н.Ч: Налайх орчимд байдаг Хятадуудаас барилгын арматурын төмөр авсан.Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нэхэхэд эдгээр падааныг өгсөн гэж хэлдэг/.

Мөн дээрхи падаануудыг бичсэн гэх Г Д А Ф ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын албаны мэдээллийн системээс үзэхэд бараа борлуулсан гэж буй компаниуд нь уг падаануудыг борлуулалтандаа бүртгэж тайлагнаагүй байна. Дээрхи баримтуудаас харахад эдгээр компаниудаас К ХХК нь бараа материал худалдан авсан гэдэг нь үндэслэлгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нэг компани бараа худалдан авсан бол худалдан авалтаа бүртгэнэ, тухайн барааг борлуулсан бол худалдсан компани борлуулалтаа бүртгэх бичилт хийгдэх ёстой байдаг. Энэ давхар бичилт дутуу хийгдсэн учир хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болохгүй.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2013 оны 4-р сары 11-ний өдрийн 18 тоот тогтоолд, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2013 оны 12-р сарын 20-ний өдрийн 79 тоот тогтоолд хянан хэлэлцээд уг актыг хэвээр баталсан.

Монгол улсын татварын албаны хэлтэс тасгууд өөр өөрийн үйл ажиллагааны чиглэлтэй байдаг. Үүнд сургалт сурталчилгаа, мэдээлэл боловсруулах, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчтэй харилцах, татвар хураах үйлчилгээний, хяналт шалгалтын гэх мэт... Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, Татварын улсын байцаагч хянан шалгадаг бөгөөд үүнийг хяналт шалгалтын байцаагч хийдэг.

Иймд Өмгөөлөгч Т.Баярсайханы нэхэмжлэл үндэслэлгүй байна. Уг нэхэмжлэлийг шалгаж үзээд 2012 оны 6-р сарын 29-ний өдрийн 263191 тоот актыг хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актыг бүхэлд нь хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар нь К ХХК-ийн 2010-2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар 1.478.434.4 мянган төгрөгийн зөрчилд 146.226.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44.369.4 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү ногдуулж, нийт 208.583.8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч К ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус зөвлөл 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд 18 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актыг хэвээр баталсан байна.

Улмаар К ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар татварын маргаан таслах зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 79 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актыг хэвээр баталж, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 79 дүгээр тогтоолыг баталгаажуулсан байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу актаар ногдуулсан 44.369.4 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч К ХХК нь дээрх актаар тогтоогдсон төлбөрийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... татварын хяналт шалгалтыг удирдамжгүй хийсэн, ... татварын албанаас тараасан НӨАТ-ын падааныг үндэслэж, хасалт хийсэн бөгөөд энэ үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т заасныг зөрчөөгүй... гэж, хариуцагч нь Ерөнхий удирдамж, томилолт, албан бичгийн дагуу хяналт шалгалтыг хийсэн. Г ХХК, Д ХХК, А ХХК, Ф ХХК-иудаас бараа, материал худалдан авсан гэдэг нь үндэслэлгүй. НӨАТ-ын хий бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийн, төсөвт төлөх НӨАТ-ын орлогыг бууруулсан зөрчил гаргасан. Улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

1.    Нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан тавар ногдуулах орлогыг бууруулсан, зайлсхийсэн гэх зөрчлийн тухайд:

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар ГХХК, Д ХХК, А ХХК-иудын нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичүүлэн, 2010 онд 3.335.375.6 мянган төгрөг, 2011 онд 1.092.923.0 мянган төгрөг, нийт 1.428.298.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган хасаж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг тус тус зөрчсөнийг тэмдэглээд дээрх зөрчилд 142.829.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 42.848.9 мянган төгрөгийн торгууль, 17.733.0 мянган төгрөгийн алданги, нийт 203.411.8 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасаж тооцохгүй гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх гэж заажээ.

Хариуцагч нь маргаан бүхий актын зөрчлийг тэмдэглэх /тодорхойлох/ хэсэгт Ф ХХК-ийн нэрийг оруулаагүй байх боловч актаар тогтоосон зөрчлийн дүнд Ф ХХК-ийн регистрийн дугаар бүхий *********, *********дугаартай падаан дээрх үнийн дүн орсон, нэхэмжлэгч К ХХК нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны явцад гаргасан гомдол болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолсон нэмэлт тайлбар, түүнчлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ф ХХК-тай худалдан авалт хийж байсан болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь:

         2010 оны 10 дугаар сард ГХХК-иас НӨАТ-ын 007525379, 007525380 дугаартай падаанаар нийт 274.466.509 төгрөгийн

         2010 оны 09 дүгээр сард Д ХХК-иас НӨАТ-ын 007386732, 007386733 дугаартай падаанаар нийт 60.909.091 төгрөгийн

         2011 оны 09 дүгээр сард А ХХК-иас НӨАТ-ын 008721232, 008721231, 008721234, 008721243, 008721223 дугаартай падаанаар нийт 363.636.363 төгрөгийн

         2011 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад Г ХХК-иас ********, ********,********,*******,******,******,*****, дугаартай падаанаар нийт 569.497.544 төгрөгийн

         2011 оны 03 дугаар сард Ф ХХК-иас *********, *********дугаартай падаанаар нийт 159.789.091 төгрөгийн худалдан авалтыг бодитойгоор хийсэн, худалдан авсан бараа, материалын үнийг төлсөн, түүнчлэн бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь хэрэгт цугларсан санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байна.

Харин Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актад дурдагдсан маргаан бүхий падаануудадбичигдсэн худалдан авалт бодит байдалд хийгдээгүйуг падаанууд хуурамч ажил гүйлгээтэй буюу хий бичилттэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь нэр бүхий 4 компаниас 18 ширхэг НӨАТ-ын падаанаар нийт 1.428.298.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авалт хийснийг нотлох буюу уг төлбөрийг бэлнээр эсхүл бэлэн бусаар шилжүүлсэн тухай баримт байхгүй, хэрэгт авагдсан орлого, зарлагын баримт, кассын орлогын ордер зэрэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болох хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны баримтуудад холбогдох албан тушаалтан, ажилтны гарын үсэг бүрэн гүйцэд зурагдаагүй, тухайлбал зарлага, орлогын баримтуудад шалгасан нягтлан бодогч гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дарагдаагүй, кассын орлогын ордерт кассын нярав, мөнгө тушаагчийн гарын үсэг зурагдаагүй байх тул уг санхүүгийн анхан шатны баримтуудыг хүчин төгөлдөр баримт гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч К ХХК-ийн ГХХК, Д ХХК, А ХХК, Ф ХХК-иудаас бараа, материал худалдан авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй болох нь дээрх компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, худалдан авалтын падааны жагсаалт, худалдан авалтын болон борлуулалтын дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ГХХК, Д ХХК, А ХХК, Ф ХХК-иудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд маргаан бүхий падаануудаар К ХХК -д борлуулалт хийсэн талаар тусгагдаагүй байх тул маргаан бүхий падаанууд хий бичилттэй болох нь нотлогдож байна.

Дээрх үйл баримт, үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь нэр бүхий 4 компаниас бараа, материал бодитоор худалдан авсан нь нотлогдохгүй байх тул хий бичилттэй дээрх компаниудын НӨАТ-ын 18 ширхэг падааныг ашиглаж, 2010 онд 335.375.6 мянган төгрөгийн, 2011 онд 1.092.923.0 мянган төгрөгийн, нийт 1.428.298.6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авалт хийсэн мэтээр тайлагнан, НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн 2010, 2011 оны тайланд тусган, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т...хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно, 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэснийг болон Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх гэснийг тус тус зөрчсөн байна.

Тодруулан хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь ... татварын албанаас тараасан НӨАТ-ын падааныг үндэслэж, хасалт хийсэн, ... хий бичилттэй, хуурамч падаан гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь тухайн компанийг Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд худалдан авалт бодитойгоор хийгдээгүй, хий бичилттэй баримтыг тайландаа тусгасан нь хуульд нийцэхгүй.

Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл ... хөтөлнө гэж заасны дагуу татвар төлөгч К ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хэлбэр, журмаар баримтаа бүрдүүлэх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан К ХХК-ийн худалдан авалт хийсэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын ***********,**********,*********,*******,*********,*******,********,*******,, ********, ********,********,*******,******,******,*****,, *********, *********дугаар бүхий падаануудад худалдан авсан бараа, материалын нэр, төрөл, тоо хэмжээ, нэгжийн үнэ зэргийг заагаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр, төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ ...-ийг тусгасан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дээрхээс үндэслэлүүдээс үзэхэд ... татварын албанаас тараасан НӨАТ-ын падааныг үндэслэж, хасалт хийсэн бөгөөд энэ үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т заасныг зөрчөөгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар нь К ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 142.829.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 42.848.9 мянган төгрөгийн торгууль, 17.733.0 мянган төгрөгийн алданги, нийт 203.411.8 мянган төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар ногдуулсан 142.829.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 42.848.9 мянган төгрөгийн торгууль, 17.733.0 мянган төгрөгийн алданги, нийт 203.411.8 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

2. Борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй гэх зөрчлийн тухайд:

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар К ХХК нь 2010 онд 8.899.3 мянган төгрөг, 2011 онд 16.168.6 мянган төгрөг, нийт 25.067.9 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасныг зөрчсөнийг тэмдэглээд 2011 онд 16.168.6 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчлөөр тухайн оны алдагдлыг бууруулахаар, 2010 онд 8.899.3 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 889.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 267.0 мянган төгрөгийн торгууль, 249.7 мянган төгрөгийн алданги ногдуулж, нийт 1.406.600 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч К ХХК нь 2010 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого буюу 2.323.886.2 мянган төгрөгийн борлуулалтын орлогоос 8.899.3 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг татварын албанд дутуу тайлагнасан, татвараа үнэн зөв тодорхойлоогүй, татвараа тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, тус компанийн 2010 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан[1][1], Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан[2][2] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна, 7 дугаар зүйлийн 7.1-д ... албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон ... орлогод албан татвар ногдоно, 7.3-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 7.3.1-д үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгч мөн бөгөөд түүний тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод татвар ногдохоор байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч К ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж, төсөвт төлөх үүрэгтэй байна.

Татвар төлөгч К ХХК нь 2010 онд татвар ногдох 8.899.3 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгалгүйгээр татварын албанд дутуу тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ.

Тодруулбал татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй бол татварын улсын байцаагч нь татвар төлөгчид Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцлага ногдуулах хуулийн зохицуулалттай байна.

Үүнээс үзэхэд хариуцагч татварын улсын байцаагч нар нь татвар төлөгч К ХХК-ийг татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж, 2012 оны 263191 дүгээр актаар 889.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 267.0 мянган төгрөгийн торгууль, 249.7 мянган төгрөгийн алданги, нийт 1.406.6 мянган төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 360 дугаар тогтоолд ...анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнээгүй...2010, 2011 онуудад борлуулалтын ямар орлого нуусан...2011 оны алдагдалыг...бууруулсан зөрчил бодитой эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж гэж заасан ба үүний дагуу тус шүүхээс Баянгол дүүргийн Татварын хэлтэс болон К ХХК, хариуцагч Р.Дд нарт тус тус нотлох баримт гаргуулах албан бичиг явуулсан болно.

Тус шүүхийн нотлох баримт гаргуулах тухай дээрх албан бичгийн дагуу нотлох баримтууд болон бичгийн тайлбарыг хариуцагч нараас ирүүлсэн, мөн К ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №А41 тоот албан бичгээр хариу ирүүлсэн болно.

К ХХК-ийн дээрх 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №А41 тоот албан бичигт ...манай компани санхүүгийн анхан шатны баримт бичгүүдээ 5 жил өнгөрөхөд устгал хийж явдаг. Шүүхээс шаардаж буй баримт бичиг нь 2010, 2011 онд хамаарагдаж байгаа учир устгалд оруулсан болно гэж тайлбарласан байна.

Дээрх тус шүүхийн албан бичгийн дагуу хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт тухайн үед К ХХК-ийн захирал зөрчлөө ойлгож, актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учир холбогдох нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хуулбарлан авч үлдээгүй тул хариуцагч талд энэ талаарх нотлох баримт байхгүй, К ХХК өөрөөс нь санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргуулах нь зүйтэй гэсэн агуулгаар тайлбарласан болно.

Нэхэмжлэгч нь тус зөрчлийг гаргаагүй болох нь нотлогдохгүй байх тул нь дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар ногдуулсан 889.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 267.0 мянган төгрөгийн торгууль, 249.7 мянган төгрөгийн алданги, нийт 1.406.600 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

3. ...борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчлийн тухайд :

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч нь энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг ногдуулна гэж заасныг үндэслэн К ХХК-ийн 2010 онд 8.899.3 мянган төгрөг, 2011 онд 16.168.6 мянган төгрөг, нийт 25.067.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төлөөгүй зөрчилд 2.506.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.2 мянган төгрөгийн хүү, 1.253.4 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт ... бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн ... хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна, 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг ... борлуулсан бол тухай бүрт, 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлнө гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа үйлдвэрлэсэн буюу борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх бөгөөд түүний борлуулсан бүх төрлийн бараанд тухай бүрт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар байна.

Нэхэмжлэгч К ХХК нь 2010, 2011 онд олсон 25.067.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, К ХХК-ийн 2010, 2011 оны санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, зэргээр тогтоогдсон байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч К ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх ба мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар татвар төлөгч нь холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвараа төлөх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч К ХХК нь 2010, 2011 онд олсон 25.067.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд хариуцагч татварын улсын байцаагч нар нь татвар төлөгч К ХХК-ийг 25.067.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй гэж үзэж, 2.506.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.2 мянган төгрөгийн хүү, 1.253.4 мянган төгрөгийн торгууль, нийт 3.765.4 мянган төгрөгийн төлбөр тогтоосныг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар ногдуулсан 2.506.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.2 мянган төгрөгийн хүү, 1.253.4 мянган төгрөгийн торгууль, нийт 3.765.4 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энд тэмдэглэхэд тус шүүхээс явуулсан албан бичгийн дагуу хариуцагч татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр тайлбарласан тайлбараас үзэхэд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу болон Татварын ерөнхий газрын 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 7/1320 албан тоот, Улсын мөрдөн байцаах газрын албан бичгийн дагуу ханалт шалгалт хийсэн, хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг уншиж танилцуулсаны үндсэн дээр хяналт шалгалтыг хийсэн, удирдамжгүй хяналт шалгалт хийсэн асуудал байхгүй гэсэн агуулгаар хариуцагч тайлбарласан ба энэхүү тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчдыг удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн гэж шүүхээс буруутгах боломжгүй байна.

Улсын мөрдөн байцаах газраас 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын арга зүйн хэлтсийн даргад нэр дурдсан зарим аж ахуйн нэгжид татварын хяналт шалгалт явуулах 10/5-1845 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн дагуу *********** регистрийн дугаартай К ХХК-д татварын хяналт шалгалт хийх 2012/152 дугаар томилолтыг Хяналт шалгалтын хэлтсийн дарга Я.Батжаргал нь 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон байна.

Татварын улсын байцаагч нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу К ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулсан байх бөгөөд энэхүү үйл баримт нь татвар төлөгч, татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ... татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүй хийсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан байна.

Иймээс татварын хууль тогтоомж зөрчсөн этгээдийн хувьд захиргааны хариуцлага болох торгууль, хүү, алдангиас зөрчил гаргагчийг чөлөөлөхөөр байх тул дээрх өршөөлийн хуулийн дагуу нэхэмжлэгч К ХХК-д маргаан бүхий актаар ногдуулсан 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж үзвэл хариуцагч татварын улсын байцаагчид нь маргаан бүхий 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар 1.478.434.4 мянган төгрөгийн зөрчилд 146.226.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүү, нийт 208.583.8 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байх ба уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч К ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу актаар ногдуулсан захиргааны хариуцлага болох 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 62.357.2 мянган төгрөгийн торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч К ХХК нь татварын улсын байцаагчдын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр акт гарсанаас цаг хугацааны хувьд хойш актаар тогтоогдсон нийт төлбөрөөс 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 50.000,000 төгрөгийг төлсөн байх ба үүнийг ч хариуцагчид шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа хүлээн зөвшөөрдөг боловч ийнхүү төлбөр төлсөн нь актаар тогтоогдсон төлбөрийг бууруулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч К ХХК нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр төлүүлэхээр тогтоосон 129.851.0 мянган төгрөгийг манай компани төлсөн гэх боловч ийнхүү төлсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй ба тус шүүхээс явуулсан албан бичгийн дагуу хариуцагч татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар болон хариуцагчийн шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа Нийслэлийн прокурорын тогтоолд 129,851,000 төгрөгийг төлсөн гэж буруу бичигдсэн, энэ мөнгө төлөгдөөгүй гэж тодорхой тайлбарласан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14- д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай №263191 тоот актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлгч К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.982.7 мянган төгрөгийн алданги, 5.2 мянган төгрөгийн хүү, нийт 62.357.2 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА

О.ОЮУНГЭРЭЛ