Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00802

 

“У б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн  шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01851 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1614 дүгээр магадлалтай,

“У б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М а” ХХК-д холбогдох

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “У б” ХХК-аас “М а” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 51,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01851 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “М а” ХХК-аас /РД:5817145/ ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 51,000,000 төгрөг гаргуулан, “У б” ХХК-д /РД:2544954/ олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 412,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авсан бүх худаг бүрэн бус ажиллагаатай байгаа талаараа тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1614 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01851 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэлээ. Үүний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш оролцох, мэтгэлцэх, тайлбар, баримт гаргах эрхийг хязгаарлалаа.

4.1. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болсон тухай шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн. Гэсэн ч ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн хариу тайлбарт дурдсан үндэслэлийг анхаарсангүй.

Гэрээний 4 дүгээр зүйлд гүйцэтгэгчийн үүргийг заасан бөгөөд 4.5-д “Захиалагчаас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг цооногт угсарч зүгшрүүлж өгнө” гэх үүргээ “У б” ХХК нь огт гүйцэтгээгүй, өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжийг цооногт угсраагүй, зүгшрүүлээгүй, өндөр даралтын компрессор үлээлгэн ус дүүргэх ажиллагаа явагдаагүй, усан сангийн хоолой холбох ажил хийгдээгүй байсан. Мөн бүх худаг бүрэн бус ажиллагаатай байна. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөхөөр бэлдсэн байсан ч шүүх хуралдаанд оролцож чадаагүйн улмаас шүүхэд нотлох баримтаар өгч чадсангүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заасан бөгөөд манай компани нь захиалагчийн хувьд ажлын үр дүнгээ бүрэн хүлээн аваагүй юм. Иймээс ажлаа бүрэн хүлээлцсэний дараа төлбөр төлөх ёстой, гэтэл шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр, нэмээд алдангийг бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасныг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан.

4.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж шийдвэр гаргажээ. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 62.4-т “Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, төлөөллийг хэрэгжүүлэх ёстой.

Нэхэмжлэгч “У б” ХХК нь төлөөлөгч Т.Сайнбаярт олгосон итгэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхийг л олгожээ. Гэтэл төлөөлөгч нь өөрт олгосон эрхийг хэтрүүлэн эрх олгогдоогүй байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж хэргийг шийдвэрлүүлжээ.

Энэхүү асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ “...Хэдийгээр итгэмжлэлд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж дурдсан байх боловч уг шүүхийн нэрийг буруу бичсэн байдал нь төлөөлөх эрхийг олгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэжээ. “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд” гэж бичсэн нь алдаа буюу буруу бичсэн байдал гэж юуг үндэслэн дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон хүсэл зоригийн илэрхийллийг шүүх өөрийн дүгнэлтээрээ, үзэмжээрээ өөрчилж тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн явдал нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд “Хүсэл зоригийг тайлбарлах”, 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасны дагуу итгэмжлэлд дурдсаны дагуу төлөөлөгчийн бүрэн эрхийг тодорхойлж, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг дүгнэх ёстой. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйл, 62 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөн дээрхээс гадна нэхэмжлэл дээр зурагдсан “Т.Сайнбаяр” гэх гарын үсэг нь хэргийн стандарт баримтууд (эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр гардуулсан, шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулахыг мэдэгдсэн) дээрх гарын үсэг, гарын үсгийн тайллаас ялгаатай байна. Шүүх төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх, нэхэмжлэл дээрх гарын үсгийн зөрүүтэй байдлыг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү байдал нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр өөрөө нэхэмжлэлээ гаргасан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

4.3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаа болон компанийн захирал Д.Мөнхбат нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахтай утсаар холбогдож очиж байгаагаа хэлсээр байхад шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийж, шийдвэрээ гаргасан. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэнийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ гэдэгт итгэж байна. Улмаар шүүх хуралдаанд оролцуулаагүйн улмаас нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн итгэмжлэл, гарын үсгийн талаарх тайлбараа хэлж, мэтгэлцэж чадаагүйд ихээхэн гомдолтой байна.

4.4. Хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар “Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх” зарчим хуульчлагдсан бөгөөд энэхүү зарчмыг хэрэгжүүлэх баталгаа болгож мөн зүйлийн 5.4-д заасан журмыг шүүх хэрэгжүүлэх үүрэгтэй. 5.4-д “...Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж заасан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн хувьд Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилох ёстой. Гэтэл даргалагчийг томилсон захирамжийг Ерөнхий шүүгч биш, шүүгч М.Баясгалан гаргажээ. Тус шүүгч нь Ерөнхий шүүгчийн үүргийг орлож байсан, бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байсан талаарх баримт хэрэгт байхгүй бөгөөд хариуцагчийн хувьд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хуулиар нэгэнт тодорхойлчихсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хариуцагч талд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд шүүхийн энэхүү ажиллагаа нь шүүгч хараат бус байх зарчмын эсрэг үйл ажиллагаа болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Зохигч хэргийг энэ хуулийн 5.4-т заасан хуваарийн дагуу шийдвэрлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч “М а” ХХК-ийн зүгээс хууль ёсны бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлүүлэхийг шаардаж байна.

Иймд процессын илэрхий алдаатай, хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тэгш эрхтэй мэтгэлцэх, баримт, тайлбар гаргах, өмгөөлөгч авах эрхүүдийг зөрчиж, хязгаарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгч “У б” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 189,000,000 төгрөгийн үнэ бүхий услалтын системийн 9 ширхэг гүний худаг гаргах ажлыг гүйцэтгэж, ашиглалтанд хүлээлгэж өгсөн, ажлын хөлснөөс 155,000,000 төгрөгийг авсан, 2017 оны 11 сард ажлын хөлсийг бүрэн төлж дуусгах байсан боловч үлдэгдэл 34,000,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй, гэрээний 5.1-д алданги тооцохоор тохирсон, тооцоо нийлснээс хойш 240 хоног өнгөрсөн, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийг 34,000,000 төгрөгийн 50 хувиар тооцоход 17,000,000 төгрөг болж байна. Иймд нийт /34,000,000+17,000,000/ 51,000,000 төгрөгийг гаргуулна...” гэжээ.

Хариуцагч: “...гэрээний 4.5-д нийлүүлсэн тоног төхөөрөмжийг цооногт угсарч зүгшрүүлж өгнө гэж заасан ба өнөөдрийг хүртэл зүгшрүүлж өгөөгүй, өндөр даралтын компрессор үлээлгэн ус дүүргэх ажиллагаа явагдаагүй, усан сангийн хоолой холбох ажил хийгдээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн гэж үзэхэд хүндрэлтэй тул алданги нэхэмжлэх эрхгүй, гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж дуусгасан тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэжээ.

7. Хэрэгт цугларсан баримтаар талууд 2017.09.10-ны өдөр Услалтын системийн 9 ш ашиглалтын худаг шинээр гаргах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу гүйцэтгэгч “У б” ХХК Дорнод аймаг Дашбалбар сумын Сэвсүүл Жараахай бригадын Тавна гэдэг газар “М а” ХХК-ийн тариалангийн талбайд услалтын системд ашиглагдах 50 м гүнтэй 9 ш ашиглалтын худаг гаргаж өгөх, захиалагч “М а” ХХК төсөвт өртөг 189,000,000 төгрөгийг гэрээ батлагдсан өдрөөс хойш 3 хоногийн дотор урьдчилгаа 40,000,000 төгрөг, цаашид гүйцэтгэлээр буюу өрөмдмөл худаг нэг бүр дээр дууссан тохиолдолд 21,000,000 төгрөгийн санхүүжилт хийх, нэг цооногийн ажил дууссаны дараа акт гарган захиалагчийн тал хүлээн авч, зөвшөөрч гарын үсэг зурж баталснаар тухайн цооногийн ажлыг дууссан гэж үзэхээр харилцан тохиролцжээ.

2017.10.15-ны өдрөөс 2017.11.09-ний өдөр хүртэлх хугацаанд Худаг ашиглалтанд өгсөн актаар 9 ш худгийг хүлээн авч, хүлээлгэн өгсөн, 2019.06.13-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллага 2017.09.10-ны өдрөөс 2019.06.13-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж, “М а” ХХК нь 34,000,000 төгрөгийн өртэй гарсныг баталсан үйл баримт тогтоогджээ.

8. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний дагуу гүйцэтгэгч буюу “У б” ХХК 9 ш худгийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн, захиалагч ажлын хөлс 189,000,000 төгрөгөөс 34,000,000 төгрөгийг дутуу төлсөн үндэслэлээр үлдэгдэл хөлсөө гаргуулахаар шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

9. Талууд гэрээний 5.1-д гүйцэтгэгч болон захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг буруутай талдаа оногдуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн 2019.06.13-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 2020.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүрэгт хоногийн 0.3 хувиар алданги тооцоход үлдэгдэл 34,000,000 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн үндэслэлээр алдангийг 50 хувиар тооцож, 17,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

10. Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, ...хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарласан, ...нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, ...хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

11.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 36 дугаар зүйлийн 36.2-т төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч “У б” ХХК өөрийн нэрийн өмнөөс “М а” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг хуульч, өмгөөлөгч Т.Сайнбаярт олгохдоо нэхэмжлэл гаргах шүүхийн харъяаллыг Сүхбаатар дүүрэг гэж тодорхойлсон байх бөгөөд төлөөлөгч нь хариуцагчийн оршин байгаа хаягаар буюу Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг төлөөлүүлэгчээс өөрт олгогдсон эрхийг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл,  төлөөлүүлэгчийн хүсэл зориг нь аль дүүргийн шүүхэд хандах нь чухал бус “М а” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэл зоригтой байсан гэж үзнэ.

Түүнчлэн “...нэхэмжлэлд зурагдсан төлөөлөгчийн гарын үсэг хэргийн баримтад зурагдсан гарын үсгээс ялгаатай байсан..” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч дээрх гарын үсэгний талаар буюу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлөөлөх эрхийн талаар ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэлд зурагдсан гарын үсэг төлөөлөгчийн гарын үсэг биш болохыг үндэслэл бүхий баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй.

11.2. Хэргийн 30 дугаар талд авагдсан Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байх тул дээрх захирамжийг ерөнхий шүүгч гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

11.3. Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг 2020.06.03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзиймаад мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг зөрчөөгүй.

Хариуцагч нь “...шүүгчийн туслахтай утсаар холбогдож, хуралдаанд очиж байгаагаа хэлсээр байтал шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн ..” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

 11.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагч “М а” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч нь гэрээний 4.5-д заасан захиалагчаас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг цооногт угсарч, зүгшрүүлж өгөх үүргээ огт гүйцэтгээгүй, өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжийг цооногт угсраагүй, зүгшрүүлээгүй, өндөр даралтын компрессор үлээлгэн ус дүүргэх ажиллагаа явагдаагүй...” гэж тайлбарлах боловч худгийн ажлыг хүлээн авсан 2017 оны 11 сараас хойш дээрх ажлыг хийлгүүлэхээр ямар нэг шаардлага тавьж байсан талаар баримтгүй, тайлбар татгалзлаа нотлоогүй, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019 онд үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгааг үгүйсгээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01851 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1614 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-оос 2022.08.26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД