Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00797

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1530 дугаар магадлалтай,

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Ш-т холбогдох,

28,252,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.П, түүний өмгөөлөгч Т.Гүрбадам, хариуцагч Б.Ш, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.Ш-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 8,822,000 төгрөг, алдангийн 8,189,958 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу 380 вт-ын хүчдэл залгах зардалд төлсөн 2,000,000, Хятад улсаас оруулж ирсэн материалын зардлын 7,566,000 төгрөг, цавууны үнэ 2,000,000 төгрөг, нийт 28,252,558 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган, ажлын байр болон металл хайлуулах, хэв шатаах зуух хийсний ажлын хөлсөнд нийт 24,567,478 төгрөгийг нэхэмжилсэн байна.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Шээс 13,183,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,069,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Шийн “Г” ХХК-д холбогдуулан 24,567,478 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 299,213 төгрөг, хариуцагч Б.Шийн 280,800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шээс улсын тэмдэгтийн хураамжид 223,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1530 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 233,298 төгрөг, хариуцагчаас төлсөн 346,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1530 дугаартай магадлал нь “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Шт ходбогдох “28,252,558 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийн нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй, маргааны үндэслэлийг учир дутагдалтай үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул уг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018.12.04-ний өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний талуудын эрх, үүрэг, үүргийн гүйцэтгэл, хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж маргааныг зөв шийдвэрлэсэн боловч энэ гэрээний эх үндэс болсон 2018.12.04-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ” түүнээс үүдэлтэй эрх зүйн фактуудыг үнэлэхдээ учир дутагдалтай хандсанаас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 15,069,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг анхан шатны шүүхийн алдааг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь засахгүй, буруу дүгнэлт хийж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн харилцааг хамгийн товчоор хэлвэл: Талууд уран цутгуур хийж ашиг олох гэсэн, Үүний тулд метал хайлуулах, хэв шатаах зуух хэрэгтэй болсон, Энэ үйлдвэрээ ажиллуулахад 220В биш, 380В хүчдэлтэй цахилгаан хэрэг болсон, Уг үйлдвэрт нь зөвхөн уран цутгуур хийхэд ашиглагдах, өөр юунд ашиглагддаггүй түүхий эд материал хэрэг болсон, Энэ бүхнийг зохицуулахад нэхэмжлэгчид тодорхой эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй болсон, Иймд банкнаас зээл авсан, Авсан зээлээ зөвхөн “Хамтран ажиллах гэрээ”-гээ хэрэгжүүлэх үйл явцад л зарцуулсан, Гэтэл гэрээний нөгөө тал болох Б.Ш үүргээ биелүүлээгүйгээс болж хамтын ажиллагаанд доголдол үүсч, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн, өөр хаана ч ашиглагдахааргүй цутгуур хийхэд ашиглагдах түүхий эд материал авсны үр дүнг үгүй хийсэн, Энэ нь нэхэмжлэгч 380В цахилгаан тавиулах, цутгуур хийхэд ашиглагдах, түүхий эд материал бэлтгэх, банкны зээлийн хүү төлөх зэргээр хохирох үндэс болсон, Энэ байдал нь шүүхээр маргаан үүсгэх эхлэлийг тавьсан, Энэ маргааны утга нь “Хамтран ажиллах гэрээ”-ний зорилго биелэх боломжгүй болсон тул дээрх хохирлоо барагдуулахад байсан.

Гэтэл анхан шатны шүүх учир дутагдалтай дүгнэлт хийснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.07.08-ны өдрийн 1530 дугаартай магадлалын ХЯНАВАЛ: хэсэгтээ “...Харин ажил гүйцэтгэх гэрээ биелэгдээгүйгээс уг гэрээг үргэлжлүүлэх агуулга бүхий хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй байх тул талуудын хооронд 2018.12.04-ний  өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г дүгнэснийг үндэслэн төлбөр тооцохоор заасантай холбоотой зардал нэхэмжилснийг шүүх нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 15,069,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв, хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн байна.” гэж ямар ч үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр, “Хамтран ажиллах гэрээ”-г үнэлэн дүгнэлт хийхгүйгээр, хуулийн холбогдох заалтыг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн тул ийнхүү гомдол гаргаж байгаа юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1530 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас 15,069,558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг хүчингүй болгож, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж хангасан өөрчлөлтийг уг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Б.Ш болон өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Гoo арт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Шт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1530 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, 172.2.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

5.1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалдаа “Гoo арт” ХХК нь Иргэний хуульд заасан аль үндэслэлээр шаардах эрхтэй болохыг тодорхойлоогүй. Хариуцагч Б.Шийн зүгээс Хамтран ажиллах болон Ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгуулсан нь хоёулаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан “Хамтран ажиллах гэрээ”-ний шинжтэй харилцаа гэж тайлбарласан боловч шүүх Ажил гүйцэтгэх нэртэй гэрээ нь аль төрлийн гэрээ болохыг дүгнээгүй. Хариуцагчийн зүгээс эдгээр 2 гэрээ нь Хамтран ажиллах гэрээний шинжтэй гэж үзэж байгаа. Учир нь Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Метал хайлах болон Хэв шатаах зуухнууд нь “Г” ХХК болон Б.Ш нарын хамтын ажиллагаанд хэрэглэгдэх үйлдвэрлэлийн гол капитал болж үлдэх юм. Гэтэл шүүх уг зуухнуудыг хийж гүйцэтгээд “Гoo арт” ХХК-д хүлээлгэж өгөх ёстой байсан мэтээр дүгнэсэн. Магадлалд “...Иргэний хуулийн 343.1-д нийцнэ” гэх байдлаар дүгнэсэн нь уг заалтаар шаардах эрхтэй гэж дүгнэлээ гэж ойлгогдохоор байна. Гэтэл манай маргааны хувьд анхдагч шаардах эрхийн маргаан биш болно.

Б.Ш нь дээрх зуухнуудыг гэрээнд заасан хугацаанд нь хийж гүйцэтгэсэн боловч “Гoo арт” ХХК нь өөрсдөө “Улаанбаатар буян” ХХК-иас захиалга авч ажлаар хангах үүргээ биелүүлээгүй хамтын ажиллагаагаа зогсонги байдалд оруулчихаад өөрсдөө хохирсон мэтээр нэхэмжлэл гаргасан байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлээд, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хамтын ажиллагаа зогсонги байдалд орж бүтэлгүйтсэнээр гэрээний нэг тал нь хохирлоо нэхэмжилж байгаа бол нөгөө тал нь ч гэсэн хохирлоо тооцож нэхэмжлэх эрхтэй. Иймд Б.Шийн зүгээс уран баримлын үйлдвэрлэлд зориулж ажлын байр барьсан ажлын хөлс, зуухнуудыг барьсан ажлын хөлсөө сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн. Эдгээр ажлын хөлсөө мэргэшсэн төсөвчнөөр үнэлгээг нь хийлгэж шаардаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх “ойлгомжгүй байна” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Ойлгоогүй зүйлээ тэгвэл яаж шийдвэрлэсэн юм бэ гэж асуумаар байна. Үүнд хяналтын шатны шүүх үндэслэл бүхий хариу өгөх байх гэж найдаж байна. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу шаардах эрхээ тодорхойлсон. Гэтэл шүүх Иргэний хуулийн холбогдох үндэслэл, заалтаар няцаалт хийж хуулийг хэрэглээгүй.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: Нэхэмжлэлийг “Г” ХХК эсхүл Т.Пгийн аль нь гаргаж байгаа нь тодорхойгүй. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ “Г” ХХК нэхэмжлэл гаргаснаар үүсгэсэн боловч нэхэмжлэлд тус компанийн тамга дарагдаагүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг Т.Пгээр төлсөн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн талуудын байгуулсан Хамтран ажиллах гэрээний 18.6, Ажил гүйцэтгэх гэрээний 16.6-д зааснаар гэрээг цуцлах тохиолдолд 7-оос доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй, талууд маргаан гарвал Хамтран ажиллах гэрээний 22.1, Ажил гүйцэтгэх гэрээний 20.1-д “найрсаг байдлаар, зөвшилцлийн замаар харилцан буулт хийх аргаар шийдвэрлэх”-ээр тус тус заасан. Мөн Хамтран ажиллах гэрээний 22.2, Ажил гүйцэтгэх гэрээний 20.2-т тус зааснаар маргаанаа тохиролцож шийдвэрлэж чадаагүй тохиолдолд шүүхэд хандахаар заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж гэрээний талуудын чөлөөт байдлыг зааж өгсөн. Иймд уг хуульд заасны дагуу гэрээг цуцлах, татгалзах тохиолдолд хэрхэх, маргаан гарвал хэрхэн шийдвэрлэхээ талууд гэрээндээ зааж өгсөн. Гэтэл “Г” ХХК-иас гэрээг цуцалж хамтран ажиллахаа болилоо гэж огт хэлж мэдэгдээгүй, асуудлаа зөвшилцөж шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй байж шүүхэд өгч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1530 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.Шт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн 8,822,000 төгрөг, алдангийн 8,189,958 төгрөг, хамтран ажиллах гэрээний дагуу 380 вт-ын хүчдэл залгах зардалд төлсөн 2,000,000, Хятад улсаас оруулж ирсэн материалын зардлын 7,566,000 төгрөг, цавууны үнэ 2,000,000 төгрөг, нийт 28,252,558 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган, ажлын байр болон металл хайлуулах, хэв шатаах зуух хийсний ажлын хөлсөнд нийт 24,567,478 төгрөгийг нэхэмжилжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 13,183,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 15,069,558 төгрөг гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хоёр шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Г” ХХК, хариуцагч Б.Ш нар нь 2018.12.04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь металл хайлуулах болон хэв шатаах зуухыг захиалагчийн захиалга, материалаар, 2019.01.15-ны өдрийг хүртэл хугацаанд буюу 46 хоногт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс, материалын зардалд нийт 8,722,000 төгрөг төлөх үүрэг хүлээж, мөн ажил гүйцэтгэгч хугацаа хэтрүүлбэл үүрэг гүйцэтгээгүй хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь 2018.12.05-ны өдөр гэрээний дагуу ажлын хөлс болох 8,722,000 төгрөгийг хариуцагчид төлж, мөн 2018.12.24-ний өдөр нэмж 100,000 төгрөгийг төлсөн үйл баримтууд тогтоогджээ. Мөн 2018.12.04-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр талууд зутгуурын үйлдвэрлэл явуулахтай холбоотой хамтран ажиллахаар тохирсон талаар маргаагүй.

11. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр, 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар хуульчилсан.

12. Хариуцагч Б.Ш нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ...гэрээний дагуу металл хайлуулах болон хэв шатаах зуухыг хийж бэлэн болгосон гэж тайлбарлах боловч ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнг захиалагч “Г” ХХК-д хүлээлгэн өгч, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн болохыг, мөн нэхэмжлэгч түүний хийсэн ажлын үр дүнг хүлээж аваагүй гэх тайлбарын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд ажлын үр дүн бий болгоогүй тул ажлын хөлсийг буцааж өгөх үүрэгтэй. 

13. Мөн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний 17.1-д талууд “Ажил гүйцэтгэгч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл ажлыг чанарын шаардлага хангаагүй байдлаар гүйцэтгэснээс тийнхүү ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэж тохиролцсон, гэрээг цуцлах хүртэл хугацаанд гэрээний нэмэлт үүргийг шаардсан байна.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар шилжүүлсэн ажлын хөлс, хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч Б.Шээс ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 8,822,000 төгрөгийг, хуульд зааснаар  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож, нийт 13,183,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцжээ. 

15. Хэргийн баримтаар ажил гүйцэтгэх гэрээ биелэгдээгүйгээс шалтгаалж хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон нь тогтоогдсон, иймд шүүхүүдийн ...талуудын хооронд 2018.12.04-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, уг гэрээ хэрэгжихтэй холбоотой зардалд нэхэмжлэгч 15,069,558 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, ажлын байр хариуцагчийн эзэмшилд байх тул хариуцагч нь ажлын байр болон металл хайлуулах, хэв шатаах зуух хийсний ажлын хөлсөнд 24,567,478 төгрөгийг сөрөг шаардсан нь хуульд нийцээгүй гэсэн дүгнэлтүүд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

16. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.П, хариуцагч Б.Ш болон түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар  зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01328 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1530 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.07-ны өдөр төлсөн 236,463 төгрөг, хариуцагчаас 2020.08.05-ны өдөр төлсөн 346,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД