Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00400

 

 

“Х” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01434 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1473 дугаар магадлалтай,

“Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 31,130,877,985.30 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,950,000,000 төгрөг, хүү 14,347,288,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,833,558,356 төгрөг, нийт 31,130,846,986.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01434 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан “М” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 15,011,465,287.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,119,381,699 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү2205011375 дугаарт бүртгэлтэй, Баянгол 2 дугаар хорооны 34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5, ХБ 34/7, 34/8, 34/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэл, оффис агуулахын зориулалттай барилга, түүнд байрлах тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамтаар, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 сарын 23-ны өдрийн А/892 дугаар захирамжаар олгосон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг нэгж талбарын 188023/0075 дугаартай 32,920 м.кв газар эзэмших эрх, ирээдүйд бий болох агуулах, тоног төхөөрөмж хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 75,215,276 төгрөг, 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1473 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01434 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Max маркет ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 31,130,877,985.30 /Гучин нэгэн тэрбум нэг зуун гучин сая найман зуун далан долоон мянга есөн зуун наян таван төгрөг гучин мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.05-ны өдрийн 102/ШШ2020/01434 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1473 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Банк татан буулгах ажиллагааны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн: Банкны эрх хүлээн авагч томилсон тухайд: Монголбанкны 2013.07.22-ны өдрийн А-157 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “Х ХХК-ийг 2013.07.22-ны өдрөөс хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгах”, мөн 3 дахь хэсэгт “Банкийг татан буулгах үйл ажиллагааг холбогдох хуулъ тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Х ХХК дахь банкны эрх хүлээн авагчид даалгасан” байна. Өөрөөр хэлбэл А-157 дугаартай тушаал нь Хийг хуулийн этгээдийнх хувьд татан буулгах нь зүйтэй гэж үзэн, татан буулгах ажлыг Банкны эрх хүлээн авагчид даалгасан агуулга бүхий тушаал юм. Энэ нь Иргэний хууль болон Банкны тухай хуульд заасан зохицуулалтад бүрэн нийцсэн болно. Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Банкийг татан буулгах ажиллагаа нь Банкны тухай хуулиар нарийвчлан зохицуулагдах ба үүнд Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Банкны эрх хүлээн авагч нь банкийг татан буулгах ажиллагааг хэрэгжүүлж дуусгаад ажлын тайлангаа Монголбанкинд хүргүүлнэ. Монголбанк нь тус тайланг хэлэлцэж баталсан тохиолдолд энэ тухай шийдвэрийг шүүхэд хүргүүлж, олон нийтэд мэдээлэн, улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг гаргах ба Улсын бүртгэлийн байгууллага хүсэлтийг хүлээн авч, улсын бүртгэлээс хассанаар Хны эрх үүрэг болох банкийг татан буулгаж дуусах юм. Банкны эрх хүлээн авагчийн Хийг татан буулгах ажиллагаа дуусаагүй өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. Х нь Банкны эрх хүлээн авагч томилогдох үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөд учрах эрсдлээс сэргийлэх зорилгоор Монголбанкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Хны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Хны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон. Энэ өглөг болон Хнаас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530.6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг Банкны эрх хүлээн авагч гүйцэтгэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа ...Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8 дахь хэсэгт зааснаар Х ХХК нь хуулийн этгээд иргэний эрх зүйн чадваргүй болж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т зааснаар үүрэг дуусгавар болсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2. Банкны тусгай зөвшөөрлийг цуцалсан тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Монголбанкны 2013.07.22-ны өдрийн А-157 тоот тушаалаар Х ХХК-ийг 2013.07.22-ны өдрөөс хуулийн этгээдийн хувьд татан буулгаж, банкны үйл ажиллагаа эрхлэх бүх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, ... байх тул ... хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Монголбанкны 2013.08.16-ны өдрийн А-175 дугаартай тушаалаар Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.1 дэх хэсэгт заасны дагуу Хны 1996 оны 11 тоот банк байгуулах тусгай зөвшөөрлийг цуцалж Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68.3 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэг, 69.1.9 дэх хэсэгт тус тус заасны дагуу банк, түүний эрх бүхий албан тушаалтны эрх үүргийг хэрэгжүүлэх, банкны хөрөнгийг захиран зарцуулах, банкийг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлж байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Х түүнд холбогдох эрх зүйн харилцаа бүрт банкийг төлөөлж оролцдог. Дээрх 1996 оны 11 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш Х нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон. Энэ нь уг шийдвэр гарахаас өмнө Хны үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үедээ байгуулсан аливаа гэрээний харилцааг дуусгавар болгох, гэрээний талууд үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Зээлийн гэрээг Х ХХК болон Max маркет ХХК нар байгуулсан. Эдгээр хуулийн этгээд нь эрх зүйн чадвартай, улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа бөгөөд гагцхүү Х ХХК-ийн удирдлагын бүрэн эрхийг Банкны эрх хүлээн авагч хэрэгжүүлж байгаа болно. Гэрээний талуудын удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлж буй этгээд хэдэн ч удаа, ямар ч шалтгаанаар солигдсон энэ нь эдгээр хуулийн этгээдийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, эсхүл талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Банкны эрх хүлээн авагч нь Хнаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үедээ байгуулсан зээлийн гэрээний үүргийг гаргуулахыг шаардах эрхтэй. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Х ХХК-ийн чанаргүй зээл, авлагыг төлүүлэх ажиллагааны хүрээнд тус банкинд эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авахаас өмнө олгосон зээлийн өр төлбөрийг зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу шаардсан нь үндэслэлтэй юм.

4.3. зЗээлийн гэрээг цуцлаагүй тухайд: МагадлалдТалуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ ...2013.11.20-ны өдөр цуцлагдсан байх тул ...хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй” гэж дүгнэсэн. Энд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн үндэслэлээ огт тайлбарлаагүй, давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр тодруулаагүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчээс гэрээг цуцлаагүй. Харин гэрээг цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх гэрээг нэхэмжлэл гаргахаас өмнө цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч нь гэрээг цуцлах шаардлагыг гаргасан тул цуцлах хүртэлх хугацаанд гэрээний үүргийг хангуулах нь үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах нь талуудад эрх олгосон зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлах эсэх нь гагцхүү гэрээ цуцлагч талын хүсэл зоригоос хамаарч байдаг тул хуульд энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг тодорхой, ил тодоор, ямар нэгэн эргэлзээгүйгээр мэдэгдэх, энэхүү мэдэгдлийг гэрээний нөгөө тал хүлээн авсан байх шаардлагыг тавьдаг. Шүүхийн гэрээг цуцалсан гэж дүгнэхэд үндэслэл болгосон 2013.11.20-ны өдрийн 1023 дугаартай мэдэгдэлд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэзээ, ямар хугацаанд гүйцэтгэх, гүйцэтгээгүй тохиолдолд хэзээнээс зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх талаар тодорхой заагаагүй. Мөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Банкны эрх хүлээн авагчаас гэрээг цуцлах тухай бус цуцлах нөхцөл бүрдэж болзошгүйг мэдэгдсэн. Иймд ийнхүү мэдэгдсэн нь гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй. 2013.11.22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Энэ хэргийг хянан шийдвэрлэсэн 2013.12.27-ны өдрийн 2635 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжийг 2017.06.07-ны өдрийн 00247 дугаартай шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон. Иймд энэхүү тогтоол гарснаас хойш анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.6 дахь хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж 2020.05.05-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч 2 удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж өөрчилсөн. Ингэхдээ 2017.08.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөхдөө зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээснийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Харин 2020.01.21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх үед талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа /2013.05.30-ны өдрөөс хойш 60 сарын хугацаа өнгөрч/ дууссан тул нэхэмжлэгчээс гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч Х ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,950,000,000 төгрөг, хүү 14,347,288,660 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,833,558,356 төгрөг, нийт 31,130,846,986.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...зээлийн болон барьцааны гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй учир гэрээг хүчин төгөлдөр бус, “Х” ХХК-ийг төлөөлж банкны зээлийн хэлтсийн захирал н.Одпүрэв, нөгөө талаас “М” ХХК-ийг төлөөлж үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал н.Байгалаа, санхүүгийн хэлтсийн захирал н.Мягмаржаргал нар гарын үсэг зурсан тул эрх олгогдоогүй этгээдүүд хэлцэл хийсэн гэж үзнэ. ...хэргийн баримтаар зээлсэн мөнгийг бүрэн хэмжээгээр “Жаст групп” ХХК-д өгсөн нь тогтоогдсон, ...манай компани зээлийг өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, үр шимийг нь хүртээгүй тул хүү төлөх үндэслэлгүй... гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 15,011,465,287.60 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 16,119,381,699 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “М” ХХК нь “Х” ХХК-тай 2013.05.30-ны өдөр 13-1060/49 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14,000,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, бараа материал татан авах /мах, мал бэлтгэх/ зориулалтаар зээлсэн байх ба зээлдүүлэгч банк нь зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Мөн гэрээний талууд харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, “М” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 20 хороо, үйлдвэрийн бүс /16102/ Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5, ХБ 34/7, 34/8, 34/9 тоотуудад байрлалтай, үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү2205011375 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, мөн тус компанийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 хороо хаягт байрших, нэгж талбарын 168023/0075 дугаар бүхий, 32920 м.кв талбай бүхий газар, ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмж зэрэг хөдлөх үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ.

10. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013.07.22-ны өдрийн А-157 дугаар тушаалаар “Х” ХХК-ийг 2013.07.22-ны өдрөөс банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгасан, 2013.08.16-ны өдрийн А-175 дугаар тушаалаар “Х” ХХК-ийг байгуулах 1996 оны 11 тоот тусгай зөвшөөрөл, банкны үйл ажиллагаа эрхлэх талаар урьд олгосон бүх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдсон байна.

11. Хоёр шатны шүүх ...талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасанд нийцжээ.

12. Х ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “М” ХХК-д холбогдуулан 2013.11.22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, үндсэн зээлд 13,950,000,000 төгрөг, хүүнд 914,470,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 146,994,739 төгрөг, нийт 15,011,465,287 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байх ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2013.12.27-ны өдрийн 2635 дугаар захирамжаар зохигчийн 14,864,470,547 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа 2017.07.16-ны өдөр хариуцагч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг хянуулах хүсэлт гаргасны дагуу 2017.06.07-ны өдрийн 00247 дугаар шүүхийн тогтоолоор дээрх, 2635 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

13. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 6.2-т дараах нөхцөл үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно. Үүнд: 6.2.1-д энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар Банкнаас тавьсан шаардлагыг үндэслэлгүйгээр биелүүлээгүй, 6.2.2-т банкны албан ёсны зөвшөөрөлгүй зээлийг зориулалтын бусаар ашигласан өөр этгээдэд дамжуулан зээлдүүлсэн, 6.2.3-т энэ гэрээний заалтуудыг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй бол, 6.2.6-д ...зээлдэгчийн санхүүгийн байдал муудаж доройтсон..., 6.2.7-д ...зээлдэгч аливаа өр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй..., 6.3-т банк зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгчээс зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг бусад зардал төлбөрийг нэн даруй төлөхийг шаардах эрхтэй. Энэхүү гэрээний 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар, хохирлыг Банк хариуцахгүй гэж тус тус тохиролцжээ.  

14. Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч банк нь хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн, гэрээний 6.2, 6.2.6, 6.2.7, 6.3-д зааснаар гэрээг банкны санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдал үүсч байгааг хариуцагчид удаа дараа мэдэгдэн, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэн, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэн, хариуцагчаас 2013.11.20-ны өдрийн байдлаар төлөөгүй үндсэн зээл 13,950,000,000 төгрөг, зээлийн хүү 914,470,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,994,739 төгрөг, нийт 15,011,465,287 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 16,119,381,699 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд нийцсэн байна.

15. Харин, давж заалдах шатны шүүхийн ...“Х” ХХК-ийг 2013.07.22-ны өдрөөс татан буулгасан тул тус банк хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй болж, үүрэг дуусгавар болсон, өөрөөр хэлбэл тус банкны зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх цуцлагдсан тул нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэсэн дүгнэлт учир дутагдалтай, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8-д заасныг зөрчжээ.

16. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан, анхан шатны шүүх хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 20 хороо, үйлдвэрийн бүс /16102/ Г34/1, 34/2, 34/3, 34/4, 34/5, ХБ 34/7, 34/8, 34/9 тоотуудад байрлалтай, үйлдвэрлэлийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү2205011375 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, мөн тус компанийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20-р хороо хаягт байрших, нэгж талбарын 168023/0075 дугаар бүхий, 32920 м.кв талбай бүхий газар, ирээдүйд бий болох агуулах, худалдааны төвийн барилга, тоног төхөөрөмж зэрэг хөдлөх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалданагэж заасныг зөрчөөгүй байна.  

17. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/01434 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1473 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                Б.МӨНХТУЯА                                                                                                

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН