Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/01723

 

 2020          06            22                                                183/ШШ2020/01723

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол ................. тоот хаягт оршин суух У овогт Г.М /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй  

 

Хариуцагч: Хан-Уул ............. тоотод оршин суух, Б овогт, Х.А /РД:00000000/,

 

Хариуцагч: Хан-Уул ......................... тоотод оршин суух, М овогт Н.У /РД0000000/ нарт  холбогдох

 

            Н.У-ын хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, хариуцагч Х.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.М миний бие 2014 оны 8 дугаар сараас БГД-ийн ......... тоот 29м.кв 2 өрөө байрыг 2017 оны 7 сар хүртэл түрээсийн төлбөрт 19 180 000 төгрөг төлсөн. Ингээд М бие ажил дээрээ үйлдвэрлэлийн осолд өртөж группд орсон. Гэр бүлийн хүн И.Д хэвтэрт ороод 4 сарын мөнгөө төлж чадаагүй. БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй нөхөн олговроо орохоор өгье гэж гуйсан боловч эхнэр болох Н.У нэг эмэгтэйн хамт 2017 оны 11 дүгээр сарын 7-ны шөнө хэл амаар доромжлон хаалганы гол сольж байрнаас хөөж гаргасан. Ингээд өвлийн  хүйтэнд өмссөн хувцастайгаа хөөгдсөн. 2018 оны 02 дугаар сарын 5-нд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч ямар ч арга хэмжээ аваагүй хариу мэдэгдэх хуудсыг 2018 оны 4 дүгээр сарын 30-нд өгсөн болно. А руу ярихаар утсаа блоклчихоод авдаггүй. Эхнэр нь хэл амаар доромжилдог байсан. Бичиг баримт, эд хөрөнгөө хаана байгааг мэдэхгүй ачаад явсан гэж одоо түрээсэлж байгаа эмэгтэй хэлсэн. Хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтаа авч чадаагүйн улмаас тэтгэмжээ авч чадахгүй, тэтгэврээ тогтоолгоход хүндрэлтэй болж байна. Иймд иргэн Х.А-ын хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ болон нөхрийн эрдмийн ажлын гар бичвэрүүд болон бусад бичиг баримт, нийт жагсаалтад дурдсан 76 төрлийн эд хөрөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 08 сараас түрээсэлж байгаад 2016.09.01 ний ажил дээрээ унаад үйлдвэрлэлийн осолд орсны улмаас группт орж 4 сарын түрээсийн төлбөрөө төлж чадаагүй. 2017 оны 11 сарын 07 ны орой 19-22 цагийн хооронд У найз эмэгтэйн хамт ирээд орилж чаралж хаалганы гол солиод явсан. Маргааш нь хүү өвгөн бид 3 тал тал тийшээ ажилдаа явсан ба эргэж орой гэртээ орж чадахгүй, У-ас айгаад хүүтэйгээ айлаар хоноглож байгаад 2017 оны 11 сарын 28 наас хүүтэйгээ нийтийн байранд орсон. Энэ хооронд мөнгө хайгаад л байсан ч олдоогүй 2017 оны 12 сарын 05 нд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан 2018 оны 02 сарын 12,13,14ны өдөр 2 удаа, мөн 20 ны өдөр тус тус У-а руу залгахад сүүлдээ намайг блоклосон. Цагдаа дээр очихоор утас нэг бол хаягийг нь олоод ир гэх зэргээр чирэгдүүлсээр байгаад 2018 оны 4 сарын 17 ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзсан байсныг мэдээд прокурорт хандахад мөрдөгчийнхөө зөв гээд хэргийг хаасан. 2018 оны 03 сарын 06 ны өдөр түрээсэлж байсан байрны тагтыг ажиглахад хивс байхгүй болсон байсныг анзаараад орж уулзахад хаалгыг өөр хүн онгойлгоод энэ байрнаас их зүйл ачаад аваад явсан гэж ярьсан тэр үед тэр эмэгтэйн утсыг авчихсан байсан бол гэж одоо бодогдож байна. 2019.08.27 ны өдөр шүүхэд хандсан СӨХ ийн дарга, үйлчлэгч нар энэ талаар мэдэж байгаа, жагсаасан 76 нэр төрлийн юмыг багцалсан байгаа болохоос дотроо задалбал маш олон юм байгаа, нөхөр  Х А нь тухайн үед гадаадад байсан гэдэг баримтыг өмгөөлөгч нь авчирсан болохоор түүнээс татгалзаж одоо эд зүйлээ эхнэр У-агаас нь л нэхэмжилж авах тул түүнээс гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа: “Би анх 2014 оны дундуур орон сууц хөлслүүлнэ гэсэн зар өгсөн ба нэхэмжлэл гаргасан Г.М нь зарын дагуу 2014 оны 7 сард ирж уулзаад 2014 оны 8 сард хөлслөхөөр тохиролцсон. Төлбөрийг 1 сарын 650.000 төгрөгөөр 3 сараар нь төлөхөөр тохиролцож төлбөрөө төлж эхэлсэн. Нийт манай байрыг 3 жил гарангийн хугацаанд тогтвортой хөлсөлсөн. Ингээд 2017 оны 04 сараас эхлэн төлбөрөө төлөөгүй ба шалтгаанаа хэлэхдээ манай нөхөр хувийн сургуультай юмаа бид сургуулиа зарах болж байгаа тул сургуулиа зараад танай төлбөрийг асуудалгүй төлнө гэж хэлэхэд нь итгээд ямар ч асуудал гаргалгүй хүлээсэн. Учир нь нэхэмжлэгч М гуайн хувьд урьд нь ч төлбөрөө хожимдуулсан ч нөхөөд төлдөг байсан болохоор төлөх төлөхгүй зугтаана гэж бодоогүй. Манай эхнэр У нь хэд хэдэн удаа төлбөрөө төлөхийг шаардаж байсан нь үнэн. Гэхдээ арай ч хөхөө өвлийн хүйтэнд хөөж гаргасан асуудал байхгүй. Харин төлбөрөө төлөхгүй бол байр суллаж өгөхийг мэдэгдсэн байсан. Гэтэл 2017 оны 11 сарын хэдний өдрийг нь санахгүй байна хамаг юмаа ачаад хаалга түгжээд явсан байсан. Тухайн үед нь бид хорооны цагдаад мэдэгдэж цагдаагаар утас руу нь залгуулахад утсаа авахгүй байсан. Түүнээс хойш М гуайн утас руу өөрийнхөө дугаараас удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан. Ингээд бид цоожоо эвдээд дахин шинээр гол солиулж хийлгэсэн. Хэл сураггүй явахдаа манай байранд ямар ч эд хогшил үлдээгээгүй байсан. Би М гуайн нэг ч бичиг баримтыг авсан зүйл байхгүй. Ямар учраас надаас бичиг баримт эд хөрөнгө нэхэмжилээд байгааг ойлгохгүй байна. Иймд Г.М-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Х.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.А нь иргэн Г.М-аас түрээсийн болон СӨХ төлөгдөөгүй төлбөрт 3 023 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байснаасаа бүхэлд нь татгалзсан тул түүний бичсэн хүсэлтийг шүүхэд гарган өгч байна” гэв.

 

Хариуцагч Н.У нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын иргэн Н.У би Г.М-ын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Г.М-тай орон сууц түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ, хэлцэл байгуулах зэргээр эрх зүйн алив хэлбэрийн эрх зүйн харилцаанд оролцож байгаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар үндэслэлээр хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг........тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч нь нөхөр Х.А юм. Тиймээс ч Х.А нь иргэн Г.М-тай уг орон сууцыг түрээслэх тухай хэлцэл байгуулж төлбөр мөнгийг тохирсон. Нөхөр Х.А-ыг гадаад улсад зорчих зэргээр эзгүй байх хугацаанд түүний зөвшөөрлөөр гэр бүлийн хэрэгцээнд шаардагдсан санхүүг хангах зорилгоор Г.М-аас түрээсийн үнэ /төгрөгөөр/-ийг миний дансанд шилжүүлэн авч би зарцуулсан тохиолдол нэг биш удаа байсан.

Нөхөр Х.А-ын надад тайлбарласнаар иргэн Г.М нь зарим сарын түрээсийн болон СӨХ-ийн төлбөрөө төлөхгүйгээр өөрсдийн өмч хөрөнгөө аваад, хог хаягдлаа үлдээгээд, түрээслэн амьдарч байсан орон сууцаа өмчлөгч /түрээслүүлэгч/ нөхөр Х.А-д хүлээлгэн өгөлгүйгээр цоожлоод зугтаан гарсан. Одоо ямар эд хөрөнгө, хичнээн цаг хугацааны дараа Г.М нь биднээс нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Түрээсийн төлбөрөө төлөөгүй талаар тус дүүргийн 13-р хорооны цагдаагийн ажилтан мэдэж байгаа. Иймд нөхөр Х.Аын нэхэмжлэлийн шаардлагыг ханган өгч бидний хохирлыг арилгаж өгнө үү.

Иргэн Н.У миний бие цаашид энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хувийн байдал, дэлхий нийтийг түгшээж байгаа цаг үеийн нөхцөл байдал /СО\/ID-19/-аас шалтгаалан алив хэлбэрээр оролцохоос татгалзах хүсэлтийг танай Шүүхэд гаргаж байна. Миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэнэ үү”

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор , бүрэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М нь анх хариуцагч Х.Ад холбогдуулан Х.А-ын хууль бус эзэмшлээс хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ болон нөхрийн эрдмийн ажлын гар бичвэрүүд болон бусад бичиг баримт, нийт жагсаалтад дурдсан 76 төрлийн эд хөрөнгийг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар эхнэр Н.У-ыг татан оролцуулах хүсэлт гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр  хариуцагч Х.Ааас татгалзаж, зөвхөн Н.У-ын хууль бус эзэмшлээс хөрөнгө шаардсан болно. Хариуцагч Н.У нь 2020.05.27 ны өдөр бичгээр, 2020 оны 06 сарын 22 ны өдөр шүүгчийн туслахад тэмдэглэл үйлдүүлэн шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй, өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Х.А-ын өмчлөлийн Баянгол ........... тоот 29м.кв 2 өрөө байрыг 2014 оны 8 сараас 2017 оны 11 сарын 07 ныг  хүртэл түрээслэж, сарын 650 000 төгрөгийн хөлс төлж, тус байранд амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ асуудлаар маргаангүй байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд түрээсийн гэрээний төлбөр төлөөгүй асуудлаас маргаан үүсч, нэхэмжлэгч Г.М уг түрээсийн байрнаас гарснаар дээрх гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Харин дээрх байрны 4 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй асуудлаас маргаан үүсч, улмаар 2017 оны 11 сарын 8 ны өдрөөс түлхүүргүйн улмаас байрандээ нэвтэрч чадаагүй гэж нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч нь төлбөрөө дутуу төлөөд өөрсдөө хаалга цоожлоод зугтсан гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь 2018 оны 2 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст, 2018 оны 5 сард Баянгол дүүргийн Прокурорын газарт дээрх маргаан бүхий асуудлаар гомдол гаргасныг хариу мэдэгдэх хуудсаар “...холбогдох асуудал нь гэмт хэргийн шинжгүй байх тул хүлээн авахаас татгалзаж, иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн байна./хх-ийн 12-13/

 

            Нэхэмжлэгч Г.М нь Н.У-ас бичиг баримт болон эд хөрөнгөө гаргуулахаар шаардсан шаардлагаа нотолж чадаагүй бөгөөд тухайн орон сууцанд нэхэмжлэгчийн ямар, ямар эд хөрөнгүүд, бичиг баримтууд байсан талаар хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Хэдийгээр түүний зүгээс /хх 14-15 хуудас/ орон сууцанд үлдээсэн гэх тавилгуудын фото зургийг гаргаж өгсөн ч тухайн тавилга нь 76 нэр төрлийн шаардаж буй эд хогшил мөн эсэх нь эргэлзээтэй, тэрчлэн 2017 оны 11 сарын 08 ны өдрөөс  хойш бүтэн 3 сарын дараа бюу 2018 оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад хандаж байгаа нь ойлгомжгүй нөхцлийг үүсгэж байна. Уг 90 хоногийн хугацаанд эрхээ хамгуулах талаар хуулийн байгууллагад хандаагүй байх ба / хх 26-27 хуудас/ нэхэмжилж буй эд хөрөнгөнүүд үнэхээр тухайн орон сууцанд үлдсэн эсэх асуудлыг диспозитов зарчмын дагуу ажилладаг иргэний хэргийн шүүх тогтоох боломжгүй байна. Тус хэрэгт гэрчээр асуугдаж буй Х СӨХ ны дарга Ж.И нь тухайн орон сууцны тагтан дээр хуучин хүнийх нь юмнууд байсан,  саарал хөргөгч хивс байсан гэдэг ч эдгээр нь нэхэмжлэгчийнх мөн эсэх нь мэдэгдэхгүй, мөн тус байрны үйлчлэгч Т.С нь “би ачиж явж байсныг хараагүй, байрны хүмүүс тэгж ярьдаг, М өөрт нь хөөгдөөд гарсан тухайгаа ярьж байсан” гэж  мэдүүлдэг нь бас л тухайн 76 нэр төрлийн эд хөрөнгө Н.Уд байгаа гэдгийг шууд  нотлохгүй байна. Нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадахгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотолж чадаагүй гэж шүүх дүгнэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Х.А нь татгалзсан, мөн нэхэмжлэгч нь Х.А-ыг хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       

        1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ын хариуцагч Н.У-ын хууль бус эзэмшлээс бичиг баримт, эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай. 

                                  

 

ДАРГАЛАГЧ                                   О.ЧУЛУУНЧИМЭГ