| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 183/2021/02524/И |
| Дугаар | 001/ХТ2022/00752 |
| Огноо | 2022-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/00752
Д.О, С.Г нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00086 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00682 дугаар магадлалтай,
Д.О, С.Г нарын нэхэмжлэлтэй
Б.Б-д холбогдох
2018.08.31-ний өдрийн “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгч С.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О, С.Г нараас Б.Б-д холбогдуулан 2018.08.31-ний өдрийн “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00086 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.5, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-, Ц.Ц нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг орон сууцны хувьд Б.Бат-Эрдэний барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид 512,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.О, С.Г нарт олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00682 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Б-д холбогдуулан гаргасан 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгохыг хүссэн С.Г, Д.О нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасны дагуу гомдол гаргаж байна.
4.1. Магадлалын 6-д: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Б.Б-, Ц.Ц нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.” гэснийг дараах үндэслэлээр огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
Давж заалдах шатны шүүх нь хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 тоот тогтоолын 5.7-д “Мөн зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино” гэсэн тайлбарыг өөрөө хэрхэн хэрэглэсэн нь ойлгомжгүй байна.
4.1.1. Б.Б-, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээний 2.1-р заалтын 2-д “Өмчлөгчийн эцгийн нэр, нэр: Боржигон овогт Цогоо Цогдэлгэр” гэж заасан байдаг. Гэтэл бодит байдалд дээр уг гэрээгээр барьцаалуулж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.Ц хууль бусаар буюу өмчлөх эрхийг шударга бусаар олж авсан байдаг. Өөрөөр хэлбэл С.Г, Д.О нарыг залилан мэхэлж, тэднээс өмчлөх эрхийг шилжүүлж байдаг. Энэ талаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/323 тоот шийтгэх тогтоолоороо тогтоож, Д.О, С.Г болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах “халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олон зорилгоор, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй, гэрээнд оролцогч нөгөө талыг хохироох, үүнийгээ гэрээний нөгөө тал урьдчилан мэдсэн, хохирогч нь мэдэх боломжгүй, мэдээгүй байдгаар иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана” хэмээн тодорхой заасан байдаг.
Дээрхээс үзэхэд барьцаалуулагч Ц.Ц нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй этгээд биш тул хариуцагч Б.Б- нь барьцаагаар хангагдах шаардлагаа хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нь тэдний хооронд байгуулагдсан барьцааны гэрээнээс өмнө хийгдсэн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болсонтой шууд шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон байгаад анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байдлаар дүгнэж шийдвэрээ гаргасан байхад түүнийг хүчингүй болгосонд гомдолтой байна.
4.1.2. С.Г, Д.О нар нь Ц.Цт өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ түүнд залилуулж байна гэдгээ мэдэх боломжгүй байсан байдаг. Ер нь залилан мэхлүүлж байгаа этгээд буюу хохирогч нь залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болж байгаа гэдгээ тухайн цаг мөчид мэдээгүй байдаг нь тухайн гэмт хэргийн гол онцлог байдаг.
Тийм ч учраас С.Г, Д.О нар нь тухайн өмчлөх эрх олгосон хэлцлээс татгалзаж, өөрсдийн өмчлөх эрхээ Ц.Цээс буцааж авах гэж иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Ц.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгч авна, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцаагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольсон, шинээр өмгөөлөгч авсан гэх мэт шалтгаануудаар 5 сар гаруйн хугацаанд удаашруулсны эцэст нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг нь баталж “Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж”-аа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гаргасан байдаг. Гэтэл Ц.Ц нь ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх хугацааг санаатайгаар хойшлуулж байх хугацаандаа Б.Б-тэй байгуулсан “Зээлийн гэрээ”-гээр хүлээх үүргийнхээ гүйцэтгэлийг бодит байдал дээр өөрийнх нь өмчлөлийн бус орон сууцаар хангуулах талаар Б.Б-тэй 7-хон хоногийн дотор “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-аар өөр дүүргийн шүүх дээр тохиролцон, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамж гаргуулсан байдаг. Үүнийгээ С.Г, Д.О нарт хэлээгүй гэдгээ эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр Ц.Ц нь мэдүүлсэн.
4.1.3. С.Г, Д.О нар нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхээ шилжүүлж авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дараа тухайн эд хөрөнгийг Б.Б-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэдгийг мэдсэн байдаг. Мөн Ц.Ц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдүүлсэн тайлбартаа “С.Г, Д.О нараас уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж аваад зээлийн барьцаанд тавьж, уг зээлийн мөнгөөр өмнөх өрнүүдээ дарах, автомашин худалдаж авахад зарцуулсан” гэснээс үндэслэн хохирогч нар залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсноо мэдэж цагдаагийн байгууллагад хандан шалгуулж улмаар 2021/ШЦТ/323 тоот шийтгэх тогтоол гарсан. Ийнхүү С.Г, Д.О нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь зөрчигдсөнийг Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор сэргээсэн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
Харин ч анхан шатны шүүх шийдвэртээ “Ц.Ц нь бусдыг буюу Д.О, С.Г нарыг залилах гэмт хэргийн явцдаа үйлдсэн 2018.01.26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууран мэхлэх замаар байгуулагдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.” гэж тогтоож, улмаар Ц.Цийн Б.Б-тэй байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн дүгнэсэн нь дээрх 2 гэрээний шууд шалтгаант холбоог үндэслэлтэй зөв тогтоож, Улсын дээд шүүхийн дээрх заалтуудыг тайлбарласан тайлбар бүхий тогтоолыг бүрэн хэрэгжүүлж, шийдвэрээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан болно.
4.1.4. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 323 тоот шийтгэх тогтоолоор Ц.Цийг Эрүүгийн хуулийн 17.3-ын 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсанд талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүйгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Энэхүү эрүүгийн хэрэгт С.Г, Д.О нарыг хохирогчоор, барьцаалагч Б.Бат-Эрдэнийг иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Тиймээс ч Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгч Ц.Ц нь маргаан бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч буюу хохирогч С.Г, Д.О нарт байрыг нь, иргэний нэхэмжлэгч Б.Б-д түүнээс зээлсэн мөнгийг нь буцаан өгөх ёстой талаар дахин дахин хэлж, мэдүүлж байсан.
Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Цийг бүртгэгдсэн бүртгэл нь буруу ташаа болохыг хохирогч С.Г, Д.О нар эсэргүүцэн цагдаагийн байгууллагад хандаж, үүнийг барьцаалагч Б.Б- тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон байдлаараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Эндээс үзэхэд талууд хэн аль нь тухайн гэмт хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч болохоо хүлээн зөвшөөрч гэмт хэргээс учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх байдалд сэргээх хууль зүйн шаардлагын хүрээнд өгсөн авснаа харилцан буцааж өгөх ёстой гэдгийг ч хэн аль нь хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж болно.
Гэтэл давж заалдах шатны шүүх нь Б.Б-, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэсэнд гомдолтой байна.
Учир нь, нэгэнт залилан мэхлэх гэмт хэргийн улмаас Ц.Цийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн бүртгэлийг хууль бусаар ашиг олох зорилгодоо буюу Б.Б-эс зээл авах зорилгодоо ашигласныг мэдсэн даруйдаа С.Г, Д.О нар уг бүртгэл буруу ташаа байна хэмээн эсэргүүцсэн нь Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор хангалттай нотлогдсоныг давж заалдах шатны шүүх магадлалаараа үгүйсгэж чадаагүй болно.
4.2. Магадлалд “Барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Ц улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг бүртгэлийг үндэслэж талуудын хооронд 2018.08.31-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр орон сууцыг барьцаалсан Б.Бат-Эрдэнийн хувьд уг улсын бүртгэлд тэмдэглэгдсэн өмчлөх эрхийн талаар маргаантай гэж мэдэх боломжтой байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна.” гэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт болон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “Б.Бат-Эрдэнийн хувьд уг улсын бүртгэлд тэмдэглэгдсэн өмчлөх эрхийн талаар маргаантай гэж мэдэх боломжтой байсан” гэж огт дүгнээгүй байхад тийм дүгнэлт хийсэн мэтээр нотлох баримт байх ёстой гэсэн эргэлзээтэй дүгнэлт хийсэнд маш их гомдолтой байна.
Учир нь анхан шатны шүүх энэхүү иргэний хэргийн гол нотлох баримтыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/323 тоот шийтгэх тогтоол бөгөөд уг тогтоолоор хэргийн бүхий л нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон гэж үзэж уг нотлох баримтад үндэслэн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор дүгнэж шийдвэрээ гаргасан.
4.3. Магадлалын тогтоох хэсгийн 1-т заасныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь, мөн Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заагдсан хууль зүйн үндэслэлүүд болох Иргэний хуулийн 56.1.1, 56.5, 160.1.6 дахь хэсгийг хэрхэн үгүйсгэж байгаагаа магадлалдаа огт дурдаагүй буюу ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүйгээр зөвхөн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь нэхэмжлэгч нарын эрхийг илтэд зөрчсөн шийдвэр гаргасан.
Нөгөө талаас анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг Улсын дээд шүүх 17 тоот тогтоолдоо “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.” хэмээн тайлбарласан байдаг нь С.Г, Д.О эрүүгийн хууль зөрчсөн үйлдлийн хохирогч болж, орон сууцныхаа өмчлөх эрхийг Ц.Цт шилжүүлсэн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхийг хэрэгжүүлэх өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд Б.Б-, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан гэх барьцааны гэрээ саад учруулж байгаад давж заалдах шатны шүүх хангалттай үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьсан магадлалыг гаргасан гэж үзэж байна.
Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэн гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан барьцааны эрх дуусгавар болсон эсэхэд ч огт дүгнэлт хийгээгүй болно.
Маргаан бүхий орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 1 сард С.Г, Д.Оын эзэмшилд албан ёсоор шилжүүлж, тогтоол гаргаснаас хойш уг орон сууцандаа тэд 3 хүүхдийнхээ хамт амьдарсаар байгаа нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32-р зүйлд заасан барьцааны эрх дуусгавар болох урьдчилсан нөхцөл бий болгож байгаа болно. Тиймээс ч анхан шатны шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болсныг тогтоож, хэргийн нөхцөлд байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх нь үүнийг хэрхэн үгүйсгэж байгаа эсэхээ огт тодорхойлж чадаагүй буюу хэргийг бодит байдалд дүгнэлт хийхдээ тал бүрээс нь, эргэлзээгүйгээр, нотлох баримтад үндэслэн хянах үүргээ бүрэн биелүүлээгүй хэрнээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.
Иймд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийн заалтаас илтэд өөрөөр хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.05.30-ны өдрийн 001/ШХТ2022/00608 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2018.01.26-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Ц.Цт өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 6-р байрны 36 тоот 29 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн боловч гэрээний дагуу байрны мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй тул гэрээнээс татгалзаж, байраа буцаан авахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг шүүхэд хянагдах явцад Ц.Ц нь бидний орон сууцыг Б.Б- гэдэг хүнээс авсан зээлийн үүрэгт барьцаалсан байснаа эвлэрүүлэн зуучлалд хандаж, зээлийн төлбөрт шилжүүлэхээр тохиролцож, шүүхээс талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж гарсан байна. Иймд Ц.Цийн Б.Б-тэй байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Б.Бат-Эрдэнийн барьцааны эрхийг дуусгавар болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...2018.08.09-ний өдөр Ц.Цийн хүсэлтээр түүнд 45 сая төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3-р хороолол, 6-р байрны 36 тоот орон сууцыг барьцаалахаар тохиролцож Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусч, зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардахад өнөө, маргааш гэж хугацаа хойшлуулж байсан тул Баянзүрх дүүргийн Иргэний шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргаж, 2020.02.03-ны өдрийн 101/ШЗ2020/02689 дугаартай шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталсан. Зээлдэгч нь 93,487,500 төгрөг төлөх ёстойгоос Б.Б- 22,500,000 төгрөгийг татгалзаж, 70,987,500 төгрөг төлөхөөр эвлэрсэн. Шийдвэр гүйцэтгэл явагдах үед Ц.Ц нь Д.О, С.Г нарт өртэй болохыг мэдсэн. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ...” гэжээ.
7. Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот 2 өрөө орон сууцыг 2018.01.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр С.Г, Д.О нараас Ц.Ц худалдан авахаар тохирч, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч үнийг төлөөгүй байхдаа 2018.08.31-ний өдөр иргэн Б.Б-эс авсан 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Барьцааны гэрээ байгуулж барьцаалсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 101/ШЗ2020/02689 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Б-д зээлийн төлбөрт 70,987,500 төгрөгийг 2020.03.10-ны өдрийн дотор төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталгаажуулсан, 2020.03.20-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2020/00820 дугаартай захирамжаар Д.О, С.Г нарын худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч Ц.Цийн зөвшөөрлийг баталсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.21-ний өдрийн 2021\ШЦТ\323 дугаартай Шийтгэх тогтоолоор Ц.Цийг “...урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, иргэн Д.О, С.Г нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот 29 м.кв хоёр өрөө орон сууцыг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулах нэрийдлээр ...өөртөө шилжүүлэн авч, улмаар бусдад барьцаалж өр зээлээ төлөх зэргээр Д.От 79,325,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогджээ.
8. Анхан шатны шүүх: “...Нэхэмжлэгч Д.О, С.Г нарын Ц.Цтэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул хууль зөрчиж хийсэн энэ хэлцлийн үндсэн дээр олж авсан өмчлөх эрхийг барьцаалсан иргэн Б.Б-тэй байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул Б.Бат-Эрдэнийн барьцааны эрхийг дуусгавар болно...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол,
Давж заалдах шатны шүүх: “...барьцааны гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Ц улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг бүртгэлийг үндэслэж талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр орон сууцыг барьцаалсан Б.Бат-Эрдэнийн хувьд уг улсын бүртгэлд тэмдэглэгдсэн өмчлөх эрхийг талаар маргаантай гэж мэдэх боломжтой байсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д нийцсэн байна.
9. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэв.
9.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцэлд хамаарна.
Хэргийн баримтаас үзвэл Ц.Цоггэрэл нь Д.Отгонбар, С.Г нарыг залилан мэхэлж, орон сууцыг шилжүүлэн авсан нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон боловч уг хугацаанаас хойш 8 сарын дараа Б.Б-тэй барьцааны гэрээ байгуулж уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.
Иймд Ц.Цоггэрэл болон Б.Б- нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
9.2. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.
Ц.Ц нь Д.О, С.Г нартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар 2018.01.30-ны өдөр маргаж буй Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хоёр өрөө орон сууц Ц.Цийн өмчлөлд шилжиж, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, улсын бүртгэлд Ц.Ц өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
Б.Б- Ц.Ц нарыг барьцааны гэрээ байгуулах 2018.08.31-ний өдөр маргаж буй орон сууц Ц.Цийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд уг бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг Б.Б- мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд мэдэж байсан гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй тул Б.Бат-Эрдэнийн хувьд бүртгэл үнэн зөв гэж үзнэ.
Иймд Ц.Цийн Б.Б-тэй байгуулсан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул барьцааны эрх дуусгавар болгохыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангах боломжгүй, энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.
10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00682 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Оаас 2022.05.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД