Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/01429

 

 

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/01429

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: А ББСБ ХХК- ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Ц.Б д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 73 850 827 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

  Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч  Ц.Б  нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №ЗГ 2019/79 тоот зээлийн гэрээ байгуулж 55 000 000 төгрөгийг 1 сарын үндсэн хүү 4,5 хувь, нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн 20 хувь, зээлийн гэрээний хугацаа 6 сар байхаар харилцан тохиролцож, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 45.8 м.кв талбайтай Контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан. Гэтэл зээлдэгч Ц.Б  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийн ноцтой зөрчил үүсгэж, зээлийн төлбөрөөс төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн үлдэгдэл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 18 850 827 төгрөг, нийт 73 850 827 төгрөг болсон байна. Зээлдүүлэгч А ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Ц.Б д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараалан утсаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, үл тоож, зээлдүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, компаний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч Арвин овогт Цэрэнсономын Б аас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №ЗГ 2019/79 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 18 850 827 төгрөг, нийт 73 850 827 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 45.8 м.кв талбайтай Контор, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар манай үйлчлүүлэгч ярьдаг. Анх зээлийн гэрээгээр 55 000 000 төгрөгийг зээлсэн, үүнээс 3 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 52 000 000 төгрөгийг зөвшөөрч, төлнө гэдэг. Харин нэмэлт зээл гэж 8 000 000 төгрөгийг авсан боловч уг мөнгийг анхны зээлийн гэрээгээр олгосон хугацаанаас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт байхгүй, эргэлзээтэй, эрх олгогдсон эсэх нь тодорхойгүй. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу эхний ээлжинд үндсэн зээлийг төлөхөөр тохирсон байгаа тул төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, нийт 52 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК хариуцагч Ц.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 18 850 827 төгрөг, нийт 73 850 827 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2019 оны 9 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ2019/79 зээлийн гэрээ, №БГ2019/79 барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр А ББСБ ХХК  нь 55 000 000 төгрөгийг, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 9-11/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ./хх-ийн 10-15/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал талуудын байгуулсан 2019.09.10-ны өдрийн 2019/79 дугаартай Зээлийн гэрээгээр 55 000 000 төгрөгийг зээлэхээр тохирсон асуудлаар маргаагүй хэдий ч гэрээ байгуулсан өдөр А ББСБ ХХК нь 47 000 000 төгрөгийг, 2019.10.10-ны өдөр 8 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Б ы зээлийн дансаар бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгчээ./хх-ийн 38-40/

Нэхэмжлэгч А ББСБ ХХК дээрх зээлийн төлбөр тооцоог зээл олгосон өдрүүдээс тооцож, зээлийн тооцоолол гаргаж нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна./хх-ийн 17/

Хариуцагч тал зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийг эхэлж төлөхөөр тохирсон тул 2019.10.10-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцуулна гэж тайлбар гаргаж байх ба хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан зээл, хүүгийн эргэн төлөх хуваариас нийт 6 удаагийн төлөлтөөр уг зээлийг, хүүгийн хамт төлж дуусгах, түүнчлэн эхний 3 удаа хүү төлж, үлдсэн 3 төлөлтийг хүү, үндсэн зээлийн хамт төлж дуусгахаар тохирсон баримт хэрэгт авагдсан байх ба уг баримтад техникийн шинжтэй алдаа гарч үндсэн зээлийн төлбөр төлөлт, хүүний төлөлт гэсэн 2 баганын нэрийг сольж бичсэн нь тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна./хх-ийн 11/

 

А ББСБ ХХК нь 2014.10.10-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 440 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн 1/436 дугаар гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./хх-ийн 7, 19/

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх ба хариуцагч Ц.Б  нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, хугацаа хэтрүүлсний хүүгийн хамт шаардах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Ц.Б аас үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 18 850 827 төгрөг, нийт 73 850 827 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Тус шүүх хуралдааны товыг 2020.05.15-ны өдрийн шүүх хуралдаанаар товлож, хариуцагч Ц.Б  шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б аас зээлийн гэрээний үүрэгт 73 850 827 /далан гурван сая найман зуун тавин мянга найман зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б  нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан  орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, контор үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох Ц.Б ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 597 404 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б аас улсын тэмдэгтийн хураамжинд 597 404 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ