Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01628

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01628

 

 

 

Т. ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01910 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т. ХХК-ийн хариуцагч М.О, Ц.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 736 250 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Д нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.О, Ц.М 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ТМ1904145 тоот зээлийн гэрээгээр 7 000 000 төгрөг, 90 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэн авсан. Талууд зээлийн гэрээний нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч нар гэрээний хугацаанд үүргээ удаа дараа зөрчсөн. Зээлдэгч нь төлбөрөө төлөхөөс зайлсхийж байгаа нь илт байгаа тул алданги 1 601 250 төгрөгөөс татгалзаж үндсэн зээлийн үлдэгдэл 2 135 000 төгрөгийг Ц.Маас нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М.О зээл авсан нь үнэн хэдий ч Ц.М ямар ч зээл аваагүй. Зээлийг заавал хоёр хүний гарын үсэг зурагдсаар олгоно, зээл авсан хүн нь зээлээ хариуцна гэж ойлгуулан Ц.Маар гарын үсэг зуруулсан атлаа одоо хамтран зээлдэгч гэж хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээл өгсний маргаашнаас нь эхлэн зээлээ буцаан төлүүлсэн бөгөөд 2 сар 20 хоног тасралтгүй өдөр бүр 95 000 төгрөгөөр нийт 7 600 000 төгрөг төлсөн байхад хүү, хүүгийн хүү, алданги нэхсэн. Улмаар зээлийн эдийн засагч Б.М 800 000 төгрөгийн гар утас авч өөрийн хямд хуучин утсаа 200 000 төгрөгт тооцон 600 000 төгрөгийн зөрүүг төлбөрт тооцно гэсэн боловч тооцсон эсэх нь тодорхойгүй. Дансаар болон бэлнээр нийт 8 000 000 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд айлган сүрдүүлж 350 000 төгрөг авсан. Зээлийн гэрээний дагуу гэрээний хугацаанд хүүгийн хамт төлөх байтал зээл өгснийхөө маргаашнаас эхлэн буцаан шаардаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Тайж овогт Цэрэндоржийн Мөнхжаргал /рд:ЙР93062309/-аас зээлийн гэрээний үүрэгт 618 000 төгрөгийг, гаргуулж нэхэмжлэгч Т. ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 517 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Д.Орхонтуулаас татгалзсанг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74 300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, Б.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хүсэл зориг болон хүсэл зоригийн илэрхийлэл нь хэлцлийн мөн чанар байдаг. Зээлдэгч анх 2019 оны 3 дугаар сард манай байгууллагад хандан зээл хүсч, бидний зүгээс М.О нарт зээл олгоход тавигдах шаардлага, зээлийн хүү болон эргэн төлөлтийн нөхцлүүдийг дэлгэрэнгүй тайлбарлаж ойлгуулсан. Зээлдэгч зээл хүссэн хүсэл зоригийн илэрхийллээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс зээл авахуулахаар дарамталсан үйлдэл гаргаагүй. Зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч М.О нар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ижил нөхцөлтэй гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдэн авч 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1 сарын хүү хасуулан тооцуулж зээлээ хаасан байдаг. Зээлдэгч тал ямар нөхцөлтэй зээл авч байгаа, зээлийн эргэн төлөлтийн нөхцлийг сайтар ухамсарласны үндсэн дээр уг гэрээ байгуулагдсан. Гэрээний талуудын чөлөөтэйгөөр харилцан тохиролцсон хүсэл зоригийг "хууль зөрчсөн үйлдэл" гэсэн үг төдийгөөр няцаах боломжгүй. Зээлдэгч М.О нар зээл хүсэхдээ"... Таван толгойд 2 ачааны машин явуулж орлого олдог, агрегат засвар хийхэд гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан ..." гэж зээл хүсч, зээлээ өдөр тутам төлөх боломжтой гэж ойлгуулсан. Зээлийн эргэн төлөлтийг компанийн дансаар биш байгууллагын ажилтны дансаар авч байсан нь хуульд нийцээгүй гэжээ. Иргэний хуульд зааснаар, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хаана, хэнд хүлээлгэн өгөх талаар хүсэл зориг чөлөөтэй байдаг. Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг биечлэн хүлээн авах үүрэг хүлээдэггүй. Н.Ариунбат нь манай байгууллагад ажилладаггүй, ажиллаж байгаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал уг тайлбарыг удаа дараа өгсөөр байтал, Н.Ариунбат гэгчийн дансаар төлөлт авч байсан гэж шийдвэрт тусгасан нь ойлгомжгүй байна. Хариуцагч тал уг төлөлтийг манай байгууллагад төлсөн гэдгээ нотлож чадаагүй. Нэхэмжлэгч тал 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хамт хүргүүлсэн байдаг бөгөөд зээлдэгчийн эргэн төлөлтийн түүх бүрэн байсан. Гэтэл шүүх "... үндсэн зээл, зээлийн хүүнд хэдэн төгрөг төлүүлснийг ялгаагүй ..." гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хайхрамжгүй дүгнэлт юм. Шүүгч гэрээний хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр, гэрээг хэлбэр болоод агуулгын хувьд алдаагүй гэж үзсэн атлаа зээлдүүлэгчийг хүү авах эрхгүйд тооцож зээлдэгчийн төлсөн 6 382 000 төгрөгийг үндсэн зээл 7 000 000 төгрөгөөс хасч тооцон нэхэмжлэгчид 618 000 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хүү авах эрхийг дурдаад хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж харагдаж байна. Зээлсэн мөнгийг ижил хэмжээний хөрөнгөөр буцаан өгөх үүрэг нь хариу үүрэг биш, үндсэн үүрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т. ХХК нь хариуцагч М.О, Ц.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 135 000 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Оаас татгалзсан байна. /хх29/

Зээлдэгч М.О, Ц.М нар 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Т. ХХК-аас 7 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэн авч, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийж, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх7-8/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байх-аар тус тус зохицуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч М.Оаас татгалзаж, хэргийн жинхэнэ хариуцагчаар Ц.Мыг солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байна. /хх30-31/ Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Маас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд үүрэг хүлээгээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт Д.Орхонтуулаас үндсэн зээл, хүүд хэдэн төгрөг төлсөн талаар ялгаж тодорхойлоогүй гэж дүгнэсэн атлаа зээлдэгч М.Оаас 1 517 000 төгрөг төлсөн гэж үзэж, 2 135 000 төгрөгөөс хасч хариуцагч Ц.Мын гүйцэтгэвэл зохих нийт үүргийг 618 000 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцэхгүй байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 7 000 000 төгрөг, зээлийн хүүд 1 470 000 төгрөг, нийт 8 470 000 төгрөг төлөхөөс 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээл, зээлийн хүүд нийт 6 382 000 төгрөг төлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна. /хх52-63/

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8 000 000 төгрөг төлсөн, зээлийн эдийн засагч Б.Мд зээлийн төлбөрт 600 000 төгрөгт гар утсаа тооцон өгсөн, хамгийн сүүлд 350 000 төгрөг айлган сүрдүүлж авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Гэрээний 1.3-т зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг заасан байх ба хэргийн 8 дугаар талд авагдсан зээл эргэн төлөлтийн хуваариас үзэхэд зээлдэгч нь зээлийг хоног тутамд 95 000 төгрөгөөр төлж дуусгахаар тохиролцсон байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн буцаан төлөх үүрэг үүсгэсэн хэлцэл хийхийг хуулиар хориглоогүй. Иймд анхан шатны шүүх уг хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг буруу хэрэглэжээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 8 470 000 төгрөгөөс 6 382 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон. Иймд хариуцагчаас төлсөн 6 382 000 төгрөгийг хасч үлдэх 2 088 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 1 601 250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад шүүх зөвхөн хариуцагч Д.Орхонтуулаас татгалзсан татгалзлыг баталж, татгалзсан алдангийн үнийн дүнг бичээгүй байсныг залруулав.

Түүнчлэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж томъёолсон нь тодорхой бус байдлыг үүсгэсэн тул залруулж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 618,000 төгрөг гэснийг 2 088 000 төгрөг гэж, 1,517,000 төгрөг гэснийг 47 000 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын хариуцагч Д.Орхонтуулаас гэснийг хариуцагч Д.Орхонтуулд холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон хариуцагч Ц.Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1 601 250 төгрөг гаргуулахаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дах заалтын хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 48 358 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 39 220 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ