Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00573

 

У-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03311 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 316 дугаар магадлалтай,

У-ын нэхэмжлэлтэй,

С.Д д холбогдох,

Гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч С.Д , түүний өмгөөлөгч Ж.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Улсын Ерөнхий прокурорын газар нь хариуцагч С.Д д холбогдуулан гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03311 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Д гээс 29,226,227 төгрөг гаргуулахыг хүссэн У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 316 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: У-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Б.Б  би, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.23-ны өдрийн 316 дугаар магадлалыг 2022.03.09-ний өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэр нь С.Д гийн үйлдлийг шууд санаатай, илтэд болгоомжгүй болох талаар шууд дүгнээгүй, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д гийн 2018.07.06-ны өдөр 444 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн болохоос С.Д гийн хувь этгээдийнх нь хувьд гэм буруугийн хэлбэрийг дүгнэсэн шийдвэр биш гэж үзэж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.1, 176.2.3 дахь заалтад тус тус зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулийг ижил төрлийн маргаан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрээр С.Д г Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байхдаа 2018.07.06-ны өдөр хууль бус “Албан тушаал бууруулах тухай” 444 дүгээр тушаалыг гаргасан үйл баримтыг тогтоосон байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх байдлаар дахин үнэлэлт дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

4.2. Дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Т.Жаас гаргасан гомдлыг шалгасан Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах комиссын 2018.11.29-ний өдрийн 02 тоот дүгнэлтэд “...Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 444 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөрчсөн байх тул ...хүчингүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн, мөн Төрийн албаны зөвлөлийн 2018.12.06-ны өдрийн 132 дугаар тогтоолоор дээрх дүгнэлтийг зүйтэй гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018.07.06-ны өдрийн 444 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь “Албан тушаал бууруулах тухай” 444 дүгээр тушаалыг гаргахдаа тогтоогдвол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, тус хорооноос тогтоосон гэх нөхцөл байдалд Т.Жын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг дүгнээгүй, өөрийн хэмжээнд хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан. Тодруулбал, “Албан тушаал бууруулах тухай” 444 дүгээр тушаалын үндэслэлд “Хорооны даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй, гаргасан алдаа дутагдал, зөрчлөө бүрэн арилгаагүй, дахин давтагдсаар байгаа” гэх боловч энэ нь ямар үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй болох нь тодорхойгүй, ямар алдаа зөрчил арилаагүй, энэ нь хэрхэн давтагдаж байгаа нь тогтоогдоогүй. Дотоод хяналтын хэлтсийн дүгнэлт гарсан гэх боловч Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод хяналтын хэлтсийн дарга Н.Нямдаваагаас 2018.07.05-ны өдөр “...2017 он болон 2018 оны эхний хагас жилд Хорооны даргын гаргасан албан даалгавар болон зөвлөмжүүдийн хэрэгжилтийн биелэлт мөн түүнийг хэвшүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа 2018.07.06-ны дотор ирүүлэх” албан бичгийг Ажлын албаны даргад хүргүүлсэн атлаа хариуг авалгүйгээр 2018.07.06-ны өдөр уг дүгнэлтийг гаргасан болох мөн өдөр хийгдсэн сонсох ажиллагааны тэмдэглэлд “Н.Нямдаваа: Бид таны өмнө ирүүлсэн тайлбарласан бүх материал дээр өөрсдийн хэмжээнд дүгнэлт гаргасан” гэж тэмдэглэгдсэнээр тогтоогдож байх тул уг дүгнэлт нь үндэслэл бүхий эсэх нь эргэлзээтэй. Т.Жыг албан тушаал бууруулах асуудлаар 2017.07.06-ны өдрийн 12:00 цагт хийсэн сонсох ажиллагааны явцад уг дүгнэлтийг танилцуулж Хорооны даргаас Т.Жыг албан тушаал бууруулах шийдвэр гаргахаар төлөвлөж байгаагаа танилцуулж, улмаар мөн өдрөө маргаан бүхий 444 дүгээр тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заасанд нийцээгүй. Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь “Санхүүгийн зохицуулах хорооны төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн шууд захирагчийн байгуулсан оны үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг 85 буюу “Сайн” гэсэн үнэлгээтэйгээр дүгнэсэн, Үндэсний аудитын газраас хийсэн тус хорооны 2017 оны санхүүгийн жилийн тайланд “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргасан байх тул ажлын албаны дарга нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээргүй байхад хариуцагч нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах” гэж зааснаар маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс ажил үүргээ гүйцэтгээгүй албан хаагчдад нөхөх олговор илүү олгож төсөвт хохирол учруулсан зөрчил нь дан ганц ажлын албаны дарга Т.Жын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйл ажиллагаатай хамааралтай гэж үзэхээргүй...” гэж дүгнэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын “Албан тушаал бууруулах тухай” 444 дүгээр тушаалын тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалтыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд С.Д  нь тус хорооны даргын албан үүргийг хэрэгжүүлэхдээ хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрх буюу “албаны чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэхдээ илтэд болгоомжгүй үйлдлээр төрийн жинхэнэ албан хаагч Т.Жыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын ажлыг хийж гүйцэтгээгүй Т.Жад “ажилгүй байсан хугацааны” цалинтай тэнцэх нөхөх олговор 29,226,227 төгрөгийг улсын төсвөөс олгосон тул захиргааны байгууллагад хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Хариуцагч С.Д  нь “албан үүргээ зөрчсөн” буруутай үйлдэл буюу хууль бус шийдвэр гаргасны улмаас Т.Жын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан, уг хохирлыг Санхүүгийн зохицуулах хороо захиргааны байгууллагын хувьд нөхөх олговор олгох байдлаар төсвөөс төлж арилгасан, ингэснээр тухайн захиргааны байгууллагад гэм хор учирсан бөгөөд уг хохирлыг С.Д гээс шаардаж байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан нөхцөл хангагдсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Д  нь төрийн албан хаагчийн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2019.12.03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон, хариуцагчийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй байна.

4.4. Хариуцагч С.Д гийн гэм буруутай үйлдэл буюу 2018.07.06-ны өдрийн 444 дугаартай “Албан тушаал бууруулах тухай” тушаалын улмаас Т.Жын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, хохирол учирсан ба уг хохирлыг Санхүүгийн зохицуулах хороо улсын төсвөөс нөхөн төлж арилгасан. Үүнээс үзэхэд хариуцагч С.Д гийн буруутай үйлдэл болон Санхүүгийн зохицуулах хороонд учирсан гэм хорын хохирол хооронд шалтгаант холбоотой байх тул учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлага хангаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.2 заалтын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.09-ний өдрийн 102/ШШ2021/03311 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.23-ны өдрийн 316 дугаартай магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гомдол гаргав гэжээ.

5. Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2022/00352 дугаар тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

7. Нэхэмжлэгч Улсын Ерөнхий прокурорын газар нь хариуцагч С.Д д холбогдуулан гэм хорын хохиролд 29,226,227 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхүүд талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хуульд нийцсэн дүгнэлт өгч чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...С.Д гээс хууль бус шийдвэр гаргасны улмаас төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан тул түүнээс 29,226,227 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэгэж тус тус заасан.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 128/ШШ2019/0865 дугаар шийдвэрээр, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018.07.06-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” 444 дүгээр тушаалын 1 болон 3 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2018.07.06-ны өдрийн 118, 2018.12.19-ний өдрийн 292 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Жыг Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 29,226,227 төгрөгийг хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон дээрх төлбөрийг нэхэмжлэгчид төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ. /хх-ийн 71-80/   

13. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2018.07.06-ны өдрийн 444 тоот тушаалыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д  гаргаж, Т.Жыг албан тушаал бууруулсан, 2018.07.06-ны өдрийн 118 тоот тушаалыг тус хорооны Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батзориг гарган, Т.Жыг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, улмаар Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ариунаагийн 2018.12.19-ний өдрийн 292 тоот тушаалаар Т.Жыг түр томилогдсон ажлаас нь халсан үйл баримтууд тогтоогдсон байна. /хх-ийн 67-69/

14. Анхан шатны шүүхийн ...С.Д  нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж, Т.Жыг албан тушаал бууруулах шийдвэр гаргасан бөгөөд Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэм буруутай бол түүнээс хохирлоо шаардан гаргуулах эрхтэй. ...хариуцагч тус хорооны даргын албан үүргийг хэрэгжүүлэхдээ санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдоогүй, хохирол арилгуулах шаардах эрх үүсээгүй гэсэн дүгнэлт учир дутагдалтай болсон байна. Учир нь, шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, захиргааны байгууллагад хэний, ямар албан тушаалтны буруутай үйлдлээс гэм хорын хохирол учирсан, хохирлыг хэрхэн хариуцах, албан тушаалтны шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хорын хохирол учруулсан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байжээ.

15. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.   

16. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/03311 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 316 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ