Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Гандиймаа |
Хэргийн индекс | 102/2020/00261/И |
Дугаар | 102/ШШ2020/01615 |
Огноо | 2020-05-21 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/01615
2020 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2020/01615 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Н У /РД: ***/
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Н Б /РД: ***/
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг өөрийн байр Н Ш Ш Г Г
Баянгол дүүргийн 3 дугаар хороо тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220502*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ш.Г
нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.У, Н.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн № 102/ШШ2016/01205 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, *** тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-***тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.У, Н.Б биднийг тогтоосон бөгөөд уг шийдвэрийн дагуу Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газрын Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст өмчлөгчид өөрчлөгдсөн тухай бүртгэл хийхийг даалгасан шийдвэр гарсан. Н.У, Н.Б биднийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, *** тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-***тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хуулиар хүчин төгөлдөр болсон учир хууль ёсны хамтран өмчлөгчөөр тогтоогдсон шийдвэрийн дагуу өөрсдийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, *** тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-***тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст удаа дараа хандсан боловч дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түдгэлзүүлсэн гэх шалтгаанаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс хүсэлт материалыг хүлээн авахгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38-р байр, *** тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-***тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч бид хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэгдэх асуудалд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №4855 тоот шийдвэрийн дагуу Н Ш Ш Г Г Ж.Дд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа саад учруулж байх тул Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38-р байрны 27 тоотод байрлалтай Ү-***тоот эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж өмчлөлтэй холбоотой маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх шаардлага зайлшгүй үүсэж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл, 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан байна. Төлбөр гаргуулахаар хураагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, *** тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-***тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн холбоотой маргаан 2015 оноос эхлэн үүсэж 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн боловч нэхэмжлэгч Н.У, Н.Б бид өмчлөлөө хууль ёсоор бүртгүүлэх асуудалд Н Ш Ш Г Гсаад учруулсны улмаас одоог хүртэл төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Дүүргийн иргэний хэргийн хоёрдугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4855 тоот шийдвэр бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байгаа Э инвест ББСБ гуравдагч этгээдээр оролцсон боловч шүүхээс Баянгол дүүргийн 3-р хороо, *** тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-***тоот үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.У, Н.Б бид хамтран өмчлөгчөөр тогтоогдох нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй гэсэн шийдвэр гарсан болно. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38-р байр, 27 тоот 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-***тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар дангаар бүртгэлтэй байгаа Ж.Дд холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсэн явагдаж 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 9/9 тоот тусгай тэмдэглэлээр /түдгэлзүүлэх/ үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Ж.Дгийн дангаараа бусдад төлөх үүрэг хүлээсэн шийдвэр бүхий төлбөрийг гаргуулахаар үл хөдлөх хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн шийдвэрээ эргэн хянаж хууль ёсны өмчлөгч бидний эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгохгүй байгаа асуудал нь бусдад төлөх өр төлбөргүй, хуулийн хүчин төгөлдөр болсон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01205 тоот шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны 27 тоотод байрлалтай Ү-***тоот эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Н.У, Н.Б бид бүртгэгдэх хууль ёсны ажиллагаанд саад учруулж байгаа болно. Иймд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны 27 тоотод байрлалтай Ү-***тоот эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2014/4855 дугаар шийдвэрээр Ж.Дгаас 51936020 төгрөг гаргуулж “Э инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Дгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-***дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 байр 27 тоотод байрлах орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 183/01 тоот тогтоолоор битүүмжлэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хурааж Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал асуухад төлбөр төлөгч Ж.Д нь үнийн саналыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй ба төлбөр авагч “Э инвест” ХХК хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт өгсөний дагуу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаа явагдаж байна. Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 байр ** тоотод байрлах орон сууцанд амьдардаг төлбөр төлөгч Ж.Дгийн хүүхдүүд болох Н.У, Н.Б нар нь тус байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргаж тус шүүх 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 102/ШШ2016/01205 тоот шийдвэр гаргаж Н.У, Н.Б нарыг өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Н.У, Н.Б нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлдээ Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 байр 27 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэх хөрөнгийн хагсаалтаас чөлөөлүүлэх тухай дурдсан байна. Тус орон сууц нь 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Э инвест” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээнд бүртгэлтэй ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 47 тоот магадлалаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 байр 27 тоотод байрлах орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 204 тоот тогтоолоор 47 тоот магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4855 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 47 тоот магадлал. Улсын дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 204 дугаартай тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.Гантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Ж.Дд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үүссэн. Төлбөрийг төлөөгүй учраас Ж.Дгийн өмчлөлийн барьцааны хөрөнгийг битүүмжилсэн. Тэрнээс хойш 4 жилийн дараа буюу 2019 онд хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал асууж, талууд тохиролцоогүй учраас үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилж ажиллагаа явагдаж байна. Шинжээч нь тогтоолд заасан хугацаанд буюу хуулийн хугацаанд үнэлгээгээ ирүүлээгүй учраас ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгож, дахин 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор шинжээч томилж ажиллагаа хийгдэж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Орон сууц нь төлбөр авагчтай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байгаа ба энэ хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. Энэ маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр шүүхийн шийдвэрт заасан эд хөрөнгөөр хангуулахаар эд хөрөнгө битүүмжилсэн бөгөөд битүүмжлэлээс гаргах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрээр өмчлөгч гэж тогтоогдсон ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Н.У, Н.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо 38 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “битүүмжилсэн орон сууцны хамтран өмчлөгчөөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд уг орон сууцыг захиран зарцуулах эрхийг шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр түдгэлзүүлсэн үндэслэлээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмчлөгчийн хувиар оролцох боломжгүй болсон нь өмчлөгч нарын эрхийг зөрчсөн” гэж тайлбарласан байх бөгөөд харин хариуцагч “тус орон сууц нь зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан, нэхэмжлэгч нарыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгээгүй, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргаж байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2014/4855 дугаар шийдвэрээр Ж.Дгаас 51,936,024 төгрөг гаргуулж “Э инвест” ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг үүргийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо 38 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар магадлалаар нэмж хангасан байх ба магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 204 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /ХХ-29-37 дугаар тал/
Дээрх шийдвэрийг Ж.Д сайн дураар биелүүлээгүйгээс Н Ш Ш Г Гтөлбөр авагчийн хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгч Ж.Дгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо 38 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулахыг хориглож, уг хөрөнгийг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байна. Уг ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2 дахь хэсэгт нийцэж байна. /ХХ-ийн 107-114 дүгээр тал/
Тухайн ажиллагаанууд явагдаж байх хугацаанд буюу 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч Ж.Дгийн хүүхдүүд болох Н.У, Н.Б нар нь барьцаа хөрөнгө болох орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг эх Ж.Дд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01205 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.У, Н.Б нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл хийхийг Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, орон сууцнаас Ж.Дд ногдох хэсгийг тодорхойлуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /ХХ-ийн 5-8, 115, 128-132 дугаар тал/
Н.У, Н.Б нарын орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг шийдвэрлэж байх хугацаанд Ж.Дд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж, 2016 оны 10 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх болон зарлан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мэдэгдэлд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилсэн орон сууцыг хураан авсан үйл баримт тогтоогдов. /ХХ-ийн 125, 133-145 дугаар тал/
Өмчлөх эрх хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж зааснаар буюу хуулийн дагуу маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч /өмчлөх эрх/ болохоо улсын бүртгэлд бүртгүүлэх нь тухайн хөрөнгийн өмчлөгч болохыг баталгаажуулж буй хэлбэр юм. Энэ талаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2002 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт зааснаар зохицуулж байсан ба одоо Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар ойлгоно.
Харин шүүхийн шийдвэрийн үндсэн дээр биш өмнөх өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр /энэ нь хууль болон гэрээний дагуу аль нь ч байж болно/ үл хөдлөх эд хөрөнгийг олж авч байгаа тохиолдолд уг хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх болохыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заажээ. Өөрөөр хэлбэл өмчлөгчийн зөвшөөрөлтэй өмчлөгч нэмэгдэх, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд уг хэлцлийг улсын бүртгэлийн байгууллага хууль болон дагалдах журамд заасан бичиг баримтын бүрдлийг нягтлан шалгаж өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг бол шүүхийн шийдвэрээр тогтоосон өмчлөгчийг /хууль болон гэрээний дагуу/ улсын бүртгэлийн байгууллага зохих баримтуудыг үндэслэн бүртгэж, гэрчилгээ олгох үүрэгтэй.
Иймд маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Н.У, Н.Б нар болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нарыг орон сууцны өмчлөгч биш гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тэднийг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэж үзнэ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний онцлог нь тухайн хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч, өмчлөгч нэмэгдсэн ч уг хөрөнгөд ногдуулсан үүрэг хэвээр үлдэнэ. Иймд битүүмжилсэн хөрөнгийн өмчлөгч нэмэгдсэн үндэслэлээр, мөн Н.У, Н.Б нарын өмчлөх эрхийг улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Харин нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор орон сууцны өмчлөгчийн хувиар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох, уг ажиллагаанд гомдол гаргах эрхтэй болно.
Дээрх үндэслэлээс гадна төлбөр гаргуулахаар битүүмжилж, хураасан орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүсээгүй байх ба уг орон сууцны хамтран өмчлөгч Н.У, Н.Б нар болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсаныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан “өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн” нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй. Иймд Баянгол дүүргийн 3 дугаар хороо 38 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэхэмжлэгч нараас олгосон итгэмжлэлээсээ татгалзсан тул тэднийг оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 3 дугаар хороо *** дугаар байрны ** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.У, Н.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА