Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/01828

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 срын  09 өдөр

                             181/ШШ2020/01828

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.З –ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А Ү Т  ТӨҮГ-т холбогдох

А Ү Т  ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн А Т ийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З , нэхэмжлэгчийн өмгөөлөгч  З.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэгч Х.З  би, А Ү Т  ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн А Т д тээвэр зохицуулагчаар 2017 оноос эхлэн ажиллаж байгаад захирал Б.Гүрсоронзонгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалаар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон ажлаас хууль бусаар халагдлаа.

Тушаалыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажиллаж улсын байцаагч Бат-Эрхэм, тээвэр зохицуулагч Эрдэнэбилэг, бүртгэлийн мэргэжилтэн Мөнхбаатар, нягтлан бодогч Уянгын бүрэлдэхүүнтэй комисст ажлаа хүлээлгэн өгсөн.

Тушаалаас үзвэл, “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар  сарын 02-ны өдөр хүртэл 5-н удаа нийт 4,999,200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдсон” гэх үндэслэл зааж ажлаас халсанд гомдолтой.

Х.З  би, Хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэж, ажлаас халагдах аливаа шалтгаангүй ажиллаж байсан учир шалгаж тогтоогоогүй зөрчил гэх зүйлд үндэслэн ажилтаны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлаас хууль бусаар халсан гэж үзэж шүүхэд хандлаа.

Намайг буруутгаж байгаа үндэслэлийн талаар тайлбарлаж, өргөдлөө бичгээр тус төвийн дотоод сүлжээгээр гаргасан боловч ажил олгогч “А Ү Т ” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон өргөдлийг өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар нэгэн хариу мэдэгдсэнгүй.

2020 оны 01 дүгээр сард Говь-Алтай А Т ийн хэсэг ажилтан бид, Говь-Алтай аймгийн А Т ийн удирдлагын хууль бус үйл ажиллагаа, алдаа ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон өргөдлийг өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ямар нэгэн хариу мэдэгдсэнгүй.

2020 оны 01 дүгээр сард Говь-Алтай А Т ийн хэсэг ажилтан бид, Говь-Алтай аймгийн А Т ийн удирдлагын хууль бус үйл ажиллагаа, алдаа дутагдлын талаар Зам тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бичгээр гомдол гаргасан бөгөөд уг бичигт гарын үсэг зурсанаас хойш төвийн дарга С.Гантулга дарамталж, байнга өө сэв, дутагдал хайн илтэд хонзогносоор эцэстээ ийм үр дагаварт хүрлээ.

2019 онд сахилгын арга хэмжээ хууль бусаар авсан, энэ талаар надад мэдэгдээгүй, тушаалыг танилцуулаагүй, 2020 онд ажлаас халахдаа зөрчил гэх зүйлсээ шалгаж тогтоогоогүй атлаа С.Гантулга даргын хэлсэн үгээр хууль бусаар халсаныг зөвшөөрөхгүй.

Иймд Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй байх үедээ давтан зөрчил гаргасан гэдэг үндэслэл ярьж байх шиг байна. Энэ зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 4.3.1, 4.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.11.1, 3.11.2, 11.6.7, 11.6.11 гэсэн 6 үндэслэл зааж байгаа. Эдгээр үндэслэлүүдтэй танилцсан. Хэрэгт байгаа. Бүгд ерөнхий байгаа. Ажлаас халагдсан ажилтны хувьд мөнгө төгрөгтэй харьцдаг чиг үүрэг мөн.

Гэтэл энэ хүний ажил үүргийн хувьд баримтлах ёстой тодорхой журмын заалтын зөрчсөн. Байгууллагын дотоод журам сахилгын журмыг зөрчсөн бол гэдэг агуулгаар ерөнхий үндэслэл зааж ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зөрчил байж болзошгүй гэдгийг аймгийн дарга болон ерөнхий нягтлан бодогч нар явуулсан. Санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдох эсэх бүрдэж, тайлан гаргасан бол шууд дүгнэлт хийх боломжтой байдаг. Иргэний журмаар гаргасан гомдлоор ирүүлсэн бол тайлан бичээгүй байна. Хэрэгт олон баримт ирүүлсэн. Шалгаагүй байгаа учраас шууд ажлаас халсан нь буруу байна.

Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэгдүгээрт сахилгын шийтгэл оногдуулсан талаар эхлээд яръя. Иргэн Равдандорж гэдэг тээврийн жолооч байгаа. Зарим гомдол 2016, 2017 оны асуудал байгаа. Гол нөхцөл байдал нь өөрөө гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор шалгах ёстой гэдгийг бидний зүгээс авч үзээгүй юм. Х.З д өөрөө би мэдэгдсэн. Чамд 1 сарын арга хэмжээ авахаар боллоо. Цаашид битгий асуудал гаргаарай гэж хэлсэн.

Хоёрдугаарт мэдээгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Цалингийн жагсаалт байгаа. Уг жагсаалтаар 9 сарын үндсэн цалин хасагдаж орсон байдаг. Энэ хүн арга хэмжээ авахуулснаа мэдэхгүй байх боломжгүй. Манайд эх хувь нь үлдээд хүлээж авсан Х.З  гээд байна. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тушаал дээр гомдол гаргах боломж байсан. 12 дугаар сарын 16-ны өдөр анх ажилд авсан мэдээлэл гараад явдаг. Манай байгууллага 5 жил ажиллахад ажилласан хугацааны нэмэгдэл, урамшуулал олгодог байгаа. Гэхдээ энэ хүн 3,7 жил ажиллаад ажилласан хугацаагаа нэмсэн байгаа. Бид нар ямар нэг арга хэмжээ авахгүй гээд аваагүй. Тухайн үед шалгалт явсан. Шалгалт яваад дарга нар тайлбар аваад явсан байгаа. Энэ асуудал дээр арга хэмжээ тооцогдоогүй. Өөрөө хохирлоо барагдуулсан учраас арга хэмжээ тооцогдоогүй. Анх 875,000 төгрөг гарсан. Дараа нь 5,000,000 төгрөгийн баримт ирсэн. Үүнтэй холбоотой бүх баримтыг авсан. Гарын үсэг зураад баталгаажуулсан. Мөнгө дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Та өөрөө аваад идсэн гэж тушаал гаргаагүй. Зөрчил удаа дараа гаргасан гэж шалгасан байгаа. Нөгөө ээлжийн ажилтан Даариймаад мөн цалингийн арга хэмжээ авагдсан байгаа. Зөрчил гаргасан гэдэг асуудлаар энэ хүнийг ажлаас чөлөөлөхөөс аргагүй боллоо гээд Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11 дэх заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр цуцалж, ажлаас чөлөөлсөн” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.З  нь хариуцагч А Ү Т  ТӨҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сахилгын зөрчил удаа, дараа гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

А Ү Т  ТӨҮГ-ын захирлын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 тоот тушаалын 1 дэх заалтаар “Говь Алтай аймгийн А Т ийн тээвэр зохицуулагч Х.З  нь албан тушаал /ажлын байр/-ийн тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчиж сахилгын шийтгэлтэй байх үедээ 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 5 удаа нийт 4,999,200 төгрөгний кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан нь холбогдох баримтаар тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс цуцалж, ажлаас халсугай” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “А Ү Т  ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12, Хөдөлмөрийн гэрээний 4.3.1, 4.3.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.18.1, 3.18.2, 11.6.7, 11.6.11 дэх заалтуудыг  тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.З ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж тус тус заажээ.

 

А Ү Т  ТӨҮГ-ын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/499 тоот тушаалаар Х.З ын цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 118 дугаар тал/.

 

Нэхэмжлэгч нь мэдээгүй гэж тайлбарлах боловч, 2019 оны 09 дүгээр сарын цалингаас 20 хувийн суутгал хийгдсэн, мөн тушаалыг гардуулсан талаар баримт авагдсан, уг тушаал хууль зөрчсөн гэж эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх тул уг тушаал хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “А Ү Т  ТӨҮГ-ын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/499 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан нэг жилийн хугацаа дуусаагүй байхад 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 5 удаа нийт 4,999,200 төгрөгний кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан тул ажлаас халсан. Гэхдээ мөнгө идсэн, дутаасан зүйл байхгүй” гэх тайлбарласан.

 

Хариуцагч нь 5 удаа нийт 4,999,200 төгрөгийн кассын орлогыг дутуу тоолуулж дараа өдрийн орлогоор нөхөж тушаадаг зөрчил удаа дараа гаргасан байдлыг нотлох зорилгоор 48-60 дахь талд авагдсан “Бэлэн мөнгөний тооллогын баталгаа” гэх баримтыг гаргасан ба уг баримтаас үзэхэд кассын мөнгө дутуу байгаа, Х.З  гарын үсэг зурсан болох нь тогтоодож байна.

 

Х.З  нь 4,999,200 төгрөгийг хувьдаа завшсан, зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гаргаагүй, уг үйлдлийн улмаас харуицагчид эд хөрөнгийн хохирол учраагүй, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан шинжтэй гэм буруутай үйлдэл гаргаагүй тул сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч А Ү Т  ТӨҮГ-ийн “Дотоод хяналт шалгалтын журам”-ын 3.6-д “Шалгатлын тайланг шалгуулсан этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байна” гэж заасан бөгөөд хариуцагч нь шалтгалтын тайлан гаргаагүй, мөн нэхэмжлэгчид танилцуулах ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.З ыг А Ү Т  ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн А Т ийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,580,000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын дундаж цалин 996,833 төгрөгийг ажилгүй байсан хугацааг ажлын 78 хоногоор тооцоход  3,616,392 /46,364х78/ төгрөг болж байгаа ба нэхэмлэгч нь 2,580,000 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Х.З ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х.З ыг А Ү Т  ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн А Т ийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,580,000 төгрөгийг хариуцагч А Ү Т  ТӨҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Х.З д олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэг Х.З ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч А Ү Т  ТӨҮГ-т даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А Ү Т  ТӨҮГ-аас 56,230 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР