| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2021/02363/и |
| Дугаар | 001/ХТ2022/00208 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2022/00208
2022 02 25 001/ХТ2022/00208
Х.Үгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01834 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1754 дүгээр магадлалтай,
Х.Үгийн нэхэмжлэлтэй
Т,ЗҮЭГт холбогдох
2021.08.02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайханы гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Э.Хулансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
1. Х.Ү нь Т,ЗҮЭГт холбогдуулан Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01834 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/85 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Үг тус газарт урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Төр засгийн үйлчилгээг эрхлэх газраас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1754 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01834 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулансайхан хяналтын гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль болон хөдөлмөрийн гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Т,ЗҮЭГын 2021 оны Б/85 дугаар тушаалаар Х.Үг үйлчилгээ хянагчийн ажлаас чөлөөлж, үйлчлэгчийн ажилд томилсон тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтын тохирохыг баримтлаагүй нь буруу болсон гэж дүгнэсэн байна. Гэтэл тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Чанарын менежментийн хэлтсийн 03 дугаар сарын 02-ны өдрийн №01 дүгнэлтийг үндэслэсэн болно. Тус дүгнэлтэд Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд нь тушаалын үндэслэл болсон билээ. Т,ЗҮЭГын хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Уянгын “Х.Үгийн өвчтэй байсан тухай тодорхойлолт”-ыг нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт /хх-76/ авагдсан энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй билээ. Хариуцагч Х.Үгийн зөрчлийг шалган тогтоож 2021.03.02-ны өдөр дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Х.Ү нь 3 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл эмнэлгийн чөлөө, бусад өдрүүдэд /хх-76/ чөлөөтэй байсан тул 3 дугаар сарын 30-ны өдөр тушаалын төсөл танилцуулж хоёр ажлын байр санал болгосон байдаг. Нэхэмжлэгч тухайн хоёр ажлын байрны аль нэгэнд саналаа өгөх хоёр хоногийн хугацааг хүссэний дагуу тушаалыг гаргахгүй хүлээсэн. Хариуцагчийн зүгээс Х.Үг хүндэтгэн үзэх шалтгаан буюу өвчтэй үед ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалыг эмнэлгийн хуудсыг үндэслэн гаргаагүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж хуульд нийцүүлж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.01.31-ны өдрийн 001/ШХТ2022/00138 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч Х.Ү нь хариуцагч Т,ЗҮЭГт холбогдуулан 2021.08.02-ны өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан үйлчилгээ хянагч /ахлах үйлчлэгч/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргахдаа “...Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын 2021.03.02-ны өдрийн №01 тоот дүгнэлтээр Х.Үг ахлах үйлчлэгчийн албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан, алдаа зөрчил гаргасны улмаас албан тушаал бууруулсан, хариуцаж байсан 13 үйлчлэгчийн 9 нь гомдол гаргасан, зөрчил болгоныг шалгасан, хөдөлмөрийн дотоод журмын 4.1.7-д арга хэмжээг тодорхой заасан... тушаал үндэслэлтэй” гэж мэтгэлцжээ.
9. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ажил олгогчийн тушаалын үндэслэл, хэлбэр, агуулгыг тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
10. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ажил олгогчийн 2021.08.02-ны өдрийн Б/85 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Т,ЗҮЭГын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3, 3.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11, 12, Ёс зүйн дүрмийн 3.1.3б дүгээр заалт, ЗГҮЭГ-ын 2021.03.02-ны хяналт шалгалтын дүгнэлт №01-ийг тус тус баримталж, Х.Үг 2021.08.03-ны өдрөөр тасалбар болгон, үйлчилгээ хянагчийн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс үйлчлэгчээр ажиллуулахаар томилсон байна.
Хоёр шатны шүүх тушаалын агуулгыг тайлбарлахдаа ажил олгогч хуульд заагаагүй “албан тушаал бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан, зөрчил илрүүлсэн, зөрчилд шийтгэл ногдуулсан хуулийн хугацааг хэтрүүлсэн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.
11. Хэрэгт байгаа баримтын хүрээнд ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө түүнийг сахилгын зөрчил гаргасан, эсвэл ур чадварын хувьд эрхэлж байгаа ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн алин болохыг шүүх тодруулаагүй нь маргааны бодит үйл баримтыг тодорхой бус гэж үзэх нөхцөл болсноос гадна ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт, өөр ажилд томилсон үйл баримт тусдаа эсвэл албан тушаал бууруулах буюу хуульд байхгүй сахилгын шийтгэлийн хэлбэрийг агуулсан эсэхийг зааглаж, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд залруулах боломжгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тодорхойлогдоогүй, маргааны зүйл буюу нотолгооны зүйлийн талаар талууд мэтгэлцээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
12. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тодруулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн хэм хэмжээг хэрэглэх эсэх, эсвэл ажилтан эрхэлж байгаа ажилдаа ур чадварын хувьд тэнцэхгүй үндэслэл байгаа бол хуулийн дээрх хэм хэмжээ хамаарах эсэх, улмаар тушаал хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.
13. Маргааны зүйлийн талаар талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй, ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй тул хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01834 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1754 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН