Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2040

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, ****  тоот, “АК ББСБ” ХХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Батбаярын Сд /РД: 0000/ холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23.124.753 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Болд,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамир,

Хариуцагч Б.С,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  “АК ББСБ” ХХК нь Б.Батбаяртай 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр А280/151008 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд Б.Батбаярын эзэмшлийн лексус 470 маркийн 21-12 УБП улсын дугаартай машиныг барьцаалсан.

Зээлдэгч Б.Батбаяр нь 2016 онд нас барсан бөгөөд хүү Б.С нь 2016 оны 12 сарын 10-ны өдөр барьцааны автомашиныг манайд авчирч өгөхөд гэрээг нөхөж хийсэн.

Би андуурсан байна. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би өөрөө очиж барьцааны машиныг авсан юм байна. Д.Батдалай Б.Стэй 2017 оны 4 дүгээр сард уулзаад гэрээн дээр гарын үсэг зуруулсан юм байна. Б.С тухайн зээлийг хариуцахаар болж гэрээг шилжүүлсэн бөгөөд гэрээнд тийм заалт байхгүй ч бид тохирсон.

2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны  8 дугаар сарын 6-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 25.000.000 төгрөг төлсөн.

2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөгөөс 484 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1.429.969 төгрөг, 513 хоногийн хүү 8.432.877 төгрөг, үлдсэн 10,137,154 төгрөгийг үндсэн зээлээс хассан.

2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 3,000,000 төгрөгөөс 950 хоногийн нэмэгдүүлсэн хүү 1,505,539 төгрөгийг, мөн 950 хоногийн хүү 7,527,696 төгрөгөөс 1,494,461 төгрөгийг тус тус хасч тооцсон ба үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй.

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,862,846 төгрөг, хүүгийн үлдэгдэл 7,890,462 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 371.445 төгрөг, нийт 23,124,753 төгрөгийг Б.Сгээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “АК ББСБ” ХХК нь Б.С намайг тус байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/280/151008 дугаартай гэрээгээр 25.000.000 төгрөгийг зээлж  21-12 УБП улсын дугаартай, лексус 470 маркийн авто машин барьцаалсан гэж зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан байсан.

            Би  “АК ББСБ” ХХК-иас  нэг ч төгрөгийн зээл аваагүй бөгөөд миний аав Б.Батбаяр тус байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 25.000.000 төгрөг зээлсэн ба зээлээ төлж дуусаагүй байхдаа 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр нас барсан.

2016 оны 1, 2 сарын зээлийн төлбөр нийт 1.000.000 төгрөгийг аав өөрөө төлсөн. 2017 оны 7 дугаар сарын 5-ны 20.000.000 төгрөгийг ээж Л.Эрдэнэцэцэг төлсөн. 2019 оны 8 дугаар сард төлсөн 3.000.000 төгрөгийг ээж маань миний нэрээр төлсөн.

2016 оны 12 дугаар сард Ч.Болд гэх хүн над руу ярьж манай барьцааны машин хаана байна гээд грашаас өөрөө унаад явсан ба дараахан нь зээлийн гэрээний дүнд хүрэхгүй юм байна гээд надад буцааж өгсөн.

2017 оны 4 дүгээр сард намайг “АК ББСБ” ХХК-ийн Д.Батдалай гэх хүн ажил дээрээ дуудаад би түүнтэй Зоос гоёлын хажууд байдаг Аксис зоогийн газарт уулзсан. Д.Батдалай намайг “ахын дүү аавынхаа ясыг өндөлзүүлээд яах вэ, гэрээнд гарын үсэг зурчих, хүү тооцохгүй, боломжоороо мөнгийг нь төлөөд дуусгачих” гэсэн ба би нас барсан хойно нь нэрийг нь гаргаад яахав гэж бодоод зурсан.

Би аав, ээж хоёрыг гадаадад байхад нь зээлийг нь төлж байсан. Аав, ээж хоёр маань 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр яваад 2016 оны 01 дүгээр сард ирсэн ба байхгүй үедээ  намайг хүү төлөөрэй гэж хэлсэн учраас би төлж байсан. Би ажилтай үедээ зээлийг нь төлж байсан. Одоо надад боломж байхгүй. Авто машин нь миний хадгалалтанд байгаа гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.124.753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,862,846 төгрөг, хүүгийн үлдэгдэл 7,890,462 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 371.445 төгрөг, нийт 23,124,753 төгрөг/

            Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК нь хариуцагч Б.Сгээс түүнтэй байгуулсан гэх 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/280/151008 дугаар бүхий зээлийн гэрээний үүрэгт 23.124.753 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зээлдэгч Б.С нь “АК ББСБ” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр  А/280/151008 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлэн, зээлийн гэрээний үүрэгт лексус 470 маркийн авто машин барьцаалан, зээлийн төлбөрийг гэрээний хавсралтанд зааснаар төлөхөөр  тохирсон гэжээ.

/ХХ-ийн 3-4, 28-33 дүгээр тал/

            Хариуцагч Б.С “АК ББСБ” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр  А/280/151008 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулаагүй, уг гэрээг түүний эцэг Бат-Эрдэнийн Батбаяр байгуулан 25.000.000 төгрөгийг зээлсэн хэмээн маргаж “АК ББСБ” ХХК-ийн Б.Батбаяртай 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан  А/280/151008 дугаар бүхий зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Уг гэрээгээр Б.Батбаяр нь 25.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй “АК ББСБ” ХХК-иас зээлэхээр тохирч зээлийн гэрээний үүрэгт өөрийнхөө өмчлөлийн 21-12 УБП улсын дугаартай лексус 470 маркийн авто машиныг барьцаалсан байх ба гэрээний хавсралтад сарын хүү 2 хувь, гэрээний хугацааг 12 сарын гэж гэрээний хугацаа, хүүг тодорхойлсон бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “АК ББСБ” ХХК нь 21-12 УБП улсын дугаартай авто машины өмчлөгчөөр бүртгэгджээ.

Мөн өдөр гэрээний дагуу зээлсэн 25.000.000 төгрөгийг хамтран зээлдэгч гэх Л.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 19-21, 28-33, 40-43 дугаар тал/

 “АК ББСБ” ХХК-ийн Б.Батбаяртай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/280/151008 дугаартай зээлийн гэрээг хариуцагч Б.С нотлох баримтаар ирүүлсний дараачаар нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК нь зээлдэгч Б.Батбаяр 2016 онд нас барсан тул 2017 оны 4 дүгээр сард тухайн зээлийг түүний хүү Б.С хариуцахаар болж гэрээг шилжүүлсэн хэмээн тайлбарласан болно.

Зээлдэгч Б.Батбаярын “АК ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 500.000 төгрөг болон 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 500.000 төгрөгийг тус байгууллагын Худалдаа хөгжлийн банк дахь 411021734 тоот дансанд Б.С, 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 500.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 500.000 төгрөгийг зээлдэгч өөрөө бэлнээр, Б.Батбаярыг нас барсны дараа Л.Эрдэнэцэцэг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны  8 дугаар сарын 6-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд зээлийн төлбөрт нийт 25.000.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 43-44, 58-60, 80 дугаар тал/

Зээлдэгч Б.Батбаяр 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр нас барсныг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгүүлсэн нь нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 22 дугаар тал/

Монгол банкны зээлийн мэдээллийн санд Б.С болон Б.Батбаяр нарын “АК ББСБ” ХХК-тай байгуулсан гэх 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээнүүд бүртгэгдээгүй болох нь Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б-17/259 тоот, мөн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-17/512 тоот лавлагаагаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 34-35, 49-50 дугаар тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

            Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК нь хариуцагч Б.Сг 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/280/151008 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн гэж уг зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь тухайн зээлийн гэрээг үндэслэн зээлийн данс нээн зээлийг олгоогүй, мөнгийг Б.С хүлээн аваагүй байна.

            Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК нь 2017 оны 4 дүгээр сард Б.Стэй тохирч тэрээр Б.Батбаярын зээлийг хариуцахаар болж гэрээгээ шилжүүлсэн гэх боловч уг 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн гэрээнд Б.Батбаярын зээлийг Б.С төлөхөөр үүрэг шилжсэн талаар тодорхойлон заагаагүй, 2017 оны 4  сард тохирсон гэсэн атлаа 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан мэтээр гэрээний үүргийг шаардаж буй нь үндэслэлгүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Стэй байгуулсан гэх 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/280/151008 тоот  зээлийн гэрээнд 25.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлсэн гэж тусгасан ба зээл буцаан төлөх хуваарьт  сарын хүү 2 хувь,  хугацаа 12 сар хэмээн тус тус зөрүүтэй тусгасан байгаагаас гадна уг зээлийн гэрээний үүрэгт лексус 470 маркийн авто машин барьцаалсан гэх боловч хэний эзэмшлийн ямар улсын дугаар бүхий авто машин барьцаалсан талаар тусгаагүй байна.

            Б.С нь зээлдэгч Б.Батбаярыг гадаад улсад зорчих үед буюу 2015 оны 11, 12 дугаар сард зээлийн төлбөрт нь нийт 1.000.000 төгрөг төлсөн ба тодорхой хугацаанд зээлийг нь төлсөн нь гэрээний үүргийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл болохгүй.

            Мөн Б.Батбаярын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан 21-12 УБП улсын дугаартай тоёота лексус 470 маркийн авто машин нь Б.Сгийн эзэмшил, ашиглалтанд байгаа бөгөөд энэ нь мөн түүнийг зээлийн гэрээний үүргийг хариуцна гэсэн ойлголт биш юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.2-т “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж заасан ба “АК ББСБ” ХХК-ийн Б.Батбаяртай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн  зээлийн гэрээнд Л.Эрдэнэцэцэг хамтран зээлдэгч хэмээн гарын үсгээ зурсан боловч уг гэрээгээр хамтран зээлдэгч ямар үүрэг хүлээхийг тодорхойлон тохиролцоогүй байна.

Зээлдэгч Б.Батбаярын зээлдүүлэгч “АК ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.7-д “Зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон бол ББСБ хууль ёсны өвлөгч, эрх залгамжлагчаас хуульд заасны дагуу тухайн эд хөрөнгөөр үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж заажээ.

Б.Батбаярын өвийн асуудал шийдэгдсэн эсэх, өвлүүлэгчийн эд хөрөнгө болох авто машины өмчлөх эрхийг хууль ёсны өвлөгч хүлээн авсан эсэх нь буюу  уг хөрөнгийн өвлөгч тодорхой бус байх ба мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх бөгөөд Б.Батбаярын өвлөгч хэн нь ямар хэмжээгээр хариуцлага хүлээх нь тодорхойгүй, түүний эхнэр Л.Эрдэнэцэцэг, хүү Б.С нарын өвлөн авсан өвийн хэмжээ тодорхой бус байгааг дурьдлаа.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Сд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23.124.753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ шийдвэр нь нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн өвлөгч нараас гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурьдлаа.

Хариуцагч Б.Сгийн өмгөөлөгч Т.Баасанжаргал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Сд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23.124.753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273.574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН