Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00514

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/02358 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2416 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.О, Ч.С нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт нийт 72,695,713 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Оын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.О, Ч.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 72,695,713 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.О эс зөвшөөрч маргасан, гуравдагч этгээдээс ...Зээлдүүлэгч болох банк нь зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийг төлүүлэх талаар бүрэн, хангалттай арга хэмжээг авсны дараа Зээлийн батлан даалтын санд хандана, ...зээлийг төлүүлэх нэхэмжлэл гаргаж зээлийг төлүүлэх, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын санд хандан гэрээгээр тохирсон зээлийн 41.26 хувьд нь багтсан дүнгээр гаргуулах зохицуулалттай тул төлбөр хариуцах үндэсгүй... гэсэн тайлбар гаргасан байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/02358 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.О, Ч.С нараас зээлийн үүрэгт хүүд 67,706,656.6 292,6 /жаран долоон сая долоон зуун зургаан мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг адил тэнцүү дүнгээр хариуцуулан тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдсэн 4,989,056.4 /дөрвөн сая есөн зуун наян есөн мянга тавин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.О, Ч.С нар төлбөрийг сайн дураар төлж эс барагдуулбал 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-3977 дугаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний барьцаа болох Баянгол дүүргийн 09 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамж 43в тоот байрлах 74,1 м.кв хувийн сууц, 220 м.кв гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18639311180525 дугаартай газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237 тоотод байрлах 54 м.кв хувийн сууц, 695 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18644320328125 дугаартай газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237а тоотод байрлах 48 м.кв хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18644320309122 дугаартай газар гэсэн үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдан борлуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 591,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас бүгд 496,483 буюу тус тус 248,241.5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2416 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 181/ШШ2019/02358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О, Ч.С нараас нийт 72,695,713 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “Хариуцагч ...” гэсний өмнө “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар” гэж нэмж, 3 дахь заалтын “... бүгд 496,483 буюу тус тус 248,241.5 төгрөг ...” гэснийг “591,630 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 113,820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 372,619 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Д.О нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 2416 тоот магадлалд дараах хэдэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Барьцааны гэрээний зарим зүйл болох СБД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 2 газрын эзэмших эрх дууссан байхад үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Дээрх 2 газар нь 2013 онд 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй олгогдож 2018 онд газар эзэмших эрх нь дууссан учир барьцааны болон үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй байтал давж заалдах шатны шүүх мэдсээр байж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн анхан иргэний хэргийн анхан шатны шүүгч шүүх хуралдааны төгсгөлд шүүхийн шийдвэрийг сонсгохдоо дээрх газрууд нь эзэмших эрхийн хугацаа дууссан тул үүргийг гүйцэтгэлийг хангуулах боломжгүй тул хасаж шийдвэрлэсэн гэтэл бараг жилийн дараа бичгээр гарсан шийдвэр нь өөрчлөгдөж гарсан нь шударга бус байна. Энэ талаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч бичлэг байхгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэж үзээгүй. Бичлэг байхгүй байна гэдэг нь шүүхийн ажиллагаанд байх шударга, ил тод, нээлттэй хараат бус байх, хөндлөнгийн нөлөөнд үл автах зэрэг зарчим нь алдагдсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүх хурал болсноос хойш бараг жилийн дараа бичгээр гарсан хөндлөнгийн нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзэж байна. Мөн шүүх зээлийн үндсэн хүүг бодлохдоо буруу бодсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан СБД-ийн 15-р хорооны Дамбадаржаагийн 84-р гудамжны 237, 237а тоотод байрлалтай тус 2 ш хашаа байшинг үүргийн гүйцэтгэлээс хасуулах, анхан шатны шүүхийн хууль зөрчсөн зэрэг үйлдэлд гаргасан гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.О, Ч.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 72,695,713 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Банкнаас зээлдэгч нарт зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл өр төлбөрөө төлөөгүй... гэж маргажээ.

7. Нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч Д.О ...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 34,420,922 төгрөг, хүүгийн 6,505,554 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, бусад нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, учир нь үндсэн хүүд тооцсон 32,313,097 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,961,694 төгрөгийг Зээлийн батлан даалтын сан хариуцан төлөх үүрэгтэй... гэж маргасан, харин гуравдагч этгээд Зээлийн батлан даалтын сангаас ...гэрээнд зааснаар зээлдэгч нарыг зээл төлөх боломжгүй, чадваргүй болсон тохиолдолд батлан даалтын үүргээ гүйцэтгэхээр байна. ...Зээлдүүлэгч болох банк нь зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийг төлүүлэх талаар бүрэн, хангалттай арга хэмжээг авсны дараа Зээлийн батлан даалтын санд хандана, ...зээлийг төлүүлэх нэхэмжлэл гаргаж зээлийг төлүүлэх, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын санд хандан гэрээгээр тохирсон зээлийн 41.26 хувьд нь багтсан дүнгээр гаргуулах зохицуулалттай тул төлбөр хариуцах үндэсгүй... гэсэн тайлбар гаргана.

8. Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 67,706,656.6 төгрөгийг адил тэнцүү дүнгээр гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 4,989,056.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт “...хариуцагч нараас 72,695,713 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” өөрчлөлтийг оруулжээ.  

9. Давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

10. Хариуцагч Д.О, Ч.С нар нь 2014.03.19-ний өдөр “Х” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн, талууд гэрээний 3.1.4, 3.1.5-д зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлсэн мөнгийг гэрээний дагуу зээлдэгч нарт шилжүүлж, зээлдэгч хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээжээ.

Түүнчлэн талууд барьцааны гэрээ байгуулж, Д.Оын өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамж, 237А тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв газар, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамж, 237 тоот хаягт байршилтай 54 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 695 м.кв газар, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 43в тоот хаягт байршилтай 74.1 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 220 м.кв талбай бүхий газар, 89-77 УНТ дугаартай Лексус 450 маркийн автомашин, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан байна. /хх-ийн 11, 14, 17, 20, 23, 26/

11. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй талаар зөв дүгнэжээ. 

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нар нь 2014.04.20-ны өдрөөс 2015.10.19-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 45,764,359.12 төгрөг төлсөн боловч зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс 2019.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 34,420,922 төгрөг, хүүд 32,313,097 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,961,694 төгрөг, нийт 72,695,713 төгрөг төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон байна. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Наранцэцэг, Б.Батцэцэг нараас зээлийн гэрээний үүрэгт уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасанд нийцжээ.

13. Хариуцагч Д.Оын гаргасан ...шүүхийн ажиллагаанд шударга, ил тод, нээлттэй хараат бус байх, хөндлөнгийн нөлөөнд үл автах зэрэг зарчим алдагдсан гэж үзэж байна. ...зээлийн үндсэн хүүг буруу бодсон, ...Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаагийн 84-р гудамжны 237, 237а тоотод байрлалтай 2 ш хашаа байшинг үүргийн гүйцэтгэлээс хасуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд ...хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, мөн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр тул барьцааны хөрөнгө болох хоёр хашаа байшингаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2416 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ