Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00110/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч:  ... аймаг, ... сум, ...-р баг, ... тоотод оршин суух С овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг... суманд байрлах ШГ ХК-д холбогдох,

 

“29,151,428 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Д.Б нь ШГ ХК-д 1992 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Уурхайн гүний хэсэгт малтагч бэхэлгээчнээр анх ажилд орсон. Улмаар 1999 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, мөн 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус тус угаарын хийнд хордож үйлдвэрлэлийн осолд орж байсан. ШГ ХК-д нийт 22 жил малтагч, бэхэлгээчин, гүний хэсгийн аврагч, ус шүүрүүлэх хэсэгт механик, хэсгийн дарга зэрэг ажлуудыг тус тус хийж байсан бөгөөд ажиллах хугацаандаа Эрчим хүч, Геологи, уул уурхайн “Тэргүүний мастер”, Монгол Улсын “Тэргүүний уурхайчин” ШГ сумын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” зэрэг шагналуудаар шагнагдаж байсан. Уурхайн гүнд 22 жил ажилласны улмаас цаашид энэ ажлыг хийх хөдөлмөрийн чадвар эрс буурсан тул 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд хандаж шинжилгээ өгч 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нүүрс төрөгчийн дан ислийн хордуулах нөлөө оноштойгоор Хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 6 сарын хугацаатайгаар тогтоолгосон. 2015, 2016, 2017 онуудад жил бүр энэ хугацааг сунгуулж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын 55 хувиар тогтоолгож өнөөдрийг хүрлээ. ШГ ХК-д нөхөн төлбөр гаргуулах талаар удаа дараа хандсан. Тэгээд хариу өгөхгүй болохоор нь дахин материал бүрдүүлж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №5/630 тоот хариу авлаа. Уг хариуг Д.Б миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 31-50 хувь алдсан ажилтанд 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр, мөн 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор хуульчлан заасан байна.

Иймд 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 12,753,752 төгрөг, 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 16,397,676 төгрөг, нийт 29,151,428 төгрөгийн нөхөн төлбөрийг ШГ хувьцаат компаниас гаргуулж надад олгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“ШГ ХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж, ажиллахаа больсныхоо дараа хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон тул 7 болон 9 сарын дундаж цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах эрхтэй гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөр шаардах эрхтэй этгээд биш, нөгөө талаас нөхөн төлбөр олгох хуульд заасан урьдач нөхцөл бий болоогүй тул нэхэмжлэл хууль  зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэдий нэхэмжлэгч шаардах эрхгүй ч гэлээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн баримтаас хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хэмжээ, сунгалтууд нь хууль журмын дагуу үнэн зөв тогтоогдсон эсэхэд эргэлзэхээр байна. Тодруулбал нэхэмжлэгч өөрийгөө нүүрстөрөгчийн ислийн хордуулах нөлөө гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 6 сарын хугацаатайгаар тогтоолгон, 2015, 2016, 2017 онуудад сунгуулж, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг 55 хувь болгосон гэжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-д заасан хэмжээг тогтоох ёстой бөгөөд цаашлаад өвчин нь хүндэрч даамжирсан тохиолдолд хувь хэмжээг нь нэмдэг зохицуулалт байдаг. Гэтэл Дархан-Уул аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс яагаад зүгээр ажлаа хийж байхдаа хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан, бүр ШГ ХК-д ажиллахаа больсны дараа буюу ажил хийхгүй болсон үед нь нүүрстөрөгчийн ислийн нөлөөгөөр хөдөлмөрийн чадвараа алдсан байна гэж дүгнээд байгаа нь эргэлзээтэй байна. Анх 6 сард эдгэрнэ гэж үзчихээд, дахиад 6 орчим жил эдгээгүй байна, бүр сүүлдээ хүндэрсэн гээд хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг нэмж сунгаад байдаг ойлгомжгүй  асуудал байна.

Мөн нэхэмжлэгч Д.Б нь Дархан-Уул аймгийн төвд ЭЖЭ ХХК-ий охин компанид ажилладаг тухай мэдээллийг “ШГ” ХК-д ажилладаг маш олон хүн хэлж байгаа бөгөөд яагаад хөдөлмөрийн чадвараа алдсан ажил хийх чадваргүй хүн ажил хийгээд байна гэсэн ноцтой асуудал байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ШГ ХК-д холбогдуулан мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50, 55 хувь алдсан тул 29,151,428 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ШГ ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Б нь ШГ ХК-нд 1992 оны 09 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 22 жил ажилласан бөгөөд тэрээр ажиллаж байх хугацаандаа тус уурхайн гүний хэсэгт малтагч, бэхэлгээчин, аврагч, ус шүүрүүлэх хэсэгт механик, хэсгийн дарга зэрэг ажлыг хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б нь өөрийн хүсэлтээр 2014 оны 05 дугаар арын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, тэрээр Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд хандаж, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тогтоолгосон байна.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар... Д.Бийг  мэргэжлээс шалтгаалсан, нүүрс төрөгчийн дан ислийн хордуулах нөлөө оноштойгоор, 6 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, 2015-2017 онуудад тус комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг сунгаж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Бийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 55 хувь болгон өөрчилсөн байна. /хх-8-13/

 

Нэхэмжлэгч Д.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоогдсон тул  7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 12,753,752 төгрөг, тус комиссын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувиар тогтоогдсон учир 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 16,397,676 төгрөг, нийт 29,151,428 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т ...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч олгохоор зохицуулжээ.

 

Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин байх бөгөөд уг өвчнөөр өвчилсөн ажилтны өмнө ажил олгогч ямар үүрэг хүлээхийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан, нэхэмжлэгч уг зохицуулалттай холбоотой шаардлага гаргаж байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөх хэлэлцэх хугацаа энэхүү маргаанд хамаарна.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т  шүүх энэ хуулийн 128.1.1-128.1.11-т заасан маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд 128.1.4-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл”, 128.1.11-т “хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан”, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байна.

 Нэхэмжлэгч Д.Бийн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болох нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тогтоогдож, түүнд шаардлага гаргах эрх үүссэн боловч тэрээр 6 жилийн дараа шүүхэд хандсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн, тэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар хүсэлт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өнгөрөөсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.Б нь удаа дараа хариуцагч ШГ ХХК-нд дээрх асуудлаар хандаж байсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Д.Бийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн гаргасан хариуцагч ШГ ХК-иас нөхөн төлбөр 29,151,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,708 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА