Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 101/2019/05165/И |
Дугаар | 001/ХТ2022/00798 |
Огноо | 2022-06-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/00798
С.Оийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01620 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1453 дугаар магадлалтай,
С.Оийн нэхэмжлэлтэй,
С.Мд холбогдох,
Үндсэн нэхэмжлэл: Орон сууц чөлөөлүүлэх, 2,611,000 төгрөг гаргуулах,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байрны 59 тоот орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа иргэн С.Мыг албадан гаргаж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч С.М болон түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхээ, хариуцагч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч С.Мд холбогдуулан Орон сууц чөлөөлүүлэх, 2,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Энэ хэрэгт гуравдагч этгээдээр ................................................ оролцож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байрны 59 тоот орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа иргэн С.Мыг албадан гаргаж, чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан байна.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01620 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан хариуцагч С.Мд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, орон сууцыг хөлслөх гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш өмчлөгчид төлсөн төлбөр болох 972 ам.доллар буюу 2,611,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хариуцагч С.М /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс гаргуулж, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 126,926 төгрөг болон гуравдагч этгээдийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 452,074 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.От олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1453 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “92 дугаар зүйлийн 92.1” гэснийг “106 дугаар зүйлийн 106.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч С.М болон түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн магадлалыг 2020.07.27-ны өдөр гардан авч танилцаад давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр уг магадлалыг эс зөвшөөрч хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс дараах үндэслэл бүхий хууль ёсны хяналтын шатны гомдлыг гаргаж байна.
4.1. Шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй талаар: Магадлалын хянавал хэсэгт “...хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг хууль болон гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан, цаашид эзэмших эрхтэй гэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр агуулгын хувьд зөв байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн бол шаардлагаа гэрээний тал болох өмчлөгчид холбогдуулан гаргах юм. Тухайн тохиолдолд орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгөх үүрэгтэй этгээд нь хариуцагч биш харин өмчлөгч байна. Гэрээ байгуулсан талаасаа шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө болон орон сууцны эзэмшлийг шилжүүлэхийг шаардах байтал хариуцагчид хандан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болдог. Нэхэмжлэгчийг хариуцагч С.Мын хүлээсэн үүргийг өмнөөс нь төлсөн гэж үзэх боломжгүй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Гэж хянасан. С.М нь 2010 оноос 2015 он хүртэл Оросын холбооны улсын өмчлөлийн 8 дугаар байрны 59 тоотыг “Росинка”, “Росинка-Шүүдэрхэн”, “Билгийн-Үүдэн” зэрэг компаниудтай гэрээ байгуулан эзэмшиж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд 2016 оноос хойш 2020 он хүртэл хугацаанд 59 тоотын хэрэглээний төлбөр болох ус, цахилгааны төлбөрийг тогтмол төлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Мөн 404224686 тоот худалдаа хөгжлийн банкны хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах газрын дансанд сар болгон тогтмол 50,000-70,000 төгрөгийг төлж байсан. Мөн 5100747 кодоор төрийн банкны 102100001220 тоот дансны дугаараар цахилгааны төлбөрийг сар бүр тогтмол төлж байсан бас төрийн банкны 106000029515 тоот дансны дугаараар ОСНААУГ-т ус дулааны төлбөрийг тогтмол төлж байсан юм. Дээрх баримтаар тухайн байрны төлбөрийг төлж байсан гэж үзэх бөгөөд шүүхээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хэт нэг талыг барьсан мөн нэхэмжлэгч гомдол гаргаагүй байхад нэхэмжлэгч гомдол гаргасан мэтээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бодит байдал дээр хариуцагч С.М нь тухайн орон сууцанд тасралтгүй 10 гаруй жил амьдраад байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар хууль бусаар эзэмшиж ашиглаж байна гэж үзэхэд өрөөсгөл байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч С.Мд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байрны 59 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,
Гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар дээрх орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус гаргасан.
Хариуцагч нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг эс зөвшөөрч “...орон сууцад 2010 оны 5 дугаар сараас өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 жил гаруй хугацаанд амьдарч байна. ...орон сууцыг гэрээний үндсэн дээр 2010 оноос 2016 оны 3 дугаар cap хүртэл хөлсөлж төлбөрт нийт 30,118,000 төгрөг, ус, дулаан, цахилгааны төлбөрүүд нийт 2,983,778 төгрөг төлсөн, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хууль бусаар дайрч орсон зүйлгүй, төлөөлөгчийн газрын гүйцэтгэх удирдлагатай 2019.07.30-ны өдөр гэрээ байгуулах саналтайгаа илэрхийлэн уулзсан, дараа нь танайхтай гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. С.М нь хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй” гэж маргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх дээрх шийдлийг хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байна.
9. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байр, 5 давхар угсармал барилгад байршилтай 3025 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Оросын Холбооны Улсын өмч мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. ОХУ-ын өмчлөх эрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008824 дугаарт бүртгэгдсэн, өмчлөгчид 000362121 дугаартай гэрчилгээ 2014.10.21-ний өдөр олгогдсон байна.
10. Хариуцагч С.М нь дээрх хаяг дахь орон сууцны барилгын 59 тоот, 60.67 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг өмчлөгч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Хариуцагч 2010 оноос 2016 он хүртэл “Росинка”, “Росинка-Шүүдэрхэн”, “Билгийн-Үүдэн” зэрэг компаниудад түрээс, ашиглалтын зардал гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, зохигч энэ хугацаанд хариуцагчийг дээрх байгууллагуудтай тохиролцон орон сууцыг эзэмшиж байсныг маргаагүй байх боловч уг хугацаанаас хойш орон сууцыг эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт байхгүй байна.
11. Дээр дурдсан баримтуудад түрээсийн төлбөр гэж бичигдсэн боловч гэрээний талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн зүйлийн 302.4-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог боловч эд хөрөнгийн өмчлөгч эд хөрөнгөө буцаан авахаар шаардсан нөхцөлд гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хөлслөгчийн эзэмшил хууль бус болно. Мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд гуравдагч этгээд нь маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч мөн болох нь тогтоогдсон, хариуцагч тухайн орон сууцыг эзэмших эрхтэй болохоо баримтаар нотлоогүй нөхцөлд шүүх орон сууцыг чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
12. Харин нэхэмжлэгч С.О хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар Холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газартай маргааны зүй болсон орон сууц хөлслөх гэрээг 2019.06.24-ний өдөр байгуулсан боловч уг гэрээний хугацаа 2019.10.31-ний өдрөөр дуусгавар болсон, үүнээс хойш дахин гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүний нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцсэн байна.
13. Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1453 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.М болон түүний өмгөөлөгч Б.Гомбодорж нарын 2020.08.14-ний өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА