Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00015

 

Б.Д, Д.С нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01662 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1415 дугаар магадлалтай,

Б.Д, Д.С нарын нэхэмжлэлтэй,

Н.Б, Ц.Б, Л.Н, “И” ХХК-д холбогдох,

2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.Н, “И” ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д, Д.С нар мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны 000651624 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг “И” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.Д, Д.С нар нь хариуцагч Н.Б, Ц.Б, “И” ХХК, Л.Н нарт холбогдуулан Ц.Б, Л.Н нарын хооронд 2012.03.15-ны өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”, “И” ХХК, Л.Н нарын хооронд 2018.06.22-ны өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлах 91.2 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгч нь Б.Д, Д.С нар болохыг тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг “И” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Б, Ц.Б нар зөвшөөрч, Л.Н, “И” ХХК нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01662 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д, Д.С нарын хариуцагч Н.Б, Л.Н, Ц.Б, “И” ХХК нарт холбогдуулан гаргасан 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Л.Н, “И” ХХК нарын хооронд байгуулагдсан Хувийн сууцны зориулалттай байр худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч Б.Д, Д.С нар мөн болохыг тогтоолгож, тус орон сууцны 000651624 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг “И” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1415 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01662 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.9 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ц.Б, Л.Н нарын хооронд 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлээс хариуцагч “И” ХХК, Л.Н нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлалтай, 91.2 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, 000651624 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг “И” ХХК-иас гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Л.Ноос 70,200 төгрөгийг тус тус гаргуулж Б.Д, Д.С нарт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.С, Б.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.15-ны өдрийн дугаар 1415 магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 56.1.10-т заасныг Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн дугаар 17 “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар зүйлийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тайлбараас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Ц.Б, Л.Н нарын хооронд байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар халхавчилсан хэлцэл гэж зөв дүгнэсэн боловч тус хэлцлийн үндсэн дээр хийсэн Л.Н болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.06.22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг Иргэний хуулийн 56.1.10-т заасныг УДШ-ийн 2010.06.22-ны өдрийн дугаар 17 “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар зүйлийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тайлбараас өөрөөр тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус тогтоолын 5.7-д “Мөн зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино” гэж тайлбарласан байдаг. Хариуцагч Л.Н маргаан бүхий орон сууцыг хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч “И” ХХК-д худалдсан байдаг. Дээрх хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ Л.Н, Ц.Б нарын хооронд байгуулагдаагүй бол Л.Н орон сууцыг “И” ХХК-д худалдах боломжгүй, дээрх хоёр хэлцлийн хооронд өөр этгээдэд шилжүүлсэн хэлцэл байгуулагдаагүй, бэлэглэлийн гэрээ, орон сууц худалдах худалдан авах гэрээ шууд шалтгаант нөхцөл байдлаар холбогдсон хэлцлүүд байна. Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан хариуцагч Л.Ноос “И” ХХК-д орон сууц шууд шилжсэн байхад давж заалдах шатны шүүх “И” ХХК-ийн Л.Нтой худалдах, худалдан авах гэрээ хийсэнтэй шууд шалтгаантай холбоогүй байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Хэрэв Л.Н орон сууцыг өөр этгээдийн нэр дээр шилжүүлсэн үүний дараагаар хариуцагч “И” ХХК-д өмчлөх эрх шилжсэн бол шалтгаант холбоогүй гэж үзэж болох юм. Мөн давж заалдах шатны шүүх “...Л.Н уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар “И” ХХК улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан этгээд биш байна” гэсэн үндэслэлгүй. Шүүх хуралдаан дээр талууд “И” ХХК-д зээл олгохдоо маргаан бүхий орон сууцыг очиж үзээгүй, эзэмшлийг нь шалгаагүй гэж маргадаг. Учир нь маргаан бүхий орон сууц “И” ХХК-иас Л.Нид зээл олгох үед нэхэмжлэгч Б.Дий эзэмшилд байсан, өнөөдрийг хүртэл Б.Дий гэр бүл эзэмшиж, ашиглаж байгаа болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу зээлийн хувийн хэрэгт “...зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, түүнийг шалгасан баримт...” авагдсан байх ёстой. Гэтэл “И” ХХК-иас Л.Нид зээл олгох үедээ эзэмшлийг нь шалгаж маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэх боломжтой этгээд, дээрх үүргээ биелүүлээгүй тул улсын бүртгэл үнэн зөв байх зарчим яригдахгүй юм. Ийнхүү давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56.1.10-т заасан зохицуулалтыг УДШ-ийн тайлбараас буруу тайлбарлаж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.09.15-ны өдрийн дугаар 1415 магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2021/00852 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Б.Д, Д.С нар нь хариуцагч Н.Б, Ц.Б, “И” ХХК, Л.Н нарт холбогдуулан Ц.Б, Л.Н нарын хооронд 2012.03.15-ны өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”, “И” ХХК, Л.Н нарын хооронд 2018.06.22-ны өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, улсын бүртгэлийн Ү-2205004135 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1 тоот хаягт байрлах 91.2 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг “И” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Б, Ц.Б нар зөвшөөрч, Л.Н, “И” ХХК нар эс зөвшөөрч маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Ц.Б, Л.Н нарын хооронд 2012.03.15-ны өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан байна.

9. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...Н.Б маргаан бүхий 39/1 тоот орон сууцыг хүү Л.Ндоо худалдан авах хүсэлт гаргасны дагуу байрны өмчлөлийг Ц.Баас Л.Нийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.  ...гэвч Н.Б орон сууцны мөнгийг төлж чадахгүй болсон гэсэн шалтгаанаар, уг орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгсөн боловч гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. ...бэлэглэлийн гэрээ байгуулах үед Л.Н Монгол улсад байгаагүй, гэрээ болон бичиг баримтад Н.Б гарын үсэг зурсан тул уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болно. ...гэтэл Л.Н нь байрыг барьцаанд тавьж, улмаар “И” ХХК-д худалдаж, бидний эрхийг зөрчсөнгэж тодорхойлон маргажээ.

10. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч Л.Ноос “...амины орон сууцыг Б.Дөөс шилжүүлж аваагүй, Ц.Бтай 2012.03.15-ны өдөр орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөлдөө шилжүүлж авсан. ...өмчлөлийн зүйлээ худалдаж, өмчлөх эрхээ шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй...” гэсэн, хариуцагч “И” ХХК-иас “...нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ...уг орон сууцыг худалдаж авах үед Л.Н орон сууцны өмчлөгч байсан, энэ нь улсын бүртгэлээр баталгаажсан, ...гэрээ хууль зөрчөөгүй...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Харин нэхэмжлэлийг зөвшөөрч, хариуцагч Н.Б “...Тус байрны өмчлөгч нь Б.Д, Д.С нар мөн. ...Д.С нь Ц.Бт “БОСА” ХХК-ийн эзэмшлийн 10 хувийн хувьцаагаа худалдаж, төлбөрт тооцон 39/1 тоот орон сууцыг авсан, ...тухайн үед би орон сууцыг хүү Л.Ндоо худалдаж авахаар тохиролцсон тул Ц.Б орон сууцны өмчлөх эрхийг Л.Нийн нэр дээр шилжүүлсэн. ...бид байрны мөнгийг төлж чадахгүй болсон тул байрыг Д.Ст буцаан өгөх ёстой боловч Л.Н бусдад худалдсан байна. ...бэлэглэлийн гэрээ байгуулах үед Л.Н Монголд байгаагүй тул би түүний өмнөөс бүх бичиг баримтад гарын үсэг зурсан...” гэсэн, хариуцагч Ц.Б нь ...маргаан бүхий амины орон сууцыг Д.Сээс худалдан авсан хувьцааны үнэд тооцон түүнд шилжүүлэх ёстой байсан, гэвч тэрээр “хамаатны хүний нэр лүү шилжүүлчих” гэсний дагуу бэлэглэлийн гэрээ хийж, өмчлөх эрхийг Л.Нид шилжүүлсэн, ...Л.Нийг танихгүй, уулзаж байгаагүй, түүнд орон сууцыг үнэ төлбөргүйгээр бэлэглэх ямар нэгэн шалтгаан байхгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

11. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Давж заалдах шатны шүүх хуулийг буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасныг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

12. Ц.Б, Л.Н нарын хооронд 2012.03.15-ны өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

12.1. Нэхэмжлэгч Д.С нь 2012 оны 3 дугаар сард өөрийн эзэмшлийн, “Боса” ХХК-ийн 10 хувийн хувьцааг Ц.Бт худалдах, Ц.Б нь уг хувьцааны үнэд өөрийн болон эхнэр А.Цасчихэрийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 39/1, 39/2 тоот амины орон сууцыг газрын хамт Д.Сийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ. Тухайн үед Д.С нь дээрх 2 орон сууцыг өөрийн охин Б.Дий нэр дээр шилжүүлэхийг хүссэн боловч охин нь Монгол Улсад байгаагүй учир 39/2 тоот амины орон сууцыг Н.Бийн нэр дээр шилжүүлж, харин 39/1 тоот орон сууцыг, Н.Б нь хүү Л.Нид худалдан авахаар тохиролцсон гэсэн үндэслэлээр, Ц.Б, Л.Н нарын хооронд 2012.03.15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу Л.Нийн өмчлөлд шилжүүлсэн, зохигч эдгээр үйл баримттай маргаагүй байна.

12.2. Харин нэхэмжлэгч нар “...бэлэглэлийн гэрээ байгуулах үед Л.Н Монгол улсад байгаагүй, орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн гэрээ болон холбогдох бичиг баримтад гарын үсэг зураагүй тул уг бэлэглэлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно” гэж маргажээ.

12.3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Иргэний хуулийн хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, ...276.3-т “Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, зохигч /нэхэмжлэгч нар, хариуцагч Н.Б, Ц.Б нар/-ийн тайлбар болон бусад баримтаар бэлэглэлийн гэрээ байгуулах тухайн үед бэлэг хүлээн авагч Л.Н нь Монгол Улсад байгаагүй, бэлэглэлийн гэрээ болон орон сууцны өмчлөл шилжүүлсэн бичиг баримтад түүний ээж Н.Б гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ.  

Давж заалдах шатны шүүх талууд бэлэглэлийн гэрээ байгуулахдаа хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, Ц.Б, Л.Н нарын хооронд эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх тухай хэлцэл хийгдээгүй, мөн хариуцагч Ц.Б нь маргаан бүхий орон сууцыг Л.Нид бэлэглэх хүсэл зориг байгаагүй, хувьцааны төлбөрт шилжүүлэх ёстой орон сууцыг Л.Сийн хүсэлтээр, түүний нэрлэн заасан этгээдэд шилжүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэсэнтэй тус тус нийцсэн байна.

12.4. Харин анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ...Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б нь бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурснаар Л.Нид тухайн орон сууцыг бэлэглэх үүрэг үүссэн гэсэн дүгнэлт үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

13. “И” ХХК, Л.Н нарын хооронд 2018.06.22-ны өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

13.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч Л.Н маргаан бүхий орон сууцыг хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч “И” ХХК-д худалдсан байдаг. Дээрх хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ Л.Н, Ц.Б нарын хооронд байгуулагдаагүй бол Л.Н орон сууцыг “И” ХХК-д худалдах боломжгүй, дээрх хоёр хэлцлийн хооронд өөр этгээдэд шилжүүлсэн хэлцэл байгуулагдаагүй, бэлэглэлийн гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ шууд шалтгаант нөхцөл байдлаар холбогдсон хэлцлүүд байна. Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу орон сууц хариуцагч Л.Нид, улмаар “И” ХХК-д шилжсэн байхад давж заалдах шатны шүүх “И” ХХК-ийн, Л.Нтой худалдах, худалдан авах гэрээ хийсэнтэй шууд шалтгаантай холбоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

13.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгоно. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөхийг шаардах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, дээр тогтоогдсоноор маргаан бүхий Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 39/1 тоот хаягт байрлах, амины орон сууцны зориулалттай 91.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Бын өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд тэрээр уг орон сууцыг Д.Сээс худалдан авсан хувьцааны үнэд тооцон түүнд шилжүүлэх байсан боловч Д.Сийн, Н.Бтай орон сууцыг хүү Л.Нид худалдан авахаар тохиролцсоныг үндэслэн, Ц.Б, Л.Н нарын хооронд 2012.03.15-ны өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ний дагуу Л.Нийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэ талаар талууд маргаж байгаагүй байна.

13.3. Хариуцагч “И” ХХК нь Л.Нтой зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, мөн барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүрэгт тооцож зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах тухайн үед Л.Н нь уг орон сууцны өмчлөгч байсан тул хариуцагчийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан этгээд гэж үзэх, Л.Н болон “И” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.06.22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Ц.Б болон Л.Н нарын хооронд хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ байгуулагдсан боловч уг хэлцлийг “И” ХХК-ийн, Л.Нтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хийсэнтэй шууд шалтгаант холбоотой буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл гэж үзэх боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

14. Иймд “И” ХХК, Л.Н нарын хооронд 2018.06.22-ны өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “И” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл хуульд нийцсэн байна. 

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1415 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,611,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН