Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 817

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/00487/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж ...тоотод оршин суух ... овогт Д-гийн Х /РД:..., утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... гудамж, ... тоотод оршин суух, ... овогт А-ийн А /РД:..., утас:.../-д холбогдох,

 

"... Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, гуравдагч этгээд Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Д.Х нь 1991 онд “А.м.ц” хоршоог 19 гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд тус хоршоо нь өндөр настнууд өөрийн гараар хийж чадах зүйлийг урлах, ахмадууд бидний цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэхэд чиглэсэн ба тус хоршоог би 2018 он хүртэл удирдан ажиллаж ирсэн. Миний бие өөрийн эх Сгийн төрсөн эгч Бгийн өргөж авсан охин Цын охин болох А.Аыг 2008 онд Улаанбаатар хотод ажилгүй, орох оронгүй, ядарч явахад нь амьдралд нь туслаж дэмжихээр хажуудаа авсан юм. 2017 онд би тархиндаа тал цус харваж, 2018 онд хөлөө гэмтээснээр хүний асаргаанд байх зайлшгүй шаардлагатай болсон ба тус ондоо “А.м.ц” хоршоог татан буулгасан. Хоршоо татан буугдсанаар хоршооны байшин, газар эзэмших эрх зэрэг нь миний өмчлөлд ирсэн. Түүнээс хойш А.А надад “Таны үр хүүхэд, ач, зээ нар таныг хаясан, одоо надаас өөр таныг харж хандах хүн байхгүй” гэж удаа дараа хэлж, шахаж шаардсаар байгаад миний ... аймаг, ... сум ... баг, ... гудамж, ... тоот ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... м.кв газрыг тус тус 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газар түүний нэр дээр шилжсэнээс хойш А.А нь надтай муухай харьцах нь улам бүр нэмэгдсэн төдийгүй миний үр хүүхэд над дээр ирэхэд түүнийг хөөж, муухай аашилсан. А.Аын урьд гаргаж байсан сайхан зан харьцаа нь байшин, газрыг өөрийнх болгох санаа зорилготой байсан бөгөөд миний урьд өгсөн газрыг бусдад худалдсан, түүнийгээ надаас нууж худал хэлснийг би сая мэдсэн. Түүнчлэн миний үр хүүхэд бэлэглэлийн гэрээгээр байшин газраа А.Ад шилжүүлэн өгсөн талаар тодруулахаар А.Ааас асуухал “Хоршооны газар, үл хөдлөх хөрөнгийг улсаас хамгийн залуу гишүүн гэдгээр надад өвлүүлж өгсөн.” гэж худал хэлсэн байна. Иймд тус бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, ... аймаг, ... сум ... баг, ... гудамж, ... тоот ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... м.кв газрыг миний өмчлөлд буцааж өгнө үү.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан “нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” шаардлагадаа:

            “Миний эмээ Д.Х нь өөрийн өмчлөлийн ... аймаг, ... сум, ...баг, ...гудамж, ... тоот ...м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... м.кв газрыг 2019 оны 10 сарын 28-ны өдөр өөрийг нь асарч байсан А.Ад бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэн өгсөн байдаг. Бид эмээгээ 2020 оны 03 сарын 01-ний өдөр өөр дээрээ авсан бөгөөд түүнийг дэргэдээ авахад байдал хүнд, өөрийн хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй, сэтгэл санаа тогтворгүй, зарим зүйлийг мартаж, санах зэрэг бие болон сэтгэлийн маш хүнд дарамтанд амьдарч ирсэн мэт байсан. Одоо эмээгийн бие дээрдэж байгаа бөгөөд өөрийн /А.м.ц хоршооны/ үл хөдлөх эд хөрөнгийг А.Ад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгснөө ойлгохгүй, “Тийм зүйл байх учиргүй, А.А хуурч, буруу ойлголт төрүүлж бэлэглэлийн гэрээ хийж авсан.” гэж тайлбарладаг бөгөөд эмээ маань өөрөө хоршооны тодорхой нэр бүхий гишүүдэд хуваан өгөх хүсэлтэй байгаа билээ. Миний бие эмээгээ авахдаа А.Ад “Хоршооны газар, байшинг эмээг амьд байхад битгий зараарай, дараа нь бол та өөрөө мэддээ” гэхэд “Хоршооны газар, үл хөдлөх хөрөнгийг улсаас хамгийн залуу гишүүн гэдгээр надад өвлүүлж өгсөн, би өөрийнхөө өмч хөрөнгийг яахаа өөрөө мэднэ.” гэж хэлсэн. Гэтэл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг улсаас өгсөн биш харин эмээгийн маань эрүүл мэндийн байдал хүнд, хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг бүрэн ойлгох чадваргүй байхад нь хуурч, худал хэлж бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлэн авсан байдаг. Иймд 2019 оны 10 сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчинтөгөлдөр бусад тооцож, ... аймаг, ... сум, ...баг, ...гудамж, .. тоот ... м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, ...м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Хгийн өмчлөлд шилжүүлж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2017 онд хотод байхад эмээ тархиндаа цус харваад дараа нь Дарханд ирээд хөлөө гэмтээгээд хоршоогоо ажиллуулж чадахаа болиод хоршоогоо татан буулгасан. Ингээд татан буулгах гээд намайг хотод байдаг болохоор шилжүүлээгүй. Тэгээд А эгч хардаг байсан. Би хүрч ирээд лавлагаа гаргуулах гээд хөөцөлдөөд явж байсан. Лавлагаа ажлын 5 хоногт гардаг гэхээр явсан. Сая цагаан сараар эмээ дээр ирж золгохдоо мэдээд Аыг эгчийг мэдэж уулзсан. Эмээг амьд сэрүүн байхад энэ газрыг хөдөлгөхгүй шүү гэхэд А нь би газраа яахаа өөрөө мэднэ гэсэн. Ингээд маргаан үүссэн. Ингээд цагаан сараар маргаан үүсээд би эмээгээ авч явсан. Эмээг ойр ойрхон бааж шээлээ гээд гар хүрдэг байсан гэсэн. Би бичлэг хийлгэж авсан. Эмээ өөрөө би шилжүүлээгүй гэдэг. Эмээ эмчийн бичгээр насны доройтолд орсон. А надад хэлэхдээ улсаас шүүхдэж, хоршооны залуу өв залгамжлагч гэж авсан гэсэн. Гэтэл тийм биш нотариат дээр очоод бэлэглэлийн гэрээгээр авсан байсан. Үүнийг хүчингүй тооцуулах хүсэлттэй байна. А эгч худлаа ярьсан нь тодохой болж байна. Гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хоршооны гишүүдийн өмч дээр маргах зүйл байхгүй, эмээ маань хүртэл ийм хүсэлтэй. Зарим хүмүүс газар, саалийн үнээ өгч байсан юм билээ. Үлдсэн газрыг улсдаа өгөхөд татгалзах зүйл байхгүй.” гэв.

 

Хариуцагч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би анх Улаанбаатар хотод дотоодын шүдний эмнэлэгт 2006 онд ажиллаж байгаад 2007 онд амралтаа аваад ирэхэд Х эгч, Н эгч 2 аавыг очиж гахайчин тахиачин хийж өгөөч гэж хэлсэн. Тэгээд 12 сард надруу утасдаад дулаан байхгүй, хувцас авчирч өгөөч гэсэн. Ингээд нөхөр бид 2 шүүр энэ тэрийг янзлаад өгсөн. Тэгээд манай эмч надад замын зардал 20,000 төгрөг өгөөд явуулсан байсан. 2015 онд Х.Бгийн аав нь Д.Х гуайн хүү нь нас барсан. 2013 оноос эхлүүлээд надад өгнө гэсэн яриа байдаг байсан. 2016 онд гишүүд хувааж авна гэж ярьж байсан. 2017 онд би энэ газрыг авахаар явсан. Ингээд Н гэдэг дүүг нь хотоос авчруулсан. Тэр дүү нь хуурамч итгэмжлэл хийлгээд авсан байсан. Тухайн үед Д.Х гуай цоо эрүүл ухаантай байсан. Э, М гэдэг хүмүүс нийлж хуурамчаар итгэмжлэл үйлдсэн байсан. Н намайг зодлоо гээд хөөгдөөд хүүгээр нь хүргүүлж ирсэн байсан. Тэгээд би шинэ шөл чанаад гэдэс ид гээд хэлэхэд таяггүй явж байгаад халтирч унаад хөлөө гэмтээсэн. Энэ хүнийг эмнэлэгт хэвтүүлэх гэтэл хөгшин хүн авахгүй гээд би гэрээрээ асардаг байсан. Бид 2 хамтдаа хоршоог татан буулгах асуудлаар 2-3 удаа яваад нилээн удсан. Тэгээд итгэмжлэл хийлгэсэн хүндээ өгөхгүй юм уу гээд холбогдох хүмүүс нь асуухад миний өвгөн болон намайг асардаг байсан энэ хүнд өгнө гэсэн. 2019 оны 10 сарын 31 хүртэл ухаан санаа нь сэргэг байсан. Х.Бг авч яван явтал зүгээр л байсан. Би хууран залилж, мэхэлсэн зүйл байхгүй. Өөрөө л надад өгнө гээд байсан. Хамгийн анх өндөр насны зөвлөл гэж нээгдсэн юм билээ. 1995 онд Ж гэж хоршоо, 1996 М хоршоо нээсэн. Тэгээд албан газрын акталсан хөрөнгийг авч босгосон юм билээ. Энэ 7 гишүүн байна гээд байна, хоршоо бол байнга өөрчлөгдөж байдаг. Хагмийн сүүлийн дүрэм 2013 онд өөрчлөгдсөн. Түүн дээр 10 хүн байсан, 4 хүн нас барсан. 6 хүн бий. Хишишгсүрэн Бадам гишүүдээр сонгох гэхэд тусдаа ажилтай гээд Янжин гуай болгохгүй гэж байсан. Би, Я, Ян, Ц, Т, гээд 6 хүн байна. Энэ бол зөвөөр шийдэж ирсэн. Хуулиар яваад надад зөвөөр ирсэн. Би хувь өгнө гэж хэлж байсан, өөрөө ч тэгж байсан. Х гуай ухаан санаа нь хачин байсан бол нотариатч шилжүүлэхгүй байсан. Өөрөө л надад өгнө залуу гишүүн, намайг олон жил асарсан гэж хэлж өгсөн.

Надад өгөхөд нь сэтгэлийн сайханаар хандаад өгч байна даа гэж бодоод харж хандаж байсан. Үүнийг өгөхөд буруудаад байхгүй, надаас өчнөөн зардал гарсан. Энэ мөнгийг өгчихвөл, буцааж өгөхөд буруудах зүйл байхгүй. Зөв шийдүүлэх хүсэлтэй. Энэ бол миний нэр дээр байгаа, алсдаа үүнийг хуваана.” гэв.

 

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нар бол “М.ц” гэх ахмадын хоршоодын гишүүд юм. Гэтэл ахмадын хоршооны дарга Д.Х хууль бусаар шилжүүлсэн. Цаашаа А.А-д шилжүүлсэн байсан. Эдгээр хүмүүс шүүхдэж байгааг нь мэдээд бие даасан шаардлага гаргасан. Д.Х 19 гишүүнтэй М.ц хоршоог байгуулсан, 2018 онд татан буулгасан. Үүний дараа Д.Хгийн өмчид газар, байшин ирсэн гэж бичсэн байна. Тэгхээр үүнээс гишүүд байсан нь тодорхой дурдсан, хүлээн зөвшөөрсөн байна. ... талбайтай, 9,388,300 төгрөгөөр тухайн үедээ үнэлэгдэж байсан. Энэ барак байшин, ...баг, Алтангадасын 1 дүгээр гудамж, 1 тоот бий. Анхныхаас 2 дахин багасаад ...м2 үлдсэн. Энэ бол зөвхөн Д.Х-гийн өмч биш, хөдөлмөрөөрөө нийлүүлээд байгуулсан 7 гишүүдийн өмч юм. Энэ бүртгэл, хувийн хэрэгт М.ц хоршооны хөрөнгөд гишүүд болон бусад нь бүртгэлтэй байсан. Гэтэл үүнийг Д.Х ямар аргаар дундын өмчийг өөрийн өмч болгов гээд шалгуулахад түүний баримт дотор 97 хувь миний өмч гэсэн байдаг. Гомдол гаргаад байгаа хүмүүсээс Я, Т гэсэн 2 гишүүн Д.Хд зөвшөөрөл олгосон байсан. Бусад 5 нь зөвшөөрөөгүй байсан. Гэтэл одоо бие даасан шаардлага гаргасан хүмүүс дунд дээрх 2 хүн явж байгаа, гэхдээ тухайн үед та нарын юу ч ороогүй, миний өмч гэж Д.Х ухуулж хэлдэг байсан болохоор зөвшөөрөл олгосон гэж тайлбарладаг. Хөгшчүүл Х бүх материалыг устгаж шатаасан гэдэг. Тэгэхээр энэ бүртгэл маш ховор юм. Аын хоршоонд элссэн бүртгэл ч бараг байхгүй. Нэхэмжлэгч тал хоршооных гэж зөвшөөрөөд байна, бас А ч зөвшөөрөөд байна. Тэгэхээр энэ бараг маргаангүй гэж үзэж байна. Одоо тэр байранд хэн ч байдаггүй. А.А тэнд байдаггүй Зүүнхараад байдаг гэсэн. Өөрөө ч хэлсэн. Энэ барак байрын эх үүсвэр улсын бүртгэлийн баримт байдаггүй. Гишүүд ярихдаа 1975 онд хоршоолол байгуулагдсан юм билээ. Тухайн үед хотын захиргаанаас ахмадуудыг дэмжээд захирамж гараад энэ барак байрыг үнэ төлбөргүй өгсөн гэдэг юм билээ. Анх бол 70 гишүүнтэй байсан юм билээ. Мужаан, оёдол гээд олон хүмүүс ажилладаг байсан. Тэгээд бүгд настай тэтгэвэрт гарсан байсан болохоор хорвоогийн жамаар нас бараад, үлдсэн нь 7 байна. 2018 онд энэ хоршоо татан буугдаад 2019 оны 10 сарын 30-нд А.Аын нэр дээр байрыг, 2020 оны 01 сарын 08-нд газрыг тус тус бэлэглэлийн гэрээгээр өгсөн байдаг. Үүнээс үзэхэд хууль бус хэлцэлээр шилжүүлсэн байна. Энэ бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль бус хэлцэл, Иргэний хуулийн 56.8 зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, тэгэхээр нэгэнт хүчин төгөлдөр бус юм чинь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 зааснаар хууль бус, үндэслэлгүй болно, тэгэхээр гэрээ хүчин төгөлдөр бус болно. Ингээд дараах шаардлагыг гаргаж байна.

Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар дундын эд хөрөнгө учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 108 дугаар зүйлийн 108.2-т тус тус заасан үндэслэлээр шаардах эрхтэй болж байна. А.м.ц хоршооны ... дугаартай ...м2 үл хөдлөх хөрөнгө, ...м2 бүхий гэр орон сууц хашааны газрын эрхийг, бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчирлгээ, иргэний газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүйд тооцож Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг өмчлөгчөөр тогтоож өгнө үү.”

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ерөнхийдөө гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маш дэлгэрэнгүй ярьсан учраас яриагүй зүйлийг ярья. М.ц хоршооллын өмч мөн, харин зарим хүмүүс газар саалийн үнээ, цалин гээд өгсөн. Аваагүй хүмүүст өгнө гэж Д.Х гуай өөрөө хүссэн. Хоршоо 2018 онд татан буугдсан, тэгээд Д.Хд шилжсэн. 2 гишүүн нь үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж байна. 97 хувь Д.Хгийн өмч гэж үзээд шилжүүлсэн. Хоршооны тухай хуульд нийцүүлэн гаргасан журмаар нийт гишүүдийн 2/3 дэмжсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн эндүүрч хийсэн хэлцэл байх боломжтой. Би өөрөө Х гуайтай уулзаж асуусан. Тэгтэл А.Ад өгөхийг хүссэн, тэгээд та яагаад өгсөн юм бэ гэхээр өмчил гээгүй, амьдар л гэж өгсөн. Тэгээд А гуай хүүхдүүд тань хаяад явсан, надаас өөр харах хүн байхгүй гэсэн байдаг. Тодорхой хэсгийг нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.А 2017 оноос хойш Д.Х гуайн баас, шээстэй нь зууралдаад хүний зэрэгтэй авч явсан. Мөн 20-30 сая төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл анхнаасаа А.Ад өгнө гэж ярьж байсан гэж хэлсэн. Тэгэхээр хүсэл зориг нь нийцэж байна, хуулийн дагуу шилжсэн байна. Х.Б шүүхэд нэхэмжлэл гаргана гээд А.Аыг хэл амаар доромжлоод явсан. Өөрөө зохих ёсоор хувь хүмүүст өгнө гэж хэлдэг. Нэхэмжлэгч тал өөрийн гэсэн байр суурь алга, өөрчлөгдөөд яваад байна.

Хүчин төгөлдөр бусад тооцоход бэлэглэгчийг гомдоосон буцаах мэтээр байснаа, дараа нь хүчин төгөлдөр бус тооцуулахаар болж өөрчлөгдсөн, үүнээс шууд хөрөнгөд шунаж байгаа мэт харагдаж байна. Хууль ёсны дагуу шилжүүлж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т гуравдагч этгээд гэдгийг маш тодорхой заасан. Манай нэхэмжлэлийн шаардлагын маргааны зүйл бол гэрээ юм. Би бол гуравдагч этгээд нарын шаардлага нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, тиймээс гишүүд ийм байсан энэ тэр гээд ярьмааргүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдэх шаардлагагүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х-с А.А-д үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ... тоот ... талбайтай гэр, орон сууцны хашааны газар, ... талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Х-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү. гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч АМЦ хоршооны ... дугаартай ... үл хөдлөх хөрөнгө, ... бүхий гэр орон сууц хашааны газрын эрхийг, бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүйд тооцож ТТ.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар дараах үйл явдал, нотлох баримтыг тогтоов.

 

Нэхэмжлэгч Д.Х нь ... регистрийн дугаартай АМЦ хоршооны дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байсан бөгөөд уг хоршоо гишүүдийн хүсэлтээр татан буугдаж, энэ тухай 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, улсын бүртгэлд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 200 дугаар хуудас ар тал, 229-230, 238, 239, 240 дүгээр хуудас/

Тухайн хоршооны хөрөнгө болох 2001 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуулийн этгээдийн төлөөлөгч Д.Х-ийн нэр дээр бүртгэлтэй байсан ... багт байрлах .. талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, ... м.кв газар зэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гишүүн Я /хэргийн 1 дүгээр хавтас 198 дугаар хуудас/ гишүүн Т-ийн гаргасан /хэргийн 1 дүгээр хавтас 199 дүгээр хуудас/ өргөдлөөр Д.Х-ийн нэр дээр зориулалтыг өөрчилж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ /хэргийн 1 дүгээр хавтас 193 дугаар хуудас/, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ / хэргийн 1 дүгээр хавтас 191 дүгээр хуудас / тус тус олгожээ.

Д.Х маргааны зүйл болж байгаа үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр А.А-д шилжүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 187-196 дугаар хуудас/

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж хуульчилжээ.

... регистрийн дугаартай АМЦ хоршооны 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинэчилсэн дүрмийн 61.1-д хоршооны үйл ажиллагаа дуусгавар болоход хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг Татан буулгах комиссын саналаар бүх гишүүдийн хурлаас шийдвэрлэхээр, хоршооны тэргүүлэгчдээр Д.Х, Д.Я, Г.Т нарыг томилжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 241-254 дүгээр хуудас/

А.А-д бэлэглэлийн гэрээгээр шилжсэн хөрөнгийг хариуцагч А.Ахоршооны отгон гишүүн, өөрийг нь асарч байсны хувьд надад өгнө гэхээр нь авсан, авья гэж аваагүй, энэ талаар бусад гишүүдэд хэлсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж гишүүдэд хуваахад татгалзах зүйлгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б эмээ А.А-ыг тухайн байранд амьдарч бай гэсэн болохоос шилжүүлж өгөөгүй, тэр үед хөлөө хугалж бие нь муу байснаас гэрээ хйисэн, үр дагаварыг мэдээгүй, одоо хөрөнгийг буцаан авч хөрөнгө аваагүй гишүүдэд хувааж өгөх юмуу улсад эргүүлж өгнө. гэж тайлбарлаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч 7 гишүүнийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно. гэжээ.

Шүүх дээрх үйл явдал, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлав.

АМЦ хоршоог татан буулгах үед бүртгэлтэй байсан гэх маргааны зүйл болж байгаа ... багт байрлах ... м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, ... м.кв газар зэргийг нэхэмжлэгч Д.Х-ийн нэр дээр шилжүүлэхдээ Хоршооны хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд энэ талаар гаргаж байгаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлтэй байна.

Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ гээд мөн хуулийн 8.1. Хоршооны эд хөрөнгө нь гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө, дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар; хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө; бэлэглэсэн, хандивласан хөрөнгө , хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгөнөөс бүрдэх бөгөөд хоршооны эд хөрөнгө нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид зааснаар зохих бүртгэлтэй байна гэжээ.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.10-т хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэхээр, мөн хуулийн 47.1. Хоршооны харилцагчдын нэхэмжлэл хангах ажиллагаа дууссаны дараа хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хувь хэмжээг тогтоон гишүүдэд хоршооны үлдсэн эд хөрөнгийг хуваарилах мөн хуулийн 48.1. Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болоход хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг тодорхой зориулалтаар хэрэглүүлэхээр шилжүүлэхийг хоршооны дүрэмд тусгайлан заагаагүй бол уг хөрөнгийг нийтийн хэрэгцээнд зориулан ашиглуулахаар хоршооны төв оршиж байсан нийслэл, аймаг, сум, дүүргийн өмчид шилжүүлэхээр байжээ.

Дээрх хуулийн заалт болон дүрэмд заасан ажиллагааг хийхгүйгээр хоршооны дарга байсан Д.Х-д хөрөнгийг шилжүүлсэн, А.А гишүүний хувьд хоршооны хөрөнгийг өөрт шилжүүлж буйг мэдэж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргаан тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Д.Х-оос бэлэг хүлээн авагч А.А-д Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний болон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4.1-д зааснаар эрхийн зөрчилгүй, өмчлөлийн ямар нэгэн маргаангүй, эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 27, 42 дугаар хуудас/

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3436 тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар Т.Я-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.А, Д.Х нарт холбогдох АМЦ хоршооны үл хөдлөх хөрөнгө, газар, конторын барилгыг хууль дүрмийн дагуу гишүүн бүрт хуваарилуулах тухай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд гишүүдийг хамтран эзэмшичгээр бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан байна.

Энэхүү захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган дахин нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг хаагаагүй бөгөөд, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байгаа гэсэн үндэслэлд хамаарахгүй болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 29.3. Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж хуульчилжээ.

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. 29.5-т Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэжээ.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Харин Хоршооны тухай хуулийн 23.4.10-т зааснаар АМЦ хоршоо татан буугдсан, энэ талаар улсын бүртгэл бүртгүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэх үндэслэлгүй.

Хоршооны тухай хууль, дүрэмд зааснаар ... багт байрлах ... м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, ... м.кв газар зэрэг нь гишүүдэд хуваарилах болон хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг тодорхой зориулалтаар хэрэглүүлэхээр шилжүүлэх, уг хөрөнгийг нийтийн хэрэгцээнд зориулан ашиглуулахаар хоршооны төв оршиж байсан нийслэл, аймаг, сум, дүүргийн өмчид шилжүүлэхээр эсэхийг шийдвэрлэх нь хоршоог татан буулгах комиссын эрх болно.

Иймд АМЦ хоршооноос Д.Х-д ... дугаар багт байрлах ... м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, ... м.кв газар зэргийг шилжүүлсэн үйлдэл, Д.Х-оос А.А-д ... багт байрлах ... м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, ... м.кв газар зэргийг шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 828,500 төгрөгийг, бие даасан шаардлагад тушаасан тэмдэгтийн хураамж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4. гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний үнэ 120,000,000 төгрөг, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд үнэ бичигдээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 757,950 төгрөг, 70,200 төгрөг нэхэмжлэгч төлөх, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд АМЦ хоршооноос Д.Х-д ... багт байрлах ... м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, ... м.кв газар зэргийг шилжүүлсэн үйлдэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагад 70,200, Д.Х-с А.А-д үл хөдлөх хөрөнгө, газрыг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагад 757,950 төгрөг, 70,200 төгрөг төлөхөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төлсөн тул дутуу тушаасан 828,500 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Хариуцагч А.А-аас 828,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д, 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар АМЦ хоршооноос Д.Х-д ... сум ... дугаар багт байрлах ... талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга,... газар зэргийг шилжүүлсэн үйлдэл, Д.Х-с А.А-д ... сум ... дугаар багт байрлах ... талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй барилга, ... газар зэргийг шилжүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага болох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Т.Я, Х.Ц, Д.Я, П.Б, Д.Б, Г.Т, Ч.Х нарыг тогтоож өгнө үү гэх бие даасан шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 828,500 төгрөгийг, бие даасан шаардлагад тушаасан тэмдэгтийн хураамж 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А-с 828,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Х-д, 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дутуу тушаасан 828,500 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3.   Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д зааснаар улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ