Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00605

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/01137 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 207/МА2022/00014 дүгээр магадлалтай,

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Ц” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 39,669,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39,669,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. 

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/01137 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас 39,669,000 төгрөг гаргуулан “Д” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 356,295 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.   

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 207/МА2022/00014 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/01137 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц ХХК-иас 39,669,000 төгрөг гаргуулан Д ХХК-д олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц ХХК-иас 6,446,000 төгрөг, алданги 3,223,000 төгрөг нийт 9,669,000 гаргуулан Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 356,295 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,295 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 169,654 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Баяржаргал, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 356,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.14-ний өдрийн 207/МА2022/0014 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар: Магадлалын 8 дахь талд “хариуцагч “Ц” ХХК нь 2016.10.05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлын хөлс 16,346,000 төгрөгөөс 9,900,000 төгрөгийг төлж 6,446,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байх тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож, гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу 3,223,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй” гэж дүгнэн энэ талаараа магадлалын шийдвэрт тусган шийдвэрлэсэн. Гэтэл магадлалын 8 дахь талд “Харин 2016.10.22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд Цах худалдаа үйлчилгээний төвийн 3 давхрын 308 тоот 12 м2 бүхий талбайг хүлээлгэн өгсөн /уг үйлчилгээний төв 2016 оны 12 дугаар сард ашиглалтанд орсноос хойш/ “Д” ХХК бусдад түрээслэн ашиг олж байгаа тул 20,000,000 төгрөгийн гэрээний үүргийг хариуцагч “Ц” ХХК-ийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх адилхан нөхцөлтэй ажил гүйцэтгэх 2 гэрээг 2 өөр байдлаар үнэлж дүгнэсэн ба дээрх дүгнэлтээ магадлалын тогтоох хэсэгт хэрхэх талаар шийдвэрлэхдээ “нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж үндэслэх хэсэгт дурдсан дүгнэлтээ, тогтоох хэсэгт үгүйсгэсэн байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл магадлалын үндэслэх хэсэгт дурдсан “...талбайг хүлээлгэн өгсөн” маргааныг эцэслэн шийдвэрлэхгүй орхигдуулсан. Үүнээс үүдэн 2 компанийн хооронд маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй, мөнгө төлөх юм уу, талбайгаа өгөх юм уу гэдэг нь тодорхойгүй үлдлээ. Нэхэмжлэлийн шаардлага бол ажил гүйцэтгэх 2 гэрээний нийт үнийн дүн 39,669,000 төгрөгийг гаргуулах, гэтэл нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсгийг нь хангаж шийдвэрлээд нөгөө хэсгийг нь буюу 2 дахь гэрээнд дурдсан ажлын хөлсийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг зөрүүтэй хэрэглэж байгаа үйлдэл юм. Өөрөөр хэлбэл эхэлж байгуулсан гэрээний дагуу нийт 9,669,000 төгрөгийг гаргуулаад 2 дахь гэрээний ажлын хөлс 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тухайн гэрээг хүчингүй гэрээ гэж үзэж байгаа юм уу, эсвэл гэрээний үнийг төлчихсөн одоо тэр талбай нь “Д” ХХК-ийн өмч хөрөнгө гэж үзээд хэрэгсэхгүй болгож байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй, маргааныг эцэслэн шийдвэрлэхгүй орхигдуулсан. “Д” ХХК нь 2 дахь гэрээний ажлын хөлс 30,000,000 төгрөгийг хаанаас, хэнээс, хэрхэн олж авах, энэ ажлын хөлсийг 12 м2 талбайгаар тооцох эсэхийг тодорхой дурдаагүй нь дараа нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулах боломжгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

4.2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар: Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримталж гарах ёстой. Мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг илт зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал магадлалын 8 дахь талд “...“Д” ХХК бусдад түрээслэн ашиг олж байгаа тул 20,000,000 төгрөгийн гэрээний үүргийг хариуцагч “Ц” ХХК-ийг биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм” гэж үндэслэлгүй дүгнэжээ. “Д” ХХК-ийг 2016 оны 12 дугаар сараас хойш маргаан бүхий талбайг түрээслэн ашиг олсон талаарх баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгчээс талбайг эзэмшиж байгаагаа нотлохын тулд хамгийн сүүлд бусдад түрээсэлсэн талаарх ганцхан гэрээг хэрэгт хавсаргасан байдаг. “Цах” худалдааны төв нь 2016 оны 12 дугаар сард ашиглалтад орсон боловч “Д” ХХК-д 2017 оны 04 дүгээр сард талбайг хүлээлгэн өгсөн, анх ажиллаж эхэлж байгаа төвийн хувьд түрээслэгч олдохгүй, эхний 1 жил түрээслээгүй, ашиглаагүй ба 2019 оноос эхлэн хамаатны эгчдээ үнэгүй ашиглуулж талбайг 6 cap орчим ашигласан. Удалгүй ковид цар тахлын хөл хорионы улмаас худалдааны төвүүдийг ажиллуулахгүй, түрээсийг үнэгүй болгох гэх мэтээр түрээсийн ашиг олоогүй зэрэг нөхцөл байдлууд үүссэн. Гэтэл давж заалдах шатны шүүх “Д” ХХК-ийг талбайг түрээсэлж ашиг олж байгаа тул гэж үндэслэлгүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтгүй зүйлд хийсвэрээр тулгуурлаж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй болжээ. Ашиг олсон талаар хариуцагчаас хангалттай нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан ба хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгч ашиг олоогүй гэдгийг давхар нотолж байгаа хэлбэр юм. Магадлалын 9 дүгээр талд “хариуцагч “Ц” ХХК нь 20,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд 12 м2 талбайг “Д” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон боловч улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй нь тухайн хариуцагч байгууллагаас шалтгаалаагүй болох нь ...тогтоогдсон байна” гэжээ. Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 20,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний хөлс алдангийг цаашид хэрхэх талаар огт дурдаагүй орхигдуулсан байна. “Д” ХХК хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг хариуцагчаас авах эрхтэй, энэ маргааныг 2 шатны 3 шүүх гурван өөр байдлаар шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэдийгээр шүүх хэргийг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэдэг боловч 1 хуулийг баримталж, 1 маргааныг шийдвэрлэж байгаа 3 шүүхийн шийдвэр нь 3 өөр байж болохгүй байх гэж бодож байна. Нэхэмжлэгчээс анх маргаан бүхий талбай нь эзэмшигч болохыг тогтоолгож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүхээс ажил гүйцэтгэх гэрээнд талбайн бартерийн талаар дурдаагүй тул үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласан. Иймд нэхэмжлэгчээс 2 дахь удаагаа нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн хэлбэрээр буюу ажлын хөлсөнд 39,669,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгосон.

Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.14-ний өдрийн 207/МА2022/0014 тоот магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.23-ны өдрийн 142/ШШ2021/01137 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ШХТ2022/00359 дүгээр тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39,669,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...гэрээгээр тохирсон ажлуудыг чанартай хийж гүйцэтгэсэн, хариуцагч нь гэрээний дагуу төлбөрт 9,900,000 төгрөг төлж, улмаар 12 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө буюу лангууны талбайг манайд өгсөн боловч өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй, ...одоо хоёр гэрээний дагуу ажлын хөлсөнд 36,346,000 төгрөгийг шаардах эрхтэй ба хариуцагч энэ үнээс 9,900,000 төгрөг төлснийг хасч, үлдэх 26,446,000 төгрөгийг алдангийн 13,223,000 төгрөгийн хамт гаргуулна... гэж тодорхойлжээ.  

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийн ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн, хаяавч хийх, баруун талын нарийн зам хийх, цементлэх ажлыг хийж дуусгаагүй. ...нэхэмжлэгчтэй тохиролцож ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт буюу үлдэгдэл ажлын хөлсөнд ЦАХ худалдааны төвийн 3 давхарт байрлах 12 м.кв талбайг, нэг м.кв-ыг 2,700,000 төгрөгөөр тооцож өгсөн, ...нэхэмжлэгч нь уг талбайг бусдад түрээслүүлж ашиг олж байсан, иймд түрээсийн орлоготой дүйцүүлж одоо 6,446,000 төгрөгийг төлөх боломжтой, ...гэрээний үүрэгт тохирч өгсөн талбайг өгөхгүй, тооцоо нийлээгүй... гэсэн тайлбар гаргасан байна. 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гэрээний төлбөрт 39,669,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас 6,446,000 төгрөг, алданги 3,223,000 төгрөг, нийт 9,669,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 30,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулжээ.  

10. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, харин анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, адил нөхцөлтэй 2 гэрээг хоёр өөрөөр үнэлж дүгнэсэн. ... шүүх “...талбайг хүлээлгэн өгсөн” маргааныг эцэслэн шийдвэрлэлгүй орхигдуулснаас компаниудын хооронд үүссэн маргаан шийдвэрлэгдээгүй, мөнгө төлөх юм уу, талбайгаа өгөх юм уу гэдэг нь тодорхойгүй үлдлээ. ...нэхэмжлэгч нь 2 дахь гэрээний ажлын хөлс болох 20,000,000 төгрөгийг хаанаас, хэнээс, хэрхэн олж авах, энэ ажлын хөлсийг 12 м.кв талбайгаар тооцох эсэхийг магадлалд тодорхой заагаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ. ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй байна.

12. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасанд нийцжээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 346 дугаар зүйлийн 346.1.-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж тус тус заасан.

13. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Д ХХК нь “Ц ХХК-тай 2016.10.05-ны өдөр 2016/0/05 дугаартай ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, Баян-Өндөр сумын Уурхайчин баг, Хүлэг захын ард байрлах Цах худалдаа үйлчилгээний төвийн гадна тохижилтын ажлыг 16,346,000 төгрөгөөр гүйцэтгэхээр, 2016.10.22-ны өдөр 2016/10/22 дугаартай гэрээ байгуулж, мөн гаднах тохижилтын ажлыг 20,000,000 төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч “Д ХХК нь гэрээгээр тохирсон хоёр ажлыг хийж гүйцэтгэн, хариуцагч эхний гэрээний дагуу төлөх төлбөрөөс 9,900,000 төгрөгийг төлж, үлдэх ажлын хөлсөнд үйлчилгээний төвийн 3 давхарт байрлах 12 м.кв талбайг өгөхөөр тохирч шилжүүлсэн байна. Гэвч хариуцагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянаж, 2021.06.02-ны өдрийн 504 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогджээ.

14. Нэхэмжлэгч нь ...хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй, ...шүүхийн шийдвэрт гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг захиалагчаас нэхэмжлэх эрхтэй болохыг заасан, ...гэрээний дагуу үлдэх 26,446,000 төгрөгийг, алдангийн 13,223,000 төгрөгийн хамт нэхэмжилнэ гэж маргасан байна. 

15. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан. Мөн талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д ...захиалагч төлбөр хийх хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон, иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар тохирсон ажлын хөлс, хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй болно. 

16. Анхан шатны шүүх ...хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээс 9,900,000 төгрөгийг төлж, ...ажлын хөлсөнд “Д” ХХК-д ЦАХ худалдааны төвийн 3 давхарт байрлах 308 тоотын 12 м.кв хэмжээтэй талбайг шилжүүлсэн гэдэгтэй зохигч маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрдөг байдал нь гэрээгээ дүгнээд ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзэхээр байна. ...хариуцагч ажлын хөлсөнд өгөхөөр тохирсон 12 м.кв талбайг өгөхгүй гэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар ажлын хөлс, хугацаа хэтрүүлсэн хоногийн алдангийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,446,000 төгрөг, алданги 13,223,000 төгрөг, нийт 39,669,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцжээ.

17. Харин давж заалдах шатны шүүх ...хариуцагч нь 2016.10.05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 9,900,000 төгрөгийг төлж, 6,446,0000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 6.1-д зааснаар 3,223,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй, ...2016.10.22-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч ажлын хөлсөнд 12 м.кв талбайг Д ХХК-д шилжүүлэн өгч, тус компани бусдад түрээслэн ашиг олж байгаа, ...улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй нь хариуцагчаас шалтгаалаагүй гэж дүгнэсэн боловч 2 дахь гэрээний ажлын хөлсийг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1.5, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг зөрчсөн байна. 

         18. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар  зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 207/МА2022/00014 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2021/01137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.03.13-ны өдөр төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД