Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00622

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00818 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаар магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Б д холбогдох,

Түрээсийн гэрээний төлбөрт 28,549,694 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Б , түүний өмгөөлөгч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Н.Б д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 28,549,694 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00818 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2019 оны 02 сарын 14ий өдрийн Т-19/017 тоот түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Н.Б гаас 10,466,622 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК /РД:2724456/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,083,072 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,898 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 252,615 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00818 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,416 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.22-ны өдрийн 1120 дугаар магадлалыг 2020.06.10-ны өдөр гардан авч бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 183/ШШ2020/00818 дугаар шийдвэр нь үндэслэл бүхий гарсан юм.

4.1. 2020.04.03-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчаас “түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл” гаргасныг захирамжаар “талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр эсэхийг дүгнэж шийдвэрлэдэг тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруутгах боломж байхгүй юм. Иргэн Ж.Б  нь тус компанитай 2019.02.14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулснаас хойш 2019.05.01-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар cap хүртэл түрээсийн төлбөрөө төлж байсан, барьцаа болгож 12,960,000 төгрөг байршуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг өөрөө сайн дураараа гэрээний үндсэн дээр хүлээн зөвшөөрч, биелүүлж байсан нь нотлох баримтын хэмжээнд болон шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбараараа нотлогдож байхад тухайн гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь илтэд үндэслэлгүй тул шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх нь үндэслэлтэй байна.

4.2. Харин шүүхээс сөрөг нэхэмжлэлийн 2 дахь үндэслэл болсон “саатуулан барьцаалсантай холбоотой хохирлын шаардлага” гаргах эрх нь түрээсийн харилцаанаас гадна гэрээгээр зохицуулсан байх тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор мөн өөрт учирч байгаа хохирлоо бие даасан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгааг тэмдэглэсэн байна.

4.3. Хариуцагч тал түрээсийн гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй нь Иргэний хуулийн 43.1-д зааснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бол тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцно. Талууд түрээсийн гэрээ байгуулсан талбайг зориулалтын дагуу ашигласан үйл баримтын талаар маргаагүй ба энэ нь эрх зүйн харилцааны хувьд хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэгдсэн. Гэрээнд үүргээ зөрчсөн талыг үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж шат дараалсан арга хэмжээг авсан, өөрт учирсан хохирлоо барагдуулах зорилгоор хариуцагч талын эд хөрөнгийг битүүмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ нь гэрээнд тусгайлан тусгагдсан тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд тухайн хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.4. 2019.02.14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан харилцан тохиролцсон үйл баримтаар талууд маргаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдаж гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх үндэслэлтэй. Хариуцагч тал гэрээ байгуулсан гэдэгтээ маргахгүй гэдгээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо илэрхийлсэн байж гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэх гомдол гаргаж буй нь өөрийн үндэслэлээ тодорхой бусаар илэрхийлж шүүх үйл ажиллагааг төөрөгдүүлж байна.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 183/ШШ2020/00818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.22-ны өдрийн 1120 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Н.Б д холбогдуулан түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 28,549,694 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа, зохих ёсоор биелүүлээгүй гэж тодорхойлон маргана.

7. Хариуцагчаас “...түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэх хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл, талбайд иж бүрэн засвар хийж 26,061,575 төгрөгийн зардал гаргасан, гэтэл түрээсийн талбай агааржуулалтгүйгээс үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй байсан, ...түрээслүүлэгч нь 10 дугаар сард талбайг ашиглах боломж олгоогүй, лацадсан...” гэсэн тайлбар гаргажээ. 

 

8. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2019.02.14ий өдрийн Т-19/017 тоот түрээсийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Б гаас 10,466,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 18,083,072 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.   

9. Давж заалдах шатны шүүхээс ...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хууль зөрчсөн, энэ алдааг залруулах боломжгүй гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Н.Б  нь “Д” ХХК-тай 2019.02.14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, Соло мол худалдааны төвийн 5 давхрын 501 тоотод байрлах 648 м.кв талбайг 3 жилийн хугацаатай түрээслэн, гэрээний үнийг 1 м.кв-ыг эхний жил 20,000 төгрөгөөр, хоёр дахь жилээс 22,000 төгрөгөөр, гурав дахь жилээс 25,000 төгрөгөөр тооцож төлөхөөр, түрээсийн төлбөрийг 2019.05.01-ний өдрөөс эхлэн төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 11-15/

11. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 56,209,999 төгрөг, засвар хийсэн зардлын 26,061,575 төгрөг, мөн 108 төрлийн эд зүйлийн үнэ 30,691,700 төгрөг, нийт 112,963,274 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх ...талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр эсэхийг дүгнэж шийдвэрлэдэг тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, түүнчлэн саатуулан барьцаалсантай холбоотой хохирлын талаарх шаардлагыг тусад нь нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой... гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. 

12. Давж заалдах шатны шүүхийн ...сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хариуцагчийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхийг зөрчсөн, ...сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамаарал бүхий тул анхан шатны шүүх мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх учиртай гэсэн дүгнэлт хуульд нийцжээ.   

13. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, ...иргэн Н.Б  нь тус компанитай түрээсийн гэрээ байгуулж, ...төлбөрөө төлж байсан, барьцаа хөрөнгө байршуулсан ...зэрэг нь нотлогдож байхад гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж буй нь илтэд үндэслэлгүй, ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн” хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

14. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.23-нд төлсөн 185,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН