Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/01312/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овогт Б-ын О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймгийн ... сум, ... баг, ... хороолол, .. байр, .. тоотод оршин суух Б-н Г-д холбогдох

"Хохирол 685,100 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, иргэдийн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.О миний гэрт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5 давхарын 74 тоотод оршин суугч Б.Г гэртээ засвар хийж байгаад халуун ус алдуулж 4, 3, 2 давхарын харалдаа айлууд усанд автсан. Тухайн үед дуудаж үзүүлж хэлэхэд ойлголоо засаж өгнө гэж хэлсэн боловч одоо болтол манайхыг засаж өгсөнгүй. 3 давхарын айлын засварыг шийдэж өгсөн байна лээ. 2019 оны 11 дүгээр сарын 09-нд манайд жижиг савтай замаск, 4 литр эмүльс барьж ирээд одоо эмүльсдээд өгье, дансаа өгчих замаскны мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд обой засварын бусдын яахын гэсэн чинь чадахгүй гэсэн. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 28-нд утас руу нь залгаж хэлсэн чинь би засвар хийж өгч чадахгүй гээд утсаа тасалсан. Дахиад залгахад утсаа авахгүй салгаад байсан, тэгэхээр нь мессеж бичээд өгдөг газарт нь өгч хохирлоо гаргуулна гэж бичсэн. Үнэлгээний газар, Сууц өмчлөгчдийн холбооны даргад хэлж бүх хохирлын дүнг гаргуулсан. Ийм учраас надад хариуцагч Б.Гаас хохирлын 706,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Г нь шүүхэд  гаргасан тайлбартаа:

 “2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 4 давхар дахь оршин суугч маань манайхаас ус алдаад байна гэж хэлснээр ариун цэврийн өрөөндөө орж үзэхэд манай шугамнаас ус алдсан зүйл байгаагүйгээ ДДШС ХК-д дуудлага өгснөөр усыг хааж үзлэг хийхэд давхар хоорондын шугам цоорсон нь тогтоогдож засвар үйлчилгээ хийлгэсэн. Иргэн Б.Оын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Б.Гаас хохирол төлбөр 706,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал “...үнэлгээгээр тогтоосон байрны засварын зардал 631,400 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 53,700 төгрөг, нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,500 төгрөг, нийт 706,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг шаардлагаасаа хасаж, хариуцагч Б.Гаас байрны засварын зардал, үнэлгээний төлбөр нийт 685,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэж шаардлагаа тодруулсан болно.

 

Хариуцагч тал  “...давхар хоорондын шугам цоорсны улмаас ус алдсан учир Б.Г хохирол төлбөрийг хариуцахгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, маргадаг болно.

 

Хариуцагч Б.Гын өмчлөлийн ... аймгийн .. сумын ... баг ... хороолол ... байрны ... тоот орон сууцны халуун хүйтэн усны далд шугамаас  2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ус алдасны улмаас тус байрны .. тоотод  оршин суух Б.Оын өмчлөлийн орон сууцанд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан “Ү.ө” СӨХолбооны “...2019 оны 05 дугаар сарын 03-нд 4 дүгээр багийн 5-74 тоотоос ус алдаж, 2, 3, 4 давхарын айлууд руу ус орж, ус алдах үеэр тус айлуудын жижиг өрөө, коридорын өрөөнүүд ус нэвчсэний улмаас тааз, ханын обой хууларч засвар хийх шаардлагатай болсон нь үнэн” гэх тодорхойлолт /хх-11/, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ний дуудлагын бүртгэл /хх-94/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх-74-80/, болон талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Оын захиалгын дагуу “А.б” ХХК нь ус алдсаны улмаас тус байрны 62 тоот орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг тооцон, хохирлыг 631,400 төгрөгөөр тогтоож, үнэлгээ хийлгэсний төлбөрт 53,700 төгрөгийг Б.Оаас авсан болох нь “А.б” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний тайлан, 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт                  /хх-4-10/-аар тогтоогдож байна.

Хариуцагч тал нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ус алдсан үйл явдал болон  62 тоот орон сууцанд учирсан хохирлын үнэлгээний талаар маргадаггүй, харин тэрээр тухайн ус алдах шалтгаан нь халуун, хүйтэн усны далд шугам цоорсон. Уг шугамын гэмтлээс үүдэн гарсан хохирлыг Б.Г нь хариуцахгүй... гэсэн тайлбарыг гаргаж, уг тайлбартай холбогдуулан “ДДС” ТӨХК-ний дуудлагаар үйлчлэх 185 дугаартай хуудсыг нотлох баримтаар ирүүлсэн болно.

 

“ДДС” ТӨХК-ний дуудлагаар үйлчлэх 185 дугаартай хуудаст “...5 дугаар байрны 74 тоот ...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийсэн ажлууд: ХХ ус далд монтаж төлбөр, ментуль-3 ширхэг солив...дуудлагаар гүйцэтгэсэн засвар үйлчилгээний төлбөр бүгд 41,000 төгрөг, ...зөвшөөрсөн хэрэглэгчийн нэр Ганбат...” гэжээ. /хх-38/

 

Шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн засварын ажлыг ДДС ТӨХК-ний ажилтан Б.Гын орон сууцанд орж хийсэн, ...үйлчилгээний төлбөр 41,000 төгрөгийг Б.Г төлсөн...” гэх тайлбар болон дээрх “ДДС” ТӨХК-ний дуудлагаар үйлчлэх 185 дугаартай хуудас зэрэг баримтаас үзэхэд ус алдсан шугамын засвар үйлчилгээг тус байрны 74 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч Б.Г хариуцах үүрэгтэй болох нь тогтоогдож байгаа ба хариуцагчийн татгалзал дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч Б.Гаас А.б ХХК-ний үнэлгээгээр тогтоогдсон хохирол 631,400 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 53700 төгрөг нийт 685,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 21,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Гаас 685,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамж 21,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА

 

          ШҮҮГЧИД                              Д.ОЮУНДАРЬ

 

                                                            М.ОЮУНЦЭЦЭГ