Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 74

 

Л.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01596/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 554 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  З.Б-д  холбогдох

“77 сарын цалин 12.523.024 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч З.Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар, өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           ...Би 2013 оны 04 дүгээр сард түүний хамаатан Сэддорж танилцуулснаар нисэхийн хашаанд нь буусан. Эзэн нь З.Б- байсан. Эхний 1 жил үнэ хөлсгүй гэрээ барьж өвөлжихөөр болсон бөгөөд хавар нь нүүх гэтэл З.Б- түүний эхнэр нар ...таныг гомдоохгүй ээ байж бай... гэсэн үгэнд нь би итгэж хашаанд нь үлдэж, зунд нь 2 давхар байшингийн дээд талд нь амьдардаг байсан. Мөн өөр хашаанд буух гэтэл манайх одоо энэ барилгыг засаж, ажил явуулах гэж байгаа танд бид нар үүд хэсэгт жижиг байшин барж өгнө гэхээр нь итгээд эд нар яасан буянтай хүмүүс вэ, байшин 15.000.000 төгрөгөөр босно, ингээд орох оронтой болох нь гэж баярлаад цалин хөлс гээгүй. Гэтэл энэ намар нүү гээд хэлсэн ярьсан тохирооноос буцсан тул би ажлын хөлсөө тооцож гаргуулмаар байна. Энэ хугацаанд би тухайн барилга, хашааг харж хандаж сахиул хийж байсан болно. Би 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “Шимт агро” ХХК-ийн хашаа буюу нисэх буудлын хашаанд манаачаар ажиллаж байсан. Би 6 жил ажиллах хугацаанд “Шимт агро” ХХК-иас ямар ч цалин хөлс авч байгаагүй. Тус хашаанд байх хугацаанд тог тавиулснаас өөр зүйл шаардаж байгаагүй. Тиймээс манаачаар ажилласан 6 жилийн хугацааны цалин 12.523.023 төгрөгийг “Шимт агро” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Атарбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Л.Э- манай хашаанд нүүж ирээд амьдаръя гэж бидэнд өөрөө хүсэлт тавьсан. Түүнээс Л.Э-ийг манайх хашаандаа манаачаар авч, цалинтай ажиллуулна гэж харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Настай хүн, мөн аавын таньдаг хүн учраас хашаандаа бид буулгасан. Л.Э-ийг манай хашаанд манаачаар ажиллаад цалин хөлс олгохоор тохиролцож, үүрэг болгосон асуудал байхгүй. Л.Э- нь байшин бариулна гэсэн зүйл яриад байдаг. Би болон манай гэр бүлийнхэн Л.Э-тай ямар ч садан төрлийн холбоо байхгүй гэжээ.

            Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Миний бие ам бүл ганцаар өндөр настай ядарсан хүн билээ. З.Б- гэгч эхнэр, хүүхдүүдтэйгээ хамтарч намайг дэндүү их хохироож байгаа юм. Миний бие З.Б-, Даваажав нарыг танихгүй байсан тул тэдний заль мэхтэйг ойлголгүй арга мэхэнд нь автаж эд нарын хэлсэн ярьсанд нь хууртаж бичгийн гэрээ хийгээгүйг минь ашиглаж буух байх газаргүй тэдний нисэхийн хашаа, байранд амьдарсан мэтээр гүтгэж байна. Анх миний танил Сэддорж, З.Б-тай ярилцаж хашаанд нь 2010 оны 4 дүгээр сарын 10-нд буулгасан юм. Тэгээд тэнд өвөлжөөд хавар нь нүүх гэтэл З.Б- түүний эхнэр нар намайг гуйж манай хашаанд сахиулаар ажиллаж бид таныг гомдоохгүй гэж хэлснээр тохиролцон нүүхээ больж тэдний эзэнгүй хашаа, барилгыг харж хамгаалж сахиулаар ажиллах болсон юм. Надад цалин хөлс огт өгөөгүй. Харин жижиг барилга 15.000.000 төгрөгт багтаан барьж өгнө гэж тохиролцсон юм. Тэгээд би 2016 оны 9 дүгээр сар хүртэл хашаа, барилгыг нь харж хамгаалж байтал намайг гэнэт нэг өдөр нүү гэж шаардлага тавьж хашаанаасаа хөөж 2016 оны 09 дүгээр сарын 23-нд нүүлгэсэн. Хэрэв эд нарын ярьж байгаа шиг би буух байрлах хашаа, байргүй байсан бол цаашид уг хашаанд амьдрахаар гуйх байсан шүү дээ. Гэтэл надад нүүж очих төрсөн дүүгийн минь хашаа, байр бэлэн байсан бөгөөд тэнд би одоог хүртэл амьдарч байгаа болно. Миний бие энэ олон жил тэнд эзэнгүй орхигдсон хашаа, барилгыг харж хамгаалаагүй бол уг хашаа, барилга хулгайчийн гараар тоногдож болох байсан. Би З.Б-аас үндэслэлгүй зүйл нэхэмжлээгүй. 2010 оны 4 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл цалин хөлсөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нэхэмжилсэн. Миний ажилласан нийт хугацаа 6 жил 5 сар буюу 77 сар бөгөөд нийт 14.784.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч З.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие З.Б- Л.Э- гэдэг хүнийг таньдаггүй. Манай талийгаач ах Сэрдорж Нисэхийн гэх тодотголтой хоосон хашаанд анх энэ хүнийг уг хашаанд буулгасан байдаг юм билээ. Эх баригч гэдэг хүн өмнө манай хүү “Шимт агро холдинг” ХХК-ны захирал Б.Атарбаярыг надад цалин хөлс өгөх ёстой би энэ компанийн манаачаар ажиллаж байсан гэж олон сар шүүхээр чирэгдүүлж байгаад нотлогдохгүй болоод ирэхээрээ Б.Атарбаярыг сольж өөрчлөн одоо намайг хариуцагчаар татаж надаас цалин хөлс шаардаж байгаагаас үзэхэд энэ хүн хэзээ, хаана, хэнтэй, ямар гэрээгээр юун тухай тохиролцсон талаараа сайн мэдэхгүй байж нэг асуудлын талаар удаа дараа хариуцагчаа сольж маргаан үүсгэж бусдыг чирэгдүүлж байна гэж ойлгож байна. Миний өмчлөлд Нисэхийн гэх тодотголтой хашаа, байшин байхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Э- нь З.Б-тай ярилцаад хуучин нисэх онгоцны буудлын хашаанд сахиулаар буусан. Тухайн үед цалингийн хувьд З.Б- нь Л.Э-ид яваандаа болно гэж хэлсэн. Л.Э- нь уг хашаанд буугаад нэг жилийн хугацаа өнгөрөхөд цалин өгөөгүй учраас нүүх гэсэн боловч мөн л цалинг яваандаа болно гэж хэлсэн. Ингэж явсаар 2016 онд Л.Э- нь тус хашаанаас нүүсэн. Л.Э- нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар багт байрлалтай хашаанд хуучин нисэхийн хоёр давхар объектыг манадаг байсан. Уг объект нь хөдөө хээр газар байдаг. Л.Э-ийг уг газрыг манаж байх хугацаанд З.Б- хааяа эргэж ирдэг байсан. Сүүлд уг газарт хашаа баригдсан. Л.Э- нь 2010 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх нийт 77 сарын цалинг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний хэмжээг 140.400 болон 192.000 төгрөгөөр тооцсон гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Э- нь хоёр давхар цагаан байр манаж байсан гэж хэлдэг. Объект нь компанийн өмч биш учраас З.Б-ы өмч гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Гэхдээ хавтаст хэрэгт маргаан бүхий объектын өмчлөгч нь З.Б- мөн эсэх талаар ямар нэгэн баримт авагдаагүй учраас түүнийг тодруулахаар шүүхээс Улсын бүртгэлийн хэлтэс рүү Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, 7 хэсэг 5 гудамжид байрлах блокоор хүрээлэгдсэн хашааны мэдээллийг гаргаж өгнө үү гэх албан бичиг явуулсан. Гэтэл Улсын бүртгэлээс Хуучин нисэх онгоцны барилга бүртгэгдээгүй байна гэх хариу ирүүлсэн. Хариуцагч З.Б- нь миний өмчлөлд ийм хөрөнгө байхгүй. Манай ах талийгаач ах Сэддорж нь Л.Э- гэх хүнийг хашаандаа буулгасан. Би өөрөө тус хашаанд Л.Э-ийг буулгаж цалингийн талаар тохиролцоогүй гэж хэлсэн. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон хавтаст хэргийн 125 дугаар талд Сэддорж гэх хүн намайг хашаанд буулгасан гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар Л.Э-ийг Сэддорж хуучин нисэх онгоцны буудлын хашаанд буулгасан гэдэгт талууд маргаангүй байна. Мөн З.Б-, түүний эхнэр болон Л.Э- нарын хооронд ямар нэгэн яриа тохиролцоо болсон талаар баримт байхгүй. Л.Э- нь хуучин нисэх онгоцны буудлын хашаанд нийт 6 жилийн турш амьдрахдаа цалингийн талаар яриагүй. Харин цахилгаан тавиад өгөөч гэж гуйсан. Мөн тус хашааныхаа нэг буланд өвлийн гэр бариад амьдардаг байсан. Л.Э- нь маргаан бүхий объектыг сахиагүй бол хашааны эд зүйл хулгайд алдагдах байсан гэж мөн мэдүүлдэг. Нэхэмжлэгч хэн нэгнээс ямар нэгэн юм шаардаж байгаа бол энэхүү нэхэмжлэлд нэхэмжлэгч нь Дархан сумын 15 дугаар баг 7 хэсэг 5 гудамжны хэдэн тоотыг манасан, юу манаж байсан зэрэг нь тодорхойгүй байна. Гэтэл нэхэмжлэх тал түүний талаар хэлээгүй. Энэ бол хэн дуртай нь ороод амьдрах боломжтой объект байсан. Тус объектын эзэн нь хэн гэдэг нь ч тодорхойгүй. Л.Э- хариуцагчаа өөрчилж нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа З.Б-ы өмч гэж үзсэн. Гэхдээ хавтаст хэрэгт маргаан бүхий объектыг З.Б-ы өмч гэж нотлох баримт байхгүй. Өмнө нь энэ хэргийг Улсын дээд шүүхээр шийдвэрлүүлэх явцад объект хэний өмч вэ гэхэд Атарбаяр бүртгэл байхгүй гэсэн. Л.Э-ийг настай хүн учраас хашаанаас гар гэж хөөгөөгүй. Мөн түрээсийн мөнгө нэхээгүй. Цахилгаан тавиад өгөөч гэж хэлэхээр нь хүний ёсоор тусалж цахилгаан тавьж өгсөн гэж хэлсэн. Атарбаяр албан ёсоор өмчлөлдөө аваагүй байсан үл хөдлөх эд хөрөнгөө ашиглахын тулд Л.Э-аар тус газрыг чөлөөлүүлсэн. Бүх зүйл дуусаж Л.Э-ийг хашаанд буулгасан хүн нас барсны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. Мөн нэхэмжлэгч 15.000.000 төгрөгийн тохиролцооны талаар ярьдаг боловч энэ нь ямар нэгэн нотлох баримт байхгүй бөгөөд үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Э- нь 6 жилийн хугацаанд хашаа түрээслэхгүй мөнгөө хэмнэчхээд одоо цалин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэлийн үнээ тодорхойлохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.400 төгрөг, 192.000 төгрөгөөр тооцсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэдэн онд хэд байснаа хэдэн онд хэд болж өөрчлөгдсөн талаар нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэн шийдвэрээ гаргана. Гэтэл хавтаст хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож шинэчилсэн талаар баримт авагдаагүй. 15.000.000 төгрөгтэй холбоотой аман болон бичгийн баримт байхгүй. Хэрэгт авагдсан баримт нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 554 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч З.Б-аас 6.635.160 төгрөг гаргуулан Л.Э-ид олгож, 8.148.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч З.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 121.113 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч З.Б- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол г аргаж байна. Нэхэмжлэгч Л.Э-ийг хуучин нисэх онгоцны буудлын хашааг харж хамгаалуулахаар сахиул манаачаар ажилд авахаар тохиролцсон асуудал байхгүй. Мөн хариуцагч З.Б- миний хууль ёсны өмчлөлд нисэхийн гэх тодотголтой өмч хөрөнгө байдаггүй. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй мөн нэхэмжлэгч ямар ажил үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй энэ талаарх нотлох баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй. Иймд Л.Э- нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй хэрэгт цугларсан нотлох баримтаар маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь З.Б- мөн болох тухай тогтоогдоогүй байхад надад холбогдуулж төлбөр гаргуулж шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар, өмгөөлөгч Ц.Раашзэвэг нараас давж заалдсан гомдлын хариу талбартаа:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь бүх нотлох баримтад тулгуурласан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангасан хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр. Харин хариуцагч З.Б-ы давж заалдсан гомдол нь ямар ч нотлох баримт нотолгоогүй бидний үйлчлүүлэгчийг ам бүл ганцаар өндөр настай эрх зүйн мэдлэг муутай зэрэг байдлыг ашиглаж гүтгэсэн байна. Үүнийг нотлоход:

1. Л.Э-ийг уг барилга объектыг сахиулахаар Сэддорж биш Б-, Даваажав нар суулгасныг улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шүүх хуралдаан дээр түүний хүү Атарбаяр нотолсон болно.

2. Зах зээлийн үед үнэ хөлсгүйгээр бусдын хашаа барилга объектыг сахиж хамгаалахгүй нь хэнд ч ойлгомжтой. Анх ярьснаараа жил өнгөрөхөд хөлс, цалин өгөөгүй тул Л.Э- нүүх гэхэд нь гомдоохгүй хөлс өгнө. 15.000.000 төгрөгт багтааж жижиг байшин барьж өгнө гэж тохиролцсоноор харуул сахиулынхаа ажлыг үргэлжлүүлж 2016 оны 09 дүгээр сарын 23-н хүртэл ажилласан нь хавтас хэргээс харагдана.

3. Уг хашаа, барилга объект нь Б-ы өмч болох нь мөн Дээд шүүхийн хуралдаан дээр Атарбаярын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан уг хашаа барилгын зураг, түүний хананд хадсан “Шимт агро” гэсэн хаягаар давхар нотлогдоно.

4.Уг барилга объектыг улсын бүртгэлд бүртгүүлэх эсэх нь тухайн өмчлөгчийн хувийн асуудал тул Б-, Даваажав нар уг барилга объектоо улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолтоор олгогдоно. Улсын бүртгэлийн газарт тухайн хашаа объектоо бүртгүүлээгүй байдлаа ашиглаж Б- өөрийн өмч биш талийгаач Сэддоржийнхоо өмч болгохыг оролдож айгаа нь үндэслэлгүй болох нь түүний бодит байдлаас эрс зөрүүтэй зүйл бичиж айгаагаас ойлгогдоно.

5. Б- нь Э-ийг сахиулаар хашаандаа буулгасан тэр өдрөөс түүний цалин хөлсний талаар тохиролцсон нь нотлогдоно. Хэрэв тийм асуудал яригдаагүй бол зах зээлийн үед хэн ч бусдын хашаа байрыг үнэ төлбөргүй, хөлс мөнгөгүй харж хамгаалахгүй нь хэнд ч тодорхой билээ.

6. Л.Э- 6 жил гаран хугацаагаар З.Б-ы хашаа, барилга, объектыг харж хамгаалж сахиулаар ажилласныг нэр бүхий гэрчүүд болон тухайн багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдоно.

7. Иргэний хуулийн 8, 187-дугаар зүйлд зааснаар эд нарын хооронд хэлцэл байгуулагдсан нь Л.Э-ийн үйлдэл, үйл ажиллагаа, мэдүүлгээр батлагдана.

8. Дээр дурдсан зүйлүүдээр ИХШХШТХ-н 38-дугаар зүйлд заасан нотлох баримтууд хангалттай тогтоогдоно. Иймд Б-ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар, өмгөөлөгч Ц.Раашзэвэг нараас давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Л.Э-ид 6 жил 5сар буюу 77 сарын цалин хөлс нийт 14.784.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар, өмгөөлөгч Ц.Раашзэвэг, хариуцагч З.Б- нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй  байна.

            Нэхэмжлэгч  Л.Э-  нь  2010 оны 4 дүгээр сараас  2016 оны  9 дүгээр сар хүртэл 77 сарын цалин 14.784.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч З.Б-д холбогдуулан гаргасныг, хариуцагч  эс зөвшөөрч маргажээ.

            Дархан сумын 15 дугаар баг, Мангирт гэх газар байрлалтай, нисэхийн буудал нэртэй  хашаа,  барилга объект  нь иргэн З.Б-, О.Даваажав, Б.Атарбаяр нарын эзэмшил, ашиглалтад байдаг нь  хэргийн үйл баримтаар  тогтоогдсон  гэж үзнэ.

            З.Б-, О.Даваажав, Б.Атарбаяр нарын хэн нь ч үүнийг  үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

            Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагчаар З.Б-ыг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3,  28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн заалтуудтай  нийцсэн байна.

            Хариуцагч З.Б- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

Үүнд: “...Нисэхийн гэх тодотголтой хашаа байшин байхгүй учраас хэрэгсэхгүй  болгож өгнө үү” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах,  гаргаж өгөх үүрэгтэй ба  энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Дээрх татгалзал нь түүний “... онгоцны буудлыг тойрсон хашаандаа түр байлгасан...” гэсэн гэрчээр асуугдахдаа өгсөн мэдүүлгээр болон О.Даваажавын  “...манай хашаанд амьдардаг л байсан...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгджээ.

Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн  186.2 дахь хэсгийн  зохицуулалтыг болсон үйл баримтад  тулгуурлан, маргааны  харилцаанд  хамааралтай талаас нь оновчтой тайлбарласан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хуулийн дагуу тодорхойлсон, зохигчдын хооронд үүссэн харилцааг  зөв тогтоосон  гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байх боловч улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу төлөөгүй, хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтийг тусд нь гаргаагүй  байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.4, 168 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч,  хариуцагч нарын  гомдлыг  хангахгүй  орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 554 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй  орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 121.113 төгрөгийг Төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                      ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ