Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1521

 

Д.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2018/01266 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Д А Ж” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 7 637 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүрийн 20 дугаар хорооны нутагт Делика маркийн 67-79УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ “Д А Ж” ХХК-ийн Хово маркийн 35-03УНХ улсын дугаартай Л.Цэенжаргал жолоочтой автомашинтай мөргөлдсөн осол гаргасан. Ослын улмаас зорчигч Ч.Амгаланбаатарын биед хүндэвтэр гэмтэл учирсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан. Хэрэг шалгагдах явцад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн тээврийн салбарын шинжээч нарын 11/09 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр миний буруутай үйлдэл тогтоогдоогүй ба дээрх хэрэг нь Тээврийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 560А дугаартай эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Ослын улмаас иргэн надад автомашины эвдрэл 2.990.000 төгрөг, хохирогч Ч.Амгаланбаатарт эмчилгээний зардалд 3.037.000 төгрөг, автомашины үнэлнээний хөлс 110.000 төгрөг, техникийн шинжээчийн дүгнэлтийн хөлс 300.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нийт 6.937.000 төгрөг, хууль зүйн туслалцааны үзүүлсэн өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөг, нийт 7637.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хово маркийн 35-03УНХ улсын дугаартай том оврын автомашиныг жолоодож явсан Л.Цэенжаргал нь Сонсголонгийн уулзвараар зүүн гар тийш 2-р эгнээнээс эргэн /том оврын урт машин тул холуур даялж эргэдэг/,эсрэг урсгалаас ирж буй автомашиныг өнгөрөхийг хүлээн зогч байтал Дэлика маркийн 67-79УБИ улсын дугаартай машин хурдаа хасалгүй орж ирэн нэгэнт эргэх хөдөлгөөнөө хийж дуусаад эсрэг урсгалын машиныг хүлээж зогссон том оврын автомашины арын хэсгийг мөргөж авто осол гаргасан байдаг. Тухайн үед замын цагдаагийн ажилтнууд осол гарсан газар дээр хэмжилт үзлэг хийн хоёр жолоочийн хэн хэн нь буруутай гэж үзсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрхийн замын цагдаагийн газраас томилсон мэргэжлийн баг шинжээчдийн дүгнэлтээр 2 ч удаа энэ тухай албан ёсны дүгнэлт гаргасан. Үүний дагуу Л.Ц, Ц.М нар нь хохирогч Ч.А-т эмчилгээний зардлыг хувааж төлсөн байдаг. Бид 11/09 дугаартай дүгнэлтийг эс зөвшөөрч замын цагдаагийн газраас мэргэжлийн шинжээч оролцуулан дахин шинжээч томилох хүсэлт гаргах гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч байгаатай холбогдуулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болсон ба иргэний журмаар дахин хүсэлт гаргах боломжтой гэсэн хариу авсны дагуу хойшлуулсан. 2016 оны 06 дугаар сард манай эзэмшлийн автомашиныг Л.Цэенжаргал унаж яваад осол гарсан учир эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Дараагийн дүгнэлтэд шүүхээс хурдыг тооцож гаргах асуултанд шинжээч хариулахдаа Делика автомашины хурдыг тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй гэрээ байгуулах, хууль зүйн туслалцаа авах эртхэй хэдий ч манай компани уг хэлцэлд аль нэг тал болж оролцоогүй, гэрээний дагуу ямар нэгэн эрх, үүрэг хүлээгээгүй тул өмгөөлөгчийн төлбөр, хөлсийг бид хариуцахгүй. Осол гаргасан гэх жолооч Л.Цэенжаргал нь “Өндөр буянт холдинг” ХХК-тай гэрээтэй ажиллаж байсан. Иймд бид хохирлыг төлөхгүй гэж байгаа. Бусад зардал нь мөрдөн байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас улбаатай учирсан хохирол тул төр хариуцах ёстой. “Өндөр буянт холдинг” ХХК нь манай машиныг түрээслэж байсан. Өөрсдийнх нь ажилтан уг машиныг барьж явсан. “Өндөр буянт холдинг” ХХК болон манай компанийн хооронд түрээсийн гэрээ хийгээгүй. Амаар хэлэлцэж тохирсон байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлагч хариуцагч Д А Ж ХХКомпаниас 5.410.000 төгрөгийг гаргуулжнэхэмжлэгч Ц.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.227.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147.292 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д А Ж ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 101.510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Ц.М нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа хохирогч Ч.Амгаланбаатартай сайн дурын үндсэн дээр эвлэрэн түүнд 4.300.000 төгрөг өгсөн явдал нь ямар ч хамаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “ Тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эсхүл өөр этгээдээс бүрэн эрх олгодсоны дагуу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, замын хөдөлгөөнд оролцож байгаа этгээдийг ойлгоно” гэж тодорхойлосон боловч түрээсийн дагуу Хово маркийн 35-03УНХ дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан “ Өндөр буянт холдинг” ХХК-ийн ажилтан Л.Цэенжаргалын бусдад учруулсан хохирлыг “Д А Ж” ХХК-д хамаатуулан шийдвэрлэсэн нь шударга бус байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлгыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч “Д А Ж” ХХК-д холбогдуулан  гэм хорын хохирол 7 637 000 төгрөг гаргуулахаар нэхэмжмлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж  шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны 184/ ШЗ2017/000121 дугаар тогтоолоор Тээврийн прокурорын газраас Л.Цэенжаргалд холбогдох эрүүгийн 201624000606 дугаартай эрүүгийн хэргийг нотлох баримтаар гаргуулж, уг эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар  энэ иргэний хэрэгт  бичмэл нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийн хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэх авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж шүүхээс нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульчлан заажээ.  

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ тухайн нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай эсэх, уг хүсэлтэд ямар баримтыг хаанаас гаргуулахыг хүссэнийг тодруулалгүйгээр Л.Цэенжаргалд холбогдох эрүүгийн 201624000606 дугаартай хэргийг бүхэлд нь нотлох баримтаар татан авсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүх нотлох баримт бүрдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.