Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00869

 

 

 

 

 

 

 

 2022          09           27                                          001/ХТ2022/00869

Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаар магадлалтай,                                                                                                                            

Бын нэхэмжлэлтэй,

Гад холбогдох

Хохирол 685,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Гад холбогдуулан хохирол 685,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Гаас 685,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаас улсын тэмдэгтийн хураамж 21,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль болон ИХШХШТХ-ийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б нь миний гэрт 2019.05.03-ны өдөр 5 давхрын 74 тоотод оршин суугч Г гэртээ засвар хийж байгаад халуун ус алдуулж орон сууцанд 685,100 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргадаг боловч энэ халуун ус алдсан үйлдэл нь Гын буруутай үйлдлээс болоогүй бөгөөд айл хоорондын дундын шугам гэмтсэнээс ус алдсан болох нь тогтоогдсон байдаг. Орон сууцны дундын шугамаас ус алдсан тохиолдолд хэн хариуцах ёстой болох нь тодорхойгүй байхад дуудлага өгч гэмтлийг засуулсан хариуцагч Гыг хариуцах ёстой гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Энэ талаар “Дулааны сүлжээ” ТӨХК-ийн ээлжийн ахлагч Г.Алтантуяагийн гэмтлийн шалтгаан нь айл хоорондын далд шугам цоорсноос үүдэлтэй болно, гэмтлийг гагнуурчин Т.Батжаргал очиж устгасан нь үнэн болно” гэж шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт байдаг. Шүүх энэ тодорхойлолтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар тооцоогүйн улмаас хохирлыг Гаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хариуцагч Г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Даваадоржийг авсан боловч эрх зүйн мэдлэг дутмагаас нотлох баримтыг хуулийн дагуу авхуулаагүйгээс өөрсдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Хариуцагч Г нь энэ байдлаа ойлгож өмгөөлөгч авсан тул нотлох баримтыг Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн дагуу гаргах ба цуглуулах, бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд энэ хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.            

6. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Гад холбогдуулан хохирол 685,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “.. тухайн халуун ус алдсан үйлдэл нь Гын буруутай үйлдлээс болоогүй бөгөөд айл хоорондын дундын шугам гэмтсэнээс ус алдсан” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч Гаас 685,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бт олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

8. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 5 дугаар байрны 74 тоотод оршин суугч Д.Ганбатын гэрийн халуун, хүйтэн усны хоолойноос ус алдсаны улмаас мөн байрны 64 тоотод оршин суугч Бын өмчлөлийн орон сууцанд 631,400 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байна.

9. “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн засварын ажлыг “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтан Гын орон сууцанд орж хийсэн, ...үйлчилгээний төлбөр 41,000 төгрөгийг Г төлсөн...” гэх тайлбар болон “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн дуудлагаар үйлчлэх 185 дугаартай хуудас зэрэг баримтаас үзэхэд ус алдсан шугамын засвар үйлчилгээг тус байрны 74 тоот орон сууцны оршин суугч, өмчлөгч  Г хариуцах үүрэгтэй, хариуцагчийн татгалзал дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгаа тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд маргааны үйл баримтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг зөв хэрэглэсэн байна.

10. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчаас 685,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “...хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдол хангагдахгүй.

11. Хариуцагчийн өмгөөлөгчийн “...энэ халуун ус алдсан үйлдэл нь Гын буруутай үйлдлээс болоогүй бөгөөд айл хоорондын дундын шугам гэмтсэнээс ус алдсан болох нь тогтоогдсон байдаг. Орон сууцны дундын шугамаас ус алдсан тохиолдолд хэн хариуцах нь тодорхойгүй байхад дуудлага өгч гэмтлийг засуулсан хариуцагч Гыг хариуцах ёстой гэж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр...” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 743 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 20,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.ЭРДЭНЭСУВД           

                                   ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН