Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1406

 

Я.Н-, Ц.Б, Ц.А, Н.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00567 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Я.Н-, Ц.Б, Ц.А, Н.Д- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохирол болон ээлжийн амралтын олговор, цалин, нөхөн төлбөрт нийт 20 003 973 302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Я.Н-, Ц.Б, Ц.А, Н.Д- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Цоодол албан үүргээ гүйцэтгэж яваад 2010 оны 9 дүгээр сарын 21-ний орой Дархан орох замдаа автомашины осолд орж амь насаа алдсан. Осолд ороод ухаангүй байхад нь эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүй, эмчилгээ авах хугацаа өнгөрсөн. Осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл ар гэрт нь ямарч тусламж үзүүлээгүй.

Н.Цоодол өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байсан бол түүний гэр бүлдээ оруулах бүх орлогыг Г ХХК-иас нэхэмжилнэ. Үүнд:

1.Н.Цоодолын 1 сарын цалинг 4 256 422 төгрөгөөр тооцож 7 жил буюу 84 сарын цалин 357 539 448 төгрөг, талийгаач 7 жил ажиллах хугацаандаа 6 удаа амрах ёстой байтал нэг ч удаа амраагаагүй тул ээлжийн амралтын 25 538 000 төгрөг, талийгаачийн хүү Ц.Бат-Эрдэнийн МУИС-ийн төлбөрт 2 200 000 төгрөг, охин Ц.Агийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөг, охин Ц.Аг хэлний сургалтын төлбөр 500 000 төгрөг, талийгаачийн цалингаас Ц.Ад ногдох хувь 28 800 000 төгрөг, Улаанбаатар хотоос эмч нарын багийг 2 машинаар авч явж, би хувиасаа өгсөн 5 000 000 төгрөг, Талийгаач улсад 60 нас хүртэл ажиллах ёстой байсан, гэтэл 44 настайдаа нас барсан тул 60 нас хүртэл ажиллах ёстой цалинг 192 сараар тооцон 817 233 024 төгрөг, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авч, 90 наслана гэж бодоход 30 жилийн өндөр насны тэтгэвэрт 90 360 000 төгрөг, иргэн болгонд олгодог 0,7 га газрыг өгөөгүй тул төлбөрт 20 000 000 төгрөг, иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааны үнэд 1 500 000 төгрөгийг нэхэмжилнэ.

Мөн талийгаач нь амьддаа өөрийн хувийн хэрэгцээнд АНУ-д байдаг өөрийн ах, дүү нартаа Mersedez benz ML350 маркийн автомашин захиалж өгөөч гээд миний Г дахь долларын хадгаламжийн данснаас 26 729 ам.доллар буюу 53 000 000 төгрөгийг зээлсэн. Машин тээвэрлэсэн гаалийн, онцгой татварт төлсөн 16 000 000 төгрөгийг н.Амаржаргал, н.Бат-Уянга нараас зээлсэн тул нийт 69 000 000 төгрөг, гэр бүлийнхний амьдрах нөхцлийг нь сайжруулахад 4 өрөө байр 632 500 000 төгрөг, гарааш 110 000 000 төгрөг, Я.Н- нь үлдсэн насаа ганцаараа өнгөрөөх тул талийгаачийн  10 жилийн цалин болох 517 770 640 төгрөг, ОМ-1 актыг шүүхийн журмаар бичүүлсэн зардалд 100 000 төгрөг, нотариатын зардал 315 000 төгрөг өмгөөлөгчийн хөлс 7 800 000 төгрөгийг гаргуулна.

Би дүүгийнхээ амийг 10 000 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Талийгаачийн 2 хүүхэд онц сурдаг, МУИС-ийг онц дүнтэй төгсөөд одоо Герман улсын их сургуульд сурч байна. Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалах ирээдүйтэй. Тиймээс Герман болон Америк улсад нэг, нэг өрөө байр авахад нь 240 000 еврог нэхэмжилнэ. Германы их сургуульд орохын тулд хувийн багш авч бэлдэхэд нэг хүүхдийн 1 500 еврог өгсөн. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 01-нийг хүртэл 6 жил 7 сарын хугацанд 336 257 338 төгрөг нэхэмжилж байгаа. Хүү Ц.Бат-Эрдэнийн зардалд 518 431 000 төгрөг, охин Ц.Агийн төлбөрт 6 789 468 300 төгрөг нэхэмжилнэ. Иймд Г ХХК-аас гэм хорын хохиролд нийт 20 003 973 302 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ хэрэг өмнө нь шийдвэрлэгдсэн бөгөөд анх 216 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед банкны өөрийнх нь хөрөнгө ч ийм хэмжээнд хүрдэггүй байсан. Чингэлтэй дүүргийн шүүх нэхэмжлэгчийн гэм хорын хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон. Талийгаач Н.Цоодол нь банктай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, зээлийн өр, төлбөр барагдуулан ажлынхаа үр дүнгээр цалинждаг байсан. Осол гарсан хэргийн гэм буруутан Б.Улаанбаатар, н.Нууцбаатар нар тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн. Тухайн үед эмч нарын бүрэлдэхүүн авч очиж, тээврийн хэрэгслээр зөөсөн байдаг. Банкны зүгээс хохирогчийн ар гэрт 6 437 900 төгрөг, ажилтнуудын дунд буяны арга хэмжээ зохион байгуулж 3 320 000 төгрөг, нийт 9 757 900 төгрөгийн хандив тусламж олгосон. Банкаас Н.Цоодолыг эмнэлэгт хүргэх, тээвэрлэх, эмчлэх, мэргэжлийн эмч нарт үзүүлэх, эмнэлэгт байхад нь банкны удирдлагуудаас ээлж дараалан сахих, ар гэрт нь туслах зэрэг бололцоотой бүхий л арга хэмжээг авсан. Н.Цоодол агсан хийсэн ажлынхаа үр дүнгээр цалинждаг бөгөөд эхний 9 сарын цалин 16 221 239 төгрөг тул нэг сарын дундаж цалин 1 800 000 орчим төгрөг байна. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг өгөхөд татгалзахгүй. Талийгаачийн гэр бүлийхэн буюу Я.Н-, Ц.АЦ.Б нарт нөхөн төлбөрийг өгөх гээд холбоо барихад “наад мөнгийг чинь авахгүй, нэхээд явж байгаа хүн байгаа, наад асуудлаас чинь болоод бид нар ч гэсэн дарамтанд ороод явж байна” гэдэг. Бусад шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн буруутай банкны үйлдэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон банкны буруутай үйл ажиллагааны хооронд шалтгаант холбоо байхгүй. Нэхэмжилж байгаа зүйлүүд нь хуулийн дагуу гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй, мөн энэ талаар нотлох баримтгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар хариуцагч Г ХХК-иас 98 158 197.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Н-, Ц.Б, Ц.А нарт олгож, нэхэмжлэгч Н.Д-, Я.Н-, Ц.Б, Ц.А нарын нэхэмжлэлээс үлдэх 19 905 815 104.4 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04652 тоот захирамжаар нэхэмжлэгч нарыг 100 177 811 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдан, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 648 741 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Талийгаач Н.Цоодолын алтан амийг 10 тэрбумаар үнэлж нэхэмжилнэ. Талийгаач Герман, Нидерланд Улсад мэргэжил дээшлүүлсэн, нягтлан бодогч, хуульч мэргэжилтэй. Н.Цоодол нь 2 дээд сургууль дүүргэсэн, орос, англи, хятад хэлээр ярьдаг, цоо эрүүл, архи, тамхи хэрэглэдэггүй, зөв хүмүүжилтэй байсан.

Н.Цоодол өнөөдрийг хүртэл амьд сэрүүн байсан бол түүний гэр бүлдээ оруулах бүх орлогыг Г ХХК-иас нэхэмжилнэ. Үүнд:

- Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7а-д хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан, дундаж цалин хөлс тодорхойлохдоо ОМ1 актаар нас барсан ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тодорхойлно гэж хуульчилсан. Н.Цоодолын 1 сарын цалинг 4 256 422 төгрөгөөр тооцож нэг жилийн 51 000 000 төгрөг бөгөөд 8 жил 4 сарын цалин 333 200 000 төгрөг, талийгаач 8 жил ажиллахдаа нэг ч удаа амраагүй тул ээлжийн амралтын 33 600 000 төгрөг,

талийгаачийн хүү Ц.Бат-Эрдэнийн МУИС-ийн 2011-2012 оны төлбөрт 2 200 000 төгрөг, охин Ц.Агийн сургалтын төлбөрт 3 500 000 төгрөг, охин Ц.Агийн МУИС-ийн төлбөр 3 500 000 төгрөг, хэлний сургалтын төлбөр 500 000 төгрөг нийт 10 700 000 төгрөг,

талийгаачийн цалингаас Ц.Ад ногдох хувь 28 800 000 төгрөг,

Улаанбаатар хотоос эмч нарын багийг 2 машинаар авч явж, би хувиасаа өгсөн 5 000 000 төгрөг,

талийгаач улсад 60 нас хүртэл ажиллах ёстой байсан, гэтэл 44 настайдаа нас барсан тул 60 нас хүртэл ажиллах ёстой цалинг 192 сараар тооцон 817 233 024 төгрөг,

60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авч, 90 наслана гэж бодоход 30 жилийн өндөр насны тэтгэвэрт 684 000 000 төгрөг,

иргэн болгонд олгодог 0,7 га газрыг өгөөгүй тул төлбөрт 20 000 000 төгрөг,

иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааны үнэд 1 000 000 төгрөг,

талийгаач нь амьддаа өөрийн хувийн хэрэгцээнд АНУ-д байдаг өөрийн ах, дүү нартаа Mersedez benz ML350 маркийн автомашин захиалж өгөөч гээд миний Г дахь долларын хадгаламжийн данснаас 26 729 ам.доллар буюу 53 000 000 төгрөгийг зээлсэн. Машин тээвэрлэсэн гаалийн, онцгой татварт төлсөн 16 000 000 төгрөгийг н.Амаржаргал, н.Бат-Уянга нараас зээлсэн тул нийт 69 000 000 төгрөг,

гэр бүлийнхний амьдрах нөхцлийг нь сайжруулахад 4 өрөө байр 632 500 000 төгрөг, гарааш 110 000 000 төгрөг,

Я.Н- нь үлдсэн насаа ганцаараа өнгөрөөх тул талийгаачийн 10 жилийн цалин болох 504 000 000 төгрөг,

ОМ-1 актыг шүүхийн журмаар бичүүлсэн зардалд 100 000 төгрөг, нотариатын зардал 315 000 төгрөг өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, Н.Д-д 15 000 төгрөг, өргөдөл шивүүлсэн хөлс 50 000 төгрөг,

Талийгаачийн 2 хүүхэд Герман болон Америк улсад нэг, нэг өрөө байр авахад нь 340 000 евро буюу 996 200 000 төгрөг,

Өмгөөлөгч Ч.Энхээд 1 800 000 төгрөг, Ц.Монголд 500 000 төгрөг, С.Оюундэлгэрт 500 000 төгрөг, Г.Баярбаатарт 200 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг, мөн өмгөөлөгч С.Оюундэлгэрт 5 000 000 төгрөг өгөхөөр гэрээ байгуулсан

Хүү Ц.Б сурч боловсроход шаардлагатай 518 400 000 төгрөг, охин
Ц.Ад 6 789 500 төгрөг гаргуулна. Улмаар АНУ-ын Харвардын Их сургууль
докторын зэрэг хамгаалах зорилготой тул бүх зардлыг Гаар төлүүлнэ.

Мөн би Н.Цоодолын эцэг, эх хоёрын нь үүргийг хамтран гүйцэтгэж хүн болгосон учир намайг өндөр настай болоход асарч хамгаалах үүрэгтэй байсан. 2 хөл явж чадахгүй эмчлүүлэхэд 2 тэрбум төгрөг шаардлагатай. Нас барахад чандарлан оршуулах зардал 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Н.Цоодолын амийг 10 000 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ.

Иймд Г ХХК-аас талийгаач Н.Цоодолын үйлдвэрийн осол ОМ1 нөхөн төлбөрт 20 003 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүхээс шийдвэрийн үндэслэлээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Н.Цоодол агсны дундаж цалин хөлсийг буруу тогтоож нэхэмжлэгч нарт олгох нөхөн олговрыг буруу шийдвэрлэсэн. Учир нь Н.Цоодол агсан нь Гинд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Н.Цоодол агсаны ажлын онцлог нь төлөгдөхгүй байгаа зээлийг төлүүлдэг өр барагдуулах ажилтан бөгөөд сар бүр тоггмол тогтоосон цалингүй хийснээрээ цалинждаг. Сард авах цалингийн хэмжээ адилгүй, зарим сард хийсэн ажлых нь хөлсийг дараа сард нь нийлүүлэн бодож олгодог байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт буюу Гны 03/1-0460 гоот тодорхойлолтоос үзвэл талийгаач Н.Цоодол нь 2010 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан нь харагдах бөгөөд түүний дундаж цалин хөлсийг тоггоохдоо нийт ажилласан сарын цалингийн нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хуваана. /19 086 316.80 төгрөг : 9 сар = 2 120 702 төгрөг/  Н.Цоодол агсны нөхөн төлбөрт сарын дундаж цалин 2 120 702 төгрөгийг 36 сарын хугацаагаар тооцон нийт 76 345 272 төгрөгийг нэхэмжлэгч нарт олгоно гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, 98 158 197.6 төгрөгөөс 21 812 925.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Я.Н-, Ц.Б, Ц.А, Н.Даариймаа нар шүүхэд хандан, хариуцагч Г ХХК-иас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр болон гэм хорын хохиролд  20 003 973 302 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

1.Үйлдвэрлэлийн ослын  нөхөн төлбөр гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Я.Н-, Ц.Б, Ц.А нар  хариуцагч Гнаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 336 257 338 төгрөг гаргуулахаар нэхэмжлэн, үндэслэлээ “... нөхөн төлбөр өгөхгүй 8 жил чирэгдүүлж, хохироосон, ... хуульд 1 ба түүнээс дээш удаа олгож болохоор заасан учир 6 жил 7 сарын цалингаар тооцож гаргуулна” гэж тайлбарласан байна. 

Нэхэмжлэгч Я.Н-гийн нөхөр Н.Цоодол нь хариуцагч Г ХХК-тай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулан 2004 оноос хойш тус компанийн тусгай активын гэрээт өр барагдуулагчаар ажиллаж байгаад 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үйлдвэрлэлийн ослоор нас барсан болох нь Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 410 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 347 дугаартай тогтоол, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 571 дүгээр тогтоол болон нас барсны гэрчилгээ, хөлсөөр ажиллах гэрээ, албан томилолтын үнэмлэх, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн үйлдвэрлэлийн ослын акт зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /1хх-63-65, 2хх-131-132, 148, 153-156/ Иймд түүний ар гэр болох Я.Н-, Ц.А, Ц.Б нар Г ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу нөхөн төлбөр шаардах эрхтэй.

Талууд дээрх үйл баримтад маргаагүй, хариуцагч нь нэхэмжлэгч Я.Н-, Ц.А, Ц.Б нарт нэг удаа 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгохыг хүлээн зөвшөөрч, харин нөхөн төлбөр тооцох цалин хөлсний нийлбэр болон олгох хэмжээний талаар марган мэтгэлцэж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1-д ажил олгогч нь ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход уг журмыг мөрдөж болохоор заажээ. Уг журмын 5-д “ажилтан тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг ...”, 7а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлоход тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох”-оор тус тус журамлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, ... улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан тул дээрх журмын 5-д заасны дагуу ажилтны цалин хөлсийг тодорхойлохоор байна. Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч “Г” ХХК-аас, нас барсан ажилтны ар гэр болох нэхэмжлэгч Я.Н-, Ц.Б, Ц.А нарт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүхэд өгсөн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/т0460 тоот цалин хөлсний тодорхойлолтыг үндэслэн, ажилтны сарын цалинг “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5-д заасны дагуу нэг сарын цалинг 2 726 616.6 төгрөгөөр тооцсон нь зөв байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нөхөн төлбөрийг 72 сараар тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь ажилтан Н.Цоодол нь 2010 онд албан ажлын томилолтоор явж байгаад зам тээврийн ослын улмаас нас барсан. Хариуцагч “Г” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар осол гарах бүрт Засгийн газраас тогтоосон журмын дагуу ослыг бүртгэн, орон тооны бус комисс байгуулан ослын акт тогтоох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч тал шүүхэд хандан, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1279 дүгээр шийдвэрээр үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтоохыг хариуцагчид даалгасан, уг шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэсэн, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ослын акт тогтоосон боловч уг актын дагуу ажилтны ар гэрт нөхөн төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй зэргээр 7 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. /1хх-33-34, 63-64, 2хх-126 дахь тал/

Дээрх нөхцөл байдлыг харьцуулан дүгнээд нэхэмжлэгч Я.Н-, Ц.А, Ц.Б нарт 72 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 196 316 394 төгрөг /2 726 616 х 72 сар/ гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг зөрчихгүй гэж үзэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нар хариуцагч “Г” ХХК-аас талийгаачийн ээлжийн амралтын олговорт 25 538 000 төгрөг, 2007-2009 оны дутуу олгосон цалин хөлс 30 000 000 төгрөг, хүү Ц.Бат-Эрдэнийн их сургуулийн 2011-2012 оны сургалтын төлбөр 2 200 000 төгрөг, Герман Улсад суралцахад шаардлагатай сургалтын төлбөр, орон сууцны үнэ, замын зардалд нийт 518 431 000 төгрөг, охин Ц.Агийн Герман Улсад суралцах сургалтын төлбөр, АНУ-ын Харвардын их сургуульд магистр, докторантурт сурах сургалтын болон амьжиргааны зардал 6 789 468 300 төгрөг, дотоодын их сургуулийн болон хэлний сургалтын төлбөр 8 500 000 төгрөг, охин Ц.Ад талийгаачийн цалингаас олгогдох 28 800 000 төгрөг, ар гэрийн нөхцөл сайжруулах зорилгоор орон сууц, автомашины зогсоол худалдан авахад зориулж 742 500 000 төгрөг, эхнэр Я.Н-гийн сэтгэл санааны хохиролд 510 770 640 төгрөг, талийгаачийн амь насны үнэ 10 000 000 000 төгрөг, шарил ачсан зардал 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Уг нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэсэн дээр дурдагдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. /хх 36-39, 2хх-33-39 дэх тал/

3.Нэхэмжлэгч Я.Н-, Ц.А, Ц.Б, Н.Д- нарын талийгаачийн 60 нас хүртэлх хугацааны цалин 817 233 024 төгрөг, 90 нас хүртэлх хугацааны тэтгэврийн хэмжээг 30 жилээр тооцон 90 360 000 төгрөг, өмгөөллийн хөлс 7 800 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 315 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 100 000 төгрөг, талийгаач АНУ-аас захиалсан Мерседес бенз Эм Эл350 маркийн автомашины төлбөр, зардал 69 200 000 төгрөг, 0.7 га газрын үнэ 20 000 000 төгрөг, 1072 ширхэг хувьцааны үнэ 1 000 000 төгрөгийг тус тус хариуцагч “Г” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилжээ.

Уг нэхэмжлэлийн шаардлагууд нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 230 дугаар зүйлийн 230.2, 508 дугаар зүйлийн 508 дугаар зүйлд заасан хохиролд хамаарахгүй байхаас гадна хариуцагч “Г” ХХК-ийг мөн хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан этгээд гэж үзэхгүй. Түүнчлэн 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдан, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Н.Цоодол агсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж аваагүй явдалд хариуцагч “Г” ХХК гэм буруутай гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00567 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “98 158 197.6” гэснийг “196 316 394” гэж, 2 дахь заалтын “648 741” гэснийг “1 124 532” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 267 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Ч.ЦЭНД