Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1586

 

 Д.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01335 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Г.Э-д 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Миний бие Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргах байсан боловч 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон ба 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан юм. Ял эдлэж байх хугацаандаа ангийн захиргаанд хэд хэдэн хүнээс мөнгө авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа илэрхийлэхэд ямар ч боломжгүй, чиний эрх хязгаарлагдсан гэсэн хариу өгч байсан тул хуульд заасан хугацаанд нэхэмжлэл өгч чадаагүй. Гэвч суллагдсаны дараа хууль шүүх гэхгүйгээр мөнгөө авах гэж ярьсан боловч сайн дураараа мөнгө өгөх хүн олдоогүй. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Г.Э нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 3 жил гаруй хугацаанд үндсэн зээл 1.000.000 төгрөгийг төлсөн, зээлийн хүүнд нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч Г.Э-с үндсэн зээл 1.000.000 төгрөг, нэг сарын хүү 60.000 төгрөг, нийт 1.060.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Б-тай 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь үнэн боловч 2.000.000 төгрөгийг 100 хоногийн 20 хувийн хүүтэй, өдөрт 24.000 төгрөг гэж тооцоод тав хоног тутам 120.000 төгрөг төлж байхаар амаар тохирсон. Зээлийг графикийн дагуу төлж байсан бөгөөд төлөлт бүрийг гэрээний ард тэдэн сарын тэдэнд өгөв гэж өөрт нь байдаг гэрээний нэг хувь дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Зээлийг надад хүлээлгэж өгөхдөө, мөн төлбөрийг авах бүрдээ иргэн Д.Б нь өөрийн эхнэр Дархисүрэнгийн хамт ирж өгч авдаг байсан бөгөөд иргэн Д.Б нь шоронд ял эдлэж байгаа гэх шалтгааны улмаас зээлийг эхнэр болох Дархисүрэн нь ирж төлөлтийг авч байгаад зээлийн гэрээг дуусгавар болгосон. Миний бие хамгийн сүүлд 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 240.000 төгрөгийг Дархисүрэнд өгснөөр зээл дууссан болно. Иймд Д.Б-н нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Г.Э-с 1.060.000 төгрөг гаргуулах тухай Д.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2013 оны 4 дүгээрсарын 08-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Г.Э-д 2 сая төгрөгийг шилжүүлж нотариатаар баталгаажуулсан. Эхэн үедээ хүүгээ өгч байгаад ашиг орлого муу байна аман гэрээ хийж гэрээгээ сунгасан. 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэгт холбогдон мөнгөө авахыг шаардахад 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр үндсэн 2 сая төгрөгнөөс 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Орлого муу байгаа тул сая төгрөгийг дараа нь өгье гэж тохиролцсон. Тэгэхээр нь би Дархисүрэнд Э-с сая төгрөгийг аваарай гээд зээлийн гэрээг өгөхөд Г.Э нь би чамтай зээлийн гэрээ хийгээгүй учраас Д.Б-д өөрт нь өгнө, одоогоор орлого муу байна гэсэн шалтгаанаар өгөөгүй зээлийн гэрээг надад авчирч өгөхөд хоригдож байх хугацаанд ангийн захирагчид хэд хэдэн хүнээс мөнгө авах хүсэлт гаргахад та нээлттэй буюу жирийн шоронд байсан бол нэхэмжлэл гаргаж болно. Хаалттай буюу чанга дэглэмтэй шоронд болохгүй, таны эрхийг хязгаарласан. Учир нь та шүүх хуралдаанд биеэр очих, шүүх ажиллагаанд гомдол гаргах боломжгүй, шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болсон, таны орсон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, таны гарсан өдрөөс чинь хугацааг тоолно гэсэн. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр суллагдаж гарч ирсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс төлбөрөө гаргуулан авах боломж олгож хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Г.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 060 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Б нь зээлдэгч Г.Э-д 2 000 000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон, зээлийн гэрээний зүйл 2 сая төгрөгийг   хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан байна.

 Нэхэмжлэгч  2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дууссан үеэс гэрээний үүрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд тэрээр шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон, эсхүл түүнийг сэргээх үндэслэл тогтоогдоогүй  гэсэн анхан шатны шүүхийн  дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд шаардлагын үндэслэлийн талаар шүүх дүгнэх боломжгүйгээс гадна анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, болсон үйл баримтад тодорхой хэмжээний дүгнэлт хийсэн байгааг давж заалдах шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор мөн өдрөөс эхлэн ял шийтгүүлсэний улмаас гэрээний үүрэг шаардах боломжгүй байсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар хорих байгууллагын даргаар итгэмжлэл гэрчлүүлж, шүүхэд төлөөлөгч томилж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрх нь нээлттэй байсан болохыг анхан шатны шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Чанга дэглэмтэй хорих ангийн ялтан нь 2 сард нэг удаа түр, 3 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг удаа илгээмж авч болно” гэж заасан ба түүнийг эрхээ хэрэгжүүлэхэд хорих ангийн дарга, ажилтан, албан хаагчид саад болж эрхийг зөрчсөн гэсэн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.