| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00367/И |
| Дугаар | 1713 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 1713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***тоотод оршин суух, Б*******ийн А /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***, өөрийн байр, НШШГГ-т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А,
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас,
Гэрч хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.А миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гарын 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 4/28018 тоот мэдэгдлийг хүлээн авч танилцаад энэхүү нэхэмжлэл гаргасан. Уг мэдэгдэлд “Төлбөр төлөгч Э.АЖ, Б.А нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт байрлах, 127 м.кв орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 175.300.000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдье” гэсэн байсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.А миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах, 127 м.кв орон сууцыг 175.300.000 төгрөгөөр үнэлэн анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг Б.А миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар захирамжаар Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 34.654.567,92 төгрөгийг Э.АЖ, Б.А нар төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжийг сайн дураараа биелүүлж шүүгчийн захирамж гарснаас хойш Хас банкинд 6.624.384 төгрөгийг төлсөн.
Энэхүү төлбөр төлсөн байдлыг үндэслэл болгон үзэхэд Э.АЖ, Б.А нар нь дээрхи шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж байсан бөгөөд нийт 6.624.387 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг төлөх бүхий л боломж нөхцлөө ашиглаж байхад шийдвэр гүйцэтгэх газар байрыг маань албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “*******” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч “*******” ХХК Баянзүрх дүүрэг, **** тоотын 127 м.кв орон сууцыг 175.300.000 төгрөгөөр үнэлсэн.
Б.А миний өмчлөлийн тус орон сууц хотын төвд байршилтай, тохижилт сайтай, чанартай материалаар баригдсан, өнгө үзэмжийн хувьд өндөр түвшинд хийгдсэн бөгөөд уг орон сууцыг худалдан авснаасаа хойш удаа дараа доторхи засваруудыг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлсэн ба зах зээлийн үнэлгээ нь одоог хүртэл өндөр байгаа.
“*******” ХХК чухам ямар аргачлалыг ашиглан ямар нөхцөл байдлыг харгалзан орон сууцыг үнэлсэн нь тодорхойгүй ба уг орон сууц Хас банкинд төлөх зээлийн өр төлбөрөөс хэд дахин өндөр үнэлгээтэй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэд дахин доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Би уг орон сууцаа 2003 онд худалдан авсан ба миний гал голомт учраас хямдхан үнэлүүлмээргүй байна. 200.000.000 төгрөг болно гэж үзэж байгаа. Хүмүүсээс асуухад үнэтэй гэж байсан.
Иймд Б.А миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах 127 м.кв орон сууцыг 175.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар захирамжаар Э.АЖ, Б.А нараас 34.654.567 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 165.611 төгрөг тус тус гаргуулан Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.А, Э.АЖ нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах 127 м.кв орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 19261405/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн.
2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 19261405/04 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад 280.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Хас банк 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/6772 тоот албан бичгээрээ эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 412 дугаар тогтоолоор “*******” ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох шинжээчээр томилсон.
Хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ийн үнэлгээчин нь Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 127 м.кв талбайтай орон сууцыг 175.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг талуудад 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 4/28018 тоот мэдэгдлээр танилцуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай захирамжаар Э.АЖ, Б.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.654.567 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 165.611 төгрөг, нийт 34.820.179 төгрөгийг гаргуулан Хас банкинд олгон, зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг, *** тоотын 127 м.кв талбайтай, 4 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Э.АЖ, Б.А нар шүүхийн шийдвэр гарснаас хойш 6.900.000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 27.920.179,42 төгрөгийг төлөхгүй байсан тул НШШГГт шилжүүлсэн ба үүнээс хойш төлбөр төлөөгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар битүүмжилж хураасан хөрөнгийн үнийн саналыг өгөхөөс татгалзсан тул банк үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан. НШШГГ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шинжээч томилох тухай тотоол гаргасан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу явагдсан.
Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэнийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр танилцуулсан ба энэ ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу явагдсан.
Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр үнэлгээтэй танилцаад шүүхэд 7 хоногийн дотор гомдлоо гаргах байтал 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчиж байна.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тайланд Баянзүрх дүүрэг, 2*** тоотын 127 м.кв талбайтай орон сууцыг 175.300.000 төгрөгөөр үнэлсэн нь дуудлага худалдаагаар зарах зах зээлийн дээд үнэ биш бөгөөд дуудлага худалдаагаар өсөх ёстой үнэ. Уг хөрөнгө дуудлага худалдаагаар өөрийн үнэ цэнээр үнэ нь өсч дуудлага худалдаагаар худалдан борлогдох ёстой билээ.
Хөрөнгиийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан баримт бичиг бөгөөд уг үнэлгээний талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй болно. Хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа бол мөн хуулийн 11.1.3-т зааснаар мэргэжлийн зөвлөлд нь гомдол гаргах ёстой.
Б.А нь шинжээчийн үнэлгээ гарснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн үнээс илүү дүнгээр уг орон сууцыг худалдан борлуулах эрхтэй ба анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны үнээс дээгүүр дүнгээр худалдан борлуулах бүрэн боломжтой атал шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь НШШГГт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоотын 127 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 175.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд зааснаар Хас банкны нэхэмжилсэн 34.654.567,92 төгрөгийг хариуцагч Б.А, Э.АЖ нар 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах,
тус хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 331.223 төгрөгийн тал хувь 165.611,50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь ******* тоот данснаас, 165.611,50 төгрөгийг хариуцагч Б.А, Э.АЖ нараас гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.611,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 5-7, 8 дугаар тал/
Тус шүүх 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар бүхий захирамжаар Хас банкны нэхэмжлэлтэй Э.АЖ, Б.А нарт холбогдох 34.654.567,92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэх хангуулах тухай хэргийг шийдвэрлэсэн ба 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 6917 дугаар захирамжаар Б.Ад холбогдох Хас банкны нэхэмжлэлтэй хэрэг шийдвэрлэгдээгүй нь шүүхийн бүртгэлийн “Иргэн 2014” иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системд бүртгэгдсэн ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын 2020 оны 1 дүгээр сарын 6-ны лавлагаагаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийн хэрэгсэхгүй болгох тухай дээрх шийдвэр, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 6003 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон мөн өдрийн 555 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 19261405 дугаар бүхий ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагаа явагдаж эхлэн төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгчээ.
/ХХ-ийн 28-30,61 дүгээр тал/
2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 19261405/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоотын 127 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлджээ
/ХХ-ийн 33-34, 37 дугаар тал/
Мөн газрын “Эд хөрөнгө хураах тухай” 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 19261405/04 тоот тогтоолоор битүүмжилсэн орон сууцыг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан мэдэгдэж ажиллагааны тэмдэглэлийг үйлдсэн байна.
/ХХ-ийн 37-40 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг, *** тоотод хүрэлцэн очиж төлбөр төлөгч Б.Ад шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулан өгөхөд тэрээр “үнийн санал өгөх мэдэгдэл ирсэн, мөнгийг төлнө, хугацаа хэрэгтэй байна” гэх тайлбар өгснийг шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлдээ тусгажээ.
/ХХ-ийн 42 дугаар тал/
Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч, өмчлөгч нар гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.
Төлбөр төлөгч Э.АЖ, Б.А нар төлбөрт битүүмжлэн, хураасан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байр, 13 тоотын 127 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцанд үнэлгээ өгөхөөс татгалзан үүнийгээ шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр ирүүлжээ.
/ХХ-ийн 43, 67-68 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 412 тоот тогтоолоор төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, *** тоотын 127 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр “*******” ХХК-ийг томилжээ.
Шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцэж байх ба эдгээр ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
/ХХ-ийн 44-45 дугаар тал/
“*******” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 104 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа:
-Баянзүрх дүүрэг, *** тоотын 127 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнэ 175.300.000 төгрөг байна гэжээ.
/ХХ-ийн 47-60 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх талаар заасан ба уг хуулийн 9.1-т “Шнжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”,
9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан байна.
Хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
“... Мэргэжлээрээ 21 дэх жилдээ ажиллаж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 412 тоот тогтоолыг мөн өдөр нь гардан авсан. Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байрны 13 тоот орон сууцтай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн.
Үнэлгээ гаргахад би багийн ахлагчаар, туслах үнэлгээчнээр н.Мягмарсүрэн ажилласан. Баянзүрх дүүрэг, *** тоотын 127 м.кв талбайтай орон сууц 2004 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.Аын өмчлөлд бүртгэгдсэн байсан ба уг орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон улсын үнэлгээний стандартыг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн үнийг нь тогтооход тухайн орон сууц 175.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн. ...” гэжээ.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага “*******” ХХК-ийг шинжээчээр томилсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 412 тоот тогтоолыг шинжээчид мөн өдөр нь танилцуулсан ба шинжээч Б.Эрдэнэбаатар хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй нь Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 тоот тушаалын дагуу олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Мөн түүнд Шүүхийн шинжилгээ тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг тус тус танилцуулсан бөгөөд шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан, уг ажиллагаанд оролцоход хувийн сонирхолгүй, шинжээчээс татгалзан үндэслэл байгаа эсэх гэх зэрэг дүгнэлт гаргахад үл харшлах байдлыг нь урьдчилан тодруулан баримт үйлдэн хуульд заасан ажиллагааг явуулсан нь шинжээч томилох тогтоолыг болон холбогдох дээр дурьдсан хуулиудын зүйл заалтыг танилцуулсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
/ХХ-ийн 44-45, 59-60 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авмагц уг өдрөө төлбөр төлөгч Б.Аын ******* дугаарын утсаар түүнд үнэлгээтэй танилцахыг мэдэгдэхэд Б.А “Гадуур ажилтай явж байна, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 10 цагт очиж танилцана” гэх хариуг өгснийг шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны тэмдэглэлдээ тусгажээ.
/ХХ-ийн 62, 64 дүгээр тал/
Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 175.300.000 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 4/28018 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Ад 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэн, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг тайлбарлан, хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулан мэдэгдэх хуудсыг гардуулан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 4, 41, 63 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасантай нийцэж байх ба үнэлгээний талаар танилцуулахад төлбөр төлөгч, өмчлөгч ямар нэг санал, хүсэлт гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
/ХХ-ийн 41 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 175.300.000 төгрөгийн 70 хувь 122.710.000 төгрөгөөр 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4/892 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч, өмчлөгчид хүргүүлэн ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 14-15, 65-66 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2048 дугаар бүхий захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан Б.Аын нэхэмжлэлтэй НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар бүхий шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дуудлага худалдаагаар уг орон сууцтай холбоотой ажиллагаа явагдаагүй ажээ.
/ХХ-ийн 23-26 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр төлбөр төлөгч Б.Ад төлбөрт хураагдсан орон сууц 175.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар утсаар мэдэгдэхэд тэрээр 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгуулагад очиж үнэлгээтэй танилцана гэсэн бөгөөд Б.А 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр үнэлгээний талаар мэдэгдлийг гардан авч хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан ба үнэлгээтэй холбоотой гомдлыг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гаргах, мөн хөрөнгийг үнэлэгдсэн үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд худалдан борлуулах саналаа 3 хоногийн дотор гаргах эрхтэй талаар нь тайлбарлахад төлбөр төлөгч Б.А эрхтэй танилцлаа гэжээ.
/ХХ-ийн 41, 62-64 дүгээр тал/
Төлбөр төлөгч Б.А төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус хотхон, 8 дугаар байрны 13 тоотын 127 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 175.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдсэн атлаа гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргаагүй, 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан нь ямар нэг хүндэтгэх шалтгаангүй байна.
/ХХ-ийн 2, 10, 66 дугаар тал/
Шинжээч “*******” ХХК үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,
8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай, мөн хуулийн 9 дүгээр зүйлд нийцүүлэн үнэлсэн нь хэрэгт авагдсан дээр дурьдсан бүхий л баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн, мөн уг орон сууц 200.000.000 төгрөгийн үнэтэй гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 27 тоот шийдвэрийн дагуу хариуцагч Б.А, Э.АЖ нараас 34.654.567 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 165.611 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагджээ.
НШШГГ нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч Б.А нь өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул НШШГГт холбогдох Баянзүрх дүүрэг, *** тоотын 127 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг 175.300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2048 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН