Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00796

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01910 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1628 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М.О, Ц.М нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,736,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч М.О, Ц.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,736,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01910 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Маас зээлийн гэрээний үүрэгт 618,000 төгрөгийг, гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,517,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Д.Оаас татгалзсанг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1628 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “618,000 төгрөг” гэснийг “2,088,000 төгрөг” гэж, “1,517,000” төгрөг гэснийг “47,000” төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Д.Оаас” гэснийг “хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон хариуцагч Ц.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,601,250 төгрөг гаргуулахаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48,358 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 39,220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2020.07.24-ний өдрийн 1628 тоот магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдийг үндэслэн хэргийн жинхэнэ хариуцагчаар Ц.Мыг сольсон тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд үүрэг хүлээгээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл болж байна.

Учир нь “Т” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж олгосон гэж нэхэмжлэлдээ дурддаг бөгөөд Ц.М нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, харин М.О зээлийн төлбөрийг төлсөн байтал давж заалдах шатны шүүх төлбөрийг дахин гаргасан нь үндэслэлгүй байна.

Хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй үндэслэлгүй дүгнэлт гаргасныг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх” гэж заасан тохиолдолд хэмээн хуульчилсан байна. Гэтэл “Т” ХХК нь банкны үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд учир заавал тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх нь нээгдэх байсан учир хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагын эрхгүй этгээд гэж харагдаж байна.

Нэхэмжлэгч нь хэрвээ хариуцагч талд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг үзүүлсэн, 2019.04.14-ний TM1904145 тоот зээлийн гэрээний барьцаанд ямар нэгэн эд зүйлийг барьцаалж авсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх эсэх тухайд дүгнэлт хийх боломжтой болох юм. Тодруулбал “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага”-ыг Монгол Улсын Стандарт MNS 5274:2017-р тогтоож өгчээ. Энэ стандарт нь 2018.01.01-ний өдрөөс эхлэн хүчинтэйгээр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд стандартын норматив шаардлагыг заавал дагаж мөрдөхөөр заасан байх төдийгүй нарийвчилсан заалтууд ч бас заагдсан байна.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь өөрийн гэсэн онцлогтой нь зөвхөн барьцаалсан хөрөнгийн хэмжээнд зээл олгох, зээл төлөгдөөгүй тохиолдолд дуудлага худалдаагаар эд хөрөнгийг худалдан борлуулах, барьцаалсан эд хөрөнгөгүй тохиолдолд зээл олгохыг хориглосон байдаг бөгөөд энэ харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд нарийвчлан зохицуулжээ.

Хавтаст хэрэгт 2019.04.14-ний өдөр ТМ 1904145 тоот зээлийн гэрээгээр 7 сая төгрөгийг 90 хоногт 7 хувийн хүүтэй, зээл болон зээлийн хүүг авсан хугацаанд хуваан өдөр бүр эргэн төлөх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 90 хоногийн хугацаатай буюу 2019.07.13-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281-р зүйлийг баримтлан гаргасан буй мэтээр ойлгогдож байгаа ч хуульд заасан нөхцөл журмаар гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний заалт нь талуудын эрх ашигт ижил тэнцүү үйлчлэх ёстой байтал дээрх зээлийн гэрээ нь бусдад ашиг олох ямар ч боломж олгоогүйгээр барахгүй олгогдсон өдрөөсөө байтугай олгоогүй үеэс мөнгөө татан авч бүр ижил хэмжээний мөнгөн дүнг зээлийн гэрээний дагуу төлөх шаардлага тавьж байгаа нь Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж буй үйл баримт болно.

Эцэст нь дүгнэхэд хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй байх бөгөөд хууль бусаар зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчинтөгөлдөр бус тул “Т” ХХК нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн 1,764,463 төгрөг, зээлийн хүүгийн 370,537 төгрөг, алдангийн 1,601,250 төгрөг буюу нийт 3,736,250 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч М.О, Ц.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,736,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...М.О, Ц.М нар манай компаниас 7,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 7 хувийн хүүтэй, зээл болон зээлийн хүүг авсан хугацаандаа хуваан өдөр бүр эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан, ...зээлдэгч нар гэрээний хугацаанд удаа дараа үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг шаардахад биелүүлэхгүй өдийг хүрлээ. ...зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2,135,000 төгрөг, алдангийн 1,601,250 төгрөг, нийт 3,736,250 төгрөгийг нэхэмжилсэн, одоо алдангийн 1,601,250 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн 2,135,000 төгрөгийг Ц.Маас гаргуулна гэжээ.

8. Хариуцагч Ц.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...зээлийг М.О авсан, ...Ц.Мын хувьд зээл аваагүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан байхад хамтран зээлдэгч гэж хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй. ...зээл авсны маргаашнаас зээл, зээлийн хүүг өдөр бүр төлж байсан боловч хүү нь огт хасагддаггүй байсан, хэлэхээр ...манай журам тийм гэдэг. ...зээлд 3,736,250 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 618,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,517,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас зээлийн төлбөрт 2,088,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлт оруулжээ.  

10. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу ...бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.

12. Хэргийн баримтаас үзэхэд М.О, Ц.М нар нь 2019.04.14-ний өдөр “Т” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваариар өдөр бүр 95000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

13. Хариуцагчаас ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, ...зээл олгохоосоо өмнө эхний саруудын төлбөрийг гаргуулж авсан, 2019.03.13-ны өдөр 1,250,000 төгрөг төлүүлсэн... гэж маргасан, шүүх “Т” ХХК болон М.О, Ц.М нарын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгө /7,000,000 төгрөг/-ийг хуульд заасан журмын дагуу зээлдэгчид шилжүүлсэн эсэх, мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан баримт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримтууд болон хариуцагч нарын зээлийн үндсэн төлбөр, хүүд төлсөн төлбөрийн үндэслэл зэрэгт дүгнэлт хийж, нотлох баримтуудыг үнэлэх шаардлагатай байна.

14. Мөн, анхан шатны шүүх ...нэхэмжилсэн 2,135,000 төгрөгөөс зээлдэгч Д.Оыг 1,517,000 төгрөг төлсөн гэж үзээд, үлдэгдэл 618,000 төгрөгийг хариуцагч Ц.Маас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн боловч ямар нотлох баримтад үндэслэн ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй, харин давж заалдах шатны шүүх ...хариуцагчийн төлбөл зохих 8,470,000 төгрөгөөс 6,382,000 төгрөг төлснийг хасч, үлдэх 2,088,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ, учир нь шүүхүүд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн байдал, мөн зохигчийн маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.

15. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулан, талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, зохигчийн бүрдүүлсэн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

16. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01910 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1628 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.17-ны өдөр төлсөн 48,358 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД