Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 135/шш2020/00725

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00089/И

 

Дархан -Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн ...  сумын ...  дүгээр баг, .... , ...  дугаар гудамжны ... тоотод оршин суух ... овогт Л.Г /утас ... /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... -Уул аймаг, .... сум, ... дүгээр баг, .... дугаар байр, .... тоотод оршин суух .... овогт Д.Б /утас: .... /,

 

Хариуцагч: ... -Уул аймаг, .... сум, .. дүгээр баг, .... дүгээр хороолол, .... дүгээр байрны ...тоотод оршин суух, .... овогт Х.Б, /утас:.... /,

 

Хариуцагч: ... -Уул аймаг, ..... сум, .. дүгээр баг, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоотод оршин суух ... овогт Д.М /утас:..../ нарт холбогдох,

 

“29,250,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б , гэрч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Л.Г нь иргэн Д.М, Х.Б нараас ... -Уул аймаг, ...  сум, ... дүгээр баг, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байршилтай 39 м.кв талбай, орон сууцны зориулалттай /гэрчилгээний дугаар ... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай/ үл хөдлөх хөрөнгийг 69,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ”-г байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт 19,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлсөн /гэрээний 02 дугаар зүйлийн 02 дахь хэсэгт бичигдсэн/

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны төгрөгийн ...  тоот данс /худалдагч Д.М эзэмшлийн/ руу 5,250,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны төгрөгийн ... тоот данс /худалдагч Д.М эзэмшлийн/ руу 5,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд нийт 29,250,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт худалдагчид шилжүүлсэн ба үлдэгдэл төлбөрийг Д.Б төлж дуусгавар болгож уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулан өгсөн.

Гэтэл Д.Б нь Л.Г үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаанд шилжүүлсэн 29,250,000 төгрөгийг эргүүлэн өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Д.Б ... -Уул аймаг, ...  сумын ... дүгээр баг, ...  дүгээр хороолол, ... тоот байрны урьдчилгаанд төлсөн 29,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нөгөөтэйгүүр Л.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш Д.М, Х.Б нар нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Бтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж дээрх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдсан мэтээр гэрээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Б, Д.М, Х.Б нар нь Л.Ггийн байрны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийг хамтран авсан.

Иймээс Д.Б, Д.М, Х.Б нараас 29,250,000 төгрөгийг гаргуулж Л.Гд олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний аав С.Д нь 2010 оноос одоог хүртэл Өмнөговь аймаг, Цогтцэций сумаас Тавантолгойн нүүрсний уурхайд том тэрэг барьж сард 2,500,000 орчим төгрөгийн орлоготой байдаг. 2015 оноос Л.Г гэгч эмэгтэйтэй танилцан хамтран амьдарч эхэлсэн. Л.Ггийн хувьд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэр гуанз ажиллуулдаг байсан бөгөөд тодорхой, тогтсон, бодитой орлогогүй, албан татвар төлдөггүй. Аав маань хамтран амьдрагч Л.Ггийн дансанд олсон орлогоо хийж хадгалуулдаг байсан мөнгөөрөө 2017 онд ... -Уул аймаг, ...  сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 3-138 тоотод байрлах Д.М, Х.Б нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй 39 м.кв байрны урьдчилгаа 19,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5,250,000 болон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5,000,000 төгрөгийг миний бие коксжих нүүрсний уртын тээвэрт явж олсон мөнгөө Л.Ггийн .... тоот дансанд шилжүүлж Д.Бгийн дансанд хийлгүүлсэн. Би өөрөө 2015 оноос хойш Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний уурхайд шланз машин барьж сар болгон байрны мөнгө 5,000,000 төгрөгөө төлдөг байсан. Энэ талаар байрны эзэн Д.М нотлох байх. Байрны хувьд лизингээ 2018 оны 08 дугаар сарын 27-нд дуусгаж байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Л.Г гэдэг хүний хувьд үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ямарч тогтсон, бодитой орлогогүй хүн сар болгон 5,000,000 төгрөг байрны мөнгөнд төлөх боломжгүй тул нэхэмжилж буй 29,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”.

Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг анхнаас нь хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдөр хүртэл тодорхойлж чадсангүй. Д.Б Д.М нар нэг гэр бүлийн хүмүүс, хэргийн үйл баримтаас харахад Д.Бээс мөнгө нэхэмжлэх үндэслэл байхгүй байна. Энэ нь гэрч Нандинцэцэгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Энэ 29 сая төгрөгийг олох эх үндэс нь Д.Б Д нар нь Өмнөговь аймагт уртын урт рэсэнд явдаг, бэлэн мөнгө авдаггүй, падаан авдаг энэ падаанаа  мөнгө болгох боломж байдаггүй учраас Д.Бий аав Д нь тухайн үед Гтэй хамтран амьдарч байсан учраас итгэмжлэл олгож, падаанаа Гд өгч Г  падааныг мөнгө болгож шилжүүлдэг байсан. Өнөөдөр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж чадахгүй байна. Хэнээс нь хэдэн төгрөг шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Тийм учраас нэхэмжлэгч талаас нэхээд байгаа 29,250,000 төгрөг нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид өөрсдийн орон сууцаа зарах зар өгсний дагуу С.Д болон Л.Г нар нь 2017 оны 09 дүгээр сард ирж байр үзэнгээ хүүхдэдээ авах гэж байгаа гээд манай байрыг үзэн авахаар болж гэрээ хийлгэсэн. Тухайн гэрээнд урьдчилгаа болох 19 сая төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг сар бүр 5,250,000 төгрөг төлөх, мөнгөө бүрэн төлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэр рүү нь шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд сар болгон гэрээний дагуу мөнгөө өгч дууссаны дараа 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хийж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Бий нэр рүү Д.М, Х.Б нарын нэрээс шилжүүлсэн. Бидний хувьд ямар нэгэн хүнээс илүү мөнгө авч ашиг олсон зүйл байхгүй, тухайн хүмүүсийг ч өмнө нь таньдаг байгаагүй. Л.Г нь тухайн байрыг үзэхэд л бидэнтэй таарсан, өөрөөр бид нартай ямар нэгэн харилцаа холбоо тогтоож мөнгө төлсөн зүйл байхгүй болно.

2. Бид анхнаасаа гэрээ байгуулахдаа шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд үнийг Д.Б нь төлж дуусгаснаар өмчлөх эрх Д.Бд шилжсэн.

3. Л.Г бидэнтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн газарт огт нэрээрээ бүртгүүлээгүй байсан. Иймд бидэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Д.Бээс орон сууцны урьдчилгаанд төлсөн 29,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан байна. /хх-1/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь иргэний хэрэгт хариуцагчаар Д.М, Х.Б нарыг оролцуулах хүсэлт гаргаж, “...хариуцагч нар нь Л.Ггийн байрны урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийг хамтран авсан...” гэх үндэслэлээр хариуцагч Д.Б, Д.М, Х.Б нараас 29,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн./хх-74-75, 104-105/

Уг маргааныг хэлэлцэх 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Д.Бд байр авч өгөхөөр Л.Г 29,250,000 төгрөгийг зээлсэн байсан....Тухайн үед ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, Д.Б байраа нэр дээр шилжүүлж авчхаад мөнгө буцааж төлье гэж амаар тохиролцсон байсан. Тэгтэл нэр дээрээ шилжүүлж авчихаад таг болсон. ...Д.М, Х.Б нартай анх тохиролцоод Д.Мгийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Л.Г нь өөрийн нэр дээр Х.Бтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл шууд Д.Бий нэр дээр шилжүүлсэн, уг орон сууцанд Д.Б амьдарч байгаа. Хариуцагч нараас 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлээр 29,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэж,

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Л.Г нь ... д орон сууцтай болох зорилгоор Х.Б,  Д.М нартай худалдах худалдан авах гэрээ хийсэн. орон сууцны урьдчилгаа төлбөрт нийт 29,250,000 төгрөгийг Д.Мгийн данс руу шилжүүлсэн. Гэвч Х.Б, Д.М нар нь Л.Г рүү орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй, уг орон сууцны өмчлөх эрхийг Д.Бд шилжүүлсэн. Одоо тухайн байранд Д.Б амьдарч байгаа. ...хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 29,250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн болно.

 

Хариуцагч Д.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзаж буй үндэслэлээ “...Д.Бий аав С.Д нь Л.Гтэй хамт амьдарч байх үедээ тухайн орон сууцыг Д.Бд авч өгөх зорилгоор очиж үзэж, Х.Б, Д.М нараас орон сууцыг 69,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, худалдах худалдан авах гэрээг Л.Г байгуулсан. С.Д нь бичиг баримтгүй байсан учир Л.Г нь Д.Бий өмнөөс байгуулсан. С.Д, Д.Б нарын ачаа тээвэрлэж олсон орлогоо Л.Ггийн дансанд хадгалуулдаг байсан бөгөөд уг мөнгөөс Л.Ггээр дамжуулан орон сууцны урьдчилгаанд 29,250,000 төгрөгийг төлсөн. Орон сууцны урьдчилгаанд төлсөн 29,250,000 төгрөг нь Л.Ггийн мөнгө биш, Д.Б, С.Д нарын ажил хийж олсон мөнгө учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан,

Хариуцагч Д.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Х.Б нь “...Бид өөрсдийн орон сууцаа зарах зар өгсний дагуу С.Д болон Л.Г нар нь 2017 оны 09 дүгээр сард ирж байр хүүхэддээ авах гэж байгаа гээд манай байрыг үзэн 69,000,000 төгрөгөөр авахаар болж С.Д нь бичиг баримтгүй байна гээд Л.Гтэй гэрээ хийлгэсэн. Тухайн гэрээнд урьдчилгаа болох 19 сая төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг сар бүр 5,250,000 төгрөг төлөх, мөнгөө бүрэн төлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Бий нэр рүү нь шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд сар болгон гэрээний дагуу мөнгөө өгч дууссаны дараа 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хийж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Бий нэр рүү Д.М, Х.Б нарын нэрээс шилжүүлсэн. Бидний хувьд ямар нэгэн хүнээс илүү мөнгө авч ашиг олсон зүйл байхгүй, тухайн хүмүүсийг ч өмнө нь таньдаг байгаагүй. Л.Г нь тухайн байрыг үзэхэд л бидэнтэй таарсан, өөрөөр бид нартай ямар нэгэн харилцаа холбоо тогтоож мөнгө төлсөн зүйл байхгүй болно.

...орон сууцны төлбөрийг төлж дууссаны дараа Д.Бий нэр лүү шилжүүлнэ гэж тухайн үед С.Д, Л.Г нартай тохиролцож байсан учир Д.Бий нэр лүү орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Д.Б нь орон сууц худалдан авсны татварын хөнгөлөлтөнд хамрагдахгүй гэсэн учир Д.Бий зөвшөөрснөөр, орон сууц худалдсаны татварыг бага төлөх зорилгоор худалдах худалдан авах гэрээг 20,000,000 төгрөгөөр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн...”  гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж, маргасан болно.

 

 

Л.Г, Д.М, Х.Б нар нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Д.М, Х.Б нарын өмчлөлийн ... -Уул аймаг, ...  сумын ... дүгээр баг ... дүгээр хороолол ... дугаар байрны ... байрлалтай 39,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 69,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрөөс 19,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны дотор буюу 10 сарын хугацаанд сар бүр 5,000,000 төгрөгийг, 0,5 хувийн хүүгийн хамт төлөхөөр гэрээндээ заажээ. /хх-4/

ХААН банкны депозит дансны хуулгаас /хх-7, 62, 119/ үзэхэд дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрт Л.Ггээс 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,250,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 29,250,000 төгрөгийг хариуцагч Б.Мгийн ХААН банкинд дахь эзэмшлийн .... тоот данс руу шилжүүлсэн байна.

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Х.Б, Б.М, Д.Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр Д.Б нь Х.Б, Б.М нарын өмчлөлийн ...  сумын ... дүгээр баг ... дүгээр хороолол ... дугаар байрны ... тоот орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон ба талууд дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэн, ... -Уул аймгийн Улсын бүртгэлийн газраас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тухайн орон сууцыг Н.Б нэр дээр бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээг олгосон  /хх-65-67/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаан дээр гаргасан зохигчдын тайлбараар “...Д.Бий аав С.Д, Л.Г нар нь 2015-2019 он хүртэл хамтран амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаандаа С.Д, Л.Г нар нь зарын дагуу Х.Б, Б.М нарын өмчлөлийн ...  сумын ... дүгээр баг ... дүгээр хороолол ... дугаар байрны ... тоот орон сууцыг очиж үзсэн, Л.Г нь Х.Б, Б.М нартай худалдах худалдан авах гэрээг байгуулсан, Л.Ггийн эзэмшлийн ХААН банкны данснаас 29,250,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн...”  зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй болно.

Харин нэхэмжлэгч Л.Г нь ... д байр худалдан авах зорилгоор Х.Б, Б.М нартай гэрээ орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн боловч Х.Б, Б.М нар нь гэрээний үүргээ зөрчиж, Д.Бтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Д.Бий өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр орон сууцны урьдчилгаанд төлсөн 29,250,000 төгрөгийг хариуцагч нараас буцаан гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч Л.Г нь өөртөө орон сууцтай болох зорилгоор хариуцагч Х.Б, Б.М нартай 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн... гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан

гэрч О.Н “...тухайн үл хөдлөх хөрөнгийг 69,000,000 төгрөгөөр С.Д ах болон Л.Г эгч хоёр Д.Бд авч өгөх зорилгоор Х.Б, Б.М нартай тохирч, урьдчилгаанд 19,000,000 төгрөг өгөөд, үлдэгдэл төлбөрийг сар бүр 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Сар бүрийн төлбөрийг төлөхдөө 250,000 төгрөгийг хүү төлж байхаар тохиролцсон. Ингээд худалдах худалдан авах гэрээг хийхдээ С.Д нь иргэний үнэмлэхгүй байсан учир Л.Ггийн нэр дээр түр гэрээ хийсэн юм. Тухайн байрны дараагийн сарын төлбөрүүд болох 5,250,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг Д.Б нь төлөхдөө өөрийн нүүрс тээвэрт явсан орлогоос Л.Ггийн дансаар дамжуулж байрны эзний данс руу шилжүүлсэн. С.Д, Л.Г нар нь 2016-2018 оны хооронд хамтран амьдарч байсан...Д.Б нь 69,000,000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч 71,500,000 төгрөг болгож төлсөн...дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөрт төлсөн урьдчилгаа 19,000,000 төгрөг, дараагийн саруудын төлөлт 5,250,000, 5,000,000 төгрөг нь С.Д болон Д.Б нарын нүүрс тээвэрлэлт хийж олсон орлогоос бүрдсэн мөнгө юм. Харин тухайн мөнгийг Л.Ггийн дансаар дамжуулан төлсөн нь үнэн..” гэсэн мэдүүлэг /хх-70/,

гэрч С.Дгийн “...Л.Г бид хоёр 2015 оноос 2019 оны 02 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан. Хүү Д.Б бид хоёр нүүрсний тээвэрт явдаг байхдаа тээвэр хийсэн тээврийн хөлсний падааныг Л.Гд өгдөг байсан. Л.Г бид хоёрын тээвэр хийсний хөлсийг шилжүүлж авдаг байсан. ...орон сууцны урьдчилгаанд төлсөн 19,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5,250,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5,000,000 төгрөг, Л.Ггийн дансанд орсон нь Д.Б бид хоёрын тээврийн хөлс юм. Д.Мгаас хувь лизингээр байр авсан бөгөөд урьдчилгаа 19,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 5,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон юм. Ингээд Д.Мгаас байр авч Д.Бд өгөхдөө Л.Гд итгэж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хийлгэсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сар болон 12 дугаар сард Л.Ггийн дансаар эхний хоёр удаагийн төлөлтийг хийсэн. Үүнээс хойш манай хүү Д.Б үлдсэн төлбөрийг төлж дуусгаад байраа шилжүүлээд авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-32-33/, гэрч А.Н “...Д.Б нь байр авч байгаа гэж ярьж байсан. Энэ нь 2017 оны намар байх ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч тал “...Д.Бд байр авч өгөх зорилгоор гэрээ байгуулсан”, “...өөртөө байр авахаар гэрээ байгуулсан” гэж хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй тайлбаруудыг гаргаж байсан, мөн  нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч нартай байгуулсан гэрээний үүрэг буюу үлдэгдэл төлбөрийг төлөх  талаар, орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авах талаар хариуцагч Х.Б, Б.М нартай дахин уулзаж, ярилцаж байгаагүй болох нь хариуцагч Х.Бийн шүүх хуралдаан дээр гаргасан “...гэрээ байгуулснаас хойш хугацаанд Л.Гтэй уулзаж ярилцаагүй. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг Д.Б төлж дуусгасан. Анх С.Д, Л.Г нар нь тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгаад Д.Бий өмчлөлд шилжүүлнэ, хүүдээ байр авч өгч байгаа гэсэн учраас орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж дуусахаар нь Д.Бд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн...” гэх тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч Х.Бийн энэхүү тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Л.Г, С.Д нар нь хамтран амьдрах хугацаандаа хүү Д.Бд орон сууц худалдан авах зорилгоор Х.Б, Б.М нарын өмчлөлийн орон сууцыг 69,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, тухайн орон сууцны урьдчилгаанд 19,000,000 төгрөг, 2 сарын орон сууцны төлөлтөд 10,250,000 төгрөг, нийт 29,250,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа ба орон сууцны урьдчилгаа, төлбөрт төлсөн 29,250,000 төгрөгийг Л.Ггийн данснаас шилжүүлсэн боловч Л.Гд буцаан төлөх үүргийг хариуцагч нарын хэн аль нь хүлээсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй ба хариуцагч нар нь Л.Гд орон сууцны урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл Л.Г нь орон сууц худалдан авах зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Х.Б, Б.М нартай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй байна. Харин Л.Г, С.Д нар нь Д.Бд байр авч өгөх зорилгоор Х.Б, Б.М нарын өмчлөлийн орон сууцыг худалдан авахаар тохиролцон, орон сууцны төлбөрийг хэрхэн төлөх талаар тохиролцоогоо баталгаажуулж,  2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Л.Гтэй үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэхээр тус тус зохицуулсан байх тул Л.Г, Х.Б, Б.М нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Л.Г нь Д.Бд орон сууц худалдан авч өгөх зорилгоор орон сууцны төлбөрт 29,250,000 төгрөгийг төлсөн, уг орон сууцны төлбөрт тооцож Б.М, Х.Б нар нь авсан, Д.Бээс орон сууцны төлбөрт төлсөн 29,250,000 төгрөгийг буцаан авах талаар тохиролцоо байхгүй байх тул хариуцагч нар нь Л.Гд 29,250,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т “анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Л.Ггийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ггийн гаргасан хариуцагч Д.Б, Б.М, Х.Б нараас 29,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА