Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/01910

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Т А Т” ХХК/рд: /-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.О

Хариуцагч: Ц.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,736,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ц.М , түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн М.О, Ц.М  нар нь манай компаниас 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ТМ******* тоот зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг 90 хоногт 7 хувийн хүүтэй, зээл болон зээлийн хүүг авсан хугацаанд хуваан өдөр бүр эргэн төлөх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 90 хоногийн хугацаатай буюу 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлж авсан. Зээлдэгч ******* зээл авах үедээ ******* дүүрэг, 3 дугаар хорооллын ******* гар утасны лангуу ажиллуулж орлого олж байсан. Хамтран зээлдэгч Ц.М  нь зээл авах үедээ Монголын Үндэсний дээд сургуулийн Уул уурхайн эрчим хүч инженерийн сургуульд багшаар ажиллаж байсан. Талууд зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрөн гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгчид зээлийн гэрээний хугацаанд удаа дараа гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрөө төлөх шаардлага тавихад боломжгүй байна мөнгө орж ирээгүй байна удахгүй мөнгө орж ирэхээр өгнө гэсээр өдийг хүрлээ. Зээлдэгчийн энэ тавьж буй тайлбар нь зээлийн төлбөрөө төлж барагдуулахгүй зайлсхийж байгаа нь илт байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 2,135,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1,601,250 төгрөг нийт 3,736,250 төгрөгийг нэхэмжилсэн. Хуульд заасан алданги үндэслэлгүй нэхэмжилсэн тул алданги 1,601,250 төгрөгөөс татгалзаж үндсэн зээлд 2,135,000 төгрөгийг Ц.М аас нараа гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.М  шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагад М.О, Ц.М  нар нь манай компаниас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ТМ******* тоот зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг 90 хоногт 7 хувийн хүүтэй, зээл болон зээлийн хүүг авсан хугацаанд хуваан өдөр бүр эргэн төлөх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлж авсан гэжээ. М.О зээл авсан нь үнэн хэдий ч миний найз Ц.М  ямар ч зээл аваагүй бөгөөд заавал хоёр хүний гарын үсэг зурагдсаар зээл олгоно, яг зээл авсан нь л хариуцна гэж ойлгуулан Ц.М аар гарын үсэг зуруулсан атлаа одоо хамтран зээлдэгч хэмээг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй болно. Харин миний хувьд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээл өгснийхөө маргаашнаас нь эхлэн зээлээ буцаан төлүүлсэн бөгөөд миний бие 2019 оны 6 дугаар сарын дунд хүртэл буюу 2 сар 20 хоног тасралтгүй өдөр бүр 95000 төгрөг буюу нийт 7,600,000 төгрөгийг төлсөн байхад хүү, хүүгийн хүү, алданги гээд байнга мөнгө нэхэж улмаар зээлийн эдийн засагч Б.М800,000 төгрөгийн гар утас авч өөрийн хямд хуучин утсаа 200,000 төгрөгт тооцон 600,000 төгрөгийн зөрүүг төлбөрт тооно гэсэн боловч тооцсон эсэх нь тодорхойгүй байгаа болно. Миний бие дансаар болон бэлнээр нийт 8,000,000 төгрөг төлсөн байхад хамгийн сүүлд гэр орноор очиг айлган сүрдүүлж 350,000 төгрөг авсан ч бас л сүрдүүлэг нь хэвээр үргэлжлэн улмаар шүүхэд хандсан байна.

Би зээл чинь надад ямар ч ашиггүй, мөнгө өдөр бүр буцаан авсан атлаа хүү нь огт хасагддаггүй арай дэндүү юм биш үү гэж хүртэл хэлж байсан боловч манай журам тийм гээд ам таглаж байсан. Хууль мэдэхгүй жаахан худалдаа эрхлэн өдөр хоногийн хоолны мөнгөө олж байгаа бид мэтийн хүмүүсийг элдвээр айлган сүрдүүлж хууль бус үйлдэл хийж байсныг саяхан мэдсэн бөгөөд төлөгдөөд дууссан байхад үндсэн зээлийн үлдэгдэл, мөн хэтэрсэн хугацааны хүү гэх мөнгөн дүнгүүд яаж гарч ирээд байгааг ойлгохгүй байна. Зүй нь зээлийн гэрээний дагуу зээлийг гэрээний хугацаанд хүүгийн хамт төлөх байтал зээл өгснийхөө маргаашнаас эхлэн буцаан шаардаж авсанг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т А Т” ХХК нь хариуцагч М.О, Ц.М  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,135,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 1,601,250 төгрөг, нийт 3,736,250 төгрөгийг гаргуулахыг шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад алданги 1,601,250 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, үндсэн зээл 2,135,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Оаас татгалзаж, жинхэнэ хариуцагчаар Ц.М ыг солих хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ц.М  зээлийг би ашиглаагүй, анх зээл авахад заавал хоёр хүний гарын үсэг хэрэгтэй гэхээр би зурсан, би зээлийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч  “Т А Т” ХХК нь М.Отай 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр №ТМ******* дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулжээ.

Уг гэрээгээр зээлдүүлэгч 7,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр зээлдүүлэхээр, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл хүүгийн хамт буцаан төлөхөөр, хамтран зээлдэгчээр Ц.М  оролцохоор хүсэл зоригийг илэрхийлж, “Зээлийн гэрээ”-г байгуулж талууд гарын үсэг зуржээ. /хх-ийн 7 дугаар тал/

Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, хариуцагч Ц.М  уг гэрээнд зурагдсан гарын үсгийн бичвэрийн талаар маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2.-т “ талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан”, 43 дугаар зүйлийн 43.2.3-д “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч М.Оаас татгалзаж, жинхэнэ хариуцагчаар Ц.М ыг солих хүсэлтийг гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ц.М  шүүхийн хэлэлцүүлэгт “би энэ зээлийг аваагүй, ашиглаагүй, миний найз М.О авсан, заавал хоёр хүний гарын үсэг хэрэгтэй гэхээр би зурсан” гэж тайлбарлаж байна.  

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”;

242 дугаар зүйлийн 242.3-д ”Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь “Т А Т” ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.М аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “Т А Т” ХХК-нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3.4-т зааснаар “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ”-ний үйл ажиллагааны чиглэлээр 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх-ийн 6 дугаар тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагч зээлийн гэрээний хугацаа дуусах 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээлд 7,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,470,000 төгрөг, нийт 8,470,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Гэтэл зээлдүүлэгч зээлийг олгосон өдрийн маргааш өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс зээлийг өдрийн 95,000 төгрөгт тооцон зээлдэгчээс буцаан шаардаж, зээлийг ашиглах боломжийг зээлдүүлэгч олгоогүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл зээлдэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр 95,000 төгрөгийг буцаан шаардсан атлаа үндсэн зээл, зээлийн хүүд хэдэн төгрөг төлүүлсэнг ялгаагүй, зээлдэгчид зээлийг ашиглах боломж олгоогүй нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон болно.  

Хавтас хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч М.Оын Хаан банкны ******* данснаас зээлийн эргэн төлөлтөд:

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хаан банкны ******* дансанд 190,000 төгрөгийг,

2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкны *******/н.Ариунбат/ дансанд 233,000 төгрөгийг,

2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хаан банкны /Б.М/ дансанд 192,000 төгрөгийг,

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны /Б.М/ дансанд 285,000 төгрөгийг,

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хаан банкны /Б.М/ дансанд 285,000 төгрөгийг,

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны /Б.М/ дансанд 285,000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны /Б.М/ дансанд 285,000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкны /Б.М/ дансанд 380,000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны 1/Б.М/ дансанд 285,000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны ******* /н.Туул/ дансанд 400,000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны ******* /н.Туул/ дансанд 250,000 төгрөгийг,

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкны ******* /н.Туул/ дансанд 250,000 төгрөгийг,

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны   /Б.М/ дансанд 700,000 төгрөгийг;

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 95,000 төгрөгийг,

2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны ******* /н.Туул/ дансанд 1,000,000 төгрөгийг,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Ц.М ын /ээж/ 200,000 төгрөгийг,

2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Ц.М ын /ээж/ 160,000 төгрөгийг,

2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 95,000 төгрөгийг,

2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 95,000 төгрөгийг

2020 оны  4 дүгээр сарын 19-ний өдөр 95,000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүүд төлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт Д.Оаас үндсэн зээл,  хүүд хэдэн төгрөг төлсөн талаар ялгаж тодорхойлоогүй, харин 6,382,000 төгрөгийг хүлээн авсан гэж зөвшөөрч маргаагүй.

Нэхэмжлэгч “Т А Т” ХХК нь хуульд зааснаар арилжааны банканд өөрийн нэрийн данстай атлаа зээлдэгч М.Оын зээлийн эргэн төлөлтийг зээлдүүлэгч “Т А Т” ХХК-ийн ажилтан /н.*******/, эдийн засагч /Б.М/ түүний эхнэр гэх мэт хувь хүмүүсийн дансаар төлүүлсэн үйлдэл хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл зээлдэгч М.О, Ц.М  нар зээлдүүлэгч “Т А Т” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байхад, зээлийн харилцаа үүсээгүй н.*******, эдийн засагч Б.М, түүний эхнэр гэх иргэдийн дансаар зээлийн эргэн төлөлтийг төлүүлсэн нь буруутай гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл зээлдэгчийн төлсөн үүргийг гэрээний хугацаанд үндсэн зээлд хэдэн төгрөг, хүүд хэдэн төгрөгийг төлсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотолж чадаагүй, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэгч “Т А Т” ХХК-нь зээл олгохдоо 1,250,000 төгрөгийг урьдчилан төлүүлсэн, зээлийг бүрэн төлж дууссан” гэж тайлбарлах боловч зохигчдын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр №ТМ******* дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан баримтаар нотлогдож байх тул зээл төлөгдөж дууссан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн “зээлдэгч Д.Оаас нэхэмжлэгч байгууллагын зээлийн эдийн засагч Б.МSamsyng G-7 маркийн гар утсыг 800,000 төгрөгт тооцож авсан, хуучин утсаа 200,000 төгрөгт тооцож өгч зөрүүг зээлээс хасаж тооцно гэсэн” гэж тайлбарлах хэдий ч энэ талаар хэн аль нь баримтаар нотлоогүй тул шүүх үнэлэх боломжгүйг дурдав.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн шаардлага 2,135,000  төгрөгөөс зээлдэгч Д.Оаас 1,517,000 төгрөгийг төлсөн гэж үзээд үлдэгдэл 618,000 төгрөгийг хариуцагч Ц.М аас гаргуулж, нэхэмжлэгч “Т А Т” ХХК-д олгож, шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэнг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Тайж овогт Ц.М/рд: /-аас зээлийн гэрээний үүрэгт 618,000 төгрөгийг, гаргуулж нэхэмжлэгч “Т А Т” ХХК/рд: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,517,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Д.Оаас татгалзсанг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ