Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 183/2017/01216/И |
Дугаар | 001/ХТ2022/00200 |
Огноо | 2022-02-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2022/00200
М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00226 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 727 дугаар магадлалтай,
Мийн нэхэмжлэлтэй,
“А” ХХК-д холбогдох,
БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр болох 139,951 юань буюу 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Мь нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан хохиролд 139,951 юань буюу 41,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00226 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мийн хариуцагч “А” ХХК-иас хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр 139,951 юань буюу 41,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Миас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,093,997 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Мьд олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 727 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 727 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Мийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хариуцагч тал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
4.1. Магадлалын хянавал хэсэгт: “...Иргэний хэргийн нотлох баримт нь хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад мэдээллийг хамруулахаар хуульчилжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох өөрт учирсан хохирол 41,000,000 төгрөгийг нотлох зорилгоор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өгсөн гэрч Т.Болдын хэргийн хавтасны 72-73 дугаар тал дахь мэдүүлэг, мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хийгдсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хэргийн 1 дүгээр хавтасны 96-97 дугаар тал дахь хөрөнгийн үнэлгээг тус тус үндэслэжээ.
Дээрх гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан нэг талын баримт бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд нотолсон баримт болохгүй мэдээлэл агуулсан баримт гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудад эрх хууль ёсны ашиг сонирхлоо адилхан хамгаалах боломж олгож, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтыг шүүх шууд үнэлэх боломжгүй. Гэрч нь болсон үйл явдал, үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэвч Т.Болдын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй байхад анхан шатны шүүх уг мэдүүлгийн зөрүүг гаргаагүй нь учир дутагдалтай болжээ. ...” гэжээ. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг анхан шатны шүүх дутуу хийсэн, гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгах үүрэг анхан шатны шүүхэд байсан гэх үнэлэлт дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, түүний үндэслэлийг дэмжиж буй нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгч талд байдаг. Мөн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, мэдүүлгийн зөрүү арилгах зэрэг ямар нэг ажиллагааг шүүх санаачилгаараа хийх эрх байхгүй. Бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг эрүү, иргэний хэрэг маргааны үед цугларсан гэх мэтээр ангилан үзэж, тэр ч бүү эрс зөрүүтэй мэдүүлэгтэй холбоотой ажиллагаа хийлгэх заавар зөвлөгөө өгсөнд гомдолтой байна.
4.2. Магадлалын хянавал хэсэгт: Талууд БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн бараа материалыг Монгол улсын хилээр оруулж гаальд хэдэн төгрөгийн үнэтэй болохыг хэрхэн мэдүүлсэн нь тодорхой бус үлджээ. Уг гаалийн мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна. Мөн гэрч Т.Болдын: хуурамч болон жинхэнэ падаан дээрх үнийг тооцоход 25,000,000 төгрөгийн юань илүү байсан гэх мэдүүлэг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь БНХАУ-ын Эрээн хотын Dun Yun дэлгүүрээс авсан 38 нэр төрлийн бараа материалын үнийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод борлуулагдаж байсан зах зээлийн үнэтэй харьцуулсан байдлаар хийхэд 41,000,000 төгрөгийн зөрүүтэй гэх дүгнэлт, гэрч БНХАУ-ын иргэн Жу Шүнчао, Су Нин нарын 2 өөр баримт өгсөн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Дийн: худалдаж авсан бараанд падаан өгөөгүй, хятад хэл дээр бичсэн 336,408 юанийн барааны жагсаалт өгсөн гэх тайлбар зэргээс үзвэл хэргийн бодит байдал үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй. Хэргийн оролцогчоос өөрийн шаардлагын үндэслэл болгон гаргасан дээрх нотлох баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байх учиртай. Гэвч дээрх баримтууд нь хоорондоо зөрүүтэй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй байгаагаас үзвэл хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргах ба шүүх түүний хүсэлтийг үндэслэн уг нотлох баримтыг бүрдүүлж болно. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах, үзлэг, шинжилгээ хийлгүүлэх зэрэг ажиллагааг хийлгэх боломжтой. Энэ тохиолдолд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан талуудыг хүсэлт гаргах эрхээр хангаж чиглүүлэх, хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримт гаргах, улмаар тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн хийсэн байдал тогтоогдохгүй байна. ...” гэжээ. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна, нотлох баримт нэмж цуглуулах шаардлагатай гэх агуулга бүхий үнэлэлт дүгнэлт хийсэн.
Харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн оролцогчийн санаачилга, хүсэлтийн дагуу явагддаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээртэй ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд нь шаардлагынхаа үндэслэлийг нотлох үүрэгтэй. Маргаж буй иргэний хэрэг 2016 оны 03 дугаар сард үүссэнээс хойш анхан шатны шүүх хуралдаан болох бүрд нэхэмжлэгч тал ямар нэгэн нотлох баримттай холбоотой хүсэлт гаргадаг байсан тул эрх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Мөнх талууд 4-н жилийн турш мэтгэлцэж байгаа болно.
4.3. Магадлалын хянавал хэсэгт: “... Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ сантехникийн материалыг БНХАУ-ын Эрээн хотоос 30 хувийн хямд авна гэж итгүүлж яваад биднээс үндэслэлгүй их хэмжээний зардал гаргуулж нийт 139,951 юань буюу 41,000,000 төгрөг завшсан гэж бусдын хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол шаарджээ.
Хэрэгт авагдсан баримтаар талууд сантехникийн барааг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авахад нэхэмжлэгч талаас Ө.Тунгалаг, Д.Дөлбат, хариуцагч талаас М.Билгүүнжаргал, Т.Болд нар хамт явсан байна. Ийнхүү эдгээр хүмүүс хамт явж бараа материал худалдан авахад хэний ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэний эд хөрөнгөнд гэм хор учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо бий эсэх талаар дүгнэх шаардлагатай. Дээрх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч талд ямар хэмжээний хохирол учирсан эсэх нь тодорхой болох юм. Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй ...” гэжээ.
Мийн захирал гэх Н.Д нь илт худлаа зүйлийг үнэн мэтээр харагдуулахын тулд 4-н жилийн турш маш их хичээл зүтгэл гаргаж байгаа. Үүний хажуугаар хэлсэн үгнийх нь эсрэг зогссон хариуцагч компанийн захирал М.Билгүүнжаргал, түүний эхнэр Э.Цолмон, өмгөөлөгч Ц.Г, анхан шатны шүүхийн шүүгч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, үнэлгээний компанийн ажилтан, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгч г.м хүмүүсийг Дүүргийн цагдаагийн хэлтэс, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт өргөдөл гомдол гарган шалгуулсан. Иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй бол нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгодог. Харин эрүү, захиргааны хэрэг маргааны хувьд шаардлагатай гэж үзвэл шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлдэг. Гол ялгаа нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ямар этгээд хийж гүйцэтгэдэгт байгаа болно. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөх ёстой байсан гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Мь нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан хохиролд 139,951 юань буюу 41,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг “...багш, ажилчдын орон сууцны барилгын гадна, дотно сантехникийн ажлыг гүйцэтгүүлэхээр “А” ХХК-тай гэрээ байгуулсан, тус компани уг ажилд шаардагдах сантехникийн материалыг БНХАУ-ын Эрээн хотоос 30 хувийн хямд үнээр авна гэж итгүүлж, хамт явсан боловч биднээс үндэслэлгүй их хэмжээний зардал гаргуулж хохироосон...” гэжээ.
7. Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...барилгын чанартай материал авах зорилгоор БНХАУ-ын Эрээн хот руу явсан, тухайн үед нэхэмжлэгч талаас Ө.Тунгалаг, Д.Дөлбат, хариуцагч талаас Т.Болд, М.Билгүүнжаргал нар явсан, ...Ө.Тунгалаг нь өөрөө мөнгөө төлж, бараа материалыг авч, улмаар ачуулсан. ...энэ асуудлыг цагдаагийн байгууллага 3 жил шалгаж хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргасан байна.
8. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буюу хариуцагч нь Мьд 41,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг нотлохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан үнэлгээ дүгнэлт, гэрч Т.Болд, БНХАУ-ын иргэн Жу Шүнчао /ZHU SHUNCHAO/, Су Нин нарын мэдүүлгийг үндэслэсэн, гэвч эдгээр баримтуудыг хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл гэж үзэхэд учир дутагдалтай, өөрөөр хэлбэл дээрх баримтууд хэргийн үйл баримтын талаар хоорондоо зөрүүтэй мэдээлэл агуулсан, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй, эргэлзээтэй тул давж заалдах шатны шүүхийн хэргийн бодит байдал, үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэсэн дүгнэлт зөв байна.
10. Иймд анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу цуглуулж, үнэлэн, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй юм.
11. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 727 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.28-ны өдөр төлсөн 367,627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН