Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 39

 

 

 

Ц.Адъяад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Ц.Адъяа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Адъяад холбогдох эрүүгийн 1937000000049 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хархүүхэн овогт Цэрэнсодномын Адъяа нь Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Ганбатын эзэмшлийн “Үенч дэлгэрэх хүслэн” дэлгүүрт 2019 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 45000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх “Шүүгдэгч Хархүүхэн овогт Цэрэнсодномын Адъяаг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Адъяаг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяад оногдуулсан  1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 141000 төгрөг бүхий улаан өнгийн хэтэвч, шүүгдэгч Ц.Адъяагаас хураан авсан 45000 төгрөг зэргийг хохирогч Б.Ганбатад буцаан олгож, хаалганы хагархай мод 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн эзэмшлийн 2 тооны эм үхрийг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай прокурорыг тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Адъяа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Ганбатын эзэмшлийн “Үенч дэлгэрэх хүслэн” дэлгүүрт 2019 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 45000 төгрөг хулгайлсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Энэхүү үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хохирлын хэм хэмжээг зайлшгүй харгалзан үзэх учиртай.Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог болно. Улсын дээд шүүхийн тайлбарт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэжээ. Иймд хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү гэв.

            Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.Адъяа нь Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Ганбатын эзэмшлийн “Үенч дэлгэрэх хүслэн” дэлгүүрт 2019 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 45000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ганбат, гэрч Г.Баяржавхлан, Э.Баяндалай нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газар хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн үзлэг, эд зүйлд хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, яллагдагч Ц.Адъяагийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй гэмт хэрэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт хэргийн зүйчлэлтэй маргахгүй байна. Орон байранд хууль бусаар нэвтэрч орсон нь камерын бичлэгт байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс бага хэмжээг хэлнэ гэж заасан. Улсын Дээд шүүхийн тайлбарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдпвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү? гэв.

Шүүгдэгч Ц.Адъяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би буруу зүйл хийснээ ойлгож байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр   хэргийг   бүхэлд нь хянахад  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Адъяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багийн нутаг дэвсгэрт байрлах  иргэн Б.Ганбатын эзэмшлийн “Үенч дэлгэрэх хүслэн” дэлгүүрт 2019 оны 07 дугаар сарын 13-наас  14-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 45000 төгрөгийн  хохирол учруулж, хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн болох нь   хохирогч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 14-ний өглөө манай хүү Баяржавхлан дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь ирэхэд хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Тэгээд хүүдээсээ асуухад шөнө 03 цагт ирэхэд дэлгүүрийн хаалга эвдсэн байсан камер шүүж үзэхэд  Ц.Адъяа орсон байсныг таньсан гэсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тог тасрангуут дэлгүүрээ гаднаас нь цоожилж Баяндалайг ирэхээр хамт явсан. Манай дэлгүүрээс мөнгө алга болсон. Манай дэлгүүрт өдөрт 200.000-300.000 төгрөг ордог. Түрүүвчинд 3 өдрийн орлого 800.000 төрөг байсан. Эндээс түрүүвчинд 110.000 төгрөг үлдээсэн болохоор 690.000 орчим төгрөг байхгүй байна...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Баяндалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Жавхаа утсаар залгаад чи хүрээд ирээч хоёулаа танайд хоньё гэсэн тэгэхээр нь би мотоцикльтэй ирэхэд Жавхаа дэлгүүрийнхээ гадна зогсож байсан.Бид хоёр майнад очоод хэвтэж байтал тог ирсэн бид хоёр хоол хийх гэтэл холих юм байхгүй болохоор дэлгүүрт гоймон авахаар очиход дэлгүүр онгорхой байсан.Тэгэхэээр нь гайхаад ороод шууд камер шүүтэл Ц.Адъяа  камерт согтуу ширээн дээрээс юм авч кармаалж байх нь бичигдсэн байсан.Тэгээд бид хоёр цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,/хх-ийн 5 дугаар тал/хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-9,11,13-16,20-26 дүгээр тал/ хүний биед үзлэг хийсэн,камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 10,12 дугаар тал/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 18,19 дүгээр тал/  эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, /хх-ийн 25 дугаар тал/ мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл,/хх-ийн 33 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Ц.Адъяад холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.- зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх бөгөөд шүүх  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Адъяаг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч орсон  хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Адъяад эрүүгийн хэрэг үүсгэж яллдагдагчаар татах тогтоолыг танилцуулсан тэмдэглэл хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Ц.Адъяа түүний өмгөөлөгч   Ж.Энхжаргал нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж   шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Ц.Адъяа нь 70  хоног цагдан хоригдсоныг  эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.   Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Шүүгдэгч  Ц.Адъяа түүний өмгөөлөгч   Ж.Энхжаргал нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хойш давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл шүүгдэгч    Ц.Адъяа нь 70 /далан/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                      Н.ТУЯА