| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/03353/И |
| Дугаар | 1884 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 1884
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** тоотод оршин суух, Ж.Э-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1*** тоотод оршин суух, Б.П-д /РД: 0000/ холбогдох
156.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд,
Хариуцагч Б.П-А,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.П-Атай найз нөхдийн харилцаатай байсан ба 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр надаас 20.000.000 төгрөг зээлээд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буцаан төлсөн.
Мөн Б.П-А надаас 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 34.500.000 төгрөгийг Хаан банк дахь дансаараа авсан.
Мөн 2018 оны 7 дугаар сард бэлнээр 5.300.000 төгрөг авсан. Дансаар болон бэлнээр нийт 39.800.000 төгрөгийг Б.П-А надаас зээлсэн.
Мөн тэрээр 2018 оны 6 дугаар сард 2 вагон буюу 132 тонн, нийт 23.670.000 төгрөгийн шуудайтай цемент мөн 1 вагон буюу 64 тонн, 10.880.000 төгрөгийн үнэ бүхий задгай цементийг зээлээр авсан.
Мөнгө болон цемент хүлээлгэн өгөх үедээ гэрээ байгуулж амжаагүй бөгөөд дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлсэн мөнгө, барааны үнийг тусгаад төлөх хугацааг тохироод гарын үсгээ зурсан.
Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохирсон.
Б.П-А зээлийн гэрээгээр тохирсоны дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд нэхэхэд янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар байсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг 80.000.000 төгрөг гэж байгуулсан боловч бодит задаргаа хийхэд доорх үнийн дүн гарч байгаа.
Зээлсэн мөнгө 39.800.000 төгрөг, зээлсэн барааны үнэ 34.650.000 төгрөг, үндсэн зээл нийт 74.450.000 төгрөг, 1 сарын хүү 3.722.500 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хугацааны хүү 22.335.000 төгрөг, алданги 59.560.000 төгрөг, нийт 156.000.000 төгрөгийг хариуцагч Б.П-Агаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.П-А шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.П-А би Ж.Эаас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг зээлсэн ба үүнийгээ төлсөн. Мөн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 34.500.000 төгрөг дансаар хүлээн авсан. 2018 оны 7 дугаар сард 5.300.000 төгрөг бэлнээр авсан.
2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг төлсөн байхад зээлийн төлбөрөөс хасаагүй байна.
Цементний тухайд гэвэл 1 вагон задгай цементний үнэ 10.880.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг 1 вагон задгай цементийг зээлээр худалдан авсан.
Үлдэх 2 вагон цементний үнийг зөвшөөрөхгүй. Цементийг би найз н.Амгаланбаатараар төлөөлүүлж авахуулсан ба хичнээн вагон цемент авсан талаар асуухаар зав муутай байна, компьютерээс харна, материал нь алга гэх мэт тайлбарыг хэлдэг.
Гэрээний тухайд гэвэл би юу ч бодолгүй байгуулсан. Уурхайд ажиллаж байгаад гэртээ иртэл Ж.Э гэрээ байгуулья гээд бид хамтдаа нотариад ороод гэрээ байгуулсан. Дансны хуулгаа нягтлахад 80.000.000 төгрөг байсан ба ийм хэмжээний мөнгө авсан юм байх гэж бодсон. Миний хувьд хуульч биш учраас алдаж болно гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Б.П-Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 156.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Б.П-Ад 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөг,
2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 500.000 төгрөг,
2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөг,
2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 34.500.000 төгрөгийг дансаар,
2018 оны 7 дугаар сард 5.300.000 төгрөгийг бэлнээр, бүгд 39.800.000 төгрөг,
2018 оны 6 дугаар сард 2 вагон, 132 тонн, 23.670.000 төгрөгийн үнэ бүхий шуудайтай цемент,
1 вагон, 64 тонн, 10.880.000 төгрөгийн задгай цемент, бүгд 34.650.000 төгрөгийн бараа,
Нийт 74.450.000 төгрөгийн бараа болон бэлэн мөнгө зээлүүлсэн гэх ба тэд хожим 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүнийгээ бичгээр баталгаажуулан 80.000.000 төгрөгийг зээлсэн хэмээн зээлийн гэрээ бичгээр байгуулан, хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурсан бөгөөд дээрхи гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардлагыг хангажээ.
/ХХ-ийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгч Ж.Э уг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хариуцагч Б.П-Агаас гэрээний үүрэг шаардаж байгаа ба зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.
Хариуцагч Б.П-А нь нэхэмжлэгч Ж.Эаас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөг зээлэн авч үүнийгээ төлсөн нь талуудын тайлбар, Б.Хосбаярын гэрчийн мэдүүлэг, Изи дайнер ХХК-ийн Хаан банк дахь 5166458932 тоот дансны хуулгаар тус тус нотлогдож байх ба уг мөнгийг хариуцагч Б.П-А төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүйг дурьдлаа.
/ХХ-ийн 57-58, 105-131, 172 дугаар тал/
Хариуцагч Б.П-А нь нэхэмжлэгч Ж.Эаас 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 34.500.000 төгрөгийг дансаар, 2018 оны 7 дугаар сард 5.300.000 төгрөгийг бэлнээр, нийт 39.800.000 төгрөгийг дансаар болон бэлнээр хүлээн авсан нь талуудын тайлбар, Ж.Эын Хаан банк дахь 5028558015 тоот дансны болон хариуцагч Б.П-Агийн мөн банк дахь 5163044480 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдлоо.
Хариуцагч Б.П-А уг 39.800.000 төгрөгийг зээлэн авсан талаараа маргахгүй байгаа бөгөөд гагцхүү түүний урьд төлсөн 15.000.000 төгрөгийг хасч тооцоогүй байна хэмээн маргаж байна.
/ХХ-ийн 8-14, 109-131 дүгээр тал/
Хариуцагч Б.П-А нь нэхэмжлэгч Ж.Эт 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь дээр дурьдсан данснаас мөн түүний дээр дурдсан данс руу шилжүүлсэн нь дансны хуулгууд болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба Ж.Э уг мөнгийг зээлийн төлбөрөөс хасч тооцоогүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалаа.
Хариуцагч Б.П-А нь 2018 оны 6 дугаар сард 1 вагон, 64 тонн, 11.880.000 төгрөгийн задгай цементийг нэхэмжлэгч Ж.Эаас зээлээр авсан хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан ба нэхэмжлэгч Ж.Э түүнд 11.880.000 төгрөгийн бус 10.880.000 төгрөгийн үнэтэй задгай цемент зээлээр худалдсан талаараа тайлбарлаж байх тул задгай цементний үнийг нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.П-А 2018 оны 6 дугаар сард 2 вагон, 132 тонн, 23.670.000 төгрөгийн үнэтэй шуудайтай цементийг хүлээн аваагүй гэж маргаж байх ба талууд өглөг, авлага, зээлийг төлөхтэй холбоотой асуудлаар харилцаж байсан гэх бөгөөд Ж.Эын Э.А.О гэсэн фейсбүүк хуудаснаас хариуцагч Б.П-Атай 2018 оны 7 дугаар сарын 19, 20, 8 дугаар сарын 2, 22, 29, 9 дүгээр сарын 12, 2019 оны 7 дугаар сарын 5, 8, 15, 6 дугаар сарын 3, 17, 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд харилцсан захидлуудад үзлэг хийлгэх хүсэлт нэхэмжлэгч тал гаргажээ.
Нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 9682 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба талууд дээр дурьдсан өдрүүдэд харилцсан захидлуудад бүхэлд нь бус 2018 оны 7 дугаар сарын 19, 20, 2018 оны 8 дугаар сарын 2, 2019 оны 6 дугаар сарын 3, 17-ны өдрүүдэд харилцсан захидлуудад үзлэг хийлгэхээр санал нэгдэн үзлэгийг хийсэн байна.
Хариуцагч Б.П-А 2018 оны 6 дугаар сард 2 вагон бүхий 132 тонн, 23.670.000 төгрөгийн үнэтэй шуудайтай цементийг хүлээн аваагүй гэж маргаж байх боловч тэднийг оролцуулан хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн төлбөртэй холбоотой асуудлаар харилцаж байсан захидлууд, О.Алтанхуягийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, Улаанбаатар төмөр замын замын хүснэгт зэрэг баримтуудаар хариуцагчийн дээрхи тайлбар няцаагдаж байна.
/ХХ-ийн 150, 165-167, 214-250 дугаар тал, 2 дугаар хавтасны 1-4 дүгээр тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.П-А нь 2 вагон 132 тонн, 23.670.000 төгрөгийн үнэтэй шуудайтай цементийг хүлээн аваагүй гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй бөгөөд үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй болно.
Мөнгө болон бараа бүтээгдэхүүн зээлэн авсны дараагаар уг зээлийг бичгийн хэлбэрт оруулан өмнөх харилцаагаа баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна хожим зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд аливаа иргэн бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд хариуцагч Б.П-А уг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Ж.Э түүнээс гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.
Гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг гэрээг байгуулсан цаг үеэс буюу 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс дуусгавар болох 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоолох нь зүйтэй.
/ХХ-ийн 6 дугаар тал/
2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч Б.П-Агийн гүйцэтгэх үүрэг:
-Бэлнээр болон дансаар хүлээн авсан: 39.800.000 төгрөг,
-23.670.000 төгрөг+10.880.000 төгрөг=34.650.000 төгрөг /зээлээр авсан цементний үнэ/
-39.800.000 төгрөг+34.650.000 төгрөг=74.450.000 төгрөг /Үндсэн зээл/
-74.450.000 төгрөг-15.000.000 төгрөг=59.450.000 төгрөг /15.000.000 төгрөг хариуцагч урьд төлсөн/
-59.450.000 төгрөг*5 хувь=2.972.500 төгрөг /1 сарын хүү/
-59.450.000 төгрөг+2.972.500 төгрөг+990.840 төгрөг=63.413.340 төгрөг /2018.09.25-2018.11.03 хүртэл хүү/
-31.706.670 төгрөг /Алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй /
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.П-Агаас үндсэн зээл 59.450.000 төгрөг, 1 сар, 10 хоногийн хүү 3.963.340 төгрөг, алданги 31.706.670 төгрөг, нийт 95.120.010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 60.879.990 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.П-Агаас 95.120.010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 60.879.990 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Эын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 937.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-Агаас 633.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эт олгосугй.
3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч Б.П-Агийн банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 156.000.000 төгрөгийн хэмжээнд зогсоосон тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16238 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН