Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 82

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01312/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Г-ад холбогдох

"Хохирол 685.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.О- миний гэрт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5 давхрын 74 тоотод оршин суугч Б.Г- гэртээ засвар хийж байгаад халуун ус алдуулж 4, 3, 2 давхрын харалдаа айлууд усанд автсан. Тухайн үед дуудаж үзүүлж хэлэхэд ойлголоо засаж өгнө гэж хэлсэн боловч одоо болтол манайхыг засаж өгсөнгүй. 3 давхрын айлын засварыг шийдэж өгсөн байсан. 2019 оны 11 дүгээр сарын 09-нд манайд жижиг савтай замаск, 4 литр эмүльс барьж ирээд одоо эмүльсдээд өгье, дансаа өгчих замаскны мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд обой засварын бусдыг нь яах вэ? гэсэн чинь чадахгүй гэсэн. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 28-нд утас руу нь залгаж хэлсэн чинь би засвар хийж өгч чадахгүй гээд утсаа тасалсан. Дахиад залгахад утсаа авахгүй салгаад байсан, тэгэхээр нь мессеж бичээд өгдөг газарт нь өгч хохирлоо гаргуулна гэж бичсэн.

Үнэлгээний газар, Сууц өмчлөгчдийн холбооны даргад хэлж бүх хохирлын дүнг гаргуулсан. Ийм учраас надад хариуцагч Б.Г-аас хохирлын 706.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г- нь шүүхэд гаргасан тайлбартаа:

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 4 давхар дахь оршин суугч маань манайхаас ус алдаад байна гэж хэлснээр ариун цэврийн өрөөндөө орж үзэхэд манай шугамнаас ус алдсан зүйл байгаагүй. Дарханы дулааны шугам сүлжээ ХК-д дуудлага өгснөөр усыг хааж үзлэг хийхэд давхар хоорондын шугам цоорсон нь тогтоогдож засвар үйлчилгээ хийлгэсэн. Иргэн Б.О-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас 685,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 21.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 743 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Дархан-уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ   Дархан-уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 5 дугаар байр 74 тоот орон сууцны халуун хүйтэн усны далд шугамнаас 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ус алдсаны улмаас тус байрны 62 тоотод оршин суух Б.О-ын орон сууцанд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан Үйлс өргөө Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн дуудлагын бүртгэл, талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна гэсэн атлаа Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн дуудлагаар үйлчлэх 185-р хуудаст ус далд монтаж, ментуль 3 ширхэг солив, дуудлагаар гүйцэтгэсэн засвар үйлчилгээний төлбөр бүгд 41.000 төгрөг, зөвшөөрсөн хэрэглэгчийн нэр Б.Г-, мөн Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ний дуудлагаар үйлчлэх 185 дугаартай хуудас зэрэг баримтаас үзэхэд ус алдсан тутам засвар үйлчилгээг тус байрны 74 тоот орон сууцны оршин суугч өмчлөгч Б.Г- хариуцах үүрэгтэй болох нь тогтоогдож байгаа ба хариуцагчийн татгалзал дээрх баримтаар үгүйсэгдэж байна хэмээн үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болгон дурдсан нотлох баримтуудаа үгүйсгэх үндэслэл болгож дурдаж байгаа нь хууль зүйн бодит үндэслэлд нийцэхгүй байх бөгөөд шүүхээс нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа нь тодорхойгүй хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүнд маргахгүй байгаа, мөн ус алдсан шугам засвар үйлчилгээний төлбөр 41.000 төгрөгийг дуудлага өгсөн хэрэглэгчийн хувьд төлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ус алдсан шугам засвар үйлчилгээг Б.Г- хариуцах үүрэгтэй болох нь тогтоогдож байгаа ба хариуцагчийн татгалзал дээрх баримтаар үгүйсгэгдэж байна гэсэн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол буюу нэхэмжлэгч орон сууцны засвар үйлчилгээний хохиролд 685.100 төгрөг гаргуулах тухай шаардлага байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан байтал ус алдсан шугам засвар үйлчилгээг     Б.Г- хариуцах үүрэгтэй болох нь тогтоогдож байгаа ба хариуцагчийн татгалзал дээрх баримтаар үгүйсэгдэж байна хэмээн үндэслэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь хууль зүйн болон бодит үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож хэргийиг дахин хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.О-аас эд хөрөнгөд гэм хор учирсан хохирлын төлбөрт 631.400 төгрөг, Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ хийлгэсэн төлбөрт 53.700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 21.500 төгрөг буюу нийт 706.000 төгрөгийг хариуцагч Б.Г-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.500 төгрөгийг хасан тооцож нийт 685.100 төгрөгийг Б.Г-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэхэмжилсэнийг хариуцагч талаас бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 5 дугаар байрны 74 тоотод оршин суудаг Д.Г-ын гэрийн халуун хүйтэн усны хоолойноос ус алдсаны улмаас мөн байрны 64 тоотод оршин суух Б.О-ын өмчлөлийн орон сууцанд 631.400 төгрөгийн хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Д.О- болон хариуцагч Б.Г- нар нь нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээд болон доод давхарт харалдаа байрлах сууцнуудын хууль ёсны өмчлөгчид болох нь зохигчийн тайлбар, улсын бүртгэлийн Ү-2003006734, Y-2003006018 дугаарт тус тус бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээр /хх-12, 137-р тал/ тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт нь Үйлс өргөө СӨХ-ны тодорхойлолт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан, хариуцагчийн орон сууцан дахь ус алдсан гэх хоолойд хийсэн засвар, үйлчилгээний төлбөр төлсөн баримт болон Дархан дулаан сүлжээ ТӨХК-ийн дуудлагаар үйлчлэх 185 дугаартай хуудас зэргээр дээрх төлбөрийг Б.Г- хариуцах үүрэгтэй нь тогтоогдож байгаа ба түүний татгалзал дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна хэмээн дүгнэж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагчаас 685.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-оос анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтуудаа үгүйсгэх үндэслэл болгон дурдаж нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа нь тодорхойгүй, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангын үнэлгээний дүнд маргахгүй байгаа болон Үйлс өргөө СӨХ-ны тодорхойлолт, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн дуудлагын бүртгэл, дуудлагаар үйлчлэх 185-р хуудаст ус далд монтаж, ментуль 3 ширхэг солив, гүйцэтгэсэн засвар үйлчилгээний төлбөрт 41.000 төгрөгийг Б.Г- төлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй, шүүх нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн давж заалдах гомдлыг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б.Г-ын өмчлөлийн орон сууцанд гарсан усны шугам, хоолойн гэмтэл нь нийтийн эзэмшлийнх тул Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах ёстой гэх тайлбарыг тус тус гаргасан.

Тухайн үйл баримт болох үед буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 5 дугаар байр нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан ...нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцах зорилго бүхий холбоо... буюу Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ үүсэн байгуулагдан ажиллаж байгаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д- анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байна. /хх-ийн 146-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, өөрийн тайлбарыг нотолсон ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн боломжгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд... гэж хуульд заасан үндэслэлээр түүний үйлдэл, эс үйлдэхүйгээс болж бусдад учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий нэхэмжлэлд дурдагдан хариуцагчаар татагдсан хүнийг хэлэх бөгөөд уг этгээд нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөллөгддөг талаар мөн зүйлийн 497 дугаар зүйлийн 497.2-т хуульчилсан.

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас ус алдсан гэх хоолой, шугам нь нүдэнд ил үзэгдэхгүй далд хоолой байсан, зэвэнд идэгдсэний улмаас цоорч ус алдсан гэж тайлбарладаг хэдий ч энэ шугам нь нийтийн орон сууцны дундаа өмчлөх эд хөрөнгөд хамаарах усны хоолой мөн эсэх, мөн уг шугамын ашиглалтыг хариуцан засвар үйлчилгээ хийх үүрэг өөрт нь байхгүй талаар нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарган өгсөн Дархан дулааны сүлжээ ТӨХК-ийн ээлжийн ахлагч Г.А-гийн ...гэмтлийн шалтгаан нь айл хоорондын далд шугам цоорсоноос үүдэлтэй болно, гэмтлийг гагнуурчин Т.Б- очиж устгасан нь үнэн болно... /хх-ийн 63-р тал/ гэх гараар бичсэн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй, нэхэмжлэгч Б.О-ын эд хөрөнгөд гэм хор учирсан үйлдэлд хариуцагч Б.Г- гэм буруугүй болохоо нотлож чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзэн хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.993 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                         ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                          М.МӨНХДАВАА