Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 73

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00224/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-т холбогдох

“2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг” хүчин төгөлдөр бусд тооцуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.А-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Б.М-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Булганчимэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.А-гээс:

           ...2014 оны 01 дүгээр сарын 20-д миний төрсөн эгч Б.М- нь байрныхаа ордер гэрчилгээ, иргэний үнэмлэхээ түр өгч байгаач, би хүнд үзүүлчхээд буцаагаад өгье гээд манай эхнэр О- бид хоёроос гуйгаад байхаар нь төрсөн эгч Б.М-т итгээд өгөөд явуулсан. Тухайн үед буцаагаад өгчихнө гээд итгэж байтал сүүлдээ гэрчилгээг авчирч өгөхгүй болохоор нь байрны гэрчилгээ авчирч өгөөч, та яасан бэ? гэж асууж сураглахаар манай гэрт байгаа санаа зоволтгүй гээд байсан. Б.М- эгчийн гэр нь Дарханд байдаг, манайх Сэлэнгэ аймгийн Хөтөлд байдаг тул тэгж байгаад аваад ирнэ байх гээд тэр хооронд бид хөдөө гадаа ажил төрөл гэж яваад гэрт байгаа гэж ойлгоод яваад байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай гэрт хүнгүй үед гэрийн хаалган дээр мэдэгдэх хуудас нааж үлдээгээд явсан байсан. Тэгэхээр нь тэр дор нь эгч Б.М- руу залгаад юу болоод байгаа юм бэ? Манай байрыг та яасан юм бэ? гэхэд би өрөндөө барьцаанд тавьсан, чи санаа зоволтгүй удахгүй барьцаанаас суллаад өгчихнө гэж хэлсэн. Тэр үед эгч Б.М- жирэмсэн том гэдэстэй төрөх дөхсөн байсан бөгөөд удалгүй 2 ихэр хүүхэд төрүүлээд нялх хүүхэдтэй байхад нь санааг нь зовоохгүй муудаж чадахгүй байгаад байсан. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 16-д Дарханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс над руу дахин залгаж байр чинь шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаанд байгаа шүү гэж мэдэгдсэн. Ингээд эгчийг байр барьцаанаас суллаж өгөхийг цаашид хүлээх шаардлагагүй шүүхээр хандаж байна. Учир нь би өөрийн орон сууцыг эгч Б.М-т худалдахаар тохирч нотариатын газарт огт очоогүй. Манай эгч миний иргэний үнэмлэх, байрны гэрчилгээтэй авч яван орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. Би энэ орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш юм. Тус гэрээний худалдагч талд миний эхнэр Б.О-ийн нэрийг бас бичиж гарын үсэг зурсан байна. Иймд Б.М-, Б.А- бидний хооронд хуульд заасан нөхцөл, журмын дагуу хийгдээгүй 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.М- нь дүү Б.А- болон эхнэрээс нь байрныхаа ордер гэрчилгээ, иргэний үнэмлэхээ түр өгч бай хүнд үзүүлчхээд буцаагаад өгье гээд аваад явсан боловч буцааж өгөхгүй байсан учир байрны гэрчилгээ яасан бэ гэж асуутал манай гэрт байгаа санаа зоволтгүй гэхээр нь итгээд хүлээж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.А-гийн гэрийн хаалганд нь мэдэгдэх хуудас наагаад явсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эгч нь өрөндөө байрыг чинь тавьсан удахгүй суллаж өгнө гэсэн боловч суллаж өгөхгүй байсан тул гэрээтэй танилцтал 10.000.000 төгрөгд Б.А- эгчдээ худалдсан юм шиг байдлаар хийсэн байсан. Ингээд энэ асуудлаа шүүхээр шийдүүлье гээд нэхэмжлэл гаргасан. Гэрээнд Б.А- болон эхнэр нь гарын үсэг зураагүй, 10.000.000 төгрөгийг эгчээсээ аваагүй энэ гэрээ бодит байдлаар хийгдээгүй. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нь дүү Б.А- болон Б.О- нарын өмч болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн 20-27 тоот Ү-1310001179 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг түр хэрэглүүлээч гэж гуйж аваад 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт худалдах, худалдан авах гэрээ хийгээд өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Тухайн үедээ дүү Б.А- Б.О- нарт банкны барьцаанд тавих гэж байгаагаа огт хэлээгүй юм. Уг гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад 2014-2015 онуудад 2-3 удаа банкны барьцаанд тавьсан юм. Одоогоор энэ дүүгийн байрны гэрчилгээ нь банк бусын барьцаанд байгаа бөгөөд миний бие нь авч өгч чадахгүй байгаа. Дүү нарыг асуухаар нь байгаа санаа зоволтгүй гэж хэлээд байсан юм. Гэтэл шүүхийн шийдвэрээс дүүгийн байрыг битүүмжлэх ажиллагаа явагдсан байсан юм. Иймд би дүү Б.А-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч Б.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 01 дүгээр сард Капитрон банкнаас зээл хөөцөлдөөд явж байсан. Гэтэл үл хөдлөх барьцаа дутаад байна гэхээр нь дүү Б.А-гийн гэрт нь очоод байрны гэрчилгээ, иргэний үнэмлэхээ өгч бай, хүнд үзүүлчхээд аваад ирье гээд явсан. Сэлэнгэ аймгийн нотариат дээр очоод 2 дүүгийнхээ үнэмлэхийг авч очоод өөрөө гарын үсэг зураад худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тэрнээс хойш дүүгийнхээ байрыг 2 удаа банкинд тавьсан. Сүүлд Хас банкнаас чөлөөлөөд Дархан цалам ББСБ-д барьцаанд тавьсан. Энэ талаараа дүү нартаа хэлээгүй байсан. Манай дүүгийн эхнэр нь Солонгос улсад байдаг. Дүү өөрөө хөдөө ажилладаг байсан. Авч өгнө гэж бодсон боловч авч чадаагүй гэжээ.

Гуравдагч этгээд Дархан цалам ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх бол хуулийн дагуу барьцаалбал аваад зээл өгсөн. Банкнууд зээл авахдаа гэрээр нь очоод зураг дарсан байдаг. Б.А- нь мэдэж байсан болоод гэрийнхээ зургийг даруулсан байлгүй. Эгч дүү 2 нийлээд манай компанийг залилах гэж байна. Энэ бол залилангийн асуудал. Тус барьцаа хөрөнгө 2-3 банк дамжиж явсан. Үүнийг Б.А- мэдэж байсан гэжээ.

Гуравдагч этгээд Дархан цалам ББСБ ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А-гийн гарын үсэг биш гэдгийг нотолсон зүйл байхгүй, эгч дүү 2 л биш гээд байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар гуравдагч этгээд шударгаар олж авсан учир шударга эзэмшигч гэж үзнэ. Нотариатыг хуураад гэрчилгээ авна гэдэг бол маш том асуудал. Энэ нь залилангийн хэрэг. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар барьцаалагч нь давуу эрхтэй. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар шаардлагаа үүсгээд мөнгөө авсан. Энэ бол эгч дүү хоёр хуйвалдсан асуудал, гэмт хэргийн шинжтэй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн хариуцагч Б.М-т холбогдуулан гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг” хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай хороолол, 27 тоот, улсын бүртгэлийн Ү-1310001179 дугаартай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ХААН банкны, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 74.750 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар барьцаалагч давуу эрхтэй бөгөөд хуульд заасны дагуу шударга эзэмшигч гэж үзнэ гэж маргадаг. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. ... анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулийг хэрэглэх ёстой байсныг хэрэглээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.А- хариуцагч Б.М-т холбогдуулан зохигчдын хооронд  2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Гавшгай 20-ын, 27 тоот 2 өрөө орон сууцыг 10.000.000 төгрөгөөр  худалдсан  гэрээг  хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч Б.М- “...дүүгийн байрыг хоёр удаа банкинд тавьсан сүүлд  “Дархан цалам” ББСБ-д тавьсан..., ...авч өгнө гэж бодсон боловч чадаагүй...,  ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй”  гэжээ.

            Хэргийн үйл баримтаас үзвэл Орон сууц худалдах, худалдан авах гэрээний зүйл  болох үл хөдлөх хөрөнгө нь 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.А-, Б.О- нарын өмчлөлд шилжсэн, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  Б.М-ын өмчлөлд шилжжээ.

            Хариуцагч Б.М- өмчлөгч болсноосоо хойш 2014 оны 02 дугаар сарын 19-нд Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж гэрээний үүрэг  2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болсон, 2015 оны 11 дүгээр сарын 16-нд “Дархан цалам” ББСБ-тай зээл болон барьцааны гэрээ байгуулсан ба гэрээний үүргээ зөрчсөн тул “Дархан цалам” ББСБ шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаар шийдвэрээр, хариуцагч Б.М-аас  83.500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  явагдаж  байгаа талаар талуудын тайлбарт дурдагдсан байна.

            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой  байна”  гэжээ.

            Тэгвэл “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор Б.А-гийн зөрчигдсөн эрх буюу өмчлөх эрхийг сэргээх боломжгүй  нөхцөл байдал  бий болсон байна.

            Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг бие даасан  шаардлага  гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тооцуулахаар” гаргасан нэхэмжлэл нь дангаараа  нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй.

            Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцлүүд нь угтаа байж болохгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй, хийгдсэн үеэсээ, хүчин төгөлдөр бус, талуудад  гэрээний эрх, үүргийг үүсгэх үндэслэл болдоггүй  бөгөөд  энэ  хэлцлүүдийн дараа  өөр эрх зүйн  харилцаа  үүсдэг, 56 дугаар зүйлийн  56.5-д  зааснаар  хэлцэл хийсэн  талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх  зүйлээ  харилцан  буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг үүсдэг.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа  “... би орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, миний  гарын үсэг биш...”  гэсэн агуулгаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан   “... зохих этгээдийн  зөвшөөрөлгүй  хийсэн хэлцэл”-д  тооцуулахаар  тодорхойлсныг анхан шатны шүүх нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийг зохицуулсан заалтыг баримталж хуулийг буруу хэрэглэсэн,  нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд энэ талаар дурдсаныг хангаж, шийдвэрийг  хүчингүй болгуулахаар  гаргасан гомдлыг хангахгүй  орхих зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын  “...56 дугаар зүйлийн 56.1.2 ... гэснийг “... 56 дугаар зүйлийн 56.1.8...” гэж  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.950 төгрөгийг Төрийн сангийн  орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                                ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ