| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2019/0299/з |
| Дугаар | 221/МА2026/0230 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2026/0230
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Нэхэмжлэгч: “А” ХХК /РД:/
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар /тухайн үеийн нэршлээр/-ын улсын ахлах байцаагч Д.Б, Д.Т нарын үйлдсэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийн 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0757 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, Б.Д, Э.У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О\
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, М.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2019/0299/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар /тухайн үеийн нэршлээр/-ын улсын ахлах байцаагч Д.Б, Д.Т нарын үйлдсэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийн 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0757 дугаар шийдвэрээр[1]: Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 дугаар шийтгэлийн хуудасны Олсон нь 3 дахь хэсгийн 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгож /гэж/ шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. “А” ХХК нь өөрийн хөрөнгө оруулагч “О м к” болон “М” корпорациас 6.58-8.11 хувийн хүүтэй зээл авсан нь зээлийн гэрээ, зээл авсан тухай Монголбанкинд бүртгүүлсэн “Аж ахуйн нэгж, иргэний гадаад зээлийг бүртгэх маягт”, мөнгөн хөрөнгийн журнал, харилцах дансны хуулгаар тус тус нотлогддог бол “А” ХХК нь толгой компаниас авсан зээлийг өөрийн компанийн үндсэн үйл ажиллагааны зорилгод ашиглаагүй, зарцуулаагүй бөгөөд уг зээлийг охин компаниуддаа олгосон нь хэрэгт авагдсан баримт, мэдээллээр нотлогдоно.
3.2. Мөн хөрөнгө оруулагчидтай хийсэн “Дунд хугацааны зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйл “Гэрээний зорилго” гэсэн хэсэгт “Зээлдэгч нь ашиглах боломжтой зээлийн нөхцөлийн дагуу зээлж, авсан бүхий л зээлийн дүнг компанийхаа үйл ажиллагааны ерөнхий чиг зорилгын дагуу зарцуулна” гэжээ.
“А” ХХК нь гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагааны чиглэлтэй байсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагааг хасуулж, бүртгэлийн өөрчлөлт хийлгэсэн нь Улсын бүртгэлийн гэрчилгээн дэх нэмэлт, өөрчлөлтийн агуулгаар нотлогдож байна. Тус компани нь татварын албанд 2014-2016 онд үйл ажиллагааны орлого олоогүй, 2017 онд 82,566,708.14 төгрөгийн үндсэн хөрөнгө борлуулсны орлоготой ажилласнаар татварын тайланг илгээсэн.
3.3. “А” компани хувь нийлүүлэгчтэйгээ хүүтэй /б+НЬог/ гэрээ хийж зээлийн хүүг жил бүр бодож, зээлийн хүүгийн зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хасагдах зардлаар тайлагнаж алдагдалтай тайланг гарган татварын албанд илгээсэн байна. Харин зээлийг хэрэглэгч буюу өөрийн охин компани болох уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг “К” компанид хүүгүйгээр зээлийн үйлчилгээ үзүүлсэн. Иймд дээрх ажил гүйлгээ нь эдийн засгийн хувьд ч ажил гүйлгээний хувьд ч дамжуулан зээлдүүлсэн, эдийн засгийн шинж чанар нь түүний хэлбэрээс ялгаатай байгаа тохиолдол харагдаж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.2, 16.3, 16.3.4, 17.2, 17.2.6-д заасны дагуу шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. “А” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт[2] холбогдуулан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар /тухайн үеийн нэршлээр/-ын улсын ахлах байцаагч Д.Б, Д.Т нарын үйлдсэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийн 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ, шаардлагын үндэслэлээ ... харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний үнэ шилжүүлэлтэд хяналт тавих хүчин төгөлдөр үйлчилж байгаа нарийвчилсан журам, аргачлал байхгүй байхад захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус журам аргачлалыг баримталсан бөгөөд зээлийн жилийн хүү 6 хувь гэдгийг хаанаас хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй; “А” ХХК-иас охин компани болох “К” ХХК-д олгосон санхүүжилт нь бодит утгаараа зээл биш хөрөнгө оруулалт байсан, “К” ХХК нь зээлжих чадваргүй бөгөөд зээл биш гэдэг нь дэлгэрэнгүй шинжилгээ, шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдсон, анхнаасаа хөрөнгө оруулалт байсан учраас зээлийн хүү тооцох үндэслэлгүй; Цөмийн энергийн зөвлөлд санхүүжилтээ бүртгүүлж зөвшөөрөл авахад урт хугацаа зарцуулдаг учраас л санхүүгийн тайланд өр төлбөр хэлбэрээр бүртгэсэн; гэх зэргээр тодорхойлж маргасан.
3.2. Харин хариуцагчаас ... ЭЗХАХБ-ын Үнэн шилжүүлэлтийн удирдамж болон Орлого ба хөрөнгийн татварын загвар конвенци тайлбар нь зөвхөн хил дамжсан ажил гүйлгээнд хэрэглэдэг үндсэн зарчимтай тул “А” ХХК, түүний охин компани хоорондын харилцаанд дотоодын хууль тогтоомж үйлчилнэ; “А” ХХК нь хувьцаа эзэмшигчээс зээлсэн мөнгөний хүүгийн зардлыг тайланд хасагдах зардлаар, алдагдалтай тайлагнасан, энэ зээлийг охин компанидаа дамжуулан зээлдүүлсэн атлаа орлогоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь эдийн засгийн агуулгагүй ба татварыг үнэн зөв тодорхойлж, хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй; “А” ХХК-иас татварын албанд илгээсэн харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийсэн ажил гүйлгээний тайлан, журналын бичилт зэргээр хөрөнгө оруулалт биш, бодит зээл болох нь тогтоогдоно, хөрөнгө оруулалт буюу эх үүсвэр, дүрмийн сангаа нэмэгдүүлсэн гэж бүртгээгүй нь зээл байсан гэдгийг нотолно; зээлийн хүүг тогтоохдоо санхүүгийн эх сурвалжуудаас авсан мэдээллийг үндэслэсэн бөгөөд “К” ХХК-ийн ураны ордтой адил хэмжээний “О” ХХК-ийн гэрээтэй харьцуулсан; гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
4.1. “А” ХХК нь тус компанийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг Япон улсын М к 24,100,000 ам.долларыг, мөн 66 хувийн хувьцаа эзэмшигч болох Франц улсын О м корпорациас 46,800,000 ам.долларыг тус тус 6%+libor хүүтэй зээлж авсан бөгөөд уг гадаад зээлийг зохих журмын дагуу Монголбанкинд бүртгүүлсэн.
4.2. Түүнчлэн “А” ХХК нь “К” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг, толгой компани нь бөгөөд 2013 онд 15,752,138 мянган төгрөгийн, 2014 онд 32,016,704 мянган төгрөгийн, 2015 онд 24,124,357 мянган төгрөгийн, 2016 онд 15,615,962 мянган төгрөгийн, 2017 онд 8,227,173 мянган төгрөгийн санхүүжилтийг тус тус охин компани болох “К” ХХК-д шилжүүлсэн.
Ингэхдээ бодит байдалд буюу хэлбэрийн хувьд зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн хүү тохиролцоогүй, анхан шатны баримт бүрдүүлээгүй гэж тайлбарлах ч санхүүгийн тайланд урт хугацааны өглөг, авлага хэлбэрээр бүртгэсэн.
4.3. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар /тухайн үеийн нэршлээр/-ын улсын ахлах байцаагч Д.Б, Д.Т нар нь “А” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж 147,423,011,428.10 төгрөгийн зөрчилд 10,770,448,176.30 төгрөгийн нөхөн татвар, 3,241,208,450.70 төгрөгийн торгууль, 2,159,126,634.10 төгрөгийн алданги, нийт 16,170,783,261.10 төгрөгийн төлбөр ногдуулан төлүүлэхээр 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 дугаар шийтгэлийн хуудсыг үйлджээ.
4.4. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл шийтгэлийн хуудсыг хянаад, тогтоосон төлбөрөөс нийт 131,597,968.80 төгрөгийн төлбөрийг бууруулж, 14,213,064,480.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 126,121,939.40 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 60,939,685,288.70 төгрөгийн зөрчилд ногдох 1,207,339,876.70 төгрөгийн нөхөн татвар, 296,602,797.10 төгрөгийн торгууль, 196,056,918.50 төгрөгийн алданги, нийт 1,699,998,972.30 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсөн.
Ингэхдээ өөрийн хамаарал бүхий компанид энэ хэсгийн 4.2-т заасан хүүгүй зээл олгосон гэх зөрчилд хамаарах 1,789,147,212.00 төгрөгийн төлбөрөөс 2013 оны 7,285,287,445.50 төгрөгийн зөрчилд ногдох 74,719,565.20 төгрөгийн торгууль, 49,813,043.50 төгрөгийн алданги, нийт 124,532,608.70 төгрөгийн төлбөрийг Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу чөлөөлж, 60,371,777,572.30 төгрөгийн зөрчилд ногдох 1,192,764,808.00 төгрөгийн нөхөн татвар, 283,109,877.20 төгрөгийн торгууль, 188,739,918.10 төгрөгийн алданги, нийт 1,664,614,603.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
5. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, “А” ХХК нь өөрийн хамаарал бүхий 2 компаниас хүүтэй зээл авсан, үүнийг компани өөрийн үйл ажиллагаанд зарцуулаагүй, харин охин компанийн хамааралтай этгээд болох “К” ХХК-ийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн бөгөөд “А” ХХК, түүний охин компани “К” ХХК-иуд нь татварын албанд илгээсэн тайландаа харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн гүйлгээгээ олгосон, авсан зээл хэлбэрээр тайлагнаж баталгаажуулсан. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй. /Хэргийн II хавтасны 98-108, III хавтасны 186-192, IV хавтасны 163-250 дахь талд/
5.1. Гагцхүү энэ санхүүжилт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татвар ногдох “зээлийн хүүгийн орлого”-д хамаарах эсэх асуудлаар хэргийн оролцогчид маргасан учраас хууль хэрэглээний энэ асуудалд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэнэ.
,6. Анхан шатны шүүхийн хувьд, маргааны үйл баримтын талаар “... хариуцагч нь зээлийн хүүг 6 хувиар тооцохдоо ижил төрлийн үйл ажиллагаа үзүүлж буй харилцан хамааралгүй этгээдүүдийг хэрхэн сонгосон, ямар ажил үйлчилгээг үндэслэл болгосон талаарх татварын зөрчлийг тогтоож нотлох баримтуудыг цуглуулаагүй; 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй буюу эрх зүйн үйлчлэлгүй Сангийн сайдын 2007 оны 86 болон 2015 оны 353 дугаар тушаалаар баталсан журам аргачлалыг баримталж ногдуулсан; бодит байдалд хөрөнгө оруулалтад тооцогдох орлогод бодит бус хүүгийн тооцоолол хийж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд холбогдох хуулийг буруу тайлбарлажээ.
7. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7.1. Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно: 48.1.2. жишиг үнийн арга”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж,
7.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол “харилцан хамаарал бүхий этгээд” гэж үзнэ: 6.1.1. энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг;”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараахь орлогод албан татвар ногдоно: 9.1.4. хүүгийн орлого.”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно”, 16 дугаар зүйлийн 16.3-д “Дараахь орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно: 16.3.4. хүүгийн орлого;” гэж,
7.3. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл /2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/-ийн 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.2. татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн /... бол нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
8. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай харьцуулан үзэхэд, харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил үйлчилгээний гүйлгээ нь зах зээлийн үнээс илэрхий ялгаатай тохиолдолд татварын ногдлыг тодорхойлох эрхийг татварын байгууллага, түүний улсын байцаагчид хуулиар олгосон.
9. Хариуцагчийн хувьд, М к болон О м корпорациас зээл олгохдоо хүүг хэрхэн тогтоосон талаарх үндэслэлийг “А” ХХК-иас гаргуулсан, түүнд “К” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй адил хэмжээний “О” ХХК, “Э МГЛ” ХХК, Р Т группын тохиролцсон хүүг харгалзан зах зээлийн хүүг 6 хувь гэж тооцсоныг, ингэхдээ мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас баталсан зөвлөмжийг баримталж, жишиг үнэ тогтоох харьцуулагдах /CUP/ аргыг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй юм.
10. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу татвар ногдох орлогыг тодорхойлох жишиг үнийг тогтоохдоо харгалзсан харилцан хамааралгүй этгээдүүдийг хэрхэн тодорхойлж, ямар ажил үйлчилгээг үндэслэсэн болохыг тодорхойлох баримтыг цуглуулах нь зүйтэй хэмээн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан, харин анхан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж, холбогдох баримтыг шаардсан боловч хариуцагчаас “өөр нэмж гаргаж өгөх баримт байхгүй” гэдгээ шүүхэд илэрхийлсэн, гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хариуцагчаас зах зээлийн хүүг тодорхойлсон үндэслэлийг тайлбарлаж маргасан тул “зээлийн хүүг 6 хувиар тооцсон баримтыг ирүүлээгүй, захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй журам аргачлалыг баримталсан нь хүчин төгөлдөр бус” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь “А” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
11. Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар баталсан Жишиг үнэ хэрэглэх аргачлалын 1.2, 3.2.1, 2015 оны 353 дугаар тушаалаар баталсан Бодит үнэ тооцох аргачлалын 6.2.1-д зааснаар бодит үнийг тогтооход харьцуулах аргыг хэрэглэх боломжтой байхаар тусгасан бөгөөд энэхүү аргачлалууд нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад хамаархгүй, хуулийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарласан шинжтэй дотогш чиглэсэн акт болохыг нэгэнт Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 352 дугаар тогтоолд дүгнэсэн байхад “маргаан бүхий шийтгэлийн хуудас гарах үед захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх зүйн үйлчлэлгүй эдгээр аргачлалыг баримталж татвар ногдуулсан” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хэрэгт цугларсан баримтыг бүрэн шинжлэн судлаагүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгдмэл хэрэглээ тогтоосныг ч харгалзаагүй нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.
12. Харилцан хамааралтай этгээдүүдийн хувьд, тухайлбал толгой компаниас охин компанид нийлүүлж буй бараа, үзүүлж буй санхүүгийн зэрэг аливаа ажил, үйлчилгээний үнэ өртөг нь зах зээлд тогтсоноос хэт өндөр, эсхүл илүү хямд байвал үнэ шилжүүлэлтийн үндсэн зарчмыг дагуу харилцан хамааралтай этгээдийн хоорондын хэлцлийг зах зээлийн жишиг үнээр тодорхойлох зохицуулалттай бөгөөд түүнийг баримтжуулах, тайлан гаргах, татварын албанд мэдээлэх үүрэг хүлээнэ.
13. Гэтэл энэ хэсгийн 4.1, 4.2, 5-д заасан үйл баримтаас үзэхэд, “А” ХХК нь хувьцаа эзэмшигчдээс хүүтэй зээлсэн мөнгийг өөрийн охин компанид хөрөнгө оруулалт болгож шилжүүлсэн гэж тайлбарлах ч санхүүгийн тайланд урт хугацааны өглөг, авлагаар илэрхийлж, алдагдалтай тайлагнасан, харин тус компанийн санхүүгийн тайланд хуулийн этгээдийн өмч, дүрмийн сан нэмэгдсэн талаар илэрхийлэгдээгүй учраас зээл гэж дүгнэх үндэслэлтэй тул “хөрөнгө оруулалт болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
14. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд, тэр нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй хамааралтай тохиолдолд л шинжээч томилох бөгөөд хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр эргэлзээгүй талаас нь харьцуулж /өрсөлдүүлж/ үнэлэх зохицуулалттай.
15. Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс “А” ХХК болон “К” ХХК-ийн хоорондын хамаарал, “К” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны чиглэл, түүний зээлжих чадвар гэхчлэн энэ хэсгийн 5.1-д заасан маргааны үйл баримтыг тодорхойлоход шууд хамааралтай бус, зарим тохиолдолд хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд шүүхээс шууд дүгнэх боломжтой асуудлаар удаа дараа шинжээч томилж, гаргасан дүгнэлтийн хүрээнд “зээлийн гэрээ байгуулаагүй, эргэн төлөх хуваарь батлаагүй, “К” ХХК нь уг санхүүжилтээс өөр орлогогүй, бусдаас зээл авах чадваргүй” гэх зэргээр дүгнэж, татварын байгууллага болон хуулийн этгээдийн хооронд үүссэн маргаанд хамаарах харилцааг татвар ногдуулах хүүгийн орлого бүхий зээлийн биш, хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлж, гомдлын шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
16. Хөрөнгө оруулалтыг Цөмийн энергийн зөвлөлд бүртгүүлэхэд удаашралтай байсан учраас санхүүгийн тайланд “урт хугацааны өглөг, авлага” гэж бүртгэсэн гэж маргасан ч бодит байдалд тус зөвлөлд хандаж байгаагүй гэдгээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно. /Хэргийн VI хавтасны 67 дахь талд/
17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд;
17.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх тухай” 2413 дугаар захирамжаар үүсгэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон татварын улсын ахлах байцаагч Д.Б, Д.Т нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаас бусад эрхийг олгож, татварын улсын байцаагч Х.А, Ц.Т нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. /Хэргийн I хавтасны 125 дахь талд/
17.2. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7053 дугаар захирамжаар “... шийтгэлийн хуудас үйлдсэн нэр бүхий татварын улсын байцаагч нар төрийн албанаас чөлөөлөгдсөн” гэх үндэслэлээр хариуцагчийн эрх залгамжлагчаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрыг сольж оролцуулсан бөгөөд тус газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/1033 дугаар албан бичгээр хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Ц.Т-г, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/229 дүгээр албан бичгээр мөн хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Х.А-г тус тус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. /Хэргийн III хавтасны 169, IV хавтасны 77 дахь талд/
Мөн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын даргын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/255 дугаар албан бичгээр Х.А-д олгосон итгэмжлэлийг шинэчилж ирүүлжээ. /Хэргийн VI хавтасны 67 дахь талд/
17.3. Тодруулбал, шүүхэд 2019 оны 4 дүгээр сард захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас хойших зарим хугацаанд татварын улсын байцаагч Х.А-ийн итгэмжлэлийн хугацаа дууссан боловч олгосон итгэмжлэлийг шинэчилж олгосон, түүний хувьд хариуцагч захиргааны байгууллагыг төлөөлөх, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй эсэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс аливаа хэлбэрээр (ямар нэг үндэслэл зааж) тухайлан маргаагүй тул төлөөлөх эрхгүй этгээд оролцсон гэж үзэхгүй. /Хэргийн VI хавтасны 87 дахь талд/
18. Мөн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар 3 удаа шинжээч томилоход:
18.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 539 дүгээр захирамжаар томилогдсон Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг 35,000,000 төгрөгийн /Хэргийн II хавтасны 80-84, 126, 185-199 дэх талд/;
18.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7828 дугаар захирамжаар томилогдсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн 7,200,000 төгрөгийн /Хэргийн II хавтасны 227-236, III хавтасны 49 дэх талд/;
18.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 1934 дүгээр захирамжаар томилогдсон “Д а а” ХХК-д 44,600,000 төгрөгийн /Хэргийн V хавтасны 125-126, 135/ шүүхийн зардал тус тус гарсан бөгөөд “А” ХХК-иас Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон “Д а а” ХХК-ийн шинжээчийн зардалд нийт 79,600,000 төгрөгийг урьдчилан төлүүлсэн бол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэхэмжилсэн 7,200,000 төгрөгийн шүүхийн зардал төлөгдөөгүй үлджээ.
19. Тийм учраас шүүхийн зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт гаргасан “Д а а” ХХК-д 44,600,000 төгрөгийг, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт 35,000,000 төгрөгийг тус тус төлснийг дурдаж, үлдэх шинжээчийн зардал болох 7,200,000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банкин дахь 100900012005 тоот харилцах дансанд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
20. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн /2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/ 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус баримтлан “А” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар /тухайн үеийн нэршлээр/-ын улсын ахлах байцаагч Д.Б, Д.Т нарын үйлдсэн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 211820055 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийн 1,664,614,603.30 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу “А” ХХК нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгт 35,000,000 төгрөг, “Д а а” ХХК-д 44,600,000 төгрөг тус тус төлснийг дурдаж, үлдэх шинжээчийн зардал болох 7,200,000 төгрөгийг нэхэмжлэгч “А” ХХК-иас гаргуулж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /Төрийн сан банкин дахь 100900012005 тоот харилцах данс/-д олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] 2026.01.13-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн.
[2] “А” ХХК нь анх Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгэсэн боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.22-ны өдрийн 7053 дугаар захирамжаар, хариуцагчийн эрх залгамжлагчаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрыг сольж оролцуулсан. /Хэргийн I хавтасны 72-73, III хавтасны 102-103 дахь талд/