Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00464

 

“Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01726 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1965 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ж” ХХК, Л.Б нарт холбогдох,

74,577,096.06 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Л.Б, “Ж” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,816,854.96 төгрөг, хүү 23,561,210.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,230.81 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 105,300 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 47,500 төгрөг, нийт 74,577,096.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01726 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Баас нийт 74,541,996.06 /далан дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах, “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Алтай гудамж, 77 байр, 68 тоот хаягт байрлах 45.8 метр квадрат, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 600,968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 600,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 67 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1965 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01726 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “74,541,996.06” гэснийг “33,659,332” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,882,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “600,968” гэснийг “326,246” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хны нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Баас зээлийн гэрээний үүрэгт 74,577,096.06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн №1965 тоот магадлалыг нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй. Давж заалдах шатны шүүх “...Талуудын хэн аль нь гэрээний үүргийн зөрчил үүсгэсэн байх тул гэрээг цуцлах шаардлага үндэслэлгүй...”, “...анх гэрээний нөхцөлөө жилийн 8 хувийн хүүтэй гэж тохиролцсон байх бөгөөд зээлдэгч гэрээг зөрчсөн тохиолдолд хүүг 19,2 хувийн хүү болгон өөрчлөх талаар гэрээнд оруулсан өөрчлөлт нь хууль зүйн үндэслэлгүй...” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг цуцлахгүйгээр зээлийн хүүг 19,2 хувиар бус 8 хувиар тооцож зээлийн хуримтлагдсан зөрчлийг зээлдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2015.04.09-ний өдрийн №ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний нөхцөлүүдийг талууд харилцан тохиролцож хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, хүсэл зоригоо харилцан илэрхийлж баримт бичиг үйлдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.4 “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.”-д заасны дагуу банк зээлдэгч Л.Бт орон сууцны төлбөр болох 53,200,000.00 (тавин гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг бодитоор олгож хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээний 2.7-д Гэрээний 2.8-2.13-д заасан тохиолдол үүссэн бол талууд гэрээний 2.2-д заасан зээлийн хүүг дараах хүүнд шилжүүлэхээр тохиролцов. Үүнд: Зээлийн хүү (үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү): жилийн 19,2 хувь, сарын 1,60 хувь” гэж, мөн гэрээний 2.9-д “Банк судалж, шийдвэрлэсэн зээлийг “зээлийг худалдан авагч” хоёрдогч шинжилгээ хийгээд уг зээлийг худалдан авахаас татгалзсан тохиолдолд тухайн өдрөөс банкны зээлийн хүүг гэрээний 2.7-д заасан хүүнд шилжүүлж өөрчилнө” хэмээн талууд гэрээний нөхцөлийг урьдчилан харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд зээлийн хүү нэмэгдэх талаар талууд үндсэн гэрээгээр анхнаасаа харилцан тохиролцсон байсан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №200 тоот “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” тогтоол, Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2013.06.14-ний өдрийн №А-122 тоот тушаалаар батлагдсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон 2008.10.17-ны өдрийн 446 тоот тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу “Монголын ипотекийн корпораци” ОССК нь Худалдаа, хөгжлийн банкнаас зээлдэгч Л.Бт олгосон жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг хянан үзээд уг зээлийг худалдан авахаас татгалзсан тухайгаа 2015.07.07-ны өдөр банкинд мэдэгдсэн. /хх-145-146-р хуудас/ Банк дээрх мэдэгдэлд дурдсан зөрчил буюу татварын өрийг төлж барагдуулахыг зээлдэгчээс шаардсан боловч шаардлагыг огт биелүүлээгүй. /хх-51-53-р хуудас/ Улмаар зээлдэгч шалгуурыг хангаагүйгээс уг зээлийг “Монголын ипотекийн корпораци” ОССК-д шилжүүлэх буюу худалдах нөхцөл бүрдээгүй. “Монголын ипотекийн корпораци” ОССК нь холбогдох журмын дагуу шаардлага тавьсан ба зээлдэгч нь шалгуур үзүүлэлтийг ханаагүй нь түүнтэй байгуулсан орон сууцны зээлийн гэрээний 2.9-д заасан нөхцөл бүрдэхэд хүргэсэн тул зээлийн хүүг гэрээний 2.7-д заасан хүүнд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Банк зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаагүй, хүчин төгөлдөр гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу зээлийн хүү өөрчлөгдсөн нь хууль зөрчөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй байна. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2017.10.16-ны өдрөөс хойш зээлд төлөлт хийгээгүй. Банк гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, зөрчил арилгах боломжит хугацааг олгож байсан боловч үүргээ сайн дураар биелүүлээгүй тул 2020.02.13-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардсан нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 1965 тоот магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.23-ны өдрийн 181/ШШ2020/01726 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Л.Б, “Ж” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,816,854.96 төгрөг, хүү 23,561,210.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,230.81 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 105,300 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 47,500 төгрөг, нийт 74,577,096.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Хариуцагч Л.Баас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч банк нь миний зээл хүссэн өргөдөл, материалыг судалж, зээлийн хороогоор оруулж 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгосон, ...гэтэл гэнэт “танай компани татварт өртэй юм байна, таны зээлийн хүү 8 хувь байх боломжгүй, хүүг 19.2 хувь болгоно” гэж хүчээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Миний зүгээс зээлийн хүүг өсгөх үндэслэлгүй, 8 хувийн хүүгээр зээлээ төлөх талаар удаа дараа хэлж, ярьж хүсэлт гаргасан боловч өнөөг хүртэл шийдвэрлэж өгөхгүй хохироож байна. ...энэ асуудлыг урьд нь шүүх шийдвэрлэсэн... гэсэн, хариуцагч “Ж” ХХК-аас ...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй... гэсэн тайлбар тус тус гарган, маргасан байна.

8. Анхан шатны шүүх хариуцагч Л.Баас зээлийн төлбөрт 74,541,996.06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 35,100 төгрөгийг гаргуулах болон “Ж” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, хариуцагч Л.Баас зээлийн төлбөрт 33,659,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 40,882,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ. 

9. Давж заалдах шатны шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.  

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Л.Б нь “Х” ХХК-тай 2015.04.09ий өдөр зээлийн гэрээ байгуулан, 53,200,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй зээлж авсан байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулж, Л.Бын өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Алтайн гудамж 77 дугаар байр, 68 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэлтэй, 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Талууд анх гэрээндээ зээлийн хүүг жилийн 8 хувийн хүүтэй байхаар тохиролцон гэрээ байгуулж, зээлдэгч зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлж байсан боловч нэхэмжлэгч банк нь зээлдэгчийг гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр 2015.02.23-ны өдрөөс зээлийн хүүг жилийн 19.2 болгож өөрчилснөөс талуудын хооронд маргаан үүсч, зээлдэгч 2015 оны 5 дугаар сараас зээл төлөх хуваарийг зөрчсөн байна.

Улмаар нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Л.Бт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүх 2019.01.07-ны өдрийн 181/ШШ2019/00096 дугаар шийдвэрээр “...зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг жилийн 8 хувиас жилийн 19.2 хувийн хүүд шилжүүлэхээр тохиролцсон нь Л.Бт хамааралтай шалгуур болохоос түүний хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг хуулийн этгээдэд тавигдах шалгуур биш, зээлдэгчийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг хуулийн этгээд татварын өр төлбөртэй байх нь зээлдэгч буюу Л.Быг орон сууцны ипотекийн журмаар зээлдэгчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогджээ. 

11. Давж заалдах шатны шүүхээс ...нэхэмжлэгч нь зээлийн хүүг жилийн 19.2 хувь болгож гэрээнд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй, зээлдэгч гэрээний үүргийг биелүүлэхдээ жилийн 8 хувийн хүүгээр тооцож төлөх үндэслэлийн талаар дүгнэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.07-ны өдрийн 181/ШШ2019/00096 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэн, хариуцагч Л.Баас, түүний 2015.04.09-ний өдрөөс 2020.02.14-ний өдөр хүртэл нийт 58 сарын хугацаанд зээлийн төлбөрт төлбөл зохих төлбөрийг, тодруулбал үндсэн зээлд 12,856,628 төгрөг, зээлийн хүүд 20,802,666 төгрөг, нийт 33,659,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасанд нийцсэн байна. 

12. Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч Л.Б нь дээрх хугацааны үндсэн зээл, хүүд 33,659,332 төгрөгийг төлж, цаашид гэрээнд зааснаар зээлийг жилийн 8 хувийн хүүгээр тооцож төлөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээнд заасан эрх, үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй юм. 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх зээлийн гэрээ цуцлагдаагүй, зээлдэгч гэрээний дагуу зээлийг үргэлжлүүлэн төлөх үндэслэлтэй талаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн атлаа анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн алдаа гаргасан, хяналтын шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

13. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. ...гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд зээлийн хүү нэмэгдэх талаар талууд үндсэн гэрээгээр анхнаасаа тохиролцсон байсан. ...“Монголын ипотекийн корпораци” ОССК нь зээлдэгч Л.Бт олгосон жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг хянаж үзээд уг зээлийг худалдан авахаас татгалзсан. ...Банк гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, зөрчил арилгах боломжит хугацааг олгож байсан боловч үүргээ сайн дураар биелүүлээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Иймд магадлалыг хүчингүй болгож, ...шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

14. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1965 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01726 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Баас зээлийн гэрээний үүрэгт 33,659,332 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,882,664 төгрөгийг гаргуулах болон бусад шаардлага, хариуцагч “Ж” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг буюу “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Алтай гудамж, 77 байр, 68 тоот хаягт байрлах 45.8 метр квадрат, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэснийг хүчингүй болгож, 3 дахь заалтын “600,859” гэснийг “326,246” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “3, 4” гэсэн дугаарыг “2, 3” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.16-ны өдөр төлсөн 600,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧ ИД                                                       Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА                                                                                       

С.СОЁМБО-ЭРДЭНЭ